| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0893/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч Ц.Амар,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З, Н.О нарт холбогдох эрүүгийн 1702001240022 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.О.Д, 1979 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Нийслэлийн тээврийн газрын дарга ажилтай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 10-46 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
2.Г.З, 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, "Сити баз консалтинг" ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 24-125 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хангай хотхоны 515-59 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
3. Н.О, 1983 оны 11 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны эдийн засагт мэргэжилтэй, "Сити баз консалтинг" ХХК-ийн Ерөнхий захирал ажилтай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 3-89 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Нийтийн тээврийн газрын дарга Д.О нь бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд зааснаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Нийслэлийн тээврийн газар гэрээ байгуулж, давуу байдал олгосон, тус гэмт хэргийг үйлдэхэд Нийслэлийн Сити баз консалтинг ХХК-ны ерөнхий захирал Н.О, мөн компанийн гүйцэтгэх захирал Г.З нар дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарын хооронд ээлжийн амралттай байсан боловч Мөнхбат над руу утсаар ярьсан. Мөн и-мэйл хаягаар гэрээний загвар ирсэн гэж мэдүүлсэн нь худлаа, гэрээний загвар надад ирсэн зүйл байхгүй үүнийг тодруулан асууж байна. 2015 онд Удирдлага мэдээллийн цахим систем хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан машин цагийн зардлаар автобусыг нийтийн тээвэрт явуулах тухай Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гарсан байдаг. Нийслэлийн иргэдийн хурлын тогтоолд нэг машин цагийг 32.933 төгрөгөөр тооцсон. 4 төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулан нэг машин цэгийн үнэ, тарифыг тогтоосон. Ийнхүү тариф тогтоосны дагуу 2015 оны 7 дугаар сарын 31-нээс хойш уг мөнгийг аж ахуй нэгжүүдэд олгож эхэлсэн. 2015 оны 12 дугаар сард “Төрийн сангаас хянагч ажиллуулаагүй гэх үндэслэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдээс 2.2 тэрбум төгрөг суутгасан. Суутгалаас үүдэн “Тэнүүн Огоо” ХХК нь шүүхэд хандсан. 2017-2018 онд иргэний болон захиргааны хэргийн шүүхээс уг суутгах шийдвэр нь үндэслэлгүй хэмээн шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан 2018 оны 4 дүгээр сард 450 орчим сая төгрөг “Тэнүүн Огоо” ХХК-д шилжүүлсэн. Аж ахуй нэгжүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсч болох байсан тул хянагч нарыг гуравдагч компанид шилжүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзсэн. 2016 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас уг ажилд судалгаа, шинжилгээ хийх талаар манай байгууллагад үүрэг болгосон. Сонгон шалгаруулалтыг ямар хэлбэрээр явуулах талаар нэлээдгүй судалгаа хийсэн байдаг. Тухайн сонгон шалгаруулалт явагдсанаар ямар хуулийг дагаж мөрдөх, гүйцэтгэлийг хэрхэн тооцох талаар бодит дүн байхгүй байсан. Иймд өмнө нь аж ахуй нэгжүүдтэй шууд гэрээ байгуулдаг байсан. Уг гэрээг мөн адил шууд байгуулсан. 2009 оноос өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд нь тусгай зөвшөөрөлтэй байсан. Гэтэл 2009 онд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингээд тусгай зөвшөөрөлгүй болсон учраас аж ахуй нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажилладаг, санхүүжилт мөн гэрээнд зааснаар олгогддог болсон. 2017 дунд үед Биокомбинатад үхрийн мялзан өвчин гарсантай холбогдуулан тэр чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ зогссон байдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн бодит тоо гаргах боломжгүй нөхцөл байдал үүсдэг учраас тендер сонгон шалгаруулах боломжгүй гэж үзсэн. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан захирамжид тендер сонгон шалгаруулах талаар тусгасан. Гэвч бодит байдал дээр сонгон шалгаруулалт зарлах нь боломжгүй юм. 2016 онд уг мөнгийг 20 аж ахуй нэгжид санхүүжилтээр бүрэн олгосон. 2017 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар зардлын санхүүжилтийн задаргааг баталсан. Энэ нь төсөлт хэмнэлттэй, төсөвт хяналт шалгалт хийх зэрэгт маргаан гарах зүйлгүй гэж үзсэн. Дээрх гэрээний үр дүнд 2017 онд 300 гаруй сая төгрөг төсвийн зардлаас хэмнэгдсэн, 2018 онд тэрбум таван зуун төгрөг хянагч, шалгагчийн үйл ажиллагаанаас хэмнэгдсэн байдаг…” гэв.
Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…О бид хоёр анх удаа тээврийн салбарт ажиллахаар “Сити Пасс” компаниа байгуулсан. Тухайн үед нийтийн тээврийн салбарт ажилладаг хянагч, шалгагч нарын талаар судалгаа хийж байсан. Хянагч, шалгагчийг ажиллуулснаар тухайн байгууллагын төсөв хэмнэгдэх талаар судалгаа боловсруулж байсан. Миний бие “Базуу Хангай” ХХК-ний тавин хувийг эзэмшдэг. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан сонгон шалгаруулалтад “Базуу Хангай” ХХК-ний зүгээс бичиг баримт бүрдүүлэн өгсөн. “Сити Пасс” ХХК-ний хувьд зөвхөн төсөл бэлтгэсэн. Нийслэлийн нийтийн тээврийн газарт гаргасан хүсэлтдээ хянагч ажиллуулах сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн. Тус хүсэлтийн дагуу Нийслэлийн тээврийн газраас гэрээ байгуулах талаар мэдэгдсэн. Манай компанийн зүгээс гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдан ажил эхлэх үед Нийслэлийн тээврийн газартай гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгжүүдэд ажилдаг ажилчдыг шилжүүлэн авч, цалинжуулах шаардлагатай болсон. Мөн тэдгээрийн ажлыг байрыг хадгалах, хийж байгаа ажлыг хянах, цалин хөлсийг хэрхэн олгох зэрэг асуудлыг ярилцан тушаал гарган нийт ажилчдыг шилжүүлэн авсан. Тухайн хянагч нарт ажлын нөхцөлөөс шалтгаалсан асуудал үүсгэхгүй байх үүднээс 10 гаруй удаа ажилчидтай нь уулзалт зохион байгуулсан. Уулзалт хийсний дараагаар “Тэнүүн Огоо” ХХК-аас 60 гаруй ажилчид шилжүүлэн ажиллахаар болсон. “Сутайн Буянт” ХХК-аас ажилтнаа шилжүүлж өгөхгүй өөрийн компанийн зүгээс хянагч гэх нэршлийг нь өөрчлөн туслах ажилтан гэсэн албан тушаалтай ажиллуулна гэсэн байр суурьтай байгаа талаар манай байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Манай байгууллага 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохих журмын дагуу тухайн хянагч нарыг ажиллуулсан. Нийт 20 гаруй компанийн 215 ажилчид шилжин ирж ажилласан. Үүнээс хойш 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хянагч, шалгагч гэх статустай, “Улаанбаатар Смарт Карт” компаниас олгосон шалгагчийн тусгай карт, дүрэмт хувцастайгаар ажиллаж эхэлсэн. Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний дагуу одоо уг ажилчид ажиллаж байгаа. Миний хувьд Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отай ямар нэгэн танилын холбоо байхгүй, энэ гэрээг байгуулж, ажилласнаас хойш таньдаг болсон…” гэв.
Шүүгдэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай “Сити Пасс” ХХК нь Нийслэлийн тээвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Анх маш хатуу гэрээтэй ажил хийж эхэлсэн. Нийтийн тээвэр нь Улаанбаатар смарт картны цахим төхөөрөмжид шилжээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байсан. 1 жилийн хугацаанд уг санхүүжилт нь хийгдэж байгаа боловч хянагч, шалгагч нар нь автобус цэвэрлэх чиг үүрэгтэйгээр ажиллан нийгэмд хянагч, шалгагч байхгүй гэх ойлголт өгсөн байсан. Нийтийн тээврийн газраас уг асуудалд гуравдагч этгээдийг ажиллуулах нь зүйтэй гэж үзэн сонгон шалгаруулалт зарласан. Манай байгууллага уг сонгон шалгаруулалтад оролцох талаар хүсэлтээ гаргасан. Нийтийн тээврийн газраас гаргасан гэрээний саналд орлогын доод хязгаарыг тогтооно, уг хязгаарт орлого хүрч чадахгүй тохиолдолд санхүүжилтээс хасах талаар тусгасан байдаг. Манай байгууллага нийт 215 шалгагчийг залуу хүний хувьд зориг гарган ажиллуулсан. Нийтийн тээврийн салбарыг хүндрэлтэй нөхцөл байдалд байх үед ажлаа эхлүүлсэн. Гэрээнд заасны дагуу орлогын доод хязгаараар 2 удаа санхүүжилтээ хасуулсан. Бид бүхний судалснаар 1 жил 6 сарын хугацаанд компаниудад хянагчийн зардал гэж 500 сая төгрөг сар бүр тогтмол олгож байсан байдаг. байгууллага нийт 280 ажилчинтай санхүүжилтээ хасуулсан ч ажилчдаа цомхотгоогүй. Нийтийн тээврийн газраас 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж шалгалт хийсэн. Уналтад орсон салбарыг хүч хөдөлмөрөөр дээшлүүлэн ажилласан, улсын төсвийг хэмнэсэн…” гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мандхай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд дурдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Сити Пасс консалтинг компанид 3.421.420.000 төгрөгийн санхүүжилт олгосноос цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдын хувцас, даатгал зэрэгт зориулалтын дагуу зарцуулсан нь 2 тэрбум 47 сая төгрөг байдаг. Улсын төсөвт учруулсан хохирол нь 1.373.570.174 төгрөг гарсан. Уг мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс нэхэмжилнэ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч Ц.Мөнхбат нь мэдүүлэхдээ: “.../Нийслэлийн тээврийн газрын Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга/-ын Төмөрхүү дарга надад хэлэхдээ Нийслэлийн тээврийн газрын даргаар Отгонбаатар гэдэг залуу томилогдож байгаа гэж байсан. Тэгээд намайг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Отгонсүх гэдэг хүнтэй очиж уулз гэж хэлсэн. Отгонсүх нь манай Өвөрхангайн хүн байгаа юм. Тэгээд очиж уулзахад Отгонбаатар гэдэг хүн Нийслэлийн тээврийн газрын дарга болж байгаа, чи түүнтэй хамтарч ажилла гэсэн. Ингээд Отгонбаатар даргын тушаалаар томилогдож байсан. Отгонсүх төлөөлөгч Отгонбаатар даргад хэлж өгсөн... Би Д.О даргад бол хуулийн дагуу шалгаруулах ёстой шүү, хуульд нийцүүлж явах гэж удаа дараа хэлдэг байсан. 2017 оны 7 дугаар сарын 18-ны үеэр би ээлжийн амралтаа аваад Өвөрхангай аймаг руу явчихсан байсан юм. Ингээд нутагтаа очоод 2, 3 хоноод байж байхад Г.Отгонбаатар дарга над руу утсаар яриад “Мөнхбатаа чи шалгагч компанитай байгуулах гэрээний дайрыг бэлэн болгож байж амар, чи ирж ажилла” гэж хэлсэн. Ингээд би тэр өдөр нь Өвөрхангай аймгаас гараад маргааш нь ажилдаа ирж байсан. Тэр үед бол "Сити баз консалтинг" ХХК-ийн талаар хэлж байгаагүй. Харин Г.Отгонбаатар даргатай холбогдолтой компани орж ирнэ гэдгийг би ойлгочихсон байсан, өөрөө ч энэ талаараа хэлж байсан. Ирээд би гуравдагч этгээдтэй хамтарч ажиллах гэрээний төслөө боловсруулсан, и-мэйлээр Г.Отгонбаатар дарга руу хянуулах гээд явуулж байсан. ...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Базу хангай ХХК, Хасбүргэдэй ХХК, Сити Баз консалтинг ХХК-аас Хамтран ажиллах тухай гэсэн албан бичиг ирсэн байсан. Энэ бичиг нь над дээр 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д.О даргын "судлах" гэсэн цохолттойгоор ирсэн. Маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 11:07 цагт би "Сити Баз консалтинг" ХХК-ийн албан бичгийг "Захиргааны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэх" гэсэн цохолт хийж улсын байцаагч А.Энхжаргалд шилжүүлсэн. Харин нөгөө 2 бичгийг нь цохолт хийгээгүй байж байгаад "Сити баз консалтинг" ХХК-тай гэрээ байгуулснаас хойш "Захиргааны зөвлөлийн хуралд оруулж шийдвэрлүүлэх" цохолт хийж шилжүүлсэн. Яагаад гэрээ байгуулсан атлаа ингэж цохолт хийсэн гэхээр сонгон шалгаруулалт хийсэн материал нөхөж гаргах гэж байсан...би гарч ирээд гэрээний мэргэжилтэн Энхтөрд Д.О дарга гэрээгээ зурна гэж байна Сити баз консалтинг ХХК гэж бичээд гаргаад өгчих гэж хэлсэн. Би Энхтөрд гэрээний драфтыг өмнө нь өгчихсөн байсан юм. Тэгээд буцаад даргын өрөөнд нь ороход Зуундарь, Отгонбаяр хоёр ирчихсэн сууж байсан...Би Зуундарийг өмнө нь таньдаг байсан, яаж таньдаг гэхээр сая ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Отгонсүх нь СХД-ийн 61-ийн гармын тойргийн сонгуулийн штабыг ахалж байсан юм. Тэгэхэд Зуундарь нь тэр штаб дээр нь ажиллаж байсан юм. Би тухайн үед тэр сонгуулийн штабаар орж байсан юм. Тэгэхэд Зуундарьтай танилцаж байсан юм. Отгонбаярыг бол танихгүй. Энхтөр гэрээг 2 хувь хэвлээд Д.О даргын өрөөнд оруулж өгсөн, гэрээн дээр эхлээд Д.О дарга батлав гэсэн хэсэг дээр нь гарын үсэг зурж тамга дарсан, үүний дараа Н.О нь Сити баз консалтинг ХХК-ийн захирал гэсэн хэсэг дээр гарын үсэг зурсан. Би дараа нь гүйцэтгүүлэгчийн төлөөлж гэсэн хэсэг дээр нь гарын үсэг зурсан. Зуундарь хамгийн сүүлд гарын үсэг зурсан…” гэжээ /1-р хх 34-41, 44-45/.
Гэрч Э.Эрдэнэтуяа нь мэдүүлэхдээ: “.../Нийслэлийн Тээврийн газрын ахлах нягтлан бодогч/ Би бол энэ компанитай гэрээ байгуулсан талаар огт мэдээгүй байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний мэргэжилтэн Төгсжаргал нь надад "Сити баз консалтинг" ХХК-тай гэрээ байгуулагдсан байгаа, үүний дагуу мөнгө шилжүүлэх байх шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Энхтөрийг дуудаад юун компанитай гэрээ байгуулсан байгаа юм бэ, үзье гээд хуулбар авч үзэж байсан юм. Тэгээд яагаад ийм гэрээ байгуулагдсан юм бэ гэхэд би сайн мэдэхгүй байна гэж Энхтөр хариулж байсан. Тэгж л анх энэ гэрээний талаар мэдсэн. Тэгээд би газрын дарга Д.О дарга руу ороод энэ ямар учиртай гэрээ байгуулагдсан байгаа юм бэ, хуулийн дагуу сонгон шалгаруулах ёстой шүү дээ, санхүүгийн хувьд болохгүй шүү дээ, тэр ажил маань өртөгтэй ч бай, өртөггүй ч бай хэд хэдэн компаниас сонгох ёстой гэдгийг сайн хэлсэн. Тэгэхэд газрын дарга энэ асуудалд чи оролцоод юу гэхэв дээ гэсэн. Би юу ч ойлгоогүй өрөөнөөс нь гарч байсан...” гэжээ /1-р хх76-78, 100-101/.
Гэрч Ч.Адьяасүрэн мэдүүлэхдээ: “...Би бичээгүй ээ. Би "Хасбүргэдэй" ХХК-ийн тамга болон гэрчилгээг Н.От 2017 оны 7 дугаар сард өгсөн. Н.О нь надад хэлэхдээ "компанийнхаа тамга, гэрчилгээг түр өгч байгаач ээ" гэж хэлэхээр нь би зүгээр л өгчихсөн юм. Н.Оыг одоогоос 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Манай Батсүхийн найз нь байгаа юм. Тухайн үед би хүүхдүүдтэй лагерь дээр байсан юм. Надаас ирж гуйгаад аваад явсан. Би нөхөртөө энэ талаар дараа нь хэлэхэд мэдэж байсан...” гэжээ /1-р 114-115/.
Гэрч Б.Батбилэг мэдүүлэхдээ: “...Манай ажил UBH центрийн 14 давхарт байдаг юм. Г.Зуундарийн Эс Эйч Би Өү ХХК-ийн оффис нь мөн адил UBH центрийн 14 давхарт байдаг юм. 2017 оны 8 дугаар сарын 5, 6-ны үеэр Өвөрхангай аймаг руу гэр бүлийн хамт 7 хоногийн хугацаатай явчхаад ирсэн юм. Үүнээс хойш 2017 оны 8 дугаар сарын 15-ны үед намайг өрөөндөө байж байхад Г.З өрөөндөө дуудсан. Намайг ороход Базухангай холдинг ХХК-ийн албан бланк дээр Нийслэлийн тээврийн газарт гээд нэг албан бичиг биччихсэн байсан. Тэгээд болж байгаа юм уу гэхэд зүгээрээ ингээд ороод үзье, ялж ялагдах нь хамаагүй, болох байхаа л гэсэн. Тэгээд би гарын үсгээ зурж, тамга дарсан. Энэ албан бичгийг бол Г.З бичсэн. Гэхдээ би гарын үсэг зурсан нь үнэн. Үүнээс хойш чимээгүй л болсон...” гэжээ /1-р хх117-118/.
Гэрч А.Даваажаргал мэдүүлэхдээ: “...Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын энэ захирамж гарах болсон үндэслэл нь Нийслэлийн тээврийн газраас тээврийн компаниудтай гэрээ байгуулаад Улаанбаатар хотод автобусны үйлчилгээ үзүүлж байгаа. 20 гаруй компани байгаа. Эдгээр компаниудтай гэрээ байгуулахдаа орлогод хяналт тавьдаг шалгагч нарыг тухайн компаниас ажиллуулахаар тусгасан байсан. Энэ нь өөрөө ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байсан учраас өөр компаниар хянадаг систем рүү шилжүүлэхээр болсон. Нийслэлийн тээврийн газрын дарга Отгонбаатарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж гэрээ байгуулахыг даалгасан байх ёстой. Отгонбаатар нь Сити баз консалтинг ХХК-ийг шалгаруулсан байсан. Отгонбаатар нь тендер шалгаруулалт явуулаагүй байсан…” гэжээ /1-р хх 126-127/.
Нийслэлийн тээврийн газар болон Сити баз консалтинг ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 17/НТГ-06 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчдыг ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээний хуулбар /1-р хх 196-200/.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/591 тоот захирамж, түүний хавсралт /1-р хх 204/.
Базу хангай ХХК, Хасбүргэдэй ХХК, Сити баз ХХК-уудын сонгон шалгаруулалтад оролцох талаар гаргасан албан хүсэлт /1-р хх 205-207/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 25-27/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-32, 69, 79/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүх шүүгдэгч Г.З, Н.О нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог дүгнэхдээ Нийтийн тээврийн газрын дарга Д.О-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд зааснаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, давуу байдал олгосон гэмт хэргийг үйлдэхэд бүлэглэж оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Г.З, Н.О нар нь гэмт хэрэгт хамжигчаар буюу урьдчилан амлаж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин Д.Оыг албан тушаалаа ашиглаж, хууль зөрчсөн гэрээ байгуулахад өөрсдийн биеэр оролцож уг гэрээг байгуулж гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн байна.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн оролцсон гэж өөрчлөв.
Шүүгдэгч Нийтийн тээврийн газрын дарга Д.О нь бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Машин цагийн зардлын задаргаа батлах” тухай А/591 тоот захирамжинд зааснаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Сити баз консалтинг” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Нийслэлийн тээврийн газар гэрээ байгуулж, давуу байдал олгосон, тус гэмт хэргийг үйлдэхэд Нийслэлийн Сити баз консалтинг ХХК-ны ерөнхий захирал Н.О, мөн компанийн гүйцэтгэх захирал Г.З нар бүлэглэн оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нарын үйлдлийн улмаас нийтийн ашиг хөндөгдөж байгаа бөгөөд Нийтийн тээврийн газрын дарга Д.О нь тухайн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад хууль тогтоомжийн дагуу тухайн ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих зэргийг зохион байгуулаагүй, бусад хуулийн этгээдүүдэд уг тендерийн ажиллагаанд шударгаар өрсөлдөх боломж олгоогүй зэрэг нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Г.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, зохих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Н.О, Д.О, Г.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоо зэргийг тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, торгох ял тус тус шийтгэв.
Шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нарын цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 4/152-156 дугаар талд авагдсан Голден пейж Аудит ХХК-ний гаргасан Шинжээчийн тайланг нотлох баримтаар тооцоогүй болно. Учир нь шинжээчид мөрдөгчийн тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн байхад ямар баримтыг үндэслэн шинжээчийн тайлан гэх дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Тодруулбал мөрдөгчийн 2, 3 дахь асуулт болох “Тус компани нь санхүүжилтийг юунд зарцуулсан болохыг баримтаар тогтоох”, “2017 оны 8 сарын 18-ны өдрийн 17/НТГ-06 дугаартай гэрээний улмаас аж ахуйн нэгж, байгууллага, төсөвт хохирол учирсан эсэх, хэрэв хохирол учирсан бол хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ” зэрэг асуултуудад ямар баримтыг үндэслэн дээрх гэрээний улмаас төсөвт 1.373.570.174,96 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй, энэ талаараа тайлан гаргуулагчаас асууж тодруулаагүй, нэмэлт баримт бичиг гаргуулаагүй байна. Мөн уг дүгнэлтийг гаргахдаа Сити Баз Консалтинг ХХК-ний 2018 оны 6 сарын 30-ны хүртэлх хугацаанд гаргасан санхүүгийн тайланг баримталж, орлого зарлага, төсөвт учирсан хохирлыг тодорхойлсон нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй нотлох баримт гэж үзэж нотлох баримтаар тооцоогүй болно.
Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Төрийн санд бодит учирсан хохирол хангалттай тогтоогдоогүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээ нь хэрэгжиж байгаа, тухайн гэрээний зарцуулалт, үр өгөөж тодорхойгүй зэргээс шалтгаалан Төрийн санд 1.373.570.174,96 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Хэрэв хохирогч байгууллага нь Д.О, Г.З, Н.О нарын үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлав.
Шүүх тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн оролцсон гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
ШүүгдэгчГ.З, Н.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000/таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Н.О нарт нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч байгууллага нь шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нарын үйлдлийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Г.З, Н.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН