Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 34

 

“Мейкдифферэнс” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мишигдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч А.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваагэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалтай, “Мейкдифферэнс” ХХК-ний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлстийн татварын улсын байцаагч Н.Хандхүү, А.Энхтүвшин нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мишигдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Мейкдифферэнс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компанийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Энхтүвшин, Н.Хандхүү нар шалгалт хийгээд 250011213 дугаартай актаар нийт 525,284,934 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон, уг актыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөр хянан хэлэлцээд актаар тогтоосон нийт төлбөрөөс 295.935.2 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 229,349.9 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Манай компани 229,349.9 мянган төгрөгийн төлбөрөөс 11,331,274 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2011 онд борлуулсан орон сууцны үнэнд ногдуулсан 218,018,626 төгрөгийг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь  орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” гэсэн заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, худалдан авсан орон сууцнуудыг тухайн үед нь эрх бүхий байгууллагад бүртгүүлж, орон сууцны зориулалт бүхий “үл хөдлөх хөрөнгө” болохыг баталсан гэрчилгээг авч, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д “үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар татвар ногдуулна” гэсэн заалтын дагуу оногдох татварыг ногдуулан төлсөн.

Нийслэлийн татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор “... “Мейкдифферэнс” ХХК нь орон сууцны барилгыг зориулалтаар нь түрээслэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг, магадлагаанд ирүүлсэн баримтын хүрээнд 2011 онд борлуулсан 6 орон сууцыг хэдийгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа ч тэдгээрийг худалдаж авснаас хойш орон сууцны зориулалтаар ашиглан хэдий хугацаанд, хэнд, ямар зориулалтаар түрээсэлсэн, түрээсийн орлогыг хүлээн авсан санхүүгийн баримт, борлуулалтын тайланд бүртгэсэн түрээсийн орлого, нягтлан бодох бүртгэлийн бичилт зэрэг нотолгоо байгаагүй, нөгөө талаар өөрийн өмчлөлд бүртгүүлснээс хойш маш богино хугацаанд, өөрөөр хэлбэл 1-3 сарын дотор борлуулсан нь зориулалтаар ашиглах зорилго байгаагүй, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт-5 “Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө” шалгуур “Аж ахуй нэгж нь эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар үндсэндээ нөхөж олж авах бол уг хөрөнгийг “Борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө” гэж ангилна гэснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “бараа” гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг хангаж байгаа тул 2011 оны 1,507,996.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнэжээ.

Орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.2-т заасан “бараа гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг” гэсэн заалт хамаарах бөгөөд мөн хуулийн 13.1.18-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” гэсэн заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн, худалдан авсан орон сууцнуудыг тухайн үед нь эрх бүхий байгууллагад бүртгүүлж, орон сууцны зориулалт бүхий “үл хөдлөх хөрөнгө” болохыг баталсан гэрчилгээг авч, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д “үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар татвар ногдуулна” гэсэн заалтын дагуу оногдох татварыг ногдуулан төлсөн.

Маргаан таслах зөвлөл ...орон сууцууд одоогийн мөрдөгдөж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдаж үйлчлэхээс өмнө баригдаж ашиглагдсаар ирсэн, нөгөө талаар 1994 оноос өмнө орон сууц нь төрийн өмч байгаад худалдан борлуулах аливаа асуудал байгаагүй, Монгол улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас бусад хуулийг буцааж хэрэглэдэггүй, эдгээр хуучны орон сууцууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан “худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт хамаарахгүй юм” гэж дүгнэлт хийж, 2012-2013 онд борлуулсан орон сууцнуудын борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлсөн атлаа 2011 оныхыг үлдээсэн нь ойлгомжгүй бөгөөд Маргаан таслах зөвлөл татварын хуулийг дур зоргоороо тайлбарлах болсон, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартыг татварын тооцоололд шууд авч хэрэглэх талаар татварын хуульд ямар ч заалт байхгүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 250011213 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Татварын маргаан таслах зөвлөлөөс “Мейкдифферэнс” ХХК-аар хариуцуулан төлүүлэхээр тогтоосон 229,349.9 мянган төгрөгийн төлбөрөөс 2011 оны орон сууцны барилгын борлуулалтын орлого 1,507,996.3 мянган төгрөгийн зөрчилд оногдуулсан 218,018.6 мянган төгрөгийн татварын төлбөрийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Энхтүвшин, Н.Хандхүү нар гаргасан тайлбартаа: 2011 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 5 орон сууц, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1 орон сууц, нийт 6 орон сууцны зориулалттай байрыг худалдан аваад 3-87 хоногийн дотор буцаан борлуулсан нь орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнүүдээс харагдаж байна.

Нийт 6 орон сууцыг хэдийгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авсан байгаа ч тэдгээрийг худалдаж авснаас хойш орон сууцны зориулалтаар ашиглан хэдий хугацаанд, хэнд, ямар зориулалтаар түрээслэсэн, түрээсийн орлогыг хүлээн авсан санхүүгийн баримт, борлуулалтын тайланд бүртгэсэн түрээсийн орлого, нягтлан бодох бүртгэлийн бичилт зэрэг нотолгоо байгаагүй, нөгөө талаар өөрийн өмчлөлд бүртгүүлснээс маш богино хугацаанд, өөрөөр хэлбэл 3-87 хоногийн /1-3 сарын/ дотор борлуулсан нь Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт 5-д “Борлуулах зорилгоор эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгө” шалгуур нь “Аж ахуй нэгж нь эргэлтийн бус хөрөнгийн дансны үнийг үргэлжлүүлэн ашиглах замаар биш борлуулах замаар үндсэндээ нөхөж олж авах бол уг хөрөнгийг “Борлуулах зорилгоор эзэмшиж буй хөрөнгө” гэж ангилсантай адил байна гэж үзэж байна.

Худалдан борлуулсан 6 орон сууц нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг гэсэн болзлыг хангаж байгаа тул 2011 оны 1,507,996.3 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн байгаа нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 13 дугаар зүйлийн 13.1.8, 13.5-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 250011213 тоот актын 2011 онд орон сууц борлуулсны орлогод ногдуулсан нийт 218 018 626 /Хоёр зуун арван найман сая арван найман мянга зургаан зуун хорин зургаа/-төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.9, 13 дугаар зүйлийн 13.1.8, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 250011213 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Мэйкдифферэнс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мишигдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д "орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого"-ыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан. Хуулийн энэ заалтыг татвар төлөгч зөрчөөгүй, харин Татварын маргаан таслах зөвлөл, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрсдөө хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “..."Мэйкдифферэнс" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2011 онд 6 орон сууцыг худалдан авч 0-3 сарын дотор бусдад борлуулсан, худалдан авснаас хойшхи хугацаанд орон сууцыг орон сууцны зориулалтаар ашигласантай холбоотой баримт байхгүй зэргээс үзвэл уг орон сууцуудыг "орон сууцны зориулалтаар ашигласан" гэж үзэхээргүй байх тул татварын улсын байцаагчийн "уг орон сууц татвараас чөлөөлөгдөхгүй" гэж үзэж нөхөн татвар, хүү торгууль ногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ" гэжээ.

"Татварын улсын байцаагчийн актад авагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа орон байр гэж орон сууцны зориулалтаар ашиглалтанд оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн барилгыг" гэсэн заалт нь "Мейкдифферэнс" ХХК-ийн бусдад түрээслэсэн болон борлуулсан орон сууцнуудын тухайд үйлчлэхгүй, учир нь эдгээр орон сууцууд одоогийн мөрдөгдөж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль батлагдаж үйлчлэхээс өмнө баригдаж ашиглагдсаар ирсэн, нөгөө талаар 1994 оноос өмнө орон сууц нь төрийн өмч байгаад худалдан борлуулах аливаа асуудал байгаагүй, Монгол Улсад мөрдөж байгаа Эрүүгийн хуулиас бусад хуулийг буцааж хэрэглэдэггүй, эдгээр хуучны орон сууцууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан "Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт" хамаарахгүй юм" гэсэн Нийслэлийн татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх "хуулийн агуулгыг явцууруулан хэрэглэсэн" гэж дүгнэлт хийсэн байна.

Эдгээр 6 орон сууц нь "орон сууцны зориулалтаар ашиглалтанд оруулсан" бөгөөд өнөөг хүртэл зориулалт нь өөрчлөгдөөгүй хэвээр ашиглагдаж байгаа юм.

Орон сууцны зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон "Мэйкдифферэнс" ХХК-ийн 2011 онд худалдан борлуулсан 6 орон сууцтай адилхан байрлал, үзүүлэлт бүхий хэдэн орон сууцны борлуулалтад татварын алба нөхөн татвар, хүү алданги ногдуулсан юм бэ.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх татварын маргаантай асуудлыг татварын хууль тогтоомжинд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ татварын хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн тул шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

Жич: Татварын байцаагчийн 250011213 тоот актаар тогтоосон төлбөрөөс 11,331,2745 төгрөгийн алданги, хүү, торгууль зэрэг татварын төлбөрийг төлөхийг татвар төлөгч зөвшөөрч байсан. Татварын маргаантай асуудал үүссэнээс хойш Өршөөлийн хууль батлагдан гарсныг харгалзан үзэж, доорхи хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргаж байна.

"Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11-р сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд "Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж хэрэгжүүлэх нь зүйтэй...зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар төлбөр хураамж болох үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно." гэсэн тэмдэглэлийн заалтын дагуу дээр дурьдсан 11,331,275 төгрөгийн төлбөрөөс 6,449,309.10 төгрөгийн торгууль, 3,507,566.20 төгрөгийн алданги, нийт 9,956,875.30 төгрөгийн төлбөрийг хасах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч А.Энхтүвшин, Н.Хандхүү нар “Мейкдифферэнс” ХХК-ийн 2011-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн татварын улсын байцаагчийн 250011213 дугаар актын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “... а/ 2011-2013 онд нийт 3,444,541,950 төгрөгийн НӨАТ ногдох орон сууцны борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайланд тусгаагүй зөрчилд ... 302,662,480.70 төгрөгийн нөхөн татвар, 151,331,240.40 төгрөгийн торгууль, 907,987.40 төгрөгийн хүү, ...б/ 2013 онд 402,307,058.48 төгрөгийн НӨАТ ногдох түрээсийн орлогыг НӨАТ-ын тайланд тусгаагүй зөрчилд ... 35,322,060.20 төгрөгийн нөхөн татвар, 17,661,030.10 төгрөгийн торгууль, 105,966.20 төгрөгийн хүү ногдуулах”-аар тогтоожээ.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 6 дугаар тогтоолоор “... 2012 онд борлуулсан 4 орон сууц, 2013 онд борлуулсан 3 орон сууцыг ... түрээслэж байсан нь түрээсийн гэрээгээр нотлогдсон, ... худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууц биш тул ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 ... –д нийцэж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө” гэх үндэслэлээр актаар тогтоосон “...2012, 2013 онд орон сууц худалдан борлуулсан, орон сууц түрээсэлсний орлогод ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги”-ийг хасч, төлбөрийн хэмжээг багасган, 2011 онд худалдан борлуулсан 6 орон сууцны хувьд “... зориулалтаар нь ашиглах зорилго байгаагүй, түрээсэлсэн нотолгоо байхгүй, ... өөрийн өмчлөлд бүртгүүлснээс хойш маш богино хугацаанд зарж борлуулсан” гэх үндэслэлээр уг зөрчилд холбогдох, актаар тогтоосон 218,018,626.92 төгрөгийн төлбөрийн хэвээр үлдээж шийдвэрлэснийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар тогтоолоор хэвээр баталсан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Мейкдифферэнс” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг, 2011-2013 оны хооронд маргаан бүхий захиргааны актад дурдсан үл хөдлөх хөрөнгө - орон сууцны зориулалттай байруудыг аж ахуйн үйл ажиллагааныхаа хүрээнд (ашиг олох зорилгоор) худалдан борлуулсан, уг орон сууцны барилгууд нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1-40000–тын 1990-д оноос өмнө орон сууцны зориулалтаар баригдаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль үйлчлэхээс өмнө ашиглалтад орсон, талууд эдгээр үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч  “... орон сууц худалдан борлуулсны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө” гэж, хариуцагч “... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “... “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг”,  4 дүгээр зүйлийн 4.1.9-д “... “орон сууцны зориулалтаар ашиглагдаж байгаа орон байр” гэж орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан барилгыг” ойлгохоор, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “/дараах барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө/ ...орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” гэж тус тус зааснаас үзэхэд орон сууцны зориулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд зориулалтаар нь ашиглаж байгаа барилга – орон сууц нь “бараа” мөн бөгөөд  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу уг “бараа”-г худалдан борлуулсны орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий  250011213 дугаар актаар орон сууц худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа “... /уг орон сууцны байруудыг/ нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээр худалдан авсан”, “... орон сууцыг худалдан аваад зориулалтын дагуу ашиглаагүй, маш богино хугацаанд эргүүлэн зарсан” гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль үйлчлэхээс өмнө баригдаж, ашиглалтад орсон, худалдан борлуулсан “хуучны” орон сууцны хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан “...энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан /байх/” гэсэн шаардлага тавигдах, нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн тооцох хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ орон сууц өмчлөгч нь уг орон сууцыг бусдад түрээслүүлсэн, өөрөө амьдран суусан, эсхүл хоосон хадгалж байсан үйл баримт нь уг орон сууцыг борлуулсан орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хуульд заасны дагуу чөлөөлөхөд нөлөөлөхгүй. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “...орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” –ыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заасныг давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахдаа “... /уг заалт нь/ орон сууцыг ... хүний анхдагч хэрэгцээгээ хангах зориулалтаар ашигласантай холбогдуулж, тухайн орон сууцаа борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” гэсэн нь борлуулалтын орлогыг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх “бараа”-г нэрлэн заасан материалллаг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн дээрх заалтаас үзэхэд “орон сууцыг хэн, ямар зорилгоор борлуулсан” эсэх талаар аливаа субьектив нөхцөл тавиагүй, “борлуулсан үл хөдлөх хөрөнгө” нь орон сууцны зориулалтаар баригдсан, орон сууцны зориулалтаар ашиглагдаж байх обьектив нөхцөл шаардсан, нэхэмжлэгчийн 2011 онд худалдан борлуулсан 6 байр нь анхнаасаа орон сууцны зориулалтаар баригдсан, орон сууцны зориулалтаар ашиглагдаж байсан байх тул уг заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзнэ.

 Өөрөөр хэлбэл, орон сууцны байрыг зориулалтыг өөрчилж, үйлчилгээ, оффисийн зориулалтаар ашиглаагүй тохиолдолд нэхэмжлэгч эдгээр байруудыг өөрийн өмчлөлд байлгах хугацаандаа бусдад түрээслүүлсэн баримт байхгүй, худалдаж аваад “маш” богино хугацаанд буцаан зарсан, (хоосон) хадгалж байсан зэрэг нь уг байрыг “орон сууцны зориулалтаар ашиглаагүй” гэх үндэслэл болохгүй, аливаа этгээд орон сууц худалдан аваад буцаагаад зарсан тохиолдол бүрийг “орон сууцны зориулалтаар ашиглахтай холбогдуулж борлуулсан” эсхүл “ашиг олох зорилгоор борлуулсан” гэх зэргээр ялган тогтоох боломжгүй юм.

Түүнчлэн, нэгэнт “аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд”, “ашиг олох зорилгоор” борлуулсан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр (орлого)-ыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй талаар хуулийн хязгаарлалт байхгүй тул нэхэмжлэгч “Мейкдифферэнс” ХХК-ийн 2011 онд 6 орон сууцны байр борлуулсан борлуулалтын орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасан “...орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого” –ыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамаарагдаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэж үзлээ.

Иймд “давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ... заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 11,331,275 төгрөгийн төлбөрөөс 6,449,309.10 төгрөгийн торгууль, 3,507,566.20 төгрөгийн алданги, нийт 9,956,875.30 төгрөгийн төлбөрийг ...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хүсэлт” ирүүлсэн, хүсэлтэд дурдсан 11,331,275 төгрөгийн төлбөрт хамаарах зөрчлийн үйл баримт, нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээний талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй, уг асуудлаар аливаа дүгнэлт, шийдвэр гаргаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт гаргах боломжгүй  байна.

Татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч “Мейкдифферэнс” ХХК-нд оногдуулсан захиргааны шийтгэл, татварын торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн хамруулах талаар хариуцагчийн шийдвэр гаргах эрхийг энэхүү тогтоол хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХТУЯА