Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00845

 

С.Шөмейн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00046 дугаар магадлалтай,

С.Шөмейн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

өндөр насны тэтгэвэрт 2.405.000 төгрөг, М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6.516.000 төгрөг, нийт 8.921.000 төгрөг гаргуулах, тэтгэврийг сар бүр олгож байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

НэхэмжлэгчС.Шөмей шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өндөр настан  бөгөөд Казахстан улсад байгаа хүүхдүүд дээрээ түр хугацаагаар очиж ирдэг. Миний өндөр насны тэтгэврийг  Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудыг олгоогүй. Учрыг нь асуухад өндөр насны тэтгэврийн мөнгийг Казахстан Улсад шилжүүлэхээр гарын үсэг зурсан гэж хэлсэн. Би ямар ч справкад гарын үсэг зураагүй, бусдад олгож байх талаар итгэмжлэл олгоогүй бөгөөд Казахстан улсаас тэтгэвэр аваагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын харьяатаас гараагүй болно. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг 2015 оны 12 дугаар сараас хойш 6 сар хүртэл тэтгэвэр олгоогүй.

Мөн охин М.Гүлайым нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард аваагүй, 2015 онд бүтэн аваагүй, 2016 оны эхний 6 сарыг аваагүй нийтдээ 21 сарын мөнгө авч чадаагүй. Нийгмийн даатгалын хэлтэст хандахад материалуудыг аваад явсан справканд гарын үсэг зурсан тул тэтгэврийг үргэлжлүүлэн өгөхгүй гэж хариу өгсөн. Би ямар ч мэдээлэлд гарын үсэг зураагүй. Иймээс М.Гүйлаймын тэжээгч алдсаны мөнгө 2014 оны 10, 11, 12 дугаар сарын мөнгө 645.000 төгрөг, 2015 оны 1 сард 215.000 төгрөг, үлдсэн 11 сарын мөнгө 230.000 төгрөг, 253.000 төгрөг, 2016 оны эхний 6 сарын мөнгө 230.000 төгрөг, мөн тэтгэврийн мөнгө 1.400.000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж М.Гулайымын хууль ёсны тэжээгч болох эцэг Х.Мархай нь 72 насандаа /РД-БЙ 38032515/ 2010 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нас барсан тул 2014 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс охин Гулайымд тэжээгч алдсаны тэтгэмж тогтоож өгч байсан юм. Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгч алдсаны тэтгэврийн доод хэмжээг 207.000 төгрөг болгон өсгөн нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон учраас 2014 оны 10,11,12 дугаар сар, 2014 оны 1 сар нийт 4 сард 828.000 төгрөг, Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор дээрх тэтгэмжийн доод хэмжээг 230.000 төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэн шинэчлэн тогтоосон тул 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 31-ныг хүртэл 16 сард 3.680.000 төгрөг, Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор мөн тэтгэмжийн доод хэмжээг 251.000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон тул 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2017 оны 01 дугаар сар хүртэл 2.008.000 төгрөг нийт 6.516.000 төгрөг, цаашид М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэмжийг сар бүр олгож байхыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож өгөх,

Нэхэмжлэгч С.Шөмей нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 52-р тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 292 дугаар тогтоолоор 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл 1.004.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 251.000 төгрөг, нийт 2.405.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан, цаашид С.Шөмейн өндөр насны тэтгэврийг сар бүр олгож байхыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгох, нийт 8.921.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, К.Замира нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Засгийн газрын 2014 оны 304 дүгээр тогтоолоор хэлэлцээрийг цуцалсан тул С.Шөмейд нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэтгэвэр олгогдох боломжгүй болсон.С.Шөмей нь 1985 оноос өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад Казахстан улсад нүүж байгаа нэрийдлээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тэтгэврийн дэвтрээ хураалган 00879 тоот тэтгэвэр тэтгэмжийн справка, хөдөлмөрийн дэвтэр мөн тэжээгч алдсаны 667517 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан материал болох Хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ, гэрлэсний баталгаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус Казахстан улсад шилжүүлэн авч явсан тул тэтгэврийг зогсоосон.

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 03 тогтоолоор 2014 оны 10 сараас 2015 он дуусталх өндөр насны тэтгэврийн 3.359.200 төгрөгийг нөхөн олгосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 000888 тоот тэтгэвэр тэтгэмжийг Справка дахин авч явсан.С.Шөмей нь 238584, 667517 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан материалуудыг авахдаа хүү Аманбекийн хамт ирж гарын үсэг зуруулан авч явсан байна.Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд С.Шөмей нь тэтгэвэр тэтгэмж авдаг эсэх талаар лавлагаа хүссэн боловч хариу ирүүлээгүй болно гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр:Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 12.1, 26 дугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус баримтлан Сахабайн Шөмейн өндөр насны тэтгэврийг, охин Мархайгийн Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэврийг тус тус сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгож, С.Шөмейн өндөр насны тэтгэвэрт 2.405.000 /хоёр сая дөрвөн зуун таван мянган/ төгрөгийг, охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэрт 6.516.000 /зургаан сая таван зуун арван зургаан мянган/ төгрөгийг тус тус Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн сангаас гаргуулан С.Шөмейд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Шөмей нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 157.686 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00046 дугаар магадлалаар:Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1,-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3.-тзааснаар нэхэмжлэл болон хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212\МА2017\00046 дугаарт магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул гомдлыг гаргаж байна.

1. Гулайымыг М.Мархай нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль үрчилж авсан нь үрчилсний бүртгэлийн лавлагаа, Гулайымын үрчилж авсан эцэг Х.Мархай нь 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаа, Гулайым нь Монгол улсын харьяатаас гараагүй болох нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаар лавлагаагаар нотлогдож байна. Гулайымын ээж С.Шөмей нь Казакстан улсад түр оршин суухаар явах болсон учраас М.Гулайым нь Монгол улсад тэжээгч алдсаны тэтгэмж авч байсан тухай “справка” бичүүлэн авсан боловч Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах Монгол улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хэлэлцээрийг Засгийн газрын тогтоолоор 2014 оны 09 дүгээр сард хүчингүй болсон учраас М.Гулайымын тэжээгч алдсаны тэтгэврийг Казакстан улсаас авах хууль зүйн үндэслэлгүй болсон. Хууль ёсны дагуу тогтоогдсон тэжээгч алдсаны тэтгэврийг тэжээгчээ алдсан этгээд өөр газарт түр оршин суухаар явсан гэсэн үндэслэлээр зогсоох үндэслэлгүй гэж үзэж байна.

Одоо 79 настай С.Шөмей нь 55 настайдаа өндөр насны тэтгэвэрээ хууль ёсоор тогтоолгосон нь өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг, № 238584 дугаартай өндөр насны тэтгэврийн дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. С.Шөмей нь Монгол улсын харьяатаас гараагүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин сууж амьдарч байгаа болох нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс \хуучин нэрээр\ түүний өндөр насны тэтгвэрийг 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, түүнчлэн 2016 оны 10, 11, 12 сард тус тус олгож байсан нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч С.Шөмей нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэврийг Казахстан улс руу шилжүүлэх тухай албан ёсоор хүсэлтээ гаргаагүй байхад түүний тэтгэврийг Казахстан улс руу шилжүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч тал гарган өгч чадаагүй юм.

С.Шөмейн өндөр насны тэтгэвэр, М.Гулайымын тэжээгч алдсан тэтгэврийн бичиг баримтуудыг хуурамчаар бүрдүүлээгүй юм. Нэхэмжлэгч С.Шөмей нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед Захиргааны ерөнхий хууль хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан бөгөөд С.Шөмейн нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 546 шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00053 дугаартай магадлал, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 80 дугаар шийдвэр тус тус гаргаж байсан нь явдалд нэхэмжлэгчийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Шөмей нэхэмжлэл гаргах үед хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлгүй байна. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар магадлал гаргах үед хэргийн харьяалал зөрчигдсөн талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх С.Шөмейн нь тэтгэврийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор зогсоосон гэж байгаа боловч С.Шөмейн өндөр насны тэтгэврийг 2016 оны 10, 11, 12-р сард үргэлжлүүлэн олгож байсан нь гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд ч эргэлзээ төрүүлж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар тусгайлан хэм хэмжээ тогтоогоогүй байгааг хяналтын шатны шүүх онцгойлон анхаарч үзнэ үү.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Шөмейн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөв тайлбарлан, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй төрөөс өндөр настан, тэжээгч алдсан иргэнд олгох тэтгэврийн асуудлыг шударгаар хууль ёсны дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00046 дугаартай магадлалыг хүчингүйд тооцон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх “...шүүхийн харьяаллыг зөрчсөн...” гэсэн үндэслэлийг магадлалд дурджээ.

Нэхэмжлэгч С.Шөмей нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан өөрийн өндөр насны тэтгэвэр 2.405.000 төгрөг, охин М.Гүлайымын тэжээгч алдсаны тэтгэвэр 6.516.000 төгрөг нийт 8.921.000 төгрөг гаргуулах, уг тэтгэврийг сар бүр олгож байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...тогтоолоор тэтгэврийг зогсоосон”  гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолд “...С.Шөмейн өндөр насны тэтгэврийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл олгон дуусгавар болгон, Казакстан улс руу шилжүүлэхээр тогтоосугай..” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ба Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-д нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагыг захиргааны байгууллагад хамааруулахаар заасан.  

Нэхэмжлэгч дээрх тогтоолын талаар гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл захиргааны актыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад гомдол гаргасан гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Түүнчлэн дээрх тогтоолд М.Гүлайымын тэжээгчээ алдсан тэтгэврийг зогсоох асуудлыг шийдвэрлээгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

С.Шөмей нь олгогдоогүй тэтгэврийг нөхөн гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг иргэний эрх зүйн маргаан гэж үзэж иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч С.Шөмей 1985 оноос өндөр насны, түүний охин  М.Гүлайым 2014 оны 6 сарын 01-с эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан ба энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгч С.Шөмейн өндөр насны тэтгэврийг 2016 оны 1 дүгээр сараас, түүний охин М.Гүлайымын тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгоогүй бөгөөд тэтгэврийг зогсоосон нь үндэслэлтэй эсэх талаар зохигчид маргажээ.

Нэхэмжлэгч С.Шөмей, М.Гүлайым нар нь Баян-өлгий аймагт оршин суудаг бөгөөд Монгол Улсын харьяатаас гараагүй, Казахстан улсад тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй бөгөөд энэхүү байдлыг  хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

С.Шөмейн өндөр насны тэтгэврийг олгохгүй байгаа шалтгаанаа хариуцагч нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол гэж тодорхойлж буй боловч уг тэтгэврийг зогсоох болсон үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Түүнчлэн М.Гүлайымын тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон эрх бүхий этгээдийн шийдвэр мөн байхгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заажээ. Нэхэмжлэгч нар хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгон авсан гэх байдал тогтоогдоогүй байхад  хариуцагч тэтгэврийг зогсоосон нь хуульд нийцээгүй гэж үзнэ.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шаардлага тус бүрт дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, 26 дугаар зүйлийн 26.1, 30 дугаар зүйлд нийцжээ. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00046 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ