Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч П.Д , Ц.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хөтөч овогт П-гийн Д , Туг овогт Ц-ний Ч  нарт холбогдох 1916000040015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1967 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... баг ............ тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, .......... регистрийн дугаартай, Хөтөч овогт П-гийн Д .

 

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1957 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ......багийн .......... оршин суудаг, өмнө нь 1976 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 76 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169Б дүгээр зүйлд зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэгдэж байсан, 1979 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73, 198 дугаар зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдэж 5 жилийн хорих ял, 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88Б дүгээр зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдэж 9 жилийн хорих ял,  1996 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 02 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэгдсэн, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 1 жил 06 сарын хорих ял, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 1 жил 08 сарын хорих ял, 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 4 жилийн хорих ял, 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 76 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 5 жил 7 сарын хорих ял, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 25 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, нийт 9 удаа ял шийтгэгдэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ......... регистрийн дугаартай, Туг овогт Ц-ний Ч .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Д  нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Жанжин малгайт буюу 04 дүгээр цэцэрлэгийн гадаа Ц. Ч-ийг үл ялих зүйлээр шалтаглан газарт унагаж цээжин тус газар нь дэвссэний улмаас Ц.Ч-ийн баруун 5 дугаар хавирга суганы ар шугамаар хугарч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ч  нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд П.Д-ийг мотоцикльтой явж байхад нь зогсоож чихэн тус газар нь цохиж зүүн чихний дэлбэн сэтэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас П.Д , Ц.Ч  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ц.Ч  нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд П.Д-ийг мотоцикльтой явж байхад нь зогсоож чихэн тус газар нь цохиж зүүн чихний дэлбэн сэтэрч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Д  нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Жанжин малгайт буюу 04 дүгээр цэцэрлэгийн гадаа Ц. Ч-ийг үл ялих зүйлээр шалтаглан газарт унагаж цээжин тус газар нь дэвссэний улмаас баруун 5 дугаар хавирга суганы ар шугамаар хугарч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч/хохирогч/ П.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид хоёр нэг нэгнийгээ танина. Ялихгүй зүйлээс болоод бие биедээ гомдоод хоорондоо ийм зүйл болсон. Энэ хүртэл явж байгаадаа харамсаж, ичиж байна. Би настай ээжтэйгээ хамт амьдардаг учир хажуугаас нь холдож болдоггүй. Би бас засал чимэглэлийн ажил хийдэг. Албадан ажил хийлгэх тал дээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Надад тусалъя гэсэн хүмүүс байгаа учир торгуулийн мөнгийг заасан хугацаанд өгье гэсэн саналтай байна... Өмнө нь бид хоёр тааралдаад маргалдсан. Тэрнээс болоод Ц.Ч  миний чих рүү цохисон, би унагааж байгаад өшиглөсөн. Хоёулаа сүүлд уулзаад хоёулаа ярилцаад эвлэрье, гомдол саналгүй гэдгээ хэлсэн.... Би нэг цохисон унахаар нь өшиглөсөн... гэм буруу байгаа... Эвлэрсэн байгаа... Өөрийгөө өмгөөлөөд байх зүйл байхгүй. Ийм зүйл хийсэндээ ичиж байна. Одоо ажил хийх улирал ирж байгаа учир надад ажил гарч байгаа. 4 сарын хугацаанд мөнгөн торгуул оногдуулбал, би 4 сарын хугацаанд төлнө. 4 сараас өмнө оногдуулна гэвэл надад тусалъя гэсэн хүмүүс байгаа. Би ээжтэйгээ хамт амьдардаг ... Мөнгөн торгуул оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч/хохирогч/ Ц.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг “Жанжин малгайт” цэцэрлэгт манаач хийж байхад П.Д  мотоцикльтой залуутай ирээд цохиод унангуут нэг өшиглөөд явсан. Тэгээд би орой нь Цэ  гуайг дуудаад П.Д  ирээд намайг зодчихлоо гэж хэлэхэд цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд хоёр цагдаа ирээд гомдол саналтай бол өргөдөл гомдлоо өг гэж хэлсэн. Маргааш нь би Цэ-ийг ирэхээр нь би  бие өвдөөд ажил хийж чадахгүй байна гэж хэлэхэд “чи одоо яв” гэж хэлээд Г-ыг манаачаар тавьсан. 10 дугаар сары-ны орой 22 цагийн орчим П.Д  хуучин Баяннуурын ойролцоо явж байхаар нь зогсоогоод, газраас чулуу аваад цохисон чинь чихийг нь сэт цохичихсон. Дараа нь П.Д  ирээд уулзахад нэг их юм яриагүй... харилцан зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна... П.Д-той эвлэрсэн... 21 жил баривчилгаанд байсан... 600 цагийн албадан ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 300 цагийн албадан ажил болгож өгнө үү... Би 62 нас хүрсэн. 600 цагийн албадан ажил хийлгэх ялыг 300 цаг болгож өгнө үү...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.Д-ийн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 17-ны 20 цагийн үед би гэрээсээ гарч гүүр гараад мотоцикльтой таксины залууг зогсоогоод Баянгол дэлгүүр ороод сая суусан газраас бууна гээд таксины залуутай тохирч явсан. Тэгээд уурын зуухны дээд өнцөг дээр хүн дуудахаар нь зогссон. Тэгтэл Ч  намайг мотоцикль дээр сууж байхад цохисон. Би хэсэг зуур манараад байж байтал саяны ах таныг том чулуугаар цохиод зугтаачихлаа гэсэн. Тэгээд би 22 цагийн үед Ч-ийн ажиллаж байгаа гэх Жанжин малгайтын хажуу талд Чүлтэмдоржтой тааралдаад чи намайг цохисон гээд унагааж байгаад цээж хэсэг рүү нь 1 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг/хх 16-рт/,

Шүүгдэгч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 17-ны өдөр Жанжин малгайтын манаачаар ажиллаж байх үедээ гадаа мод хагалж байсан. Тэгсэн мотоциклтой 2 согтуу ирсэн. Нэг нь солгой Д  байсан. Тэгээд Д  намайг зодсон. Миний дээрээс Д  3 удаа дэвссэн. Тэгээд би барилгын даамал Цэ-ийг дуудсан чинь ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,

Гэрч Ө.Цэ-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай компани дөрөвдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг барьж байсан. Барилга дээр түр ажиллаж байсан Ч  2018 оны 10 сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед миний 99006049 дугаар луу би Ч  байна. Намайг хүн зодчихлоо ирж түлхүүрээ ав гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд би хоёр цагдаагийн хамт очтол Ч  гэрт байсан ба юу болов гэхэд намайг Да  гэж хүн ирээд зодчихлоо гэж хэлсэн. Би тэр хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг/хх 25-рт/,

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 17-ны өдөр Д  чихнээс нь цус гоожсон орж ирсэн. Данхар ах цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 24-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №06 дугаартай “...1.Иргэн П.Д-ийн биед зүүн чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  2. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илэрсэнгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 30-31-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад  Д.Даваахүүгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №20 дугаартай “...Иргэн Ц.Ч-ийн биед баруун 5-р хавирганы бүрэн бороолоогүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хуучин гэмтэл байна.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлинй үйлчлэлээр үүснэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Шүүх биологийн шинжилгээний №04 тоот хариунд 3-р бүлгийн цусны харьяалалтай гэжээ...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 33-34-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг хх16, 21-рт, гэрч Цэ-ийн мэдүүлэг хх25-рт, гэрч Тэ-ийн мэдүүлэг хх27-рт, шинжээчийн дүгнэлт хх31, 36-рт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Д , Ц.Ч  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт гаргасан бөгөөд шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх  нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч П.Д , Ц.Ч  нарыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь “...харилцан эвлэрсэн...” гэсэн учраас хохиролд гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч П.Д , Ц.Ч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн тэдгээрийн зүй бус харилцааны хандлага, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч П.Д , Ц.Ч  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөн прокурор 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, П.Д , Ц.Ч  нарыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ“...Шүүгдэгч Ц.Ч , П.Д  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах санал оруулж байна...” гэж, шүүгдэгч П.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт “....Ийм зүйл хийсэндээ ичиж байна. Одоо ажил хийх улирал ирж байгаа учир надад ажил гарч байгаа. 4 сарын хугацаанд мөнгөн торгууль оногдуулбал, би 4 сарын хугацаанд төлнө. 4 сараас өмнө оногдуулна гэвэл надад тусалъя гэсэн хүмүүс байгаа. Би ээжтэйгээ хамт амьдардаг учир дуудсан цагт нь очоод байхгүй бол болдоггүй. Иймээс мөнгөн торгууль оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, шүүгдэгч Ц.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...600 цагийн албадан ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ 300 цагийн албадан ажил болгож өгнө үү...” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...” гэж заасан байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед шүүгдэгч Ц.Ч  нь 62 нас 04 хоногтой, шүүгдэгч П.Д  нь 51 нас 10 сар 23 хоногтой байна.

 

Шүүгдэгч Ц.Ч  нь 62 настай буюу Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байхаар хуульчилсан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Ч-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...300 цагийн албадан ажил болгож өгнө үү...” гэсэн хэдий ч түүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх,  эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч П.Д-ийн гаргасан хүсэлт болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролд төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д , Ц.Ч  нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч П.Д-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу харилцан тохиролцож нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болсоныг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөтөч овогт П-гийн Д , Туг овогт Ц-ний Ч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д , Ц.Ч  нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д , Ц.Ч нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан П.Д , Ц.Ч  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА