Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 9

 

Д.М-, Б.Б-, Г.Ш-,

Б.Г-, Ц.Э-, Ч.Н-, О.Г-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

                                    Оролцогчид:

Прокурор                                          А.Оргилбаяр

Ялтны өмгөөлөгч                            Д.Пүрэвдорж

                                                            Ц.Отгонсүх

                                                            Л.Оюунсувд

                                                            С.Цэмбэлмаа

                                                            Ж.Туяа

Ялтан                                                 Д.М-

                                                            Г.Ш-

                                                            Б.Г-

                                                            Ч.Н-

                                                            Б.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шүүгч Т.Энхжаргал, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 12 дугар сарын 13-ны өдөр хйисэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч нарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын назраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-, Б.Б-, Г.Ш-, Ч.Н-, Ц.Э-, О.Г- нарт холбогдох эрүүгийн 201309000679 тоот 4 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл амйгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар баг “Ёлт” хэмээх газарт оршин суух хаягтай одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар байрны 139 тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Шарнууд овогт Д-ын М- / РД: РИ94032510/

Монгол Улсын иргэн, 1996 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах дүү нарын хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг хуучин хорооллын 1А байрны 34 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хар эрхэд овогт Б-ын Б- /РД: ББ96073017/

Монгол Улсын иргэн, 1995 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 30 дугаар гудамж 22 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Дүйнхэр овогт Г-ийн Ш- / РД: АЮ95111718 /

Монгол Улсын иргэн, 1996 онд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, усжуулагч мэргэжилтэй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Хөтөлийн 6 дугаар байр 14 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б-ын Г- /РД: МФ96022114 /

Монгол Улсын иргэн, 1995 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 6 эцэг, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг Хуурчийн 1 дүгээр гудамж 16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Жаран овогт Ч-ийн Н- /РД: МХ95091719 /

Монгол Улсын иргэн, 1995 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4 эмээ, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 13 дугаар байрны 15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Өлзий овогт Ц-ы Э- /РД: ТА 95111332 /

Монгол Улсын иргэн, 1995 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 давхарын 139 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 26-н өдрийн  04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан  гэх Данжин овогт О-н Г- /РД: ТК 95010512 /

Ялтан Д.М-,Б.Б-, Г.Ш-, Ч.Н- нар нь бүлэглэн 2013 оны 10  дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын  12 дугаар багийн нутаг давсгэр 19 дүгээр сургуулийн баруун талд хохирогч Т.Т-, Х.Т- нарын нүүрэн тус газар нь цохиж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Т.Т-гийн 25.000 төгрөгийг дээрэмдсэн,

Ялтан Д.М- Б.Б- нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Сүрэнгийн гудамжны баруун үзүүрт явсан хохирогч Б.Т-ийн барьж явсан гар цүнхийг булаан авч 646.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Ялтан Д.М-, Б.Б-, Г.Ш-, Б.Г-, Ч.Н- нар нь бүлэглэн 2014 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 00:30 цагийн орчим Дархан сумын 16 дугаар багийн “Од” цогцолбор сургуулийн орчим хохирогч Ц.О-ыг цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн “iphone 5” маркийн гар утас, өмсөж явсан савхин куртик зэрэг нийт 1.250.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

Ялтан Д.М-, Б.Б-,  Б.Г- нар бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны хойд талд хохирогч А.Ө-ыг цохиж унагаан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Samsyng Galaxy Trend” загварын 250.000 төгрөгийн үнэтэй гар утсыг дээрэмдсэн,

Ялтан Д.М-, Б.Б-, Б.Г-, Ч.Н- нар нь бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 21:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг “Оюуны ирээдүй” сургуулийн баруун талд насанд хүрээгүй Ч.М-ийг нүүрэн тус газар нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Samsyng Galaxy S4” маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,

Ялтан Д.М-, Г.Ш- нар нь бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шөнө 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан 50” цогцолборын зүүн хойд  талд хохирогч Э.Д-г цохиж унагаан амь насанд нь аюултайгаар довтолж “Nokia-2600”  гар утас, түүний өмсөж явсан савхин куртик зэрэг нийт 270.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Ялтан Г.Ш-, Б.Г-, Б.Б-, Ц.Э-, О.Г- нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 24 дүгээр барны дэргэд байрлах “Бал бурам” хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг хөшиж эвдэн нэвтрэн орж 24 нэр төрлийн хүнсний эд зүйлийг хулгайлан авч хохирогч Б.Сүнжидмаад 1.342.000 төгргийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Дархан-уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.М- нар холбогдох хэргийн хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.М-, Б.Б-, Г.Ш-, Б.Г-, Ч.Н-, Ц.Э-, О.Г- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар Б.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр  5 жил 6 сарын,  Д.М-ад эд хөрөнгө хураахгүйгээр  5 жил 4 сарын, Г.Ш-д эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 3 сарын, Ч.Н-од эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын, Б.Г-од эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар  Б.Б-, Д.М- нар тус бүр 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар Г.Ш-, Б.Г-, Ц.Э-, О.Г-, Б.Б- нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр  2 жилийн хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-, Д.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар Д.М-, Г.Ш-, Б.Б-, Ч.Н-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын, Г.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 3 жил 3 сарын, Б.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ц.Э-, О.Г- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасанаар Г.Ш-, Б.Б-, Б.Г-, Д.М-, Ч.Н- нар оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-, О.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Д.М-ад оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял нь түүний амьдралд хүндээр тусч байна. Д.М- өндөр настай эхийхээ хамт амьдардаг, өөрөө уушиг болон бөөр, зүрхний өвчтэй биеийн байдал нь муу, сүүлийн 2 жил дахин гэмт хэрэг үйлдээгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...сумын засаг даргын 2012 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн захирамжийн дагуу байгуулагдсан үнэлгээний комиссоор хөрөнгийн үнэлгээ гаргуулсан байсан. Мөн насанд хүрээгүй хохирогчийг  хууль ёсны төлөөлөгчгүйгээр байцаалт авсан зэрэг нь байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн байсан учраас энэ зөрчлийг арилгуулах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах санал гаргасныг үл анхааран шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Хохирогч болон шүүгдэгч нараас эд хөрөнгийн үнэлгээнд маргаан гаргаагүй боловч хөрөнгөийн үнэлгээ хийлгэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдээр хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж  Ч.Н-од ял шийтгэл оногдуулсан бол Өршөөлийн хуульд  хамруулахаас гадна Эрүүгийн хуулийн 551.1 зааснаар хөнгөрүүлж ял оногдуулж болох байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах буюу хэргийг эцэслэн шийдвэрлэх нь оновчтой гэж үзвэл оногдуулах ялыг хөнгөрүүлж  551 дугаар зүйлийн 551-г хэрэглэж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтуудыг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэж үзэж хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж зөрчлийг арилгуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасаар байхад энэхүү зөрчлийг залруулж буцаахгүйгээр хэргийг шийдвэрлэж үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Хохирол үнэлсэн үнэлгээний комисс нь үнэлгээ гаргах эрхгүй, зөвшөөрөлгүй этгээдүүд бөгөөд энэ комиссын гаргасан үнэлгээгээр мөрдөн байцаалтын шатанд дураараа баахан хохирол төлүүлсэн, оролцоогүй хэргийг хоморголон хүлээлгэсэн тухайлбал: Г.Ш-г Архангай аймагт байхад үйлдэгдсэн хэрэгт бусдын мэдүүлгийг үндэслэн байсан мэтээр хэрэг хүлээлгэсэн нь хууль зөрчиж миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж хууль хэрэглээний алдааг засуулан хэргийн бодит үнэнийг тогтоох үүднээс мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулах шаардлагатай байгааг харгалзан  үзэж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Туяа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Өмгөөлөгч нар мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Золжаргал мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан заалтуудыг зөрчсөн учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гаргасан боловч шүүх бидний саналыг хүлээж авалгүй хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгч Б.Г- анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон сайн дураараа хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар тусгай ангид заасан ялаас хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч С.Цэмбэлмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...гэмт хэрэг үйлдэх үедээ зарим нь насанд хүрээгүй, зарим нь дөнгөж насанд хүрч байсан одоо ч өсвөр насны залуучууд байна аа. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны залуучуудын зан үйлийн онцлог байдлыг хүн тус бүр дээр нарийн тогтоож чадаагүй нь гэмт хэрэг хамтран үйлдсэн өсвөр насны залуучуудын хэргийн зүйлчлэл тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоог зөв тогтоож, гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг шударгаар оногдуулахад нөлөөлсөн байхад анхан шатны шүүх анхаарал хандуулаагүйд гомдолтой байна. Ч.Н- хэдийгээр гэм буруугаа хүлээсэн нотлох баримт байгаа хэдий ч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай батлагдаагүгй байна. Гэмт хэрэг хамт үйлдсэн зарим шүүгдэгч нарын мэдүүлгээс өөр баримт үгүй бөгөөд хохирогч нарын мэдүүлгээр ч Ч.Н-ын оролцоо, гэм бурууг олж үнэлэх боломжгүй байхад анхан шатны шүүх түүний гэм бурууг нотлогдсон гэж үзсэн нь хууль зөрчсөн байна. Ч.Н-од хэргийн материал танилцуулаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч Д.Пүрэвдорж:

“Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Д. М- нь өндөр настай болсон эхийнхээ хамт амьдардаг бөгөөд ээжийгээ асрах болон түүний биеийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтан Б.Б-, Г.Ш- нарын  өмгөөлөгч Ц.Отгонсүх:

“Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн байхад хэргийг шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын үнэлгээ хийлгэхдээ сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан комиссын үнэлгээ үндэслэн гаргасан нь хууль зөрчсөн. Үнэлгээний эрх бүхий байгуулагын үнэлгээнээс илүү захын мэргэжилтэн болон хохирогч, шүүгдэгч нарыг байлцуулан хохирлын үнэлгээг бодитой тогтоох ёстой байсан гэж үзэж байна.

Мөн түүнчлэн насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийг байлцуулахгүйгээр мэдүүлэг авсан байгаа нь хууль зөрчсөн. Ийм байдлуудыг харгалзан хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн санал гаргасан боловч шүүх хэргийг шийдвэрлэсэн. Ийм учраас анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн үйлдлүүдийг залруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтан Ч.Н-ын  өмгөөлөгч Л.Оюунсувд:

“Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн зүйлүүдийг залруулсны дараа хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж авсангүй ээ. Хохирлын үнэлгээг хэт дээгүүр тогтоосон, насанд хүрээгүй хохирогч нарыг түүний хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан мэдүүлэг аваагүй, хэргийн материалыг танилцуулаагүй зэрэг зөрчлийг арилгасны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэвч шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзвэл миний өмгөөлөлд байгаа Ч.Н-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтан Б.Г-ын  өмгөөлөгч Ж.Туяа:

“Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Золжаргал нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөний улмаас шүүгдэгч нарын эрх зөрчигдсөн учраас  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг анхан шатны шүүхэд хүссэн боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгч Б.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд заасан журмын дагуу хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч С.Цэмбэлмаа:

“Би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй ээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл эдгээр хүүхдүүдийн хувийн байдлыг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй ээ. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлах ёстой байсан боловч ялыг ялгамжтай оногдуулаагүй гэж үзэж байна. Би давж заалдах шатны шүүх хуралдаанд Ч.Н-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалаж оролцож байгаа бөгөөд Ч.Н-ын үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Хэдийгээр Ч.Н- нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож чадахгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон шүүгдэгч нар хамт явсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хангалттай нотлох баримт биш гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэт тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Сая ялтнуудын ярьсан зүйлийг сонслоо. Мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хилсээр хэрэг хүлээсэн болон мөрдөн байцаагч дарамт шахалт үзүүлж байсан тухай ямар нэгэн гомдол яригдаагүй ээ. Энэ хэрэгт би анхнаас нь хяналт тавьсан. Энэ хүмүүсийн байцаалтанд хүртэл сууж байсан бөгөөд тэр үед эд нараас ямар нэгэн дарамт шахалт байгаа юу, гомдол санал байна уу гэж асууж байсан боловч тийм зүйл, санал гомдол байгаагүй.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл энэ тухай  асуухад ийм зүйл байхгүй гэж хэлж байсан. Яагаад давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ийм зүйл ярьж байгааг нь ойлгохгүй байна. Эд нар мөрдөн байцаалтын шатанд  өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нараас амаар болон бичгээр энэ хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа болон хилс хэрэг хүлээсэн тухай, мөрдөн байцаагч дарамталж байсан тухай, мөрдөн байцаагчаа сольё гэсэн ганц ч хүсэлт ирж байгаагүй ээ. Мөрдөн байцаалт хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Д.М-, Б.Б-, Г.Ш-, Б.Г-, Ч.Н- нар нь бүлэглэн архи ууж согтуурсан үедээ 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр бусдын эд зүйлийг булаах, дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн, Г.Ш-, Б.Г-, Б.Б-, О.Г-, Ц.Э- нар нь бүлэглэн, үгсэн тохиролцож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 21-ний шөнө “Бал бурам” хүнсний дэлгүүрээс 1.320.000 төгрөгийн архи, пиво болон хүнсний зүйл хулгайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох  нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тэдний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Ялтны өмгөөлөгч Д.Пүрэвдорж, Л.Оюунсувд, Ц.Отгонсүх, Ж.Туяа, С.Цэмбэлмаа нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх, Л.Оюунсувд, Ж.Туяа  нар нь  анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дээрмийн гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч Т.Т-, Х.Т- нарыг тэдний хууль ёсны төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр байцаалт авсан,  гэмт хэргийн хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч С.Цэмбэлмаа ялтнуудын хувийн байдал хангалттай нотлогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд хохирогч Т.Т-, Х.Т- нар нь 2013 оны 10 дугаар сарын 17-ний өдөр буюу дээрмийн гэмт хэрэг гарах үед 16 настай, насанд хүрээгүй байсан бөгөөд тэднийг 2013 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд насанд хүрээгүй хохирогчоор тогтоож байцаалт авахдаа тэдний хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч оролцуулах байцаан шийтгэх ажиллагааны журам зөрчсөн байгаа боловч хохирогч Х.Т- 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, хохирогч  Т.Т- 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус 18 насанд хүрсэн болох нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдсон, одоо хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зөвтгөх боломжгүй болсны зэрэгцээ тэднийг насанд хүрсний дараа буюу  2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Х.Т-, Т.Т- нарыг  хохирогчоор байцааж мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал/ авсан байх тул өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан “насанд хүрээгүй хохирогч нарыг тэдний хууль ёсны төлөөлөгч болон сурган хүмүүжүүлэгч байлцуулахгүйгээр байцаалт авч эрхийг нь зөрчсөн зөрчлийг арилгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн хохирлыг тогтоохдоо үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, үнэлгээ дахин хийлгэх шаардлагатай гэж  давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өмгөөлөгч нар хүсэлт гаргаж хохирлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх боломжтой байсан боловч энэ талаар хүсэлт гаргаагүй, хохирогч нар хохирлын үнэлгээ болон хохирол төлбөрийн талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, энэ талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул хэргийг дээрх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй байна.

Ялтан болон тэдний өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч 3 дугаар хавтаст хэргийн 75 дугаар  талд ялтан О.Г-, 77 дугаар талд ялтан Б.Б-, 78 дугаар талд ялтан Г.Ш-, 88 дугаар талд ялтан Ч.Н- нар танилцаж гарын үсэг зурсан, 89 дүгээр талд ялтан Д.М- өмгөөлөгч Д.Пүрэвдоржийн хамт, 80 дугаар талд ялтан Б.Г- өмгөөлөгч Ж.Туяагийн хамт, 79 дүгээр талд ялтан Ц.Э- өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн хамт танилцаж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн материалтай танилцсан эсэхийг  асуусан асуултанд хэргийн материалтай танилцах боломжтой байсан тухай шүүгдэгч нар мэдүүлсэн байх тул дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Ялтны өмгөөлөгч С.Цэмбэлмаа урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар ялтнуудын хувийн байдлыг хангалттай тогтоогоогүй учраас тэдний хувийн байдлыг тогтоолгох шаардлагатай гэж давж заалдах гомдлын үндэслэл гаргаж байгаа боловч тэдний хувийн байдлыг тогтоох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ялтнуудын гэр бүлийн гишүүд болох эцэг, эх, ах дүү нар болон эхнэр, найз нараас нь тэдний зан байдал болон ахуй амьдралын талаар мэдүүлэг авсан, тэдний хувийн байдлыг тогтоох иргэний  бичиг баримтын лавлагаа, хуулбарууд болон боловсролын бичиг баримтын хуулбарыг хэрэгт хавсаргасан нь тэдний хувийн байдлыг хангалттай тогтоожээ гэж үзэхээр байна.

Иймд урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй гэх өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй байгаагийн зэрэгцээ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад ялтнууд болон өмгөөлөгч нараас мөрдөн байцаалтын ажиллагаа  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэсэн болон мөрдөн байцаагчийн хууль бус ажиллагааны талаар гомдол, хүсэлт амаар болон бичгээр гаргаж байгаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх ялтан Б.Г-ын урьдчилан хоригдсон хоногийг тооцохдоо алдаа гаргаж түүний урьдчилан хоригдсон 41 хоногийг “14 хоног” гэж буруу тооцсоныг залруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтанд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Б.Г-ын цагдан хоригдсон 14 хоног” гэснийг “ Б.Г-ын цагдан хоригдсон 41 хоног” гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Пүрэвдорж, Л.Оюунсувд, Ц.Отгонсүх, Ж.Туяа, С.Цэмбэлмаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                          ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ