Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 32

 

Б.Уранбайгалийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, О.Зандраа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хадбаатар, Б.Цолмонтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 557 дугаар магадлалтай, Б.Уранбайгалийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа, Н.Хадбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Уранбайгаль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 дугаар тушаалаар намайг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсен тухай мэдэгдсэн. Тухайн үед нэр бүхий 6 хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгаан нь Сангийн яамны шинэ бүтэц, зохион байгуулалттай холбоотой гэж тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Дээрх тушаал нь дараах хууль тогтоомжийг зорчсөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх 23 дугаар зүйл, халах 25 дугаар зүйл тухай үндэслэлд дээрхи тушаалын үндэслэл хамаарахгүй байна. Энэ хуулийн заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн дээрх хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эсвэл, халах боломжтой байна. Гэтэл орон тооны цомхотгол гэсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хэрэв ажил олгогч ажилтныг уг хуулийн 40.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлж байгаа бол 30 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны едрийн Б45 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хадбаатар, Б.Цолмонтуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 167 байхаар баталсан болно.

Тус яам Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаартаа багтаан ажиллах үүргийнхээ дагуу орон тооноос илүү ажиллаж байгаа албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдан, ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Сангийн яамны Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны Хамтын гэрээний 5, 6 дахь заалтуудыг үндэслэн тус бүр албан тушааалынх нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. Иймд Б.Уранбайгалийн нэхэмжлэлтэй хэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уранбайгалийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 тушаалын Б.Уранбайгальд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Уранбайгалийг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтний үүрэгт ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уранбайгалийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 6 сар 6 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.185.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.Уранбайгалийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 557 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонтуяа, Н.Хадбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 672 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 557 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслзлээр гомдол гаргаж байна.

Давж  заалдах шатны шүүх  анхан  шатны шүүхийн  шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “...захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгч Б.Уранбайгалийг Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх туг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 дугаар тушаалыг хүчингүй болгон, түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Б.Уранбайгалийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ…” гэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Мөн магадлалд “хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын хавсралтаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газраас Сангийн яаманд шилжүүлэх санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн тоог 3 гэж тогтоосон байхад /х/х-ийн 56 дугаар тал/ 11 орон тооны хамт шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 145, “Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай” Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолоор нэмж 2 орон тоо, “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Улсын мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн 8, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 3 нийт 11 ажилтныг чиг үүргийн хамт тус яаманд шилжүүлсэн. Улмаар Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, тус яамны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим чиг үүрэг шилжин ирснээр 21 албан хаагчийг тус яаманд шилжүүлэн ажиллуулж, нийт 179 албан хаагч ажиллах болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 382 дугаар тус яамны орон тооны хязгаарыг 167 байхаар баталсан болно.

Тус яам Засгийн газрын тогтоолоор батлагдсан орон тооны хязгаартаа багтаан ажиллах үүргийнхээ дагуу орон тооноос илүү ажиллаж байгаа албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдан ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Сангийн яамны Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2014 оны Хамтын гэрээний 5, 6 дахь заалтуудыг үндэслэн тус бүр албан тушаалынх нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно.

Иймд дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б45 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Уранбайгалийг тус яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэний албан тушаалаас чөлөөлсөн, нэхэмжлэгч “...орон тооны цомхтгол нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж, хариуцагч “...батлагдсан орон тооноос илүү гарсан ажилтныг ажлаас чөлөөлсөн ... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага .../-ын/ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэний албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг орон тоон дээр ажиллаж байгаа нийт ажилтныг “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага, туршлага” гэсэн үзүүлэлт тус бүрээр сонгон шалгаруулж, шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг эрх бүхий этгээд томилохоор байна.      

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “... албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн нь тухайн албан тушаалын орон тоо цөөрөөгүй, бүрмөсөн хасагдсан, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд томилогдоогүй үлдсэн албан хаагчийн хувьд хэрэглэгдэх зохицуулалт юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч “орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр “илүү гарсан” ажилтныг ажлаас чөлөөлөхдөө уг албан тушаалд ажиллаж байгаа нийт албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нэхэмжлэгч Б.Уранбайгалийг албан тушаалаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...орон тооноос илүү ажиллаж байгаа албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдан ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу албан тушаалынх нь 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон... /нь хууль зөрчөөгүй/" гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, энэ үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан албан тушаалтныг томилж, чөлөөлөхөд хяналтын шатны шүүхийн энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.      

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар  сарын 16-ны  өдрийн  672  дугаар  шийдвэр,   Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 557 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хадбаатар, Б.Цолмонтуяа нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                Д.МӨНХТУЯА