Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1418

 

 

Б.Бота, Б.Серикжан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/0008 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Б.Бота, Б.Серикжан нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

            Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

            Нэхэмжлэгч Б.Бота, нэхэмжлэгч Б.Серикжаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Б.Бота,

            Нэхэмжлэгч Б.Серикжаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.Бота, Б.Серикжан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Бота, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Бота, Б.Серикжан нар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1 дүгээр хороолол 32 дугаар байрын 147 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх хөрөнгийн 000273116 дугаар гэрчилгээтэй 12 м.кв талбайтай орон сууцыг 2009 онд өргөтгөн "Их соёл" нэртэй кафег ажиллуулж байснаа 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн З.Лхагвасүрэнд 263 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иргэн З.Лхагвасүрэн нь кафег хэвийн ашиглаж байснаа 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тухайн кафег өргөтгөх гэтэл бичиг баримт нь хэрэгтэй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, сүүлдээ гэрээнээс татгалзсан. Энэ нэхэмжлэлтэй хэргийг гурван шатны шүүхээр хянан хэлэлцээд Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор худалдан авагч гэрээнээс татгалзсан, худалдсан эд хөрөнгө доголдолтой гэсэн үндэслэлээр хариуцагч Б.Бота, Б.Серикжан нараас 263 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгож, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1 дүгээр хороолол 32 дугаар байрны 147 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт нэхэмжпэгч З.Лхагвасүрэнгээс гаргуулж, хариуцагч Б.Бота, Б.Серикжан нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 353 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба төлбөрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 27 500 000 төгрөг төлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бидний өмчийн "Их соёл", "Дөл" нэртэй үйлчилгээ явуулж байгаа хоёр кафег битүүмжилсэн ба шийдвэр гүйцэтгэгч "Танай кафенуудыг дуудлага худалдаанд оруулахаас өмнө үнийн санал дээр төлбөр төлөгч, авагч нар харилцан санал нийлээгүй тул шинжээч томилсон" гэж мэдэгдсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх алба "Бэсгэ" ХХК-ийг шинжээчээр томилсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчин гэх хоёр хүн ирж хэмжилт хийсэн ба нэг үнэлгээчин буюу шинжээч нь өөрийгөө Бадамлянхуа гэж танилцуулсан боловч үнэлгээ хийх эрх олгосон бичиг баримт болон өөрийнхөө хэн болохыг баталсан бичиг баримтаа үзүүлээгүй хэмжилт хийсэн. Миний хувьд шинжээчийн бүрэлдэхүүнд эргэлзээ төрж байна. Бичиг баримтаа үзүүлээч гэж хэлэхэд бид хэмжилт хийдэг эрх бүхий хүн, дүгнэлт компаний нэрээр гарна, хэн хийх нь та нарт хамаагүй гэсэн. Мөн "Их соёл" кафены барилгын чанар байдлыг төлбөр авагч тал 2 жил эзэмших хугацаандаа муутгасан нь үнэлгээнд нөлөөлөх тул тэмдэглэлдээ тусгаач гэж хүсэхэд "Та нараар заалгахгүй олон жил үнэлгээ хийсэн, энэ бидэнд хамааралгүй асуудал гэж хариу хэлж байсан. Үл хөдлөх хөрөнгийг зөрүүтэй хэмжсэн. Шүүхийн шийдвэр, УДШ-ийн тогтоолоор 82 м.кв талбай гэсэн байхад 62 м.кв гэж тогтоосон учраас үнэлгээ бага гарах нь ойлгомжтой. Бид өөрсдөө хэмжиж үзэхэд 72 м.кв байсан. Хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийсэн, зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн. Шинжээч нар "Их соёл" кафег 107 013 424 төгрөгөөр, "Дөл" пабыг 103 557 566 төгрөгөөр үнэлсэн "Бэсгэ" ХХК-ийн үнэлгээ эргэлзээтэй гарсан тул үнэлгээг хүчингүй болгуулна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Алтанзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 652 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Б.Бота, Б.Серикжан нараас 263 000 000 төгрөгийг гаргуулж З.Лхагвасүрэнд олгож, Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 1 дүгээр хороолол 32 дугаар байрны 147 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт нэхэмжлэгч З.Лхагвасүрэнгээс гаргуулж, хариуцагч Б.Бота, Б.Серикжан нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 32 дугаар байрны 147 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 17 хороо, 32 дугаар байрны 0 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт тус тус 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 130/05 тоот актаар битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 тоот актаар хураасан. Төлбөр төлөгч Б.Серикжан, Б.Бота нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны 147 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 363 000 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 0 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 350 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Энэхүү үнэлгээг төлбөр авагч З.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 116 тоот тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр "Бэсгэ" ХХКомпанийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөндлөнгийн шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 147 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 107 013 424 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны 0 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 103 557 566 төгрөгөөр тус тус үнэлсэн ба үнэлгээг төлбөр төлөгч Б.Ботад 3/43529 тоот албан бичгээр, Б.Серикжанд 3/43528 тоот албан бичгээр мэдэгдсэн. Тус албанаас шинжээчээр томилсон "Бэсгэ" ХХКомпани нь үнэлгээ хийх хууль ёсны эрх бүхий хуулийн этгээд бөгөөд үнэлгээг газар дээр нь очиж хэмжилт судалгаа хийн, үнэлгээний 3 аргачлалын дагуу үнэлсэн. Үнэлгээг бодитой үнэн зөв, зах зээлийн" ханшид нийцүүлэн үнэлсэн гэж үзэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 12/285 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарсан боловч албадан дуудлага худалдаа явагдаагүй, учир нь шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн захирамжаар түдгэлзүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны 147 тоот 12 м.кв, Сонгинохайрхан дүүргийн 17 хороо 32 дугаар байрны 0 тоот 18 м.кв талбай бүхий орон сууцыг өргөтгөж кафе болгосон, энэ өргөтгөл нь зөвшөөрөлгүй учраас энэ байдал үнэ ханшид нөлөөлнө. Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгааг нотлож чадахгүй байна. Гэрчилгээгүй өргөтгөл бөгөөд 72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө гэж юуг үндэслэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь тодорхойгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн м.кв зөрүүтэй гарсанаар дээрх хөрөнгийн үнэ буурсан гэдэг нь үндэслэлгүй. Шинжээч Д.Санжийн тайлбараар үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлсэн гэж тайлбарласан нь бодит байдалтай нийцэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Доржбат шүүх хуралдаанд тайлбартаа: Улсын дээд шүүхийн тогтоолоор Б.Бота, Б.Серикжан нараас 263 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэн өдийг хүртэл төлбөр төлөхөөс зайлсхийж элдэв арга ашиглаж ирсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад хандсан цагаас хойш 4 cap өнгөрч байгаа бөгөөд миний бие өнөөдрийг хүртэл хохирсоор байна. Бид тухайн үед итгэж 263 000 000 төгрөгөөр худалдан авсан боловч өргөтгөл нь бохир усны шугам дээр барьсан учраас гэрчилгээ гараагүй, энэ байдал үл хөдлөх хөрөнгийн үнэ буурахад нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь бид худалдан авах үед бохир усны шугам хоолой дээр өргөтгөл хийсэн гэдгийг мэдээгүй. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв-ыг буруу хэмжсэн гэж тайлбарлан үнэ буурсан гэж хэлж байна. Хөндлөнгийн хараат бус шинжээч үнэлсэн учраас үнэлгээ үндэстэй гарсан гэж үзэж байна гэжээ.

 

Шинжээч Д.Санж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид байрны үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт, Барилгын тухай хууль, бусад барилгын норм дүрмүүдийг баримталж үнэлгээг хуулиар зөвшөөрөгдсөн үнэлгээний 3 аргыг хосолж өнөөгийн зах зээлийн дундаж үнээр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлгээг хүчингүй болгох асуудлыг шүүх шийддэггүй бөгөөд хуулийг хэрэгжүүлэхээр Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалын дагуу Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн хамтын мэргэжлийн зөвлөл итгэмжлэгдсэн шинжээч үнэлгээчдээ томилж зөвлөлийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар үнэлгээг хүчингүй болгох, хэсэгчлэн хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэдэг. Үүний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргах журамтай. Харин шаардлагатай гэж үзвэл шүүх үнэлгээг хүчингүй болгохгүйгээр дахин шинжээч томилдог. Манай компани өөрсдийн үнэлгээнд мэргэжлийн алдаа гаргаж буруу үнэлсэн гэж үзэхгүй байна. Бүх бичиг баримттай танилцаж газар дээр нь чанар байдлыг шалгаж хэмжилт хийхэд уг хоёр кафе нь "Дөл" нэртэй үйлчилгээний объект нь байрны 00 тоотын 12 м.кв талбайтай өрөөг гадагш нь цоолж өргөтгөл барьсан. УБ хотын ерөнхий менежерийн 2010 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тушаалын хавсралтаар 12 м.кв талбайдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бөгөөд зөвхөн энэ талбайдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй. Өргөтгөл барих зөвшөөрөл өгөгдөөгүй байна. Мөн уг өргөтгөл нь уг орон сууцны бохирын шугам дээр баригдсаныг, шүүхийн захирамжийн дагуу Ус суваг ашиглалтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/290 тоот тушаалаар 3 хүнтэй мэргэжлийн шинжээч томилогдож "Их соёл" кафены барилга нь уг орон сууцны бохирын шугам дээр баригдсан бохир ус цуглуулах салбар шугамнаас 1.5 м зайтай байна. Энэ нь Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, 17.14 дэх хэсэгт заасан заалтуудыг маш ноцтой зөрчсөн байна гэж дүгнэжээ. Энэ нь уг 2 өргөтгөлийг цаашид ашиглах эрх зүйн үндэслэлгүй болгож үнэгүйдэж байгаа хэрэг юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.1 дэх заалтыг баримталж үнэлгээнд харгалзан үзсэн болно. Үнэлгээний хуульд зааснаар үнэлгээний зөвшөөрөгдсөн гурван аргаар үнэлгээг тооцож аль тохиромжтойг нь сонгож үнэлдэг. Бид энэ журмын дагуу зардлын, зах зээлийн, орлогын гэсэн 3 аргаар уг объектыг үнэлж зах зээлийн хандлагаар тооцсон үнээр дундажлан үнэлсэн болно. Зах зээлийн арга гэдэг нь тухайн байршилд буй ижил төстэй объектуудыг борлуулахаар зарлагдсан үнийн мэдээллийг ашиглаж үнэлэхийг хэлдэг. Бид Барилгын мэдээлэл сэтгүүл, ОСМО компаниудын зар, судалгааг ашиглаж үнэлсэн учраас үнэлгээ бодит байдалтай нийцэж гарсан гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Бота, Б.Серикжан нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бота, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх албанаас бидний өмчийн хөрөнгийг эрх бүхий бус шинжээч нараар үнэлүүлж, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэ тогтоож, улмаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шинжээч нар бидний өмчийн “Их соёл” кафег ажиллуулж байсан байрны хэмжээг буруу тогтоосон. Энэ барилга нь өргөтгөлийн хамт 82 м.кв хэмжээтэй гэдгийг төлбөр авагч тал өмнөх шүүхийн шийдвэрийг ярьсан. Үл хөдлөх хөрөнгийн хэмжээг зөв хэмжиж тогтоогоогүй байхад үнэ нь зөв гарахгүй юм. Иймд үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт болох сонингийн зарыг үнэлээгүйд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бота, Б.Серикжан нар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой үнэн зөв, зах зээлийн ханшинд нийцүүлэн үнэлсэн гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 652 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор хариуцагч Б.Бота, Б.Серикжан нараас 263 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Лхагвасүрэнд олгож, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 147 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт нэхэмжлэгч З.Лхагвасүрэнгээс гаргуулж, Б.Бота, Б.Серикжан нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.                                                                          /хх-40-42, 148-150/

 

Уг шийдвэр, тогтоолын биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч Б.Бота, Б.Серикжан нарын эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 147 тоот 12 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөлийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 00 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөлийн хамт тус тус битүүмжилж, хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.                                                                                                  

/хх-44-45 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Б.Серикжан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 147 тоот үл хөдлөх хөрөнгийг 360 000 000 төгрөгөөр, Б.Бота 363 000 000 төгрөгөөр, мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бота 350 000 000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч З.Лхагвасүрэн зөвшөөрөхгүй үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

/хх-49-51 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 116 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 147 тоот үл хөдлөх хөрөнгийг 107 013 424 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 103 557 566 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.                                                                                                              /52-58 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж үзэж, хэмжилт хийсэн Д.Бадамлянхуа нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийсэн гэх гомдол үндэслэлгүй байна.                                                        /хх-125 дугаар тал/

 

Мөн нэхэмжлэгч нар нь маргаж буй “Их соёл” үйлчилгээний обьектыг талбайн хэмжээг буруу хэмжсэн, хоёр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнээр үнэлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй гэж үзнэ.                                                                                                              

/хх-67-69 дүгээр тал/

 

“Их соёл” үйлчилгээний обьектын өргөтгөлийн талбай улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ талаар шинжээч Д.Санжийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ