Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 107

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би, Д.Ня*******ын нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хороонд холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-ны өдрүүдэд өгсөн хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9 дүгээр зүйлийн 9.8.4 дэх заалтыг баримталж анхны болон гомдол гаргасны дараах үнэлгээний голчоор эцсийн оноог тогтоосон Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны шалгалтын комиссын шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Д.Ня*******ын өгсөн шалгалтын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно” гэсний дагуу шалгалтад тэнцсэнд тооцсон шийдвэр гаргахыг Монголын хуульчдын холбооны Шалгалтын хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ня******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Д.Ня******* би тус шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах тайлбар хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 164 дүгээр шүүгчийн захирамжид бүрдүүлбэр хангуулах тухай заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголын Хуульчдын холбоонд гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/149 албан бичгээр “Хуульчийн Мэргэжлийн шалгалтын журмын 9.1-р зүйлийн 8.4 дэх хэсэгт 2 шатны үнэлгээний голчоор эцсийн оноог дүгнэсэн”-г судалж үзэн Хуульчдийн холбооны зөвлөлөөр хэлэлцэн хүчингүй болгох, өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тухай өргөдлийн хариунд дурджээ. 

Ингээд Хуульчдийн Холбооны Тамгын дарга Ц.Г*******той уулзахад “Бид холбооны зөвлөлийн дараагийн хурлаар шалгалтын шинэ журам боловсруулж батлуулах болно. Одоо байгаа журам хүчингүй болгоно. Шинэ журамд шалгуулагчийн эрх зүйн байдлыг дордуулдаг ингэж 2 үнэлгээг голчилдог заалтыг оруулахгүй саналтай байгаа” гэсэн болно. 

Иймд миний бие Хуульчдын холбооны шинэ журам батлагдсаны дараа /2017 оны 02-03 дугаар саруудад багтаж/ дахин хүсэлт гаргаж гомдлоо шийдвэрлүүлэн Хуульчийн гэрчилгээгээ авах юм байна гэсэн итгэл, үнэмшил төрсөн тул урьд гаргасан нэхэмжлэлээ дэмжихгүй нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлж байна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ня******* нь Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хороонд холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-ны өдрүүдэд өгсөн хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9 дүгээр зүйлийн 9.8.4 дэх заалтыг баримталж анхны болон гомдол гаргасны дараах үнэлгээний голчоор эцсийн оноог тогтоосон Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны шалгалтын комиссын шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Д.Ня*******ын өгсөн шалгалтын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно” гэсний дагуу шалгалтад тэнцсэнд тооцсон шийдвэр гаргахыг Монголын хуульчдын холбооны Шалгалтын хороонд даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”,66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан

байна. Иймд нэхэмжлэгч Д.Ня******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Д.Ня*******ад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ня******* нь Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хороонд холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 25-ны өдрүүдэд өгсөн хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9 дүгээр зүйлийн 9.8.4 дэх заалтыг баримталж анхны болон гомдол гаргасны дараах үнэлгээний голчоор эцсийн оноог тогтоосон Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны шалгалтын комиссын шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Д.Ня*******ын өгсөн шалгалтын даалгавар гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар “Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно” гэсний дагуу шалгалтад тэнцсэнд тооцсон шийдвэр гаргахыг Монголын хуульчдын холбооны Шалгалтын хороонд даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ