Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0138/и |
Дугаар | 135 |
Огноо | 2016-03-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 135
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 2-р баг дунд суурийн 04-01 тоотод оршин суух Харнууд овогт Цэдэн-Очирын Дуламсүрэнгийн /РД:ОЖ94032201/ нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг Тамир хорооллын 03-03 тоотод оршин суух Шарнууд овогт Энхтөрийн Ганхуягт /РД:АР89111316/ холбогдох
198.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2016 оны 09 сарын 06-ны өдөр Э.Ганхуяг ахын байранд суухаар 300.000 төгрөг төлсөн. Миний байхгүй байсан хугацааны 2015 оны 11 сар, 12 сарын цахилгааны мөнгө нэхэхэд нь би өгөхгүй гэхэд “Мөнгө өгөхгүй бол чамайг сургуулиас чинь хөөлгөж чадна гэж” сүрдүүлэх болсон тул 2016 оны 03-06 сарын хугацааны байрны төлбөр болох 198.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа:.. Ц.Дуламсүрэн бид хоёр 100.000 төгрөг дээр эвлэрч 50.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн хариу тайлбартаа: Миний бие Э.Ганхуягаас 198.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид хоёр Э.Ганхуягаас 100.000 төгрөг авахаар харилцан тохиролцож 98.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 100.000 төгрөгийнхөө 50.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 50.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр авахаар тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн хариуцагч Э.Ганхуягаас 198.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 98.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Э.Ганхуяг 50.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 50.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь тэдний тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн 198.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100.000 төгрөгийг хариуцагч Э.Ганхуягаас гаргуулахаар, хариуцагч Э.Ганхуяг нь 100.000 төгрөгийг нэхэмжлэгчид 50.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 50.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон 100.000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6590 төгрөгнөөс 4265 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж орон нутгийн орлогоос 2225 төгрөг, хариуцагч Э.Ганхуягаас 2225 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Харнууд овогт Цэдэн-Очирын Дуламсүрэн /РД:ОЖ94032201/ 198.000 /нэг зуун наян таван мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 98.000 /ерөн найман мянган/ төгрөгөөр багасгаж 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг хариуцагч Э.Ганхуягаас гаргуулахаар, хариуцагч Шарнууд овогт Энхтөрийн Ганхуяг /РД:АР89111316/ 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг 50.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 50.000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6590 төгрөгөөс 4265 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 2225 төгрөг, хариуцагч Э.Ганхуягаас 2225 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Дуламсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН