Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2019/0290

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 23 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0290

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Л.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, Н.Г нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127//ШШ2019/0002 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Л.Б нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Л.Б 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ээлжийн амралтын мөнгө болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127//ШШ2019/0002 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б ажилгүй байсан хугацааны олговор ........ /......./ төгрөг, ээлжийн амралтын олговор ....... /....../ төгрөг, нийт ........ /......../ төгрөгийг хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас гаргуулан, нэхэмжлэгч Л.Б олгож,

Нэхэмжлэгч Л.Б .......... төгрөгийг олгохдоо холбогдох татвар суутгалыг хийж, Л.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

..., Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 87 дугаар захирамжийг хүчингүйд тооцож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргах ба баталсан хуваарийн дагуу энэ зааврын 1 дүгээр хавсралтаар баталсан ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон ажилтанд олгоно” гэж заасан бөгөөд тус хэсэгт дурдсан календарийн жилийн эхний улирал гэдгийг жил бүрийн эхний 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө буюу 3 дугаар сарын сүүлийн өдөрт багтаан ээлжийн амралтын хуваарийг ажилтнуудын саналыг үндэслэн гаргах тухай ойлголт юм.

Ажил олгогч ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг батлахдаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдуулах нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой бөгөөд байгууллагын ажлын ачааллаас хамаарч ээлжийн амралт баталсан шийдвэртээ өөрчлөлт оруулах, ээлжийн амралтыг бүх ажилтнуудыг хамруулалгүй хэсэгчлэн батлах зэргийг тус заавраар хориглоогүй болно.

Нэхэмжлэгч Л.Б ээлжийн амралтын хуваарийг батлалгүй албаар орхигдуулаагүй бөгөөд түүний ээлжийн амралтын хуваарийг дээрх зааврын дагуу нэгдүгээр улиралд багтаан бусад ажилчдын хамт болон дангаар нь батлах боломжтой байсан юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...2018 оны ээлжийн амралтын хуваарь батлагдаагүй, дээд шатны албан тушаалтны ээлжийн амралт олгосон захирамж гаргаагүй гэсэн нь зөрчилтэй байна..., Ээлжийн амралтын хуваарь батлах тухай Б/02 дугаар захирамждаа Л.Б амралтын хуваарийг батлаагүй орхигдуулсан болох нь тогтоогдож байна..., иймээс Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт ...заасныг хариуцагч Б.Э өөрөө зөрчсөн” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Б “...2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн үдээс өмнө сумын Засаг даргатай уулзахдаа ээлжийн амралт авах тухайгаа ярилцсан бөгөөд Засаг дарга зөвшөөрсний дагуу тэр өдрөөс эхлэн амарсан” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн аудио бичлэг дээрх харилцан яриаг үндэслэж буй нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Учир нь тухайн өдөр Л.Б уулзахад бид зөвхөн Л.Б ээлжийн амралтын хуваарийн саналын талаар л ярилцсан байхад шүүх зөвшөөрсөн шийдвэр гаргасан мэт дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Сумын Засаг даргын “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу бичгээр гаргах захиргааны акт юм. Энэ тухай шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/229 дугаар албан бичгээр гаргасан хариу тайлбартаа тодорхой дурдсан бөгөөд ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирамжийг аман хэлбэрээр гаргаж болох захиргааны акт гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч Л.Б ээлжийн амралтын хуваарийг баталсан Засаг даргын захирамж гараагүй, ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүү болон Л.Б олгоогүй байхад дур мэдэн ажил хаяж 22 хоног ажил тасалсан үйлдлүүд нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.6-д “Ээлжийн амралт авсан албан хаагч орлох хүндээ албан бичгээр ажлаа хүлээлцэнэ” гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “ажилтан дотоод журам биелүүлэх үүрэгтэй” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захирах захирагдах ёс зарчим”, 4.2.3-д заасан “ард түмэнд үйлчлэх зарчим” зэргийг тус тус зөрчсөн байтал анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт мөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1, 121.2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлагагүй заалт оруулсныг хасч, дугаарт зохих өөрчлөлт оруулав.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал болон холбогдох хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тухайн байгууллагын нийт ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг хэрхэн батлах нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд харин энэ тохиолдолд бичгээр тушаал гаргаагүй байхад “амарсан” үйлдлийг нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгож буй нь буруу, өөрөөр хэлбэл ногдуулсан хариуцлага нь тухайн зөрчлийн шинж байдалдаа нийцээгүй, хүндэдсэн байна. 

Учир нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Тамгын газрын дарга Б.Э нэхэмжлэгч Л.Б 2018 оны ээлжийн амралтыг мөн оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тэдгээрийн утасны ярианы бичлэгээр тогтоогдож байна.

Л.Б нь 2018 оны ээлжийн амралтаа 2 дугаар сарын 1-нээс авах хүсэлтийг 1 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан байх бөгөөд 2 дугаар сарын 5-ны өдрийн ярианы бичлэгээс үзэхэд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 1-ний өдрөөс амралтаа авахыг зөвшөөрсөн агуулгатай байдаг. 

Хэрэгт авагдсан ярианы бичлэгийг хуурамч, монтажилсан гэж хариуцагчаас буруутгадаггүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанд оролцохдоо ч хариуцагч Б.Э “…Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж өгөх үед ярианы бичлэг, цаасанд буулгасан хувьтай танилцсан гэж тайлбарлахаас гадна өөрийн яриа биш гэж огт үгүйсгээгүй болно.

2 дугаар сарын 5-ны өдрөөс амарснаас хойш 20 гаруй хоногийн дараа буюу мөн сарын 28-ны өдрийн 1/52 дугаар албан бичгээр ээлжийн амралтын тушаал гараагүй тул ажил тасалснаар тооцох”-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Гэтэл Тамгын газрын дотоод журмын 3.5-д “…шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасны дагуу 2 дугаар сарын 8-ны өдрөөс хойш ажлын 22 хоног байхгүй байсан нэхэмжлэгчийг халаагүй, харин ч дээрх болон 3 дугаар сарын 3-ны өдөр 1/62 дугаар албан  бичгээр шаардлага хүргүүлж байсан зэргийг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид амаар амралтын зөвшөөрөл олгосны илэрхийлэл дүгнэхээр байна.

Мөн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуралд хариуцагчийн “…Л.Б ээжийн амралт хүссэн өргөдөл өгсөн, гэвч албан ёсоор амаар болон бичгээр чөлөө өгөх тухай хариу өгөөгүй…” гэх, үйлчлэгч, цаг бүртгэгч М.Б “…А.Х ээлжийн амралтын захирамж гарсан гэж хэлсэн. Дарга өөрөө ч ээлжийн амралтаа авчихлаа гэсэн учраас Л.Б бичгээр мэдэгдэх хуудас өгөөгүй ээ…” гэсэн тайлбар зэргээс үзэхэд амаар амралтаа ав гэж хэлснийгээ хариуцагч одоо үгүйсгэж буй мэт боловч тухайн үеийн утасны яриа болон М.Б энэхүү тайлбар, мөн цагийн бүртгэлд 2 дугаар сарын 28-ны хүртэлх хугацаанд амралттай гэж бүртгэсэн зэргээс үзэхэд ээлжийн амралтыг хариуцагчаас амаар олгосон гэж дүгнэх үндэстэй.

А.Х тухайд бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан, Засаг даргын зүгээс 2 дугаар сарын 5-ны өдрөөс Л.Б ээлжийн амралтын дугаарыг авчих гэж хэлж байсныг, мөн 2 дугаар сарын 28-ны өдөр Л.Б өөрөөс нь ээлжийн амралтын тушаал гарсан эсэхийг лавлахад, “…Засаг дарга байж бай гээд гаргаагүй байгаа...” гэж хэлсэн болохоо тэрбээр гэрчилдэг, гэвч одоогийн маргаан бүхий акт гарснаас хойш М.Б, А.Х нарын аль аль нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын 2018 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан атлаа зөвхөн Тамгын газрын дарга Л.Б амралтын хуваарийг батлаагүй байгаа нь нэхэмжлэгчээс үл хамаарна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 87 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай” гэж тусгасан эсэхээс үл хамаарах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байх тул тогтоох хэсгийг 5 дахь заалтыг хасав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хасч, “6”, “7” дахь заалтын дугаарыг “5”, “6” гэж тус тус өөрчлөн хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН