Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 74

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч М.Г  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн т холбогдох эрүүгийн 1811000170005 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Наран 3 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,12 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эх санж” ХХК-ын ажилтан, хохирогч Г.Батзоригоос 13.866.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Эх санж ББСБ-ыг 2001 оноос ажиллуулж байгаа юм. Муухүүгийн Гантөмөр гэх хүнийг би 2017 оны хавраас хойш мэддэг болсон. ...М.Г нь 2017 оны 8 дугаар сард надтай уулзаад нэг машин авч зарах нь ашиг муутай байна. 5-6 машин ахиухан бөөнөөр авчих юм бол хурдан зарж мөнгө эргэлдүүлэх хэрэгтэй байна. Чи энэ дээр нэг туслаад өгөх боломж байна уу гэхээр нь би чамайг найдвартай гэвэл итгээд тусалж болно гэж хэлсэн. Тэрнээс хойш нэг хэсэг ойр ойрхон над руу яриад нөгөө ярьсан хэдэн машинаа авах гэсэн юм гэхээр нь би тэг тэг гээд мөнгө зээлүүлэхээр болоод 2017 оны 8 дугаар сарын 29-өөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 13.866.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны 1 тоотод байрлах Эх санж ХХК-ны байран дээрээс ирээд авсан юм. Г нийт 5 машин авахдаа манайхаас цувуулж авсаар байгаад ийм хэмжээний мөнгө болсон. Гэтэл тэгж мөнгө авснаа хойш Г-ийн утас нь холбогдохгүй алга болчихсон юм. Гэрийнх хаягаар очиход тийм хүн байдаггүй гээд байдаг болсон. Хааяа нэг ярихад би хөдөөнөөс мал авчирсан юм. Энэ малаа Налайхад бойлж хот оруулж зараад мөнгийг чинь өгнө гэдэг байснаа сүүлдээ таг алга болсон. Тэгтэл хэд хоногийн дараа нэг залуу манай ББСБ дээр барьцаанд тавьсан байсан 68-50 УНП дугаартай королла машиныг худалдаж авсан юм. Нэр нь танай компани дээр байдаг юм байна, шилжүүлж авах гэсэн юм гээд Энхтөр гэх хүн ирэхээр нь наад машин чинь ийм учиртай манай байгууллагын нэр дээр байгаа гэж учрыг нь хэлж өгөөд уг машиныг авсан хүнээ олж ир гээд явуулчихсан юм...” гэжээ /хх 16-18/.

Гэрч Я.Цогтбат нь мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны үед М.Г манай гэрт 89-56 УБП улсын дугаартай автомашиныг авч ирсэн. Уг машин нь тухайн үед урд хэсгээрээ юм мөргөөд эвдэрчихсэн байсан юм. Гантөмөр хаана яаж мөргөсөн гэдгийг хэлээгүй. Тэр өдөр Гантөмөр манайд хоночхоод өглөө нь машинаа зармаар байна гэсэн. Би хэдэн төгрөгөөр яаж зарах вэ гэхэд 1.000.000 төгрөг бэлэн байвал өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг машиныг худалдаж авсан юм. ...Уг машин нь компанийн нэр дээр байдаг гэж хэлж байсан...” гэжээ /хх 21-22/.

М.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би Да хүрээ зах дээр хуучин машин аваа янзалж зардаг ажлыг 3-4 жил хийж байгаа юм. Өнгөрсөн жилийн хавар зар сонин дээр он харгалзахгүй автомашиныг унаж болохоор зээл гаргаж өгнө гэсэн зарын дагуу Эх санж ББСБ дээр очиж анхныхаа машиныг тавьж зээл авахдаа Батзоригтой танилцаж байсан юм. Үүнээс хойш Батзоригийн итгэлийг алдалгүй машин тавьж авч зарсаар байгаад намар болгосон. 2017 оны намар 1313 УБЦ улсын дугаартай тоёота королла, 2675 УНР улсын дугаартай тоёота чейзер, 8956 УБП улсын дугаартай тоёота чейзер, 1529 УНЕ улсын дугаартай ниссан серена, 6580 УБП улсын дугаартай тоёота королла маркийн автомашинуудыг ойр ойрхон хугацаанд Эх санж ХХК-нд барьцаанд тавьж нийт 13.866.000 төгрөгийг авсан. ...Би дээрх машинуудыг зараад мөнгөөр нь Налайхад нүүрсний ам хийх гээд шороо ухахдаа техник хэрэгсэл, багаж авахад, мөн самарт явахад мөнгийг зарцуулсан юм. Батзоригт мөнгийг нь өгч чадаагүй байгаа...” гэжээ /хх-26-27/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоол /хх-86/, шүүгдэгч М.Г-ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-85/,

хохирогч Г.Б-ийн “...Г.Б миний бие уг хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” /хх-81/ гэх Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч М.Г нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо,12 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эх санж” ХХК-ын ажилтан, хохирогч Г.Батзоригоос 13.866.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Г-ийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч М.Г-т ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн хүсэлт зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Г.Б нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Г.Б миний бие уг хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН