Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 143

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн Овоотын 01-10 тоотод оршин суух Даадар овогт Лхамжавын Алтанцэцэгийн /РД:АЙ70100402/ хүсэлттэй

Бүргэд овогт Чимидийн Хүрэлболдтой /РД:ИЗ60032913/ 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Миний би өөрийн нөхөр болох Ч.Хүрэлболдтой 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийн хүртэл хамт амьдарсан. Би өмнө нь сууж байсан хүнээсээ 3 хүүхэдтэй. Ч.Хүрэлболд бид хоёр дундаасаа охин Х.Отгонтөгс гарсан. Ч.Хүрэлболд  бид хоёр өмнө нь өөр хүмүүстэй гэр бүл болж байсан болохоор гэрлэлтээ албан ёсоор батлуулааж чадаагүй. Иймд Ч.Хүрэлболдтой хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

 Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболдтой 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

1. Нас  барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбарт: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багт оршин суух, эрэгтэй, 56 настай, Бүргэд овогт Чимидийн Хүрэлболд /РД:ИЗ60032913/  2016 оны 01 сарын 06-ны өдөр нас барсныг  2016 оны 01 сарын 15-ны өдөр нас барсны бүртгэлийн 01 дүгээрт бүртгэв гэсэн.

2. Бүргэд овогт Хүрэлболдын Отгонтөгс /РД:АХ12232109/ төрсний 19 дугаартай гэрчилгээнд: Эцгийн нэр Бүргэд овогт Чимидийн Хүрэлболд /РД:ИЗ60032913/, эхийн нэр Даадар овогт Лхамжавын Алтанцэцэг /РД:АЙ70100402/ гэсэн.

3.  Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 01/19 тоот тодорхойлолтод: Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболдтой 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан бөгөөд 2012 онд охин Х.Отгонтөгсийг төрүүлсэн нь үнэн болохыг тодорхойлов гэсэн.   

            4. Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн Засаг даргын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 13 тоот тодорхойлолтод: Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболдтой 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан бөгөөд охин Х.Отгонтөгс нь цэцэрлэгт явдаг нь үнэн болно гэсэн.

5. Гэрч Д.Отгонжаргал: Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболд нар 2007 оноос 2016 оныг хүртэл хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа 2012 онд охин Отгонтөгсийг төрүүлсэн. Манай ээж Архангай аймгийн Цахир суманд Л.Алтанцэцэгийнхтэй айл байдаг байсан болохоор Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболд нарыг хамтын амьдралын талаар сайн мэдэж байна. Ч.Хүрэлболд ах өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байсан болохоор Л.Алтанцэцэг эгчтэй гэрлэлтээ батлуулаагүй байх. 2016 оны 01 сарын 06-ны өдөр Ч.Хүрэлболд нь өвчний улмаас нас барсан гэсэн мэдүүлэг.

6. Гэрч Н.Баянмөнх: Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболд нар Архангай аймгийн Цахир суманд 2007 оноос 2016 оныг хүртэл хугацаанд хамт амьдарсан. 2012 онд охин Х.Отгонтөгсийг төрүүлсэн. Би ах дүү, төрөл садан болохоор тэднийхээр золгууд хийж очдог. Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболд нар Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ирэхээрээ манайхаар ирж байж байгаад явдаг байсан болохоор Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболд нарыг хамтын амьдралын талаар сайн мэдэж байна. Л.Алтанцэцэг эгч, Ч.Хүрэлболд ах нар өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй байх. 2016 оны 01 сарын 06-ны өдөр Ч.Хүрэлболд нь өвчний улмаас нас барсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Л.Алтанцэцэг, Ч.Хүрэлболд нар хамтын амьдралтай байсан болох нь Ч.Хүрэлболдын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бүргэд овогт Хүрэлболдын Отгонтөгсийн /РД:АХ12232109/ төрсний 19 дугаартай гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Цахир сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 01/19 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн Засаг даргын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн 13 тоот тодорхойлолт, гэрч Н.Отгонжаргал, Н.Баянмөнх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ч.Хүрэлболдтой 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргагч Л.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14-т зааснаар Даадар овогт Лхамжавын Алтанцэцэг /РД:АЙ70100402/, Бүргэд овогт Чимидийн Хүрэлболд /РД:ИЗ60032913/ нарыг 2007 оноос 2016 оны 01 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар  зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН