Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0313

 

 

 

              

 

2019 оны 06 сарын 05 өдөр      

Дугаар 221/МА2019/0313

 Улаанбаатар хот

 

 

“Х.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж  заалдах гомдлоор, “Х.О” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст  холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.О” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-,,,,,,, дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, Х.О ХХК-ийн XV-,,,,,,, дугаар тусгай зөвшөөрлийн бүртгэлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Бидний Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт нэртэй талбай дахь ашигт малтмал хайгуулын XV,,,,,, дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аас "Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-ийг гэнэт баталсаны улмаас энэ хуулийн үйлчлэлд орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хязгаарлагдсан.

Ингээд тодорхойгүй байдал үүсэж бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон боловч бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр байсан.

2014 онд өмнөх жилүүдийн нэгэн адил байгаль орчны менежментийн төлөвлөгөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаар батлуулахаар очиж албан бичиг огт байсан боловч тухайн үед Сумын Засаг дарга н.Сэргэлэн Байгаль орчны байцаагч аль нь ч байхгүй, томилолттой гээд бидэнтэй огтхон ч уулзаагүй хүмүүс нь эзгүй байсны улмаас хугацаандаа амжиж батлуулж чадаагүй юм.

Энэ нөхцөл байдлын талаар Сэлэнгэ аймгийн Захиргааны шүүхээр шийдвэр гаргуулсан байгаа.

Урт нэртэй хууль гарсан учраас бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж. үйл ажиллагаагаа зогсоочхоод байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж авчир гэж шаардах нь өөрөө хууль бус юм.

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн УИХ-аас "Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль" батлагдсан боловч энэ хуулийг дааж мөрдөх тодорхой журам байхгүй улмаас тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байсан.

Ийнхүү Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан бичиг баримтын бүрдэл хангагдах боломжгүй болж. улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах боломжгүй болсон боловч Ашигт малтмалын газрын газрын тосны Кадастрын хэлтэст бид тусгай зөвшөөрлөө сунгуулахаар учир байдлаа тайлбарлан хандсан боловч "Ашигт малтмалын хуульд заасан баримт бүрдэл болоогүй тул танай өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн.

Бид Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй, тусгай зөвшөөрлөө сунгуулж чадаагүйн улмаас маш их хохирол амсаж, хайгуулын ажилд зарцуулсан зардал болон олон жилийн хүч хөдөлмөрөөрөө хохирчхоод байна.

Бид энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр маш их зардал гаргаж хохирсон байхад бидний асуудлыг шийдвэрлэлгүйгээр өөр компанид лиценз олгосон нь илтэд хууль бус байна.

Гэтэл энэ нөхцөл байдлыг шалгаж тодруулалгүйгээр бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Бид хайгуулын ажилд маш их хөрөнгө зарцуулж үйл ажиллагаа явуулж байгаад одоо лицензгүй, мөнгөгүй хүнд байдалд ороод байхад манай эзэмшиж байгаа талбай дээр өөр компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Ийм бидний нэхэмжлэлийг хүчингүй болгосон Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэрийг өөрчилж бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 “Х.О” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Ашигт малтмалын хайгуулын ХV-,,,,,, дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж тодруулсан бөгөөд уг шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х.О” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Өлөнт нэртэй 451.3 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-.....тоот тусгай зөвшөөрлийг 2005 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр олгож, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлж, улмаар хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгасан байна.

Нэхэмжлэгч компани нь хуулийн дагуу 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг, холбогдох баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч дурдсан хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүй байна.

Тодруулбал, 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ирүүлээгүй ажээ. Нэгэнт нэхэмжлэгч компани нь дээр дурдсан хуулийн хугацаанд багтааж хүсэлтээ гаргаагүйн улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлд XV-.....дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, улмаар дуусгавар болгож бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолд “нэхэмжлэгч Х.О ХХК-ийн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан, уг захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, “Х.О” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахад татгалзах зүйлгүй болохоо мэдэгдээд байгаа” тухай дурьдагдаж байна.

2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2019 онд хэрхэн яаж батлах нь тодорхойгүй төдийгүй, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан уг талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бол сумын Засаг даргад энэ төлөвлөгөөг батлах эрх олгогдоогүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч өөрөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад 3 жил зарцуулсан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбар нь өөр бусад баримтаар нотлогдоогүй байна.

 Давж заалдах гомдолд мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарч байгаа, тодорхойгүй байдал үүсэн гэжээ. Маргаан бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамаарч байгаа бол нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нэхэмжлэгчид байсан.

Гагцхүү нэхэмжлэгч өөрөө ийнхүү нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй, байдлыг харзнаж хүлээж байсан нь “хууль зүйн хувьд тодорхойгүй байдал үүссэн” гэж үзэх үндэслэл болохгүй. 

Иймд давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР