Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00846

 

“Гео-Инфо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 740 дүгээр магадлалтай,

“Гео-Инфо” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“МТ майнинг” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 346.160.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, өмгөөлөгч К.Бауржан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Гео-Инфо” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь “МТ майнинг" ХХК-тай байгуулсан 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 02/04 тоот гэрээгээр 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11043Х дугаартай ашигт малтмалын хайгуулын талбайд, 01/03 тоот гэрээгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044Х дугаартай “Билх Овоо” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд тус тус геологи-геофизик, геологи-өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн ажлыг 3 үе шаттайгаар хийж гүйцэтгэх болсон. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06 тоот гэрээгээр 2013 оны 02 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд орших 10711Х дугаартай “Байшинт-1” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа буюу ойролцоо байгаа талбайд тандалт, ажиглалт хийх, 06/07 тоот гэрээгээр Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт орших 11552Х дугаартай “Хошуу худаг” нэртэй ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, шаардлагатай гэж үзвэл газрын соронзон зураглал хийхээр тохирч,  нийт 25236,7 гектор талбайд геологийн хайгуулын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

Ажлын тайланг 2012 оны жилийн эцэст Ашигт малтмалын газарт хүргүүлэн Геологи, Санхүү, Мэргэжлийн хяналтын албаар тус тус хянуулан батлуулсан. Уг гүйцэтгэсэн ажлын нийт хөлс болох 431.396.113 төгрөг төлөгдөх ёстойгоос 197.965.700 төгрөг төлөгдсөн бөгөөд үлдэгдэл 233.430.413 төгрөг төлөгдөөгүй. Иймд гэрээнд заасны дагуу алданги 116.715.206 төгрөгийн хамт нийт 350.145.619 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн 3.985.269 төгрөгийн шаардлагаас татгалзсан тул ажлын хөлс 346.160.350 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүхэд гаргасан тайлбартаа: “Гео-Инфо” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 21-нд 01/03 тоот гэрээгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044Х дугаартай “Билх овоо” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайд Геологийн хайгуулын ажлын геологи-геофизик, геологи өрөмдлөг, нөөц бодолт тайлан хамгаалах гэсэн ажлыг хийлгэх зорилгоор гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үнийн дүн нь нийт 188.545.500 төгрөг. Мөн өдөр Урт нэртэй хайгуулын талбайд дээрх ажлыг хийлгэхээр 24.596.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан. Дээрх ажлын чанар гүйцэтгэл муу хийсэн ч бид гэрээгээр тохирсон санхүүжилтийг бүрэн өгч ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгосон. Иймд гэрээт ажлын төлбөрийг бүрэн хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 дүгээр шийдвэрээр: Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “МТ майнинг” ХХК-иас 321.223.416 /гурван зуун хорин нэгэн сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан “Гео-Инфо” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.933.934 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.066.628 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.764.066 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 740 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.4” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.764.067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 740 дүгээр магадлалыг эс зөвшөөрч,  шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК нь “МТ майнинг” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Захиалгат ажил гүйцэтгэх тухай гэрээг буюу нийт 220.141.500 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулж ажилласан ба гэрээний хугацаанд 01/03 тоот гэрээ болон 02/04 тоот гэрээний ажлын хөлсөнд нийт 197.965.700 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3 дахь заалт нь ажлын нийт хөлсийг гүйцэтгэлээр тооцох тухай тохиролцоо огт биш бөгөөд харин гэрээний үлдэгдэл төлбөрийг хэдий хугацаанд ямар хэмжээгээр төлөх тухай тохиролцоо юм. Үлдэгдэл төлбөрийн 20 хувийг хэрхэн тооцож төлөхтэй шууд холбоотой зохицуулалт гэж бид ойлгож ирсэн. Талуудын хувьд гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээ болон төлбөр төлөх үе шатыг тодорхой байдлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч “Гео-инфо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан тухайн үед ажлын тоо хэмжээ нэмэгдсэн, зардал ихэссэн гэдэг боловч гүйцэтгэгч “Гео-инфо” ХХК-ийн зүгээс “МТ майнинг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад буюу 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 2 дугаар сарын 20-ны хооронд энэ талаар ямар нэг мэдэгдлийг ирүүлж байгаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нь баримтаар нотлогдоогүй.

Харин гүйцэтгэгч байгууллагын хувьд хэзээ мэдэгдсэн гэдэг нь иргэний хэрэгт авагдсан “Гео-инфо” ХХК-ийн 2014 оны 6 сар, 2015 оны б саруудад өгсөн гэх мэдэгдлээс харагдах ба үүнийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасны дагуу "нэн даруй мэдэгдсэн" гэж үзэх боломжгүй байхад энэхүү нөхцөл байдалд анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй.

Талуудын хувьд гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг хүлээлцсэн акт, баримт үйлдээгүй. Энэ талаарх ямар нэг баримт байхгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогддог.

Гэрээ байгуулагч талууд 2012 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 01/03 тоот, 02/04 тоот 1.1 дэх заалтаар гэрээгээр гүйцэтгэх ажлаа тохиролцож, төсөв зардлыг хавсралтаар тодорхойлсон. Гүйцэтгэгчээс гэрээгээр тохиролцсон ажлын тоо хэмжээ болон төсөв зардал нэмэгдсэн тухай ямар нэг тайлан, санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, ямар нэг зардал гаргаагүй болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогддог.

Ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн, нэмэгдсэн гэж үзвэл зардлын хэмжээ ч мөн нэмэгдэх нь тодорхой бөгөөд нэмэгдэл зардлыг аль тал нь гаргасан гэдгийг шүүх тогтоолгүй, үүнд ач холбогдол өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт нь өөрөө эргэлзээтэй, холбогдох санхүүгийн баримт, үндэслэл бүхий тооцоолол болон бодит баримт, анхан шатны баримтуудад тулгуурлаагүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогддог. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс шинжээчийн энэхүү эргэлзээтэй, үндэслэлгүй гаргасан дүгнэлтийг үндэслэл болгож, “Гео-инфо” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг тооцож, тус компаний гаргасан зардлыг тодорхойлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Хариуцагч талын хувьд талуудын хооронд байгуулагдсан 02/04 тоот гэрээний дагуу 14.757.600 төгрөг болон 05/06, 06/07 тоот гэрээний дагуу төлөх 7.000.000 төгрөгийг төлнө гэдгийг тайлбартаа тодорхой дурдаж. хүлээн зөвшөөрсөн.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулагдсан 01/03, 02/04 тоот гэрээний дагуу гаргахаар шийдвэрлэсэн нэмэлт ажлын хөлсний төлбөр, түүнд ногдох алдангийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Гео инфо” ХХК нь хариуцагч “МТ майнинг” ХХК-иас ажлын хөлс, алдангид нийт 346.160.350 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд байгуулсан гэрээ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээгээр тохирсон ажлын хөлсийг төлсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ. 

Зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 01/03, 02/04  тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших 11044х, 11043х дугаартай ашигт малтмалын хайгуулын талбайд геологи-геофизик, геологи өрөмдлөг, нөөц бодолт, тайлан хамгаалалт гэсэн ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэх, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/06, 06/07 тоот гэрээгээр 2013 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд орших 10711х, Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах 11552х ашигт малтмалын талбайд 2012 оны геологийн хээрийн ажлын үр дүнгээр жилийн эцсийн тайлан бичих, хил залгаа буюу ойролцоо байгаа талбайд тандалт, ажиглалт хийх, шаардлагатай гэж үзвэл газрын соронзон зураглал хийн нийт 25236,7 гектор талбайд геологийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирчээ /хэргийн 10-22 дугаар тал/.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин талууд ажлын хөлсийг хэрхэн тохирсон, хариуцагч хөлсийг төлсөн эсэх, алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

“Гео-Инфо” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцон улмаар Хайгуулын ажлын тайлан бичсэнийг захиалагч “МТ майнинг” ХХК хүлээн авч, АМГ-ын Геологийн алба, УМХГ-ын БОГУУЦХУА-д тус тус хүргүүлжээ /хэргийн 70-206 дугаар тал/.

“Гео-Инфо” ХХК нь 01/03 дугаартай гэрээний дагуу 392.495.074 төгрөгийн,  02/04 тоот гэрээний дагуу 27.915.970 төгрөгийн ажлыг тус тус  гүйцэтгэсэн, “МТ майнинг” ХХК дээрх ажлын хөлсөнд 197.965.700 төгрөг төлж үлдэх 222.445.344 төгрөгийг төлөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Мөн 05/06, 06/07 тоот гэрээний ажлын хөлс 7.000.000 төгрөгийг төлснөө хариуцагч нотолж чадаагүй  байна.

Талууд ажлын хөлсийг 01/03 тоот гэрээнд 188.545.500 төгрөг, 02/04 тоот гэрээнд 24.596.000 төгрөг гэж тохиролцсон боловч гэрээний 3.3-т “гэрээний төлбөрийн эцсийн дүнг гүйцэтгэлээр 2 тал тохирно” гэж заажээ.

Анхан шатны шүүх зохигчид ажлын хөлсийг гүйцэтгэлээр төлөхөөр тохирсон гэж үзэж, нэхэмжлэлээс ажлын хөлс 229.445.344 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв боловч алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу болжээ.

01/03 болон  02/04 тоот гэрээний 6.2-т “захиалагч энэхүү гэрээний 3.3-д заасан төлбөрийг хийх хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид нөхөн төлнө” гэж заасан, шүүх алдангийг төлөгдөөгүй ажлын хөлс 229.445.344 төгрөгөөс тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар  хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд “МТ майнинг” ХХК нь гэрээний 3.3-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээжээ.

Шүүх ажлын хөлсийг гэрээнд заасан дээрх үнээс бус харин гүйцэтгэлээр тооцсон, энэ тохиолдолд зохигчдын хоорондох ажил гүйцэтгэх гэрээнд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд анз тооцох тухай тохиролцоо байхгүй гэж үзнэ.  Иймд дээрх 2 гэрээгээр нэхэмжлэгч анз шаардах эрхгүй тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дах зохицуулалтад нийцнэ.

Харин хариуцагч нь 05/06, 06/07 тоот гэрээний ажлын хөлс 7.000.000 төгрөг төлөөгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлаж 3.500.000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 229.445.344 төгрөгийн хамт нийт 232.945.344 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 740 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00190 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.7-т  заасныг баримтлан хариуцагч “МТ майнинг” ХХК-с 232.945.344 /хоёр зуун гучин хоёр сая есөн зуун дөчин таван мянга гурван зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Гео инфо” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 113.215.006 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...1764066...” гэснийг “...1.322.677...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 1.764.067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ