| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0045/э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Д.Б , /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/
хохирогч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 1811030111143 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б, 1972 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 5-292 тоотод оршин суудаг гэх,
Улаанбаатар гарнизоны Цэргийн тусгай шүүхийн 1992 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Төв аймгийн Зуунмод хот дахь Сум дундын шүүхийн 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.С-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид эмчилгээний зардал 260.000 төгрөг төлсөн. Үлдэх 500.000 төгрөгийг би төлөх болно...” гэв.
Хохирогч У.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Д.Б нь надтай 8 дугаар анги хамт төгсч байсан. 2018 оны 10 сарын 18-ны өдөр Д.Б нь хурим дээр хүнтэй маргалдаад түүндээ бухимдалтай байсан байх. Дараа нь ухаан ороод гайгүй болсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин эмчилгээний зардалд би 760.000 төгрөгийн баримт гаргасныг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс надад 260.000 төгрөг өгсөн. Үлдэх 500.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч У.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид нарыг буудалд байж байхад Энхбаатар, Эрдэнэцэцэг хоёр наймдугаар анги хамт төгсөж байсан Ганбат Болдбаатарыг дагуулаад ирсэн. Тэд нар ерөнхийдөө нэлээд согтсон байдалтай байсан. Болдбаатар ирснээсээ хойш л согтуурхаад буудлын баганын араас гарч ирэхгүй сонин ааш авир гаргаад байсан. Тэр буудлаас 2 цагийн үед гараад Ганбат, Уранчимэг хоёр түрүүлээд яваад араас нь Бямбасүрэн, Оюунбилэг хоёр явсан. Цэрэндулам эрүүл байсан болохоор жолоо бариад түүний хажууд урд суудал дээр Энхбаатар, арын суудалд Эрдэнэцэцэг голд нь би миний зүүн гар талд Ганбат гээд залуу миний өвөр дээр Болдбаатар сууж явсан. Бид нар Болдбаатарыг хүргэж өгөхөөр явж байсан. Болдбаатар Ганбат пизда, Уранчимэг пизда гээд л үглээд яваад байсан. Болдбаатарын гэр рүү эргэх явцад Болдбаатар намайг чи их том болчихжээ гээд миний нүүр рүү гараараа цохисон. Би Болдбаатарыг чи намайг цохичихлоо гэсэн чинь Болдбаатар хуцаад байгаарай гэж хэлээд дахиад баруун шанаа орчим цохисон. Би Болдбаатарыг чи сэргээчээ би Сэрчмаа байна гэж хэлсэн чинь овоо ухаан орох шиг болсон...” гэжээ /хх-11-12/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12477 дугаар дүгнэлтэд:
“1. У.Сэрчмаагийн биед дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл, ёзоорын сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх-19/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Д.Болдбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Сэрчмааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч У.Сэрчмаагийн “…Болдбаатар намайг чи их том болчихжээ гээд миний нүүр рүү гараараа цохисон. Би Болдбаатарыг чи намайг цохичихлоо гэсэн чинь Болдбаатар хуцаад байгаарай гэж хэлээд дахиад баруун шанаа орчим цохисон…” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Болдбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12477 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Болдбаатарт ял шийтгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардалд 260.000 төгрөг төлсөн, цаашид үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэдийгээр шүүгдэгч Д.Болдбаатар нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс авдаг болон бусад орлого олдог талаар ямар нэгэн баримтгүй байх тул түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч У.Сэрчмаа нь эмчилгээний зардалд баримттайгаар нийт 760.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 260.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд үлдэх 500.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б-с нийт 500.000 төгрөг гаргуулан хохирогч У.Сэрчмаад олгосугай.
5. Шүүгдэгч нь Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН