| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0056/э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 59
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Хохирогч Р.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даландагнагад овогт Т.У-д холбогдох 1821006000391 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Халхгол сумын ... дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Даландагнагад овогт Т.У.
Шүүгдэгч Т.У нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг “Ганга нуур” гэх газраас иргэн Р.Б-ын малын хашааны 12 ширхэг төмөр трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч бусдад 1150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Р.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай хашаа алга болсон байсан. Баг дээр хүүхдийн сургууль орсонтой холбогдуулан үйл ажиллагаа болоод тэнд явж байхад алга болсон. Өмнө нь миний малыг хулгайлж байснаас эд хөрөнгийг минь хулгайлж байгаагүй. Би 10-аад хоногийн дараа хашаагаа олж авсан. Одоо надад гомдол саналгүй. Шүүгдэгчийг өршөөж байна” гэв.
Хохирогч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 8 сарын сүүлээр “Гангын нуруу” гэх газар байдаг зуслангаасаа баруун тийш 4 км орчим зайд буусан. Буухдаа зуслан дээрээ малын хашаагаа авч явж чадалгүй үлдээгээд орхисон. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө баг орох санаатай хашаагаа хараад цаашилна гэсэн бодолтой зуслан дээрээ очиход малын хашаа алга болчихсон байсан. Миний алдсан хашаа 4.70 м урттай, 80 өргөнтэй 12 хэсгээс бүрдсэн эвлүүлдэг хашаа байсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Гэрч Э.Өрнөхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 02-ны орой гэртээ кино үзэж байгаад 22-23 цагийн орчимд бие засахаар гарахад гэрийн хойно 100 метр орчим зайд байх гагнуур хийдэг газарт Т.У нь өөрийнхөө Портер маркийн машинтай зогсож байсан. Тэгэхээр нь би тийшээ очиход хэдэн труба машиныхаа тэвшин дээрээс буулгаж байсан. Би түүнээс юун хашаа вэ гэхэд манай ахын хашаа байгаа юм гэж хэлэхээр нь тоолгүй гэртээ орсон” гэжээ. /хх-ийн 30-31 тал/
Гэрч Э.Төмөрхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны намар яг хэдэн сарыг санахгүй байна. Нэг өдөр Т.У нь надтай уулзаад “найз нь Р.Б гуайн хашааг хулгайлчихсан юм аа. Чи Пүрэвхүүтэй хамт яваад хашааг нь Р.Б гуайнд буулгаж өгчихөөд ир” гэхэд нь чи өөрөө явахгүй яасан юм гэхэд найз нь санаа зовоод байна, чи аваачиж өгөөд ир гэхээр нь би зөвшөөрч Пүрэвхүүгийн хамт Ялалт багаас урагш 30 орчим км хөдөө байсан хашааг ачиж Р.Б гуайн гадаа буулгасан. Өөр асуудлын талаар мэдэхгүй. Хашааг нь буулгаж байхад Р.Б гуайн эхнэр нь намайг хулгайч гэх мэтээр загнаж байсан. Би хулгай хийгээгүй болохоор яриаг нь тоолгүй буулгалцаад явсан” гэжээ. /хх-ийн 32-33 тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11 тал/
Т.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-72 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар: DVD-д буулгасан мөрдөн шалгах туршилт хийсэн ажиллагааны явцыг буулгасан дүрс бичлэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Далан дагнагад овогт Т.У нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар баг “Ганга нуур” гэх газраас хохирогч Р.Б-ын малын хашааны 12 ширхэг төмөр трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч бусдад 1150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гангын нуруу гэх газарт өөрийн машинтай явж байтал замын хойд талд малын төмөр трубагаар хийсэн хашаа байхаар нь уг хашаанаас 6 ширхэг төмөр трубаг машин дээрээ ачаад Өрнөхийн гадаа буулгасан. Үлдсэн 6 ширхэг төмөр хашааг буцаж очиж ачаад 22 цагийн орчимд Өрнөхийн гагнуур хийдэг газар буулгаж орхисон...” гэх мэдүүлэг, хохирогч Р.Б, гэрч Э.Өрнөхжаргал, Э.Төмөрхүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.У-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.У-ыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Т.У-ыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Т.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Т.У-ын эзэмшлийн 3500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн ... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-д 1150.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Т.У нь хохирогчид 1760.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөрдөн шалгах туршилт хийсэн ажиллагааны явцыг буулгасан дүрс бичлэг бүхий 1 ширхэг DVD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.У-ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Даландагнагад овогт Т.У-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Т.У-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Т.У-ын эзэмшлийн 3500.000 төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн ... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Т.У-ын эзэмшлээс битүүмжлэгдсэн 3500.000 төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн ... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хадгалах хамгаалах үүргийг шүүгдэгч Т.У-д хүлээлгэсэн болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөрдөн шалгах туршилт хийсэн ажиллагааны явцыг буулгасан дүрс бичлэг бүхий 1 ширхэг DVD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.У-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ