Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1811030011120 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А, 1984 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд бэлэн хувцас зардаг гэх, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорь 2-9 тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тоёота авто засварын гадна зогсоол дээр 28-49 УНҮ улсын дугаартай Лексус RX450 маркийн тээврийн хэрэгсэлд байлдааны болон ангийн зориулалттай 18 нэр төрлийн 3794 ширхэг сум буюу галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.     

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Гэрч Г.Үүрийнтуяа мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул зах амардаг 2 дахь өдөр намайг гэртээ байж байтал 9.30 минутын үед өргөтгөл дээр сум зардаг Ариунзаяа гэдэг эмэгтэй миний 99130149 дугаарын гар утас руу 99751975 дугаарын өөрийнхөө утсаар залгаад машины хэрэг болоод байна машинаа түр өгөх боломж байна уу орой авчраад өгье гэж хэлсэн. Тэр өдөр амарч байсан гарах ажил байхгүй Ариунзаяагийн ах нас бараад 7 хонож байсан гадуур гарах ажил ихтэй байна гэхээр нь машинаа ирээд ав гэсэн. Түүнээс удаагүй 10 цаг өнгөрөөгөөд Ариунзаяа ганцаараа манайд ирээд миний 28-49 УНҮ улсын дугаартай RX-450 маркийн машиныг авч явсан. Би Нарантуул зах дээр 10 гаруй жил зогсож наймаа хийж байна. Өргөтгөлийн хэсэгт зогсоод 3 жил гаруй болж байна. Би Ариунзаяаг амьдрал нь хэцүү болохоор нь өөрийн түрээслэдэг лангууны багахан хэсгийн түрээсийг төлөөд наад сум зардаг ажлаа болиод өөр зүйл хий гээд эрээнээс хүүхдийн хувцас авчирч өгч Ариунзаяаг зардаг болгоод 1 жил орчим болж байна. Ядарсан амьдралтай болохоор нь тус дэм болох санаа байдаг...” /хх-42-43/.

 Гэрч А.Бархас мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машины хойд талын авто засварын газрын зогсоол дээр нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн талаар мэдээлэл цуглуулан ажиллаж явах үед уг зогсоол дээр хар өнгийн RX-450 маркийн машин ирж зогсохоор нь харж байтал Нарантуул зах дээр галт зэвсэгийн сум хууль бусаар худалдан борлуулдаг сэжигтэй этгээдийн бүртгэл судалгаанд бүртгэгдсэн Ариунзаяа нь уг машиныг жолоодон ирж зогсоод машинаасаа буугаад машин дотороо юм янзлаад эхэлсэн. Би бүртгэлд авагдсан сэжигтэй этгээд болохоор нь түүнийг очоод шалгатал машины дотор талд олон тооны сум задгай хөглөрсөн байдалтай байсан. Тэгэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага мэдээллийг өгч шалгуулсан...” гэжээ /хх-50/.

  Гэрч Б.Одончмэг мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр манай нөхөр нас барсан юм. Манай нөхөр Нарантуул захын өргөтгөл дээр Ариунзаяагийн авсан лангуун дээр барааг нь зарж өгч зогсдог байсан. Тэр лангуун дээр зогсож байгаад гуравхан хоногийн дотор олгой нь дотороо хагараад нас барсан. Манайх граж байхгүй, А-ийн хашаанд граж байгаа. Гэхдээ манай нөхрийн бие муудаад ах дүү хамаатан садантайгаа уулзах боломж болоогүй, бидний хэн ч уулзаж чадаагүй. Ухаангүй болоод сэхээнд орчихсон, хэнийг ч оруулаагүй...” гэжээ /хх 52/.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 11 дпүгээр сарын 6-ны өдрийн №6241 дугаар дүгнэлтэд:

“1. Шинжилгээнд 12 калибрын 4 ширхэг, 16 калибрын 4 ширхэг, 8,2х66 мм-ын 2 ширхэг, 7,62х63 мм-ын 4 ширхэг, 7х64 мм-ын 4 ширхэг, 7,62х54 мм-
ын 6 ширхэг, 7,62х39 мм-ын 4 ширхэг, 5,6х39 мм-ийн 2 ширхэг, 5.6х15 мм-ийн 4 ширхэг, 7,62х54 мм-ийн сургалт дадлагын /хоосон/ сум 2 ширхэг ирүүлсэн байх бөгөөд эдгээр сумнууд нь өөрийн таарсан калибртай ангийн болон байлдааны спортын буунуудад зориулагдсан.

2. Дээрх 1, 2, 3, 6, 8, 9, 12, 14, 16, 17 дугаартай сумнууд нь ангийн зориулалттай, 7,10,11,15 дугаартай сумнууд нь байлдааны зориулалттай 13 дугаартай болон 5,6x15 мм-ийн 4 ширхэг сумнууд нь спорт ангийн зориулалттай, 18 дугаартай нь байлдааны зориулалттай сургалт дадлагын хоосон сум байна. Эдгээр сумнууд нь буудлага үйлдэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь галт зэвсэг биш галт хэрэгсэл.

4. Дээрх сумнууд нь үйлдвэрийн хийц байна..." гэжээ /хх-60-62/.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/.

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 18-20/.

            Шүүгдэгч Б.А-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-79, 82-86, 90-98/, түүний хувийн байдлын талаар өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тоёота авто засварын гадна зогсоол дээр 28-49 УНҮ улсын дугаартай Лексус RX450 маркийн тээврийн хэрэгсэлд байлдааны болон ангийн зориулалттай 18 нэр төрлийн 3794 ширхэг сум буюу галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.А-г байлдааны болон ангийн зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзав.

Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, бага насны байнгын асрамжид байх шаардлагатай хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ямар нэг бичиггүй 7.5 см урттай сум 21 ширхэг, ISKRA 12 дугаартай хөх өнгийн сум 1059 ширхэг, Azot 12 дугаартай улаан хүрэн өнгийн сум 150 ширхэг. 30-06 SPRG S/B гэсэн бичигтэй сум 114 ширхэг, Охотник 370 гэсэн хайрцагтай хар өнгийн 2.4 см урттай V үсэгтэй сум 499 ширхэг, Стандарт гэсэн хайрцагтай хар өнгийн 2.4 см урттай V үсэгтэй сум 900 ширхэг, R-P 7х64 бичигтэй сум 59 ширхэг, 60 75 гэсэн бичигтэй сум 509 ширхэг, 12/9 харьцаатай нэг талдаа цагаан,нөгөө талдаа шар 6.5см урт сум 79 ширхэг, Record гэсэн бичигтэй улаан өнгийн 6 см урттай сум 15 ширхэг, 10 71 гэсэн бичигтэй сум 39 ширхэг, 7.62х54R гэсэн бичигтэй сум 59 ширхэг, 78 гэсэн бичигтэй сум 19 ширхэг, 80 гэсэн бичигтэй сум 78 ширхэг, 60 17 гэсэн бичигтэй сум 59 ширхэг, ППУ 7х64 гэсэн бичигтэй сум 10 ширхэг, 60 78 гэсэн бичигтэй сум 89 ширхэг, 30-06 SPRG гэсэн бичигтэй сум 19 ширхэг буюу нийт 3777 ширхэг галт хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэргийн учир битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны болон ангийн зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ад хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил өөрчилсөн бол хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Б.Ад хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ямар нэг бичиггүй 7.5 см урттай сум 21 ширхэг, ISKRA 12 дугаартай хөх өнгийн сум 1059 ширхэг, Azot 12 дугаартай улаан хүрэн өнгийн сум 150 ширхэг. 30-06 SPRG S/B гэсэн бичигтэй сум 114 ширхэг. Охотник 370 гэсэн хайрцагтай хар өнгийн 2.4 см урттай V үсэгтэй сум 499 ширхэг, Стандарт гэсэн хайрцагтай хар өнгийн 2.4 см урттай V үсэгтэй сум 900 ширхэг, R-P 7х64 бичигтэй сум 59 ширхэг, 60 75 гэсэн бичигтэй сум 509 ширхэг, 12/9 харьцаатай нэг талдаа цагаан,нөгөө талдаа шар 6.5см урт сум 79 ширхэг, Record гэсэн бичигтэй улаан өнгийн 6 см урттай сум 15 ширхэг, 10 71 гэсэн бичигтэй сум 39 ширхэг, 7.62х54R гэсэн бичигтэй сум 59 ширхэг, 78 гэсэн бичигтэй сум 19 ширхэг, 80 гэсэн бичигтэй сум 78 ширхэг, 60 17 гэсэн бичигтэй сум 59 ширхэг, ППУ 7х64 гэсэн бичигтэй сум 10 ширхэг, 60 78 гэсэн бичигтэй сум 89 ширхэг, 30-06 SPRG гэсэн бичигтэй сум 19 ширхэг буюу нийт 3777 ширхэг галт хэрэгслийг улсын орлогод хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН