Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 10

 

Э.Э-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                          М.Очбадрах

Хохирогч                                           К.Е-

Ялтан                                                 Э.Э-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Э-од холбогдох эрүүгийн 201509000567 тоот хэргийн дугаартай, 171/2016/0088/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1975 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга Солдат 2 дугаар гудамжны 9 тоот хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 1б байрны 15 тоотод хамтран амьдрагч Б.Уранчимэгийн хамт оршин сууж байсан, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Э-ийн Э- /регистрийн дугаар: МА75020614/,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Э- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 1б байрны гадна иргэн К.Сериктэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бусдын амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Шүүгдэгч Боржигон овогт Э-ийн Э-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-од оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Э-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 489 /дөрвөн зуу наян ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,.

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-оос оршуулгын зардалд 4,149,260 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан баг, 1 дүгээр баг, 2-27 дугаар байрны 08 тоотод оршин суух, ам бүл 3, одоо “Болд Төмөр Ерөө гол” ХК-д жолооч ажилтай, Жадык овогт К-ийн Е- /Регистрийн дугаар:ТЯ66032316/-д олгож, 1,313,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Э-ыг 200,000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор... тус тус заажээ.

Ялтан Э.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Хохирогчийн санаатай миний эрх, эрх чөлөөнд халдахдаа хатуу мохоо зүйл болох чулуугаар ар нуруу, цээж рүү удаа дарааллан цохиж “чамаас болж дүү надад уурлалаа, ална даа чамайг” гээд цохиход миний бие өөрийгөө хамгаалж гарт байгаа чулууг нь алдуулах зорилгоор барьцалдан унасан, энэ нь тухайн хүнийг санаатай алах сэдэл агуулаагүй бөгөөд харин санаа сэтгэл минь хүчтэй цочирсон байх боломжтойг прокурор тогтоолгүйгээр шууд онц хүндээр зүйлчилсэнд гомдолтой байна

Онц хүнд гэмт хэргийн үзлэгт прокурор өөрийн биеэр байлцах ёстой байхад хохирогчийн өөрийн мэдүүлсэн “чамаас болж бид 2 муудалцлаа” гэсэн үгийн дагуу Табысбек, Бадамцэцэг нарын гэрт үзлэг хийгээгүй, мөн үзлэгийг тухайн хэрэг болмогц цагдаагийнхан хийгээгүй нь үнэн ул мөрийг устахад хүргэсэн.

...Гэрч Бадамцэцэг хэлэхдээ “хохирогчийн толгойн баруун талд дэвссэн” гэсэн нь хохирогчийн толгойд үүссэн шархтай нийцээгүй бөгөөд гэрч шууд санаатай гүтгэснийг харуулж байна.

...Миний бие хохирогчтой муудалцаж хэрэлдээгүй, нэг ч үг хоорондоо яриагүй байхад хохирогч шууд миний нуруу руу цохиж, эргээд хармагц цээж рүү цохисон бөгөөд энэ үед би биеэ хамгаалж барьцалдсанаас хойшихыг нь яг тийм гэж үйлдлээ бусдын тулгаснаар ойлгодгоос яг санадаггүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Ялтан Э.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна “ гэв.

Хохирогч К.Е- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би ялтан Э.Э-оос анхан шатны шүүх хуралдааны шатанд “чи архи уусан уу” гэж асуухад уугаагүй, гэрч нарыг танихгүй гэж хэлж байсан, гэтэл одоо архи хамт уусан, гэрч нарыг танина гэж хэлж байгааг гайхаж байна. Хохиролд 200.000 төгрөг авсан” гэв.

Улсын яллагч М.Очбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Э-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 1б байрны гадна иргэн К.Сериктэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Э.Э-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Э.Э-ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 207 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Э.Э-ын “...миний бие өөрийгөө хамгаалж гарт байгаа чулууг нь алдуулах зорилгоор барьцалдан унасан, энэ нь тухайн хүнийг санаатай алах сэдэл агуулаагүй бөгөөд харин санаа сэтгэл минь хүчтэй цочирсон байх боломжтойг прокурор тогтоолгүйгээр шууд онц хүндээр зүйлчилсэнд гомдолтой байна...” гэх  үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Ялтан Э.Э- нь К.Серикийн амь насыг санаатай хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч К.Есдуалетын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 5-6 хуудас/, гэрч К.Табысбекийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 8, 2-р хавтас хх-ийн 279-280 хуудас/, гэрч Р.Бадамцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 9 хуудас, 2-р хавтас хх-ийн 277-278 хуудас/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 10-11 хуудас/, гэрч Ю.Батзоригийн мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 269-270 хуудас/, гэрч Г.Борхүүгийн мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 271 хуудас/, гэрч Г.Гантөмөрийн мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 272-273 хуудас/, гэрч Л.Мөнхнарангийн мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 303 хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас, хх-ийн 27-29 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хавтас, хх-ийн 263-266 хуудас/, шинжээч эмч Д.Туяагийн мэдүүлэг /2-р хавтас хх-ийн 284 хуудас/ 2015 оны 08 сарын 06-ны өдрийн №83 тоот Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн №83 шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 25-27 хуудас/,  2015 оны 08 сарын 06-ны өдрийн №966 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 44 хуудас/ №85/15 тоот Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа /1-р хавтас, хх-ийн 48 хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5984 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хавтас, хх-ийн 392 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд ялтны санаа сэтгэл нь хүчтэй цоцрон давчидсанаас К.Серикийг санаатай алсан гэх байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс ялтны үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа болон ялтан, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн он сар, өдрийг зөрүүтэй бичсэн, мөн ялтны цагдан хорих хугацааг тооцохдоо 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл... гэж он сар өдрийг буруу ташаа бичсэн зөрчил гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                    Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                       Б.МАНЛАЙБААТАР