Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1415

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/4473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-д холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг,

Нэхэмжлэгч ХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч ХХ, түүний өмгөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ миний бие ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах, 69.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХХХ-д 65 100 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн, энэ шийдвэрт барьцааны зүйлийн талаар тусгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрт тусгагдсан ажиллагааг хийх ёстой байтал шийдвэрт заагаагүй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж дуудлага худалдаанд зах зээлийн ханшаас доогуур оруулах гэж байгаад гомдолтой байна. Эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй. Иймд орон сууцны үнэлэгээ тогтоосон болон албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжаар ХХгоос 65 115 000 төгрөгийг гаргуулж ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ХХ-ийн өмчлөлийн ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах, улсын бүртгэлийн эрхийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15/007 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны дотор төлбөрийг төлнө гэсэн боловч үүргээ огт биелүүлээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дотор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 310 500 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч дээрх үнийн саналыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 310 500 000 төгрөгийн 70 хувиар буюу 217 350 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт оруулах болохыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/33148 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч ХХ нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ХХХХ-д барьцаалсан тухай барьцаа, зээлийн гэрээг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8/1151 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан болохыг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэгч нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг техникийн алдаатай бичин, 69.2 м.кв талбайтай орон сууцыг 62.9 м.кв гэж бичсэн байсан. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул 310 500 000 төгрөгийн 50 хувиар тооцон, 155 250 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХ-д холбогдох ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах 69.2 м.кв орон сууцны үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХХ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дугаартай шүүгчийн захирамжаар ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоотод байрлах 69.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 62.9 м.кв гэж бичиж техник алдаа гэх нэрийдлээр үнэгүйдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгэзр зүйлийн 69.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байхад хоёрдахь албадан дуудлага худалдаанд миний орон сууцыг дахин оруулсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд би өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан. Гэтэл хөдөө амьдарч байсан хадам хөгшин нас барж, ажилд явдалд оролцох тул 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүгчийн захирамж гаргаж, миний ороолцоогүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ХХ-ийн өмгөөлөгч Х нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч шүүгч уг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж байсан. Иргэний хэрэг үүсгэсэн байхад ХХХнаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байсан. Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээ тогтоосон болон албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

ХХХ нь ХХгоос 65 000 000 төгрөгийг гаргуулж ХХХХ-д олгохоор шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 164 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч ХХ-ийн өмчлөлийн /хх-ийн 57, 60/ ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХ тоот, 69.2 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хураах ажиллагааг явуулжээ. /хх 47, 53/

Нэхэмжлэгч ХХ 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлбөрт хураагдсан дээрх орон сууцны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар 310 500 000 төгрөгөөр тогтоох санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрсөн /хх-ийн 65, 67/ тул хариуцагч ХХХ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцсон үнийн 70 хувь буюу 217 350 000 төгрөгөөр тогтоожээ. /хх-67, 69/

Дээрх үнэлгээг үндэслэж, ХХХ 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 10/215 тоот тогтоол гарч, энэхүү тогтоолыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбилэгт 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн байна. /хх-69/

Нэхэмжлэгч ХХ хариуцагч ХХХ-д холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох талаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 31243 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 41042 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч ХХ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч ХХХХХХ-ын гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/215 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын /х.х 8/ тогтоох хэсэгт орон сууцны талбайн хэмжээг 62.9 м.кв гэж техникийн алдаа гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгч Х-ийн дахин гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/9 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолд /х.х 73/ тухайн орон сууцны талбайн хэмжээг залруулж 69.2 м.кв-аар анхны дуудлага худалдаанд оруулсан тул ХХ-ийн гаргасан миний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

ХХХнаас “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг /х.х 78/ 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсгийг баримтлан анхны дуудлага худалдааг явуулснаас хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн хоёрдахь албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч ХХ-ийн өмчлөлийн орон сууцыг хүчээр оруулсан гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь ар гэрийн гачигдлаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэ байдлаа нотлоогүйгээс шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу биш байна. Харин анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х оролцсон тул талуудыг мэтгэлцэх боломжоор хангасан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг зохицуулсан холбогдох хуулийг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/4473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т зааснаар…” гэснийг “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар …” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХ-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                   Д.ДАМДИН-ОД