Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 145

 

П.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар магадлалтай, П.А-т холбогдох хэргийг Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймаг, Батцэнгэл сум, Улаанчулуу баг, Хөнжил гэх газар оршин суух хаягтай,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, М овогт П-н А-.

П.А- нь 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Баруун даваа гэх газраас хохирогч Ч.Б-н хурдан удмын 1 тооны морийг хулгайлж, 2500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.А-ыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.А-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч П.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Сайнзаяа бичсэн дүгнэлтдээ “...анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 183 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.А-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 41 дугаартай магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл тус аймгийн прокурорын газраас П.А-ыг 2017 оны 11 дүгээр сард ...бусдын малыг хулгайлсан ... гэх эрүүгийн 2012002100169 дугаартай хэрэгт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Яллагдагч П.А- нь 2017 онд бусдын адууг хулгайлсан гэх үйлдэл нь Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч П.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй байсан ба хэрэв түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжгүй байжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай магадлалын тухайд шүүгдэгчид ял завшуулсан, харин яллагдагч П.А-т холбогдох эрүүгийн 2012002100169 дугаартай хэргийг шийдвэрлэхэд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн 41 дугаартай магадлалыг биелүүлэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал тус тус үүссэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.А- нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр магадлалаар шийтгэх тогтоод өөрчлөлт оруулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Энэ гэмт хэргийн хувьд өмнөх шийтгэх тогтоолоос өмнөх үйлдэл буюу 2017 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэж 1 жил 30 хоногийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч П.А-ын 2017 онд мал хулгайлах гэмт хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн давж заалдах шатны шүүхээр хүчиндэх гэмт хэргийг хянан хэлэлцэж байх үед мэдэгдсэн байсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжгүй байсан.

Хоёр гэмт хэрэг санаатай үйлдсэн тохиолдолд 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй хуулийн зохицуулалттай. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн эсхүл хүнд ялтай зүйл хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.А-ыг 2017 оны 11 дүгээр сард Ч.Б-н нэг морийг хулгайлсан үйлдэлд анхан шатны шүүхээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил хорих ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 30 хоног хорих ялаар тогтоосныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр П.А-т холбогдох мал хулгайлах хэргийг хянан шийдвэрлэхдээ, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах үндэслэл болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан шүүгдэгчид хорих ял тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу хэргийн ажиллагааг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.    

Тиймээс давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн магадлалын заалтыг хангах зорилгоор П.А-т холбогдох өмнөх буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж хэргийг хяналтын шатны шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой журам болох шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хянах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан үндэслэл, журамд нийцэж, түүгээр тодорхойлсон хугацааны дотор явагдах учиртай бөгөөд уг хугацааг хэтрүүлэн гаргасан прокурорын дүгнэлтээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ... хүндрүүлсэн ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсон бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч П.А-т холбогдох 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 шийтгэх тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаа хэдийн өнгөрсөн байх тул дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл дээрх зүйл, хэсэгт заасан хугацааг тогтоохдоо эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй нөхцлийг хууль тогтоогч харгалзан үздэг бөгөөд “...1 жил...” гэсэн хугацааг ойлгохдоо нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудал хянагдаж буй учир холбогдох шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг үеэс эхлэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх хүртлэх хугацааг хамруулан тоолох нь хуульд нийцнэ. 

Харин прокурорын дүгнэлтэнд дурдсан агуулгын хүрээнд хэргийн ажиллагааг хянан үзэж байгаа тул Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар магадлалын үндэслэлийг хянан үзэх, улмаар энэ талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяагийн бичсэн 01 дугаартай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, П.А-т холбогдох эрүүгийн 2012002100169, 1812001860158 дугаар бүхий хэргүүдийг прокурорт буцаан хүргүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

   С.БАТДЭЛГЭР

   Ч.ХОСБАЯР

                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН