Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 31

 

“Жаргалант рашаант” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, О.Зандраа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Н.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар магадлалтай, “Жаргалант рашаант” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаач Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Жаргалант Рашаант” ХХК-ны захирал Н.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/0000071 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус акт гэж үзэж байна.

Учир нь хуулийн дээрх заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд “...захиргааны байгууллага албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр акт гаргасныг ойлгоно. Мөн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамруулж үзнэ...” гэжээ.

Мөн Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/0000071 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэсэн нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Хуулийн тодорхой заалт болон Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтыг баримтлах ёстой байсан байна.

Татварын байцаагч нарын дээрх дүгнэлтэнд “...хяналт шалгалтаар 600.974.800 төгрөгийн зөрчил илэрсэн...” гэснийг бид зургаан зуун мянга, есөн зуун далан дөрвөн төгрөг гэж ойлгогдохоор байгаа бөгөөд ийм хэмжээний зөрчилд дүгнэлт бичих үндэслэлгүй юм. Хэрэв улсын байцаагч нь 600.974.000 төгрөгийн зөрчилд дүгнэлт бичихдээ ийнхүү алдаа гаргасан, хүсэл зоригоо бүрэн гүйцэд илэрхийлээгүй бол улсын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай болжээ.

Иймд Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарт холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/0000071 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хариуцагч, Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нар нь нэхэмжлэгч Жаргалант Рашаант ХХК-ны 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/0000071 дүгээр “Татварын улсын байцаагчийн дүгнэлт”-ийг гаргажээ. Татварын улсын байцаагчийн дүгнэлт гаргах болсон үндэслэл нь Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Л.Батхишигийн 2014 оны 02 сарын 21-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолт байжээ. Татварын Ерөнхий хууль, Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний татварын албаны дүрэмд Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга нь татварын хяналт шалгалтын удирдамж батлах хяналт шалгалт явуулах улсын байцаагч нарыг томилох эрхтэй талаар дурдаагүй байна.

Үүний улмаас татвар төлөгч “Жаргалант Рашаант” ХХК-ны Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг Татварын алба, Татварын улсын байцаагч нараас шаардах эрхийг зөрчжээ. Татварын хууль тогтоомжоос гадуур олгогдсон томилолтоор хариуцагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нар нь татвар төлөгч “Жаргалант Рашаант” ХХК-д хяналт шалгалт хийх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-д заасны дагуу Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтыг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэртүвшин, Ц.Отгонбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Цагдаагийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/165 дугаар албан бичгийн дагуу Татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нар 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16140200008 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг “Жаргалант рашаант” ХХК-ны 2012 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж гүйцэтгэсэн. Татварын Ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 774 дүгээр тушаалаар батлагдсан Татварын улсын байцаагчийн дүгнэлтийн шинэчилсэн загварын дагуу дүгнэлтийг бичсэн.

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Татварын хяналт шалгалтын программ өөрчлөгдөж, Татварын хяналт шалгалтын акт, дүгнэлт нь хяналт шалгалтын Fishir программаас хэвлэгддэг болсон. /энэ үед Fishir программ бүрэн төгс ажиллаж эхлээгүй, дахин дахин шинэчлэгдэж байсан./ Fishir программ нь дахин засварлагдаж шинэчлэгдэхдээ тус дүгнэлтийн хуулийн заалт, зөрчлийн дүн нь буруу хөрвөж программын алдаа гарсан. “Жаргалант рашаант” ХХК-ний 2012 оны санхүү болон татварын тайлан бусад холбогдох бичиг баримт Цагдаагийн газрын эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болно гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3,Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Р.Батхишигийн 16140200008 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж,

2.Татварын Ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16/0000071 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” дүгнэлтийг хүчингүй болгож,

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээчээр ажлын хөлс 600.000. /зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж Шүүхийн шинжилгээний хүрээлэнд олгож,

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалтыг баримтлан “Ховд аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 16140200008 дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Дэлгэртүвшин, Ц.Отгонбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн татварын хэлтэс, Ховд аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан "Жаргалант рашаант" ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Ховд аймгийн татварын хэлтэс, Ховд аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нараас гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцэхдээ хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүхээс хариуцагчийн эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хуулийг зөрчсөн тул гомдолтой байна.

1. " ... Хариуцагчийн зүгээс хяналт, шалгалтыг хэрхэн хийсэн талаар шүүхэд тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар тайлбар, нотолгоо үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурджээ.

Гэтэл шүүхээс хариуцагчид эрхээ эдлэх боломжоор хангаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах үүрэг захиргааны хэргийн шүүхэд байгаа гэтэл хэргийн үнэнийг тогтоох нотлох баримт эрүүгийн хэрэгт авагдсан байгаа энэ нотлох баримтыг гаргуулах талаар нэхэмжлэгч, хариуцагч талаас хүсэлт гаргасан. Тухайн нотлох баримтыг гаргуулахаар захиргааны хэргийн шүүх нь прокурор, мөрдөн байцаагч нарт албан тоот хүргүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар хариу албан тоотыг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан хариуцагчийг эрх үүргээ биелүүлээгүй талаар тусгаж, нотлох баримт бүрэн цуглараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

2. Нэхэмжлэгч "Жаргалант рашаант" ХХК-ний захирал Н.Баттөмөр татварын улсын байцаагчийн дүгнэлтийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж, удаа дараа ирж гардаж авахыг шаардсан боловч гардаж аваагүй.

Гэтэл гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсний дараа татварын маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд шүүхэд ч мөн адил нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлэн хандсан байтал шүүх хугацаандаа хандсан гэж илт буруу дүгнэж нэг талыг барьж шүүхийн шийдвэр гаргасан.

3. Мөрдөн байцаагч Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх хугацаанд шүүх шинжилгээний хүрээлэнд 2-3 удаа шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан, Захиргааны хэргийн шүүхээс шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар хүргүүлэхэд энэ талаар урьд нь шинжээчийн дүгнэлт гарсан байгаа, уг дүгнэлтийг хүргүүлэв гэсэн шүүх шинжилгээний хүрээлэнгийн албан тоотоор ирүүлсэн дүгнэлтээс үзэхэд шүүх шинжилгээний ажлын хөлс 600000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй байна. Мөн шинжээч томилон шинжилгээ хийлгэх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол, үр дагавар байхгүй байхад шинжээч томилон шинжилгээ хийлгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн.

4. Нэхэмжлэгч байгууллагад хяналт шалгалт хийх талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагаас тухайн ХХК-ний санхүүгийн баримт болон дансны хуулга нь баримт болж ирсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын захиралтай шалгалтын явцад уулзаж тайлбар ярилцлага хийж байсан. “Жаргалант рашаант” ХХК-нд прокурорын хяналтан доор мөрдөн байцаагч 201421000061 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад захиргааны хэргийн шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж 2015 оны 07 дугаар сард захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн.

Шүүх дээрх байдлуудад үндэслэлгүй дүгнэлт хийж хэт нэг талыг барьж, хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хуулийг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ховд аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нар “Жаргалант рашаант” ХХК-ийн 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 16/0000071 дугаартай дүгнэлт гаргаж, “... татвар төлөхөөс зайлсхийсэн 600,974.800 төгрөгийн зөрчил” тогтоон, “... хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Жаргалант рашаант” ХХК-аас татварын улсын байцаагч нарын маргаан бүхий 2014 оны 16/0000071 дугаартай дүгнэлтийн хавсралтад заагдсан зөрчлүүд болон тэдгээрт хамаарах үнийн дүнгийн талаар маргаагүй, “... тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, ...утга агуулгын илэрхий алдаатай, ... хяналт шалгалт хийх томилолт, удирдамж гарсан талаар мэдэгдээгүй, ...томилолт олгох эрхгүй этгээд томилолт олгосон” гэх зэргээр маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ховд аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга Л.Батхишиг нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16140200008 дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт” үйлдсэн, үүний дагуу татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нар 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 6 хоногийн хугацаанд “Жаргалант рашаант” ХХК-ийн 2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхээр томилогдсон боловч эрх бүхий этгээдээс хяналт шалгалтын удирдамж олгогдоогүй байжээ.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “.../татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд/ татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх... /-г хориглоно/” гэж заасан байх тул томилолт олгохоос өмнө буюу “2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр”-өөс хяналт, шалгалтыг хийж эхэлсэн болон удирдамжгүйгээр хийсэн татварын хяналт шалгалт хууль бус болох талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн хариуцагч нар хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасан “...дүгнэлтэд ...тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар...-ыг тусгах”, 47 дугаар зүйлийн 47.5-д заасан “...татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ... урьдчилан мэдэгдэх” тусгайлсан журмуудыг зөрчсөн нь тогтоогдсон байх тул татварын улсын байцаагч Ц.Отгонбаяр, Д.Дэлгэртүвшин нарын үйлдсэн маргаан бүхий 2014 оны 16/0000071 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэгэнт хариуцагч нар татварын хяналт шалгалтыг хууль зөрчиж явуулсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “... прокурор, мөрдөн байцаагч нар ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар албан тоот шүүхэд хүргүүлсэн”, “... “Жаргалант рашаант” ХХК-ийн захирал Н.Баттөмөр ... удаа дараа шаардсан боловч дүгнэлтийг гардаж аваагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар захирамжаар “шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэсэн, уг захирамжийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.Дэлгэртүвшин, Ц.Отгонбаяр нарт танилцуулсан, захирамжийн захирамжлах хэсгийн 7-д “...захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх”-ийг тусгайлан заасан байхад хариуцагч нар уг захирамжид гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж тогтоолтой холбоотой гомдол хүлээн авах үндэслэлгүй тул  “... ач холбогдол, үр дагавар байхгүй байхад шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан” гэх  хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Мөн, хариуцагч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... хяналт шалгалт хийх талаар урьдчлан мэдэгдсэн, ... /“Жаргалант рашаант” ХХК-ийн/ захиралтай шалгалтын явцад уулзалт, тайлбар, ярилцлага хийж байсан” гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн, тухайн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдаж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон аливаа этгээд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтооход татварын байцаагчийн дүгнэлттэй холбоотой гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нөлөөлдөггүй болохыг дурдах нь зүйтэй.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “...16140200008 дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, магадлалын энэ хэсэгт хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “... шинжээчийн ажлын хөлс 600.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай” гэсэн нь Төрийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцээгүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг засаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 488 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж” гэсний дараа “3 дахь заалтын “хариуцагч нараас” гэснийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг баримтлан “Ховд аймгийн Татварын хэлтсээс” гэж өөрчилж” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА