Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 146

 

Г.Л- О.О- нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Р.Атарцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар магадлалтай, О.О-, Г.Л- нарт хэргийг шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдол, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхбаярын бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 3, ***, ял шийтгэлгүй, Б овогт О-н О-,

2. Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, ***, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Гунгаанамжилын Л-.

О.О- Г.Л- нар нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Э-ын 1 тооны хээр зүсмийн нас бие гүйцсэн адууг 2017 оны 07 дугаар сард хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.О-, Г.Л- нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-, Г.Л- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.О-, Г.Л- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Р.Атарцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Магадлал хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, ...дээд шатны прокурорын 32 тоот эсэргүүцлээр хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. ...Өмгөөлөгчийн хувьд эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг тайлбарласан. ...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 хэсэгт өөрчлөлт оруулсан боловч мөн хуулийн 7.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт ороогүй нь энэ хоёр заалт хоорондоо уялдах боломжгүй нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдалтай байгааг анхаарах ёстой.

Өөрөөр хэлбэл энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар “Тогтооно” заавал биелэгдэх шинжтэй заалт гэж ойлгогдоно. Гэтэл мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 заалтаар “Тогтоож болно” гэсэн нь шүүх үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож ч болно тогтоохгүй байж ч болно гэсэн сонгон хэрэглэх боломжийг олгосон заалт гэж ойлгогдож байгаа тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулах санал тавьсан боловч давж заалдах шатны шүүх эсэргүүцэл болон өмгөөлөгчийн тайлбарыг хэрхэн үнэлж цэгнэж байгаа нь тодорхойгүй үлдсэн.

...магадлалын тодорхойлох хэсэгт прокурор Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх талаар тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ гэсэн байдаг.

Харин ч Эрүүгийн хуулийн 1.8 дугаар заалтаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлогдоно гэж хуульчилсан. Шүүгдэгч О.О- нь 2017 оны 10 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлд мал хулгайлах гэсэн тусгайлан зүйл заалтыг хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь заалтаар олон тооны мал, 17.12 дугаар зүйлийн З дахь хэсэгт байнгын, зохион байгуулалтай бүлэглэл гэсэн нэршил заагдсан.

Үүнийг Дээд шүүхийн 2019.03.29-ний өдрийн 153 тоот тогтоолоор тайлбарласан байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн энэ заалтад 2020.01.16-ны өдөр өөрчлөлт оруулж 17.12 дугаар зүйлийн 2.2-т бүлэглэж гэсэн нэршлийг хуульчилсан. Тиймээс О.О-ын үйлдэлд ялыг хүндрүүлэх, хүнд зүйл ангийг буцаан хэрэглэх, улмаар 2017 оны үйлдэлд 2020.01.16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бүлэглэн гэдэг хүндрүүлэх нөхцөлийг хэрэглэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр заалт нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар ....гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан. О.О-ын үйлдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтаар зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлэх, шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдлыг зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан. Гэтэл зүйлчлэлийг өөрчлүүлэх, ялыг хүндрүүлэх үүднээс хэргийг прокурорт буцааж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Магадлалд ...Галт-Одын нас барсны тухай баримт хавсаргасан нь энэхүү баримт нь хэрэгт ямар хамааралтай талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэжээ. Талийгаач Д.Г- гэмт хэрэг үйлдэх санааг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нас барсан тул түүнийг нотлох зорилгоор мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг хэрэгт хавсаргасныг хэн ч уншаад үүнийг ойлгоно.

Мөн магадлалд ....шүүгдэгч нарт ялыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлоогүй гэж дүгнэлт хийсэн нь УИХ-ын 2019.03.26-ны өдрийн 27 дугаар тогтоолд заасан ... хүндрүүлэхийг хориглосон заалтыг зөрчиж байна гэж үзэхээр дүгнэлт давж заалдах шатны шүүх хийсэн.

Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Т.Мөнхбаяр хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ ...Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс О.О-, Г.Л- нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасныг баримтлан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлсний үндсэн дээр тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхойлон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Энэ талаар анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, шүүгдэгч нарыг мөн зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн үндэслэлтэй байсан.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Д.Г- нь нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.О-, Г.Л- нарт холбогдох хэргийг прокурорт буцааснаар чухам ямар ажиллагааг нэмж хийлгүүлэх талаар тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмын агуулгад нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Эсэргүүцлийг дэмжихгүй байна. Прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг хэрэглэх, энэ гэмт хэрэгт оролцсон Батболдын үйлдлийг дүгнээгүй гэсэн үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. Л-ын үйлдэл нь тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч О- нь хохирогч Эрдэнэболдын нэг тооны адууг бэлчээрээс нь тууж хашаанд хашаад нядалж байх үйл явцын дараагаар тээврийн хэрэгсэлтэй ирдэг. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн мал хулгайлах гэмт хэргийн хамтран оролцогч буюу хамжигч уу, эсхүл гэмт хэргийн замаар олсон адуу гэдгийг мэдсээр байж энэ үйлдэлд оролцож тухайн малыг борлуулж зарсан мөнгөнөөс 300.000 төгрөг аваад байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй юу гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй.

Шүүгдэгч Л-ын тухайн үед унаж ирсэн ***УБЦ дугаартай цагаан өнгийн “Королла” загварын тээврийн хэрэгсэл нь хэний өмч болох, ямар үнэлгээтэй болох талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох асуудал дээр тодорхой ажиллагаа хийгдээгүй байна. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдол зэргийг үндэслэн О.О-, Г.Л- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.О-, Г.Л- нар нь 2017 оны 07 дугаар сард бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “49 дүгээр точка” гэх газраас иргэн С.Э-ын 1 тооны хээр зүсмийн морийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх О.О-, Г.Л- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон нэг хүн нас барсны улмаас түүний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу шүүгдэгч О.О-, Г.Л- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдгээрийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдэнд дээрх зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны зохицуулалт буюу гэмт хэргийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу тодорхойлдог эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмыг хангалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль болон сүүлд батлагдсан хуульд зааснаар тодорхой гэмт хэргийн шинж өөрчлөгдөөгүй, эсхүл шинэ хууль агуулгын хувьд хөнгөн хуульд тооцогдохгүй байгаа бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тусгайлсан зарчим, ойлголт хөндөгдөхгүй, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу зүйлчлэн шийдвэрлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” ойлголт нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Хууль үйлчлэх цаг хугацаа” гэсэн эрх зүйн нийтлэг хэм хэмжээнээс урган гарсан тусгай зохицуулалт бөгөөд гагцхүү шинээр батлагдсан хуулийн хэм хэмжээг өмнөх үйл баримтанд хэрэглэхтэй уялдан үүсдэг тул шүүх гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийг хэрэглэх үндэслэлийг тогтоохдоо “хууль буцаан хэрэглэж байгаа” гэсэн дүгнэлт хийж буй нь хууль хэрэглээний алдаа буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогдоно.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчлагдсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинжийг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

Гэтэл гэмт хэрэг, ял шийтгэлийг хуулиар тодорхойлж, хэрэглэх эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчим болон “Эрүүгийн хууль буцаан хэрэглэх” хэм хэмжээний ойлголт, агуулгыг хооронд нь хольж буруу тайлбарлан, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу нэмэгдсэн “ бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжээр шүүгдэгч нарыг үйлдлийг зүйлчлэх эсэх талаар дүгнэлт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг оногдуулах нь заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин шүүх сонгон оногдуулах боломжтой зохицуулалт байсан бөгөөд сүүлд батлагдсан хуулийн дагуу заавал хэрэгжих императив шинжтэй хэм хэмжээ болж батлагдсан тул О.О-, Г.Л- нарт анхан шатны шүүхээс албадлагын арга хэмжээ хэрэглээгүй гэсэн прокурорын эсэргүүцэл мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч, прокурор Т.Мөнхбаярын бичсэн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                           Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН