Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01814

 

 

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01814

 

 

 

С.Б....ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02605 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Б...ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Н...д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31,821,932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С..., түүний өмгөөлөгч Ц.М...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Г.Н.... нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хандан, аавынхаа өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, аптаун вилла .... тоот хаягт байрлах, Ү-2201..... улсын бүртгэлийн дугаартай, 00018.... тоот гэрчилгээтэй, .... м.кв бүхий амины орон сууцыг барьцаалж, 16,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээл олгох хүсэлт гаргасан.

 

1.2. С.Б... болон Г.Н... хоёр нь зээлийн болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээгээ нотариатаар баталгаажуулан 16,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон.

 

1.3. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон боловч Г.Н... нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна.

 

1.4. Г.Н...аас зээл 12,065,406 төгрөг, хүү 19,434,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,102 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тушаасан тэмдэгтийн хураамж болох 317,100 төгрөг нийт 31,821,932 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, . ... тоот хая...гт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201.... дугаартай, 00018.... тоот гэрчилгээтэй, 41 м.кв бүхий амины орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Г.Н... нь 2019 оны 10 дугаар сард Б.О....той харилцан тохиролцож мөнгө зээлэхээр болсон. Б.О... нь мөнгө зээлэхэд барьцаа авна гэсэн тул аавынхаа орон сууцыг барьцаалж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Б...тэй зээл, барьцааны гэрээ байгуулсан.

 

2.2. Зээл болон барьцааны гэрээ байгуулахад Б.О. гэр..ээ хийхгүй, манай ажилтан С.Б...тэй зээл, барьцааны гэрээгээ хийчих гэхэд нь нотариат орж гэрээ байгуулсан.

 

2.3. Зээлийн төлөлтөө Б.О...ын Хаан банкны 5028... тоот дансанд төлдөг байсан. С.Б... өөс мөнгө зээлж авсан зүйлгүй. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.О....оос 12,720,000 төгрөг зээлж, тэр өдрөө 1,000,000 төгрөгийг С.Б...өд өгч, 10,040,000 төгрөгийг Б.О....д буцаан төлсөн. С.Б.... нь жинхэнэ нэхэмжлэгч биш юм.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга:

 

3.1. Аавынхаа орон сууцыг барьцаалж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр С.Б...тэй зээл, барьцааны гэрээнүүд байгуулсан.

 

3.2. Нөхөр Э.Я...ийн данснаас Б.О...ын Хаан банкны 5028.... тоот дансанд зээлээ төлдөг байсан.

 

3.3. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.О...оос 12,720,000 төгрөг зээлж, тэр өдрөө 1,000,000 төгрөгийг С.Б....хөд өгч, 10,040,000 төгрөгийг Б.О...д буцаан төлсөн.

 

3.4. Б.О....д төлөх зээлийн үлдэгдэл 1,680,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин С.Б...өд ямар ч төлбөр төлөхгүй.

 

3.5. С.Б....тэй байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 858 дугаар зээлийн гэрээ, 858 дугаар үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар:

 4.1. Гэрээнүүд хүчин төгөлдөр учраас Улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Энэ зээлийн гэрээний оролцогч нь С.Б..., Г.Н... нар юм. Б.О... гэдэг хүн мөнгийг С.Б...өд өгөөд, С.Б... нь 16,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

 

4.2 Б.О.... гэдэг хүний дансанд мөнгө хийсэн нь иргэд хоорондоо тохиролцсон асуудал юм.

 

4.3. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр болж, бүртгэгдсэний дараа зээлийг олгосон. Б.О....той эрх зүйн харилцаа үүсээгүй гэжээ.

 

5.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н...аас 9,060,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б...д олгож, үлдэх 22,761,932 төгрөг болон үүргээ гүйцэтгээгүй бол эрхийн улсын Ү-2201... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, А... хотхоны ... дугаар байрны 1 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгүүлийг хангуулах шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчаас 175,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас илүү төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02605 дугаарт шийдвэрийг эс зөвшөөрч дараахь байдлаар гомдол гаргаж байна.

 

6.1. Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Үүнийхээ дагуу хүү алданги тооцож авах эрхтэй. Мөн зээлийн хүүг зөвхөн гэрээнд заагдсан хугацаанд тооцож авна гэж ямар хуулийн заалтаар тооцсон нь тодорхойгүй.

 

6.2. Шүүх 16,000,000 төгрөг нэг сарын хүү 800,000 төгрөгийн хүүг тооцож хариуцагчийн төлсөн 10,040,00 төгрөгнөөс хасч үлдсэн мөнгийг үндсэн зээлээс хассан нь хариуцагчид ашигтай байхаар тооцсон.

 

6.3. 16,000,000 төгрөгийн алдангийг 0,5 хувиар тооцоход 8,000,000 төгрөг болох юм.

 

6.4. Үндэслэх хэсгийн 14-т 10,140,000 гэж бичсэн атлаа тогтоох хэсэгт 9,060,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгоно гэсэн нь мөн ойлгомжгүй.

 

Иймд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Нэхэмжлэгч С.Б... нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алданги шаардаагүй бөгөөд нэмэгдүүлсэн хүү 5,102 төгрөг гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн удаагүй. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй 3,380,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Техникийн шинжтэй алдаа гарч 5,102 төгрөгийг 3,380,000 төгрөг болгож бичжээ.

 

7.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ..." гэж заасан. С.Б...тэй бичгээр байгуулсан гэрээний хугацааг сунгасан үйл баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллага эсхүл банк биш тул зээлийг эргэн төлөгдөх хүртэл хугацаагаар хүүг шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

5.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хувиас хэтэрч болохгүй" гэж заасан. Г.Н... 16,000,000 төгрөгийг аваагүй, энэ зээлийн зарим хэсгийг С.Б... авсан.

 

Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Б... нь хариуцагч Г.Н...д холбогдуулан зээл 12,065,406 төгрөг, хүү 19,434,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,102 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тушаасан тэмдэгтийн хураамж болох 317,100 төгрөг, нийт 31,821,932 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээл болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1-р хх. 1-2, 19, 29, 31/

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Зохигч 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Г.Н... нь 16,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн гэрээ хэрэгт авагдсан. /1-р хх 6/

3.б. Улмаар талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, А... ... тоотод байршилтай, 41 м.кв талбайтай, Ч.Г...н өмчлөлийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулжээ. /1-р хх 7-8/

4. Зохигч дараах асуудлаар маргаж байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь энэ хэргийн жинхэнэ нэхэмжлэгч нь С.О... байх ёстой, 12,720,000 төгрөгийг С.О...оос зээлж авсан, 10,040,000 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 1,680,000 төгрөг, мөн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэжээ/1-р хх 19, 29, 31/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон зээлийн үнийн дүн, төлөгдсөн хэмжээ, хүү тооцох хугацааг зөв дүгнэсэн.

5.а. Харин анхан шатны шүүх алданги 3,380,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б...өд олгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа алданги шаардаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх юм.

Нэхэмжлэлийн шаардлагын задаргаанаас үзэхэд нэхэмжлэгч С.Б... нь хариуцагч Г.Н...д холбогдуулан зээл 12,065,406 төгрөг, хүү 19,434,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,102 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тушаасан тэмдэгтийн хураамж болох 317,100 төгрөг, нийт 31,821,932 төгрөг шаардсан. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаарын дотор мэтгэлцсэнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .., алданги гаргуулах шаардлагаа дэмжээгүй болохоо илэрхийлжээ.

Гэсэн хэдий ч анхан шатны шүүх алданги 3,380,000 төгрөгийг гаргуулан олгосон хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэх юм.

Иймд нэхэмжлэгчийн 16,000,000 төгрөгийн алдангийг 0,5 хувиар тооцоход 8,000,000 төгрөг болно гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан зээлийн хүүг зөвхөн гэрээнд заагдсан хугацаанд тооцож авсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. Талууд гэрээндээ 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон тул талуудын тохиролцооны хүрээнээс хальж нэг сараас илүү хугацаагаар хүү тооцох боломжгүй.

 

6.а. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 10,140,000 гаргуулахаар заасан атлаа 16,000,000 төгрөгийн нэг сарын хүү 800,000 төгрөгийг хариуцагчийн төлсөн 10,040,000 төгрөгнөөс хасч тогтоох хэсэгт 9,060,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тогтоосон нь буруу байна. Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн шийдлийг тогтоох хэсэгт зааж, давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжтой байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.Н...аас 10,140,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б.өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,681,932 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02605 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 гэснийг нэмж, 9,060,000 төгрөг гэснийг 10,140,000 төгрөг гэж,

2 дахь заалтын ... ...хариуцагчаас 175,590 төгрөг гэснийг ... хариуцагчаас 177,190 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД