Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01867

 

 

 

 

2023 10 18 210/МА2023/01867

 

 

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01675 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.******* холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,525,725.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******атмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.Алтантовч болон хамтран зээлдэгч Ж.Дөлгөөн нар нь ******* ******* ******* ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 19/014 тоот зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. *******арьцаанд *******.Алтантовчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053658 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шарав гудамж 48 байр, 14 тоот хаягт байрлах, 74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар нь зээлд 44,761,871.18 төгрөг, хүүнд 26,589,101.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,366,554.23 төгрөг, нийт 72,672,527.38 төгрөг төлсөн боловч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэг ч төлбөр төлөөгүй.

Иймд хариуцагч *******.Алтантовчоос зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээл 15,283,128.82 төгрөг, хүү 12,702,164.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,540,432.85 төгрөг, нийт 30,525,725.94 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөгийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие ах *******.Алтангэрэлийн хүсэлтээр түүний найз Ж.Дөлгөөнд туслаж, ******* ******* ******* ХХК-ийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед надад ямар ч гэрээний хувийг өгөөгүй, би зээлээс нэг төгрөг ч хувьдаа ашиглаагүй, бүгдийг Ж.Дөлгөөнд шилжүүлсэн. Энэ талаар ******* ******* ******* ХХК маш сайн мэдэж байгаа. Зээлийн эргэн төлөлтийг ч Ж.Дөлгөөн ганцаараа хийж байсан.

Миний бие Ж.Дөлгөөнд зээлээ хурдан төлж дуусгаад, миний байрны гэрчилгээг чөлөөлж өгөхийг удаа дараа сануулж хэлж байсан боловч төлж дуусгалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч Ж.Дөлгөөнөөр төлүүлж өгнө үү.

2.2. Тухайн үед *******.Алтантовч, Ж.Дөлгөөн нар зэрэгцэж суугаад зээлийн гэрээ байгуулаагүй гэдэг нь нотлогддог. Мөн нэхэмжлэгч байгууллага нь мэргэжлийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, зээл олгохтой холбоотой зээл судлах асуудал зайлшгүй хийгддэг. Гэтэл *******.Алтантовчийн зээлийг судлаагүй, харин Ж.Дөлгөөний хувийн байдал, бусад зүйлийг судалсны үндсэн дээр зээл олгосон.

2.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтүүдийг хүүнд суутгаж зээлийг өөрт ашигтай байдлаар тооцож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээлийн хугацаа дууссанаас хойш хариуцагч Ж.Дөлгөөний төлсөн төлбөрүүдийг зээлээс хасаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хассан байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.Алтантовчооос зээлийн гэрээний үүрэгт 30.525.725,94 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******.Алтантовч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шарав гудамж, 48 байр, 14 тоот 74 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 310,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.Алтантовчоос 310,638 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч байгуулага зээлдэгч Ж.Дөлгөөнтэй ямар төрлийн гэрээ байгуулах, хэдэн сарын хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулахаа урьдчилан үгсэн тохиролцсон байсан гэж үзэж байна.

Хамтран хариуцагч Ж.Дөлгөөнтэй уулзаж байгаагүй, хамт нэг дор уулзаж гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний үүргийг хэн буцаан төлөх, хэн хариуцах болох нь хариуцагч *******.Алтантовчийн Ж.Дөлгөөнтэй харилцаж байсан мессежээр нотлогддог. Энэхүү мессежийг шүүхэд хуулбарлан өгч, утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хангаагүй.

Мөн хамтран хариуцагч Ж.Дөлгөөн нэлээдгүй төлбөр төлсөн байдаг, энэ төлбөрүүд хэний ямар данснаас нэхэмжлэгч рүү шилжсэн талаарх баримтыг гаргуулах, Ж.Дөлгөөнийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг олж тогтоох хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх хангаагүй. Анхан шатны шүүхээс хуулиар олгогдсон хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Дөлгөөнийг оролцуулж түүнээс тайлбар мэдүүлэг авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх ямар ч боломжгүй, учир нь зээлийн эргэн төлөлтөд хэдий хэмжээний төлбөр төлсөн, төлбөр нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцоололтой таарч байгаа эсэхийг нягтлах зайлшгүй шаардлагатай. Мөн нэхэмжлэгчийн гаргасан баримтаар зээлдэгч Ж.Дөлгөөнөөс зээлийн гэрээний үүрэгт 72,672,527.38 төгрөг төлсөн байдаг. Энэхүү төлбөрөөс нэхэмжлэгч нь зээлд 44,761,871.18 төгрөг, хүүнд 26,589,101.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,366,554.23 төгрөгийг суутган авсан байна.

Уг зээлийн гэрээг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэхэд зээл 60,000,000 төгрөг, хүү сарын 2,400,000 төгрөг, 12 сарын 28,800,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгийг төлөхөөр байгуулсан байна. Нэхэмжлэгчийн баримтаар зээлийн гэрээний хугацаа дуусахад Ж.Дөлгөөн нийт 66,192,559.96 орчим төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,479,967.42 төгрөг төлснийг зээлээс хасалгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй.

4.3. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хавсралтад дурдсан графикийн дагуу төлбөр төлөгдөөгүй маш их зөрчил гарч, гэрээний 6 дугаар зүйлд заасан гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох, цуцлах, хугацаа дууссан даруй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандах нөхцөлүүд үүссэн байхад нэхэмжлэгч нь санаатайгаар илүү хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар гэрээг цуцлаагүй, шаардах эрхээ гэрээний дагуу хэрэгжүүлээгүй, шүүхэд хандаагүйн улмаас гэрээний дагуу төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нэмэгдсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаанд зээл, хүүнд нийт 88,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч одоо шүүхээс өмнө төлсөн 72,672,527.38 төгрөг, үүн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 30,525,725.94 төгрөг, нийт 103,198,253.32 төгрөг төлөхөөр болж байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу зөрчил илэрсэн даруй шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас 15,198,253.32 төгрөгийг илүү төлөх хохирол учрахаар байна.

4.4. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Дөлгөөнөөс татгалзсаны дараа түүнийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж оршин суух газрыг тогтоолгохоор цагдаагийн байгуулагад хандсан талаар баримт хэрэгт авагдсан болно.

Анхан шатны шүүхээс энэхүү бодит нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй, хэргийн нөхцөл байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах эрхийг ноцтой зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлбөрийг зээлээс хасаж шийдвэрлэлгүй нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх гухай хуулийн 168 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь анх хариуцагч *******.Алтантовч, Ж.Дөлгөөн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,525,725.94 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Дөлгөөнд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч *******.Алтантовч нь зээлийг ашиглаагүй тул хамтран зээлдэгч Ж.Дөлгөөн хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* ХХК болон *******.Алтантовч, Ж.Дөлгөөн нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******.Алтантовч, Ж.Дөлгөөн нар хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 8-10 дахь тал)

Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд дээрх зээлийн гэрээнд зээлдэгч *******.Алтантовч нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг зурсан тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, *******.Алтантовчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053658 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шарав гудамж 48 байр, 14 тоот хаягт байрлах, 74 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцжээ. (хэргийн 11-13 дахь тал)

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

4. *******анк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зохицуулсан.

Зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг Голомт банк ХХК дахь зээлдэгч *******.Алтантовчийн эзэмшлийн 3635127626 тоот дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн тул зээлдэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй. (хэргийн 15 дахь тал)

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар зээлдэгч *******.Алтантовч, Ж.Дөлгөөн нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь мөн хуулийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч *******.Алтантовчоос зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 15,283,128.82 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцсон хүү 12,702,164.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,540,432.85 төгрөг, нийт 30,525,725.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт хүү сарын 4 хувь, 2.4 дэх хэсэгт нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452.2 дахь заалтыг үндэслэн тухайн сард төлөх зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцох, 2.11 дэх хэсэгт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй, 2.12 дахь хэсэгт зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний 2.4-т заасан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгч нь гэрээний нөхцөлөөр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.1. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тооцооллоор зээлдэгчээс 5 удаагийн шилжүүлгээр нийт 72,672,527.38 төгрөг төлж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдсон байна. (хэргийн 18 дахь тал)

Хариуцагч нь дээрх төлбөр шилжүүлсэн дансны мэдээллийг гаргуулах, мөн Ж.Дөлгөөнтэй харилцсан зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/07924 дугаар захирамжаар дансны мэдээлэл гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч маргаагүй, тухайн шүүх хуралдаанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, мөн үзлэг хийлгэх хүсэлт нь хэрэгт зайлшгүй хамааралтай биш гэж дүгнэж хангахаас татгалзсаныг нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлсэн гэж үзэхгүй. Учир нь шүүхээс хариуцагчид 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан, нэхэмжлэлийн хувь гардуулсан ба үүнээс хойш татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Үүнээс гадна үзлэг хийлгэх хүсэлтийн үндэслэлийг зээл төлөхийг, ордер шилжүүлж өгөхийг мессежүүдээр шаардаж байсан гэж тодорхойлсноос үзвэл, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хоорондын шаардлагад илүү ач холбогдолтой байна.

5.2. Харин анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг зээлээс хасаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хассаныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дууссан ба зээлдүүлэгч нь зээлдэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,479,967.42 төгрөг төлсний 5,527,049.33 төгрөгийг хүүнд, 952,918.09 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцжээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан тул уг төлбөрийг зээлд тооцож, үлдэх дүнгээс хүүг бодож зөвтгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн тооцооллоор 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 15,283,128.82 төгрөг, хуримтлагдсан хүү 4,461,836.18 төгрөг байсан ба тухайн өдөр төлөгдсөн 6,479,967.42 төгрөгийг зээлд тооцсоноор зээлийн үлдэгдэл 8,803,161.40 төгрөг болж, уг зээлийн дүнгээс хүүг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл (20 сар 24 хоног) хугацаагаар бодоход 7,320,371.36 төгрөг, өмнөх хүүний үлдэгдлийн хамт нийт төлбөл зохих хүү 11,780,532.67 төгрөг, үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү 2,356,106.53 төгрөг тус тус тооцогдоно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт зээл 8,803,161.40 төгрөг, хүү 11,780,532.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,356,106.53 төгрөг, нийт 22,939,800.60 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг зээлээс хасаж шийдвэрлээгүй гэх гомдлыг дээрх тооцоогоор хангах үндэстэй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хүү төлөх үүргийн талаарх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсгийг баримталсан атлаа мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг залруулна.

 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарыг тусгаагүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгож тодорхойлох эрхтэй ба Ж.Дөлгөөнд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан нь талуудын зарчимыг зөрчихгүйн дээр өөр зээлийн гэрээний маргаантай холбоотойгоор түүнийг эрэн сурвалжлуулж байгаа нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болохгүйг шүүх зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч нь Ж.Дөлгөөнд холбогдуулан шаардлага гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

 

8. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг дутуу төлснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нөхөн төлүүлээгүйг давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд зөвтгөх нь зүйтэй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын болон нэхэмжлэлийн шаардлагыг 22,939,800.60 төгрөгийн хэмжээнд хангасан, мөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж хуваарилсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 452 дугаар зүйлийн 452.1 гэснийг хасч, 30.525.725,94 гэснийг 22,939,800.60 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,585,925.34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын барьцаа хөрөнгө болох гэсний дараа эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053658 дугаартай гэж нэмж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *******.Алтантовчоос 272,649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА