Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 001/2017/00794/И |
Дугаар | 001/ХТ2017/00847 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2017/00847
Ш.Бердигүлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00045 дугаар магадлалтай,
Ш.Бердигүлийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох,
ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ш.Бердигүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шинээр байгуулагдсан 16 дугаар цэцэрлэгт үйлчлэгчийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан. Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж гомдол гаргасан, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 611 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон.
Тус цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй ба шийдвэр гүйцэтгэх явцад цэцэрлэгийн эрхлэгч Б.Бахытгүл намайг ажилд буцаан авахаар болж гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл эрхлэгч нь надтай заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна хэмээн зүтгэж гарын үсэг зуруулахыг завдсан тул үүнийг зөвшөөрөөгүй. Гэтэл намайг ажлаас халагдсан хэмээн хэлэх боловч ажлаас халсан тушаалыг гардуулан өгөөгүй. Иймд Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Бахытгүл шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Бердигүлийг тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны 611 дүгээр шийдвэрээр тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчээр эгүүлэн тогтоосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 63 дугаар тушаал гарган гэрээт үйлчлэгчээр ажилд авсан. Гэвч нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар марган ажилд ирээгүй, ажил тасалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ирж миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээг үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Би Ш.Бердигүлийг чөлөөлөх тушаал гаргаагүй. Урьд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Беридгүлийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00045 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 05-ны өдрийн 212/МА2017/00045 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүхийн байгууллагад холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдлыг гаргаж байна.
Ш.Бердигүл нь 2016 оны 03-р сард тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд орж 3 сар ажиллаад чөлөөлөгдсөнийг түүний гомдлоор анхан шатны шүүх хянаж үзээд 2016 оны 10-р сарын 13-ны өдөр 611 дүгээр шийдвэр гаргаж.тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон. Бид шүүхийн шийдвэрийг үндэслэн Ш.Бердигүлийг тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл тэрээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг шаардсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба анхан шатны шүүхийн шийдвэрийг хангагдсан гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан Ш.Бердигүл нь шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй гэж үзвэл дээд шатны гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах ёстой атал анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан бөгөөд түүнийг гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 611-р шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад 2017 оны 02-р сарын 10-ны өдрийн 114-р шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2017 оны 04-р сарын 05-ны өдрийн 212/МА2017/00045 дугаар шийдвэр гарган 3 дахь удаагаа ажилд эргүүлэн тогтох шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг ноцтой зөрчсөн. Ш.Бердигүлийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гараагүй.
Иймд Ш.Бердигүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч Ш.Бердигүл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдуулан үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргажээ.
Баян-өлгий аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр Ш.Бердигүлийг 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.
Дээрх шийдвэрийг биелүүлэхдээ хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 63 тоот тушаал гаргаж, Ш.Бердигүлийг тус цэцэрлэгийн үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ /хэргийн 3 дугаар тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг үйлчлэгчийн ажилд томилоогүй, хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулахаар шаардсанаас гадна ажил үүргийг гүйцэтгүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангахдаа хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл, шүүхийн шийдвэрээр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон ажилтныг ажилд авах, байнгын ажлын байранд ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2017/00045 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болатын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ