| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0069/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1811033070027 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б , 1976 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гүүрэн кранист мэргэжилтэй, Сүлдэт хуяг харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 29-364 тоотод оршин суудаг,
Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 442 тоотод орших нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Нямбатын зүүн гарын бугалган тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруу зүйл хийснээ сайн ойлгож байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Б.Б нь манай гэрт 3 сар гаруй ажилгүй байж байгаад тэр өдөр нүүрсэн дээр ажиллахаар яваад 17-18 цагийн үед ирээд 24.000 төгрөг авч ирсэн бөгөөд нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад үлдсэн мөнгөөр нь дэлгүүрт тавьсан өрөө дараарай гэж хэлсэн юм. Тэгээд гал тогоонд байсан улаан өнгийн цэцэгтэй хутга аваад миний зүүн булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Баттүвшин архи уухаараа их агсан бөгөөд би түүнийг архи уучихсан болохоор нь яаж ч магадгүй гэж бодоод куртиктэйгээ сууж байсан юм. Тэгээд би зугтаад дүүгийнхээ гэрч очоод хойд талын айлд нь сууж байсан. Тэгээд манай дүү түргэн болон цагдаа дуудаад эмнэлэгт очиж оёдол тавиулчхаад цагдаагийн газар ирсэн юм. Миний биед учирсан гэмтлийг Б.Баттүвшин нь миний зүүн булчин хэсэгт нэг удаа улаан өнгийн хутгаар дүрчихсэн юм...” гэжээ /хх-15-16/.
Гэрч Ж.Болдбаатар мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед ажиллаа тараад төрсөн ах Ж.Н-ын гэрт орсон юм. Тэр үед манай ахын хашаанд байдаг хөрш ах Бат-Эрдэнийн гэрийн цонхоор харахад манай төрсөн эгч Ж.Нямбат тэднийд сууж байсан. Тэр үедээ тоолгүй ахынхаа гэрт орчхоод буцаад гарч явахдаа би эгчээ юу хийж суугаа юм бэ гэхэд нохойд хазуулсан гэж хэлсэн. Тэгээд яагаад нохойд хазуулсан юм бэ гэж хэлээд зүүн мөрийг нь шалгаж үзэхэд зүүн мөрнөөс нь цус гарсан хувцас нь биетэйгээ наалдсан байсан. Би хувцсыг татаад салгахад зүүн мөрний булчинд гүн шарх үүсэж, өөх нь харагдаж байсан. Тэгээд би шууд түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн гэмтлийг хамтран амьдрагч Б.Баттүвшин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгалж биед нь гэмтэл шарх учруулсан гэж эгч өөрөө хэлсэн...” гэжээ /хх-21/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №13930 дугаар дүгнэлтэд:
“1. Ж.Нямбатын биед зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэжээ /хх-25/.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/.
Хохирогч Ж.Н-аас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “Би холбогдогч Б.Баттүвшинтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч, өөрт учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-68/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 44 дүгээр гудамжны 442 тоотод орших нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Н-тын зүүн гарын бугалган тус газарт нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Н-ын “..гал тогоонд байсан улаан өнгийн цэцэгтэй хутга аваад миний зүүн булчин хэсэгт нэг удаа хутгалсан. Б архи уухаараа их агсан бөгөөд би түүнийг архи уучихсан болохоор нь яаж ч магадгүй гэж бодоод куртиктэйгээ сууж байсан юм. Тэгээд би зугтаад дүүгийнхээ гэрч очоод хойд талын айлд нь сууж байсан. Тэгээд манай дүү түргэн болон цагдаа дуудаад эмнэлэгт очиж оёдол тавиулчхаад цагдаагийн газар ирсэн юм. Миний биед учирсан гэмтлийг Б.Б нь миний зүүн булчин хэсэгт нэг удаа улаан өнгийн хутгаар дүрчихсэн юм...” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №13930 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Б.Б-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 10.5 см, бариул хэсгийн урт 13 см, нийт 23.5 см урттай улаан цагаан өнгийн иштэй, ажлын хэсэг дээрээ сарнай цэцгийн зураглалтай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 10.5 см, бариул хэсгийн урт 13 см, нийт 23.5 см урттай улаан цагаан өнгийн иштэй, ажлын хэсэг дээрээ сарнай цэцгийн зураглалтай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН