Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Лх-ын Ид- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ид-д холбогдох 1823001470107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Лх-ын Ид-, Регистрийн дугаар: /ИЖ********/

Л.Ид- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэн М.М-ын малнаас 28 тооны хонь, 7 тооны ямаа буюу нийт 35 тооны бог, иргэн Ц.Б-ны адуунаас 1 тооны буюу “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Л.Ид- нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орчим Завхан аймгийн сумын багийн нутаг “Хар ус” гэх газар бэлчээрээс М.М-ын баруун чих догол имтэй, сэрвүүн дээгүүрээ хар будгаар тэмдэглэсэн 28 тооны хонь, баруун талын чих догол имтэй 7 тооны ямаа, мөн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орчим Завхан аймгийн сумын баг “Зүүн эх” гэх газарт бэлчиж байсан Ц.Б-ны адуунаас хязаалан насны бор зүсмийн байдсан гүү хулгайсан хэргийн үйл баримт нь малаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч М.М-ын “...2018 оны 10 дугаар сарын 26-нд хонио бүртгэж харахад хэдэн зүс мэдэх хонь ямаа байхгүй байхаар нь тоолсон. ...сум ороод хогийн цэгт очиж үзэхэд миний хонины 3 толгой байхаар нь хэн нядалгаа хийсэн бэ гэж сурахад Түвшинбат гэдэг хүн мал нядалсан байсан. ...нядалсан малын арьсийг ...тэр айлд очиж үзэхэд тэнд миний алдсан малын ...арьс байсан. Манай хонь нуруун дээрээ хөндлөн замын хар тэмдэгтэй, урдаасаа догол имтэй, ямаа нь буруу чих урдаасаа догол имтэй. ...манай хониноос 28 хонь, 7 ямаа л дутуу байсан…” гэсэн мэдүүлгээр, Адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ц.Б-ны “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай адуу “Зүүн эх”-ний өвөлжөөний урд талд байхаар нь очиж үзэхэд бор зүсмийн хязаалан байдас алга болсон байсан ...тэр хавийн адуу малаар эрж хайгаад олоогүй. ...Ямар нэгэн им тамгагүй, согсоо байхгүй сойлготой хязаалан насны хөх бор зүсмийн байдас байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Л.Ид-гаас хязаалан насны бор зүсмийн байдас авсан талаараа мэдүүлсэн гэрч Д.ын “би Ид-д 2017 онд 9 алд хэмжээтэй хар суран бугуйл зарсан. ...2018 оны 10 дугаар сарын дундуур Ид-н гэрт очиж ...зарсан бугуйлны оронд надад бор зүсмийн хязаалан байдсан гүү өгсөн” гэсэн мэдүүлгээр, Л. Ид-, О.болд нараас 28 тооны хонь, 7 тооны ямааг худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Д.Түвшинбатын “2018 оны 10 сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд О.болд, Л.Ид- нар 28 тооны хонь, 7 тооны ямааг миний тууж явсан хонь руу нийлүүлсэн... Тэр өдөр малаа нядалж байхад Л.Ид- ирээд ...мөнгөө нэхэхээр нь би түүнд 1.150.000 төгрөг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг болон гэрч, хохирогч нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч О.болд, Б., Л. нарын мэдүүлгүүд, Л.Ид-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч М.М-ад 2.310.000 төгрөг, Ц.Б-нд 400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч Л.Ид-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал гэсэн ойлголтыг “ ...24 бог-оос дээш малыг ойлгоно ...” гэж заасан учир шүүгдэгч Л.Ид-гийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 28 тооны хонь, 7 тооны ямаа, нэг тооны адууг тус тус хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Л.Ид-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч М.М, Ц.Б-ны нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Л.Ид-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Л.Ид-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Л.Ид- нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Л.Ид-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч нарт хохирол төлбөр нэхэмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Лх-ын Ид-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ид-г 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ид-д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Л.Ид-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Л.Ид-н эзэмшлийн 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/87 тогтоолын хүчингүй болгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА