Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01039

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01039

 

 

О х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01608 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч О х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Э х- ХХК, М.А- нарт холбогдох

Э х- ХХК-аас 34,785,900 төгрөг, М.А-, Э х- ХХК нараас 22,350,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Э х- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2018 оны 11 сарын 09-ний өдөр 2018/18 дугаартай Бассейны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Налайх дүүргийн Тэрэлж, Б-айн аманд хийгдэх 24.5 х 25 м.кв хэмжээтэй бассейныг 40,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний 2.1-т зааснаар гэрээний төлбөрийг хариуцагч компанийн захирал Б.Б-ийн хэлсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Э х- ХХК нь гэрээнд зааснаар 2018 оны 12 сарын 22-ны өдөр бассейны ажлыг хийж гүйцэтгэж бүрэн хүлээлгэж өгөх ёстой байсан ч хугацаа хэтэрч ажлыг хүлээлгэн өгөөгүй, мөн чанар стандартын шаардлага хангаагүй гүйцэтгэл дутуу байсан ба манай компанид ихээхэн хохирол учруулсан тул компанийн зүгээс гэрээг цуцалж, бассейны ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн. Манай компанийн зүгээс Э х- ХХК-д нийт 23,190,600 төгрөг, захирал Б.Б-ийн эхнэр М.А-д бэлнээр 14,900,000 төгрөг, нийт 38,090,000 төгрөг өгснийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

Гэрээний 6.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож нэхэмжилж байна. Иймд хариуцагч Э х- ХХК-аас 23,190,600 төгрөг, түүний алданги 11,595,300 төгрөг, хариуцагч М.А- болон Э х- ХХК-аас 14,900,000 төгрөг, түүний алданги 7,450,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Бид 2018 оны 11 сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, Тэрэлжийн Б-ын аманд бассейны ажил эхэлсэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Э х- ХХК-ийн захирал Б.Б-ийн дансаар 16,175,600 төгрөг, М.А- нь бэлнээр 14,900,000 төгрөг, нийт 31,150,000 төгрөг авсан. Компани руу орсон болон М.А-д бэлнээр өгсөн нийт мөнгө 31,075,600 төгрөг юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 38,090,000 төгрөгийг аваагүй, манай компанийн дансаар орж ирснээс бусад 7,015,000 төгрөгийн шилжүүлгийг нь хүлээн зөвшөөрөхгүй. 40,000,000 төгрөгийн бассейны ажил хийхээр тохирсон, компанийн зүгээс 20,210,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийт 31,075,600 төгрөгийг шилжүүлэн авснаас хийсэн ажлын үнэлгээг хасвал 10,865,600 төгрөгийн ажил хийгдээгүй гэж үзэхээр байна. Манайх хэрэглэгдээгүй байгаа тоног төхөөрөмжөө буцааж аваад, үлдэх төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Э х- ХХК-аас 29,789,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27,346,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М.А-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э х- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 306,897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О х- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Э х- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Э х- ХХК нь 2018 оны 11 сарын 09-ний өдөр 2018/18 дугаартай гэрээ байгуулж 40,000,000 төгрөгөөр Налайх дүүргийн Тэрэлж Б-айн аманд 25.4м2 хэмжээтэй бассейн барих гэрээний дагуу Хаан банкны - дансаар 2018 оны 11 сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл нийт 16,175,600 төгрөг, М.А- 2018 оны 11 сарын 27-ны өдөр 14,900,000 төгрөг бэлнээр авч нийт 31,075,600 төгрөг авсан. Гэрээ байгуулагдаагүй байхад 5041166064 тоот дансанд шилжүүлсэн нийт 7,015,000 төгрөг нь манай компанитай холбоогүйг тогтоолгохоор шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан ч тодорхой арга хэмжээ аваагүй. Энд хэн нэхэмжлэл гаргасан болон ямар зориулалтаар мөнгө шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй бөгөөд Э х- ХХК-ийн хувьд Б.Б- өөрийн - дансаар мөнгөө шилжүүлж авч байсан нь хэргийн баримтаар нотлогдсон.

О х- ХХК-аас 2019 оны 04 сарын 20-ны өдөр 1,425,600 төгрөг хамгийн сүүлд шилжүүлсэн нь энэ хүртэлх хугацаанд ажил явагдаж байсныг нотолно. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Э Т Ж Э Э- ХХК-тай үлдэх ажлыг 19,790,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүнээс үзэхэд 40,000,000 төгрөгийн өртөгтэй бассейны ажлын 20,210,000 төгрөгийн ажлыг Э х- ХХК хийж гүйцэтгэсэн байна. Ийм учраас Э х- ХХК-ийн дансаар авсан 16,175,600 төгрөг, М.А-гийн бэлнээр авсан 14,900,000 төгрөг нийт 31,075,600 төгрөгөөс 20,210,000 төгрөгийг хасахад 10,865,600 төгрөг төлөхөөр байна. Гэтэл шүүх Э Т Ж Э Э- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 19,790,000 төгрөг байхад 21,760,000 төгрөг гэсэн нь 1,979,000 төгрөгийг нэмж буруу тооцсон байна. Мөн шүүх хариуцагч бусад дансаар шилжүүлэн тус компанид хамааралгүй гэж мэтгэлцсэн 7,015,000 төгрөгийг татгалзлаа нотлоогүй гэж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч энэ мөнгийг Э х- ХХК-д өгсөн гэдгээ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Э Т Ж Э Э- ХХК нь 40,000,000 төгрөгийн ажлаас 19,790,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байхад шүүх 19,859,600 төгрөг гэж тооцсон нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрээс манай компани 31,075,600 төгрөг авснаас одоо шүүхийн шийдвэрээр 29,789,400 төгрөг төлөхөөр болоод байгаад дүгнэлт хийж үзвэл авсан 31,075,600 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр төлөх 29,789,400 төгрөгийг хасвал 1,2086,200 төгрөгийг бассейны ажилд зарцуулсан гэж үзэхээр байна. Мөн О х- ХХК нь 40,000,000 төгрөгийн үнэтэй бассейныг 19,790,000 төгрөгөөр Э Т Ж Э Э- ХХК-аар гүйцэтгүүлсэн байгаа нь шүүх бодит байдалд хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж нотлох баримтыг хууль зүйн дагуу үнэлж чадсангүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн буруу тооцсон алдан засаж хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Э х- ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нар нийт 38,000,000 төгрөг авсан үйл баримт нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолоор тогтоогдсон. Анхан шатны шүүх хариуцагч талын хүлээж авсан мөнгийг 38,000,000 төгрөг гэж дүгнэсэн нь хэргийн баримтуудын хүрээнд гаргасан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Э Т Ж Э Э- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын 19,790,000 төгрөгт НӨАТ-ыг тооцон хасаж зөрүүг олгохоор шүүх шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Э х- ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О х- ХХК нь хариуцагч Э х- ХХК, М.А- нарт холбогдуулан Э х- ХХК-аас 34,785,900 төгрөгийг, М.А-, Э х- ХХК нараас 22,350,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагаас хариуцагч нар 10,865,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Талууд 2018 оны 11 сарын 09-ний өдөр 2018/18 дугаартай Бассейны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Э х- ХХК нь 40,000,000 төгрөгийн өртгөөр бассейны ажил гүйцэтгэн О х- ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон, Э х- ХХК гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд бүрэн гүйцэтгэж, О х- ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй талаархи шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

5. Хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О х- ХХК нь 2018 оны 11 сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 сарын 20-ны өдрийн хугацаанд 7 удаагийн шилжүүлгээр нийт 16,175,600 төгрөгийг, мөн хариуцагч М.А-д 2018 оны 11 сарын 27-ны өдөр 14,900,000 төгрөгийг буюу бүгд 31,075,600 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 07-15-ны өдрийн хооронд 6 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн заасан ХААН банкны - дансуудад нийт 7,015,000 төгрөгийг шилжүүлсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, ийнхүү нотлох боломжгүй бол нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь дээрх дансуудад шилжүүлсэн 7,015,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр шилжүүлсэн, түүний үр шимийг хариуцагч Э х- ХХК хүртсэн гэх байдлаа нотлоогүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

5.2. Нэхэмжлэгч дээрх байдлаар 7,015,000 төгрөгийг хариуцагч, түүний заасан этгээдэд шилжүүлснээ нотлоогүй, зохигч энэ тухай маргасан байхад анхан шатны шүүх тус 7,015,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан, эсхүл хариуцагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн буюу ашиг олсон эсэхэд эрх зүйн дүгнэлт хийлгүй, гагцхүү нэхэмжлэгчийн гаргасан нэг талын баримт, тайлбарт үндэслэн 7,015,000 төгрөгийг хариуцагч Э х- ХХК-ийг хүлээн авсан, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан нотлох үүргийн хуваарилалтыг шүүх анхаараагүй байна.

Иймд хариуцагч Э х- ХХК 7,015,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, хохирлоо шаардах эрхтэй болон хариуцагч Э- ХХК-ийн гүйцэтгээгүй ажил 18,231,000 төгрөг болсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, хөлсийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Хариуцагч 40,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон ч 18,231,000 төгрөгийн ажил гүйцэтгэснийг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоосон, хариуцагч нь 20,210,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх татгалзлаа нотлоогүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй.

Харин анхан шатны шүүх хариуцагч Э х- ХХК-ийн нэхэмжлэгчээс авсан ажлын хөлсний хэмжээг 38,090,600 төгрөг гэж буруу тооцсоныг залруулж, хариуцагчийн авсан 31,075,600 төгрөгийн хөлснөөс 18,231,000 төгрөгийн ажил гүйцэтгэснийг хасч үлдэх 12,844,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Мөн гэрээний 6.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсаныг үндэслэн шүүх 19,859,600 төгрөгийн 50 хувиар тооцон алданги гаргуулсан үндэслэлгүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын мөнгөн дүн 12,844,600 төгрөгийн 50 хувиар тооцож 6,422,300 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж, мөн анхан шатны шүүх алданги гаргуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Э х- ХХК-аас 19,266,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О х- ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э х- ХХК-аас 19,266,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,869,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч М.А-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

2 дахь заалтын 306,897 төгрөг гэснийг 254,284 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э х- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,897 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ