Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01866

 

 

 

 

2023 10 18 210/МА2023/01866

 

 

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/02975 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

617,782,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б-2022-04 тоот Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 969,510,000 төгрөгийн үнэтэй, чанар, стандартын шаардлага хангасан шатахуун зээлээр нийлүүлснээс хариуцагч 557,655,100 төгрөгийг төлсөн. Талууд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 411,854,900 төгрөг болохыг баталгаажуулсан. Гэтэл ******* ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

1.2. Гэрээний 5.1-д зааснаар алданги нэг хоногт 2,217,414.03 төгрөг, 129 хоногт 286,046,410 төгрөг тооцох үндэслэлтэй ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 205,927,450 төгрөгийн алданги тооцохоор байна.

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 411,854,900 төгрөг, алданги 205,927,450 төгрөг, нийт 617,782,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурсан бөгөөд компаниас олгосон итгэмжлэлд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах эрх олгогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчээс нийт 402.4 тонн түлш худалдаж авсан эсэх талаар маргаангүй. Талууд нийт 557,650,100 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлсэн. Харин 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 48,943,400 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 60,689,000 төгрөг, нийт 109,632,400 төгрөг төлснийг оруулж тооцоогүй. Хариуцагчаас шатахууны үнэд нийт 687,287,500 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 969,510,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн гэж байгаагаас 687,287,500 төгрөгийг төлсөн ба 282,222,500 төгрөгийн үлдэгдэлтэй.

Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 282,222,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 335,559,850 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 617,782,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,246,861.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,246,861.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зарчсөн, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгаа нотлох баримт байхгүй, нотлох баримтгүй байхад ханган шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргахад хэргийг хэлэлцэж эхлээгүй байгаа тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба дараагийн шүүх хуралдаанд хүсэлтийг хангахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанаас хариуцагчаас нэмэлт нотлох баримт гаргаж өгч чадаагүй болно.

4.2. Анхан шатны шүүхээс ... хариуцагчийн төлбөл зохих үнийн дүнгээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаанд алдангийг тооцоход үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 50 хувиар хязгаарлан 205,927,450 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй ... гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба бичгээр гэрээ байгуулагдаагүй үед нийлүүлсэн шатахууны төлбөрт алданги шаардах эрхгүй байхад бүхэлд нь алданги тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Энэ талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн ба нэхэмжлэгчээс хэзээ нийлүүлсэн талаар баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлж, шаардлагын үндэслэлээ аливаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй байхад алданги тооцсоныг үнэн зөв гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой.

Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т ... худалдагч нь шатахууны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ болон бусад нөхцөлийг баримжаалан тогтоож сар бүрийн 5-ны дотор худалдан авагчид мэдэгдэх ... гэж зааснаар нэхэмжлэгч мэдэгдэх үүргээ огт гүйцэтгээгүй. Гэрээний 2.3-т ... талууд тухайн сард худалдсан, худалдан авсан шатахууны тооцоог дараа сарын 5-ны дотор нийлж тооцоо нийлсэн актаар баталгаажуулна ... гэж зааснаар тооцоо нийлж байх ёстой ба тооцоо огт нийлж байгаагүй. Гэрээний 2.5-д ... худалдан авагч худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэл авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна ... гэж зааснаар төлбөрийн нэхэмжлэлийг огт явуулж байгаагүй. Нэгэнт төлбөрийн нэхэмжлэл ирүүлэхээр гэрээнд заасан байхад төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлээгүйд хариуцагчийг буруутган хариуцлага хүлээлгэх боломжгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д "... Бүтээгдэхүүний төлбөрийг худалдагчид энэхүү гэрээний 2.5-д заасны дагуу нийлүүлсэн шатахууны төлбөрийг хугацаа хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй ... гэж заасан ба 2.5-д заасан нэхэмжлэлийг ирүүлээгүй байхад 15 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д "... худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд ... гэж алдангийг хэрхэн тооцох талаар тохиролцсон ба гэрээний 2.5-д зааснаар нэхэмжлэл ирүүлээгүй, ирүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Одоог болтол нэхэмжлэл хүргүүлээгүйгээс хариуцагч төлбөр шилжүүлэх үүргээ ямар хугацаагаар хэрхэн хэтрүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримт шүүхэд гаргаагүй байхад алдангийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна.

Иймд шийдвэрийн зарим хэсэг болох 205,927,450 төгрөгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан шатахууны үнийн үлдэгдэл 411,854,900 төгрөг, алданги 205,927,450 төгрөг, нийт 617,782,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/012 дугаар итгэмжлэл болон 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23/112, 23/113 дугаар итгэмжлэл, тайлбарт үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхжаргал, У.Билгүүн, Ц.Ганзориг нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдаж, худалдагч ******* ******* ХХК нь чанар, стандартын шаардлага хангасан шатахуун нийлүүлэх, худалдан авагч ******* ******* ******* ХХК нь шатахууныг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 13-16 дахь тал)

Гэрээний 2.2 дахь хэсэгт худалдагч нь шатахууны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, бусад нөхцөлийг харгалзан тогтоож сар бүрийн 5-ны өдрийн дотор худалдан авагчид мэдэгдэх, 2.5 дахь хэсэгт худалдан авагч нь төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор худалдан авсан шатахууны үнийг төлөх нөхцөлийг тусгажээ.

Анхан шатны шүүх тус харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон боловч зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь үнийг тодорхой цаг хугацааны дараа төлснөөр хүү тооцож, үнэ нэмэгддэг үндсэн шинжийг агуулдаг.

Гэвч талуудын дээрх тохиролцоо нь үнэ тодорхойлох арга хэрэгсэл, төлөх журам, хугацаатай холбоотой байх ба ийнхүү үнийг дараа төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдэх агуулга илэрхийлэгдээгүй байна.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүйг залруулах нь зүйтэй. Түүнчлэн гэрээ хүчин төгөлдөр, энэ талаар зохигч маргаагүй.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үнэ 969,510,000 төгрөгөөс хариуцагч 557,655,100 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 411,854,900 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч маргаж, 2022 оны 04 дүгээр сард төлсөн 109,632,400 төгрөгийг тооцоонд оруулаагүй, хариуцагчаас шатахууны үнэд нийт 687,287,500 төгрөгийг шилжүүлсэн тул 282,222,500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Капитрон банк ХХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансны хуулга зэрэг баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч 411,854,900 төгрөг төлөх үүрэгтэй болохыг тогтоож, уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн. (хэргийн 9, 91-100 дахь тал) Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5. Гэрээний 5.1 дэх хэсэгт Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар хоног тутамд алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэнийг шүүх зөв дүгнэсэн.

Гэвч шатахууны үнэ төлөх хугацааг төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоног гэж гэрээний 2.5 дахь хэсэгт тогтоосны дагуу худалдагчаас худалдан авагчид төлбөрийн нэхэмжлэл хүргүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Харин хариуцагч нь гэрээний хүчинтэй хугацаа буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд шатахууны үнийг бүрэн төлөөгүй тул энэ хугацаанаас алданги тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр алданги тооцсон тул хариуцагч нь дор дурдсанаар 74,933,882 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Үүнд:

- 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг төлөх хүртэл 8 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөр 431,854,900 төгрөгт алданги 17,274,196 төгрөг,

- 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 28 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөр 411,854,900 төгрөгт алданги 57,659,686 төгрөг, нийт 74,933,882 төгрөг.

Хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг 486,788,782 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2023/02975 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж, 617,782,350 гэснийг 486,788,782 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 130,993,568 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад хариуцагчаас 3,246,861.75 гэснийг хариуцагчаас 2,591,894 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,188,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА