| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0019/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 23
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,
Хохирогч М.О ,
Шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Хойд овогт Б-ын Л-д холбогдох 1916000120014 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ...... баг ....... тоотод оршин суух, .... багийн ...... тоотод оршин суух, 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, гадаад худалдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ....... регистрийн дугаартай, Хойд овогт Б-ын Л гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Л 2018 оны 12 сарын 28-ны шөнө 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг БМ бааранд М.О-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 12 сарын 28-ны шөнө 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг БМ бааранд М.О-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчим манай найз бид хоёр “Ану” дэлгүүрийн үүдэнд тамхи татаж байгаад манай найз маргааш нь явах гэж байсан. Тэгээд бид хоёр урд талын таксины зогсоол дээрээс такси аваад ВМ баар орсон. Бааранд ороод нэг нэг пиво уугаад жоохон бүжиглэж байгаад тооцоо хийгээд гарах гэтэл нэг намхан залуу ирээд мөрлөж авсан. Тэгээд харилцан яриа үүсгэж байхад М.О хэл амаар доромжлоод байхаар нь нэг цохисон. Би цохисноо хүлээн зөвшөөрөөд гадаа араас нь гүйж гараад уулзсан. Тэр үед найз нь цагдаа дуудсан байсан учир цагдаа ирээд аваад явсан... Намайг хэл амаар доромжлоод байсан... Тэр үедээ би цагдаа дээр очоод мөнгө төгрөг өгье гэж хэлэхэд надад 3.600.000 төгрөг өг гэж хэлсэн... Ер нь судлаад үзэхэд гагнаатай шүд 40.000-50.000 төгрөгийн хооронд, гагнаагүй шүдийг 250.000 төгрөгөөр хийдэг. Улаанбаатар хотод 230.000 төгрөгөөр хийдэг. Тэгээд 230.000 төгрөг шилжүүлсэн байгаа... Би эмнэлэг дээр очоод би цохисон нь үнэн бүх хохирол мөнгийг төлнө хэдэн төгрөг болохоор байна гэж хэлэхэд энд үзүүлээд байх шаардлага байхгүй. Хамгийн үнэтэй гэсэн газраар явна гэж хэлсэн. Хамгийн багадаа гэхэд 3.600.000 төгрөг нэхэмжилж байна гэж хэлсэн. Би 4 удаа утсаар ярьсан. Тэгэхэд би мөнгө төгрөг авахгүй анх хэлсэн үнээрээ л авна гэж хэлсэн. Иймээс үнэн бодит хохирлыг гаргаж өгнө үү... Цаашид гарах хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...12 дугаар сарын 28-ны орой би гурван найзын хамт ВМ бааранд суусан. 10 цаг өнгөрч байхад бид хэд гаръя гээд гарсан. Б орж ирээд Жак доор хүнтэй маргаад байна гэж хэлэхээр нь би буугаад очиход нэг өндөр залуу чи пизда минь юм юу юм бэ? гэж хэлсэн. Тэгээд эргээд харахад нөгөө хэд гараад явсан байсан. Тэгэхэд үл таних залуу хариаж ирээд нүүрэн тус газар цохисон байгаа. Нэг шүд мултралтай, нэг шүдний үзүүр бяцралттай гэсэн. Би цагаан сарын өмнө Улаанбаатар хот орохдоо шүдээ үзүүлсэн боловч мөнгөний боломжгүйгээс болоод эмчилгээ хийлгэж чадалгүй ирсэн. Мембран шүд нь 2 саяас 3 саяын хооронд гэсэн. Шүдний үзүүрийн бяцралыг нөхөхөд 350.000 төгрөг гэсэн. Энэ нь шүдний хэмжээ харж байж авдаг гэсэн. Мөн мэдрэлийн судас тастах гээд үйл ажиллагаа нь 70.000 төгрөг, буйлыг хөдөлгөөнгүй болгохын тулд хагас аппарат зүүлгэх хэрэгтэй гэсэн. Миний мөнгөний боломж болоогүй учир хийлгэлгүй ирсэн. Тухайн эмнэлгээс баримт авах гэсэн боловч зохих ёсны эмчилгээний хийлгэсний дараа баримт авч болно гэж хэлсэн... Яваандаа эмчилгээ хийлгэх эсэхийг харж байж шийдэх байх. Шүдний үзүүр бяцралттай, мэдрэлийн судас тасдах, шүд суулгах гэх мэт миний нэхэмжлээд байгаа мөнгөний ойролцоо очих байх... одоохондоо авсан шүд байхгүй... 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа... гэх мэдүүлэг,
Хохирогч М.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 28-ны шөнө би найз Ж , Б , А нарын хамт БМ баранд тус тусдаа нэг нэг пиво уугаад сууж байсан. Удалгүй бид 4 баарнаас гарья гээд Ж , Б нар надаас түрүүлээд буусан. Б гарч ирсэнээ Ж хүнтэй муудалцаад байна гэхээр нь би Б-ын хамт буусан. Б муудалцаж байсан хүмүүсээ салгаад Ж-ыг аваад гарсан. Би зогсож байтал нэг өндөр залуу ирээд чи хэн бэ чамайг ална шүү гэхээр нь би за хөгшөөн уучлаарай бүжиглээд явж байна гээд өөрөөсөө холдуулсан. Тэгсэн урдаас уурлаж ирээд эрүү шүд орчим гараараа нэг удаа цохисон. Тэгээд би шүдрүү цохичихлоо гэж мэдээд баарнаас гарсан. Тэгтэл тэр залуу араас гарч ирэхээр нь би чи миний шүдрүү цохичихлоо гэтэл чиний шүдийг хэн цохидог юм бэ гэж хэлсэн. Тэгээд манай найз Б цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд нөгөө залууг болон намайг аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 25-рт/,
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 28-ны шөнө найз нарын хамт дөрвүүлээ сууж байсан. Удалгүй манай гурван найз болох Б , О , Ж нар барнаас гарах гээд доошоо нэг давхарлуу буусан. Би ардаас нь хувцасаа өмсөөд гарсан. БМ барнаас гараад ирсэн чинь манай найз О шүдрүүгээ цохиулсан байдалтай байсан. Тэгээд би яагаад цохиулсан юм бэ гэхэд О-ын хажууд байсан нэг үл таних залуу би танай найзыг цохисон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 26-рт/,
Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Найз Г-тэй Ану дэлгүүрийн хажууд уулзаад БМ барлуу явсан. Бид хоёр баранд ороод нэг нэг шил Сэнгүр аваад барны нэг давхарт суусан. Удалгүй бид хоёр бүжгийн тайлба орж бүжиглэсэн. Тэгээд бид хоёр барнаас гараад тооцоогоо хийх гээд явж байх үед нэг залуу намайг мөрөлчихөөд эргэж хараад замаа хараач пизда минь гэж хэлэхээр нь би адилхан уусан байна чи бас замаа харж яваач гэж хэлсэн. Нэг өндөр залуу араар нь гүйж орж ирээд миний зүүн мөрлүү түлхээд миний өөдөөс дарамтлаад чи намайг таних уу гэж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд эрүү шүд хавьцаа нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх 27-рт/,
Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би түрүүлж гараад тооцоогоо хийхээр буусан. Тэгтэл нэг залуу найзтайгаа намайг мөрлөөд гарсан. Танихгүй залуу надруу хараад асуудал байгаа юм уу гэхээр нь би байхгүй гээд байж байтал манай найз Б намайг аваад гарсан. Б бид хоёр гадаа зогсож байтал манай найз О шүдрүүгээ цохиулчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд манай найз Б цагдаад дуудлага өгсөн. О надад чамайг мөрлөсөн залуу миний шүдийг цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 29-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, а/х Д.Даваахүүгийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт. №19 дугаартай “...1. Иргэн О биед: үүдэн 1 шүдний холбоосын бүрэн тасрал/авах заалттай/. Үүдэн 1 шүдний үзүүрийн эмтрэл. Дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтого алдалтанд 5% нөлөөлнө.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..
5. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илэрсэнгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 31-32-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Эмчийн тодорхойлолт /хх19-рт/, хохирогч М.О-ын мэдүүлэг/хх24-25-рт/, гэрч Ж.А-ын мэдүүлэг/хх26-рт/, Б.Л-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг/хх27-рт/, гэрч Д.Ж-ын мэдүүлэг /хх29-рт/, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх32-рт зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай багийн засаг даргын тодорхойлолт/хх44-рт/, Б.Л-ийн нэр дээр гаргасан автомашины лавлагаа/хх52-рт/, ял шалгах хуудас/хх61-рт/, эхнэр нь оюутан, ой 4 сартай болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Хохирогчийн зүгээс ямар ч баримт гаргаж өгөөгүй учир шүүгдэгч өөрөө судлаад шүүгдэгчийн ээж нь Улаанбаатар хотод очоод нэг шүд хийлгэхэд 230.000 төгрөгөөр хийлгэсэн. Иймээс хохирогчид 230.000 төгрөг шилжүүлсэн зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Отгонбалжирын шүдний рентген зурагт үзлэг хийв.
Хохирогч М.О нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Л-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би цохисноо хүлээн зөвшөөрөөд гадаа араас нь гүйж гараад уулзсан......” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Хохирогч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 3.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэргийн материалд эмчилгээ хийлгэсэн зардал болон хохирлын талаарх баримт хавсаргагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Мөнгөний боломжгүй байсан учир эмчилгээ хийлгээгүй... Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд баримт гаргаж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлгийг үндэслэн хохирлыг тооцоолох боломжгүй байх тул хохирогч М.О-ын нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Л-йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Л-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Л-ийн үйлдэлд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал, прокурорын “...650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял...” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх хүсэлт зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эмчилгээ хийлгэхэд дахиад рентген зураг авхуулдаг учир шаардлагагүй...” гэсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 230.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар тусгайлсан санал хүсэлт гаргаагүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хойд овогт Б-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Хойд овогт Б-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Л нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Л- нь хохирогчид 230.000 төгрөг төлсөн, хохирогч М.О нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүдний рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
6 Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА