Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 89

 

                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Д.Агар,

  шүүгдэгч А.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.М-т холбогдох эрүүгийн 1911000390019 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.М, 1997 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Шинэ дорно олон үндэсний хоолны газарт тогооч ажилтай, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 790 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 790 тоотод төрсөн эх Ш.Н-тэй маргалдах үедээ буцалсан ус цацаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруу зүйл хийснээ сайн ойлгож байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ш.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ найз болох Хүрэлтогоон хамт байсан. 21-22 цагийн үед миний төрсөн хүү болох М гэртээ согтуу ирсэн. Хүү маань унтахгүй гээд уурлаад байсан.  Тэгэхээр нь хүүдээ халуун цай уулгая гэж бодоод гал дээр 1 литр орчим ус шанаганд хийж тавиад буцалгаж байтал манай хүү М миний найз Хүрэлтогоог гэрээс явуул гээд уурлаад над руу гал дээр буцалж байсан халуун усыг аваад цацсан. Буцалсан ус нь миний хүзүү, цээжний баруун хэсэгт цацагдсан. Би хүүгээ унт гэж хэлээд хүүтэйгээ ноцолдож байх хооронд Хүрэлтогоо гарч явсан. Манай хүү гэрт байсан муу цэнхэр өнгийн сандлыг над руу шидчихсэн чинь тэр сандал эвдэрчихсэн...” гэжээ /хх-14-17/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №405 дугаар дүгнэлтэд: 

“1,2. Ш.Н-ийн баруун мөр, даланд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-31/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/.  

Хохирогч Ш.Н-ээс Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Ш.Н миний бие хүү А.М гомдол санал байхгүй тул хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-52/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 790 тоотод төрсөн эх Ш.Н-тэй маргалдах үедээ буцалсан ус цацаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.Н-ийн “...М миний найз Хүрэлтогоог гэрээс явуул гээд уурлаад над руу гал дээр буцалж байсан халуун усыг аваад цацсан. Буцалсан ус нь миний хүзүү, цээжний баруун хэсэгт цацагдсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №405 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч А.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч А.М-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан байдал зэргийг тус тус харгалзав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН