Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 179

 

 

                                             

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын  нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, ОАЖН-ын 07-07 тоотод оршин суух Дүйнхэр овогт Гуулиагийн Даваажаргалд /РД:АЯ87021361/ холбогдох 4.384.037 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч 2016 оны 02 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хайрхан сумын санхүү, төрийн сангийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн гүйлгээгээр тус сумын Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэлийн 4.384.037 төгрөгийг 181000017255 дансны дугаарыг буруу бичсэнээс Архангай аймгийн Төрийн банкны 18000017255 тоот дансанд гүйлгээ андуурч Бямбадоржийн Уянга гэдэг хүүхдийн дансанд орсон болно. Уг дансны хамтран эзэмшигчээр нь Гуулиагийн Даваажаргал нь уг мөнгийг буцааж өгөхгүйгээр авч хэрэглэсэн байна. Иймд Гуулиагийн Даваажаргалаас Эрүүл мэндийн төвийн нийгмийн даатгалын шимтгэлийн 4.384.037 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

          Хариуцагч Г.Давааажаргал шүүхэд гаргасан тайлбартаа:.. Миний бие 2015 онд өөрийн машинаа хүнд зээлээр зарсан юм. 2015 оны 12 сард миний данс руу 4 сая гаран төгрөг орж ирэхээр  нь машины мөнгө байна гээд хүнд өгсөн. Тэгтэл 14 хоногийн дараа Төрийн сангийн хүмүүс над руу ярьсан. Андуурч хэрэглэсэн мөнгөө өгөх гээд зээл авах гэсэн боловч зээл бүтээгүй. Нэгэнт андуураад орж ирсэн мөнгийг андуурч хэрэглэсэн болохоор төлөх нь үнэн. Би одоо цалингийн зээлтэй, 3 нялх хүүхэдтэй болохоор сард цалингаасаа 150.000 төгрөгийг хийж байгаад мөнгөтэй болохоороо арвинаар нь төлнө гэжээ.

           

          Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Даваажаргал би 4.384.037 төгрөгийг 2016 оны 04 сарын 24-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа миний бие хариуцагч Г.Даваажаргалын 4.384.037 төгрөгийг 2016 оны 4 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдүүлэх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга хариуцагч Г.Даваажаргалаас 4.384.037 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Даваажаргал 4.384.037 төгрөгийг 2016 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Даваажаргал 4.384.037 төгрөгийг 2016 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Энэ нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарьлах талаар санал гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.384.037 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 85.095 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Г.Даваажаргалаас 42.550 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын нэхэмжилсэн 4.384.037 /дөвөн сая гурван зуун наян дөрвөн мянга гучин долоон/ төгрөгийг хариуцагч Дүйнхэр овогт Гуулиагийн Даваажаргал /РД:АЯ87021361/ 2016 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Даваажаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд 42.550 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН