| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0110/э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б. Э холбогдох эрүүгийн 1911000740059 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Э, 1984 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол 14 дүгээр байрны 20 тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20283 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 00 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-
283 тоотод төрсөн ах болох хохирогч Б.Отгонбаяртай хувийн таарамжгүй
харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Отгонбаярын хүзүүн тус газар нь
хутгаар зүсэж, эрүүл мэндэд хүзүүнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төрсөн дүү Энхбатыг намайг унтаж байхад согтуу сэрээгээд юм яръя гэснээс болж маргаан үүсээд би дүүгээ унт гээд нэг удаа алгадсанаас болж над руу хутга барьж байгаад хүзүү рүү хатгасан... Шөнө дунд 24 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү Энхбат намайг дуудаад босоод ир гээд байсан учир би нойроо харамлаж босч ирэхэд дүү архи уучихсан халамцуу байсан. Чи одоо унтаж амар гэхэд унтахгүй өөдөөс юм ярьж сууя гээд байсан учир чи яах гээд байгаа юм бэ нэг бол унтаж амар нэг бол зайл гээд түүний нүүр лүү цохитол газар унасан. Тэгээд дүү уурандаа босоод хоол хийдэг хутга бариад намайг ер нь айлгах гээд ойртоод ирсэн. Энэ үед нь би түүнийг зүгээр унтаж амар яах гээд байгаа юм бэ гэтэл өөдөөс хутга чичээд явуултал хүзүүний зүүн хэсэгт зүсэгдэж, цус гарсан тул би гадагш гарч аавындаа ороход аав цагдаа болон түргэн тусламж дуудсан. Дүү маань хоол хийдэг хар өнгийн иштэй хутгаар намайг хатгасан...” гэжээ /хх-16-18/.
Б.О нь гэрчээр мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гадуур гарч миний танилын төрсөн өдөр болсон гээд орой 21 цагийн орчим 100 грамм архи уучхаад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-283 тоотод байрлах гэртээ орж ирээд унтаж амарсан. Гэтэл унтаж байтал шөнө 01 цагийн үед дүү Энхбат намайг босоод ирээч гээд сэрээгээд дуудсан ба хартал дүү ганцаараа Хараа архи задалж уугаад сууж байсан. Би дүү унтаж амар, нэг бол яв, зайл гэж хэлэхэд дүү явахгүй чи өөрөө зайл гэсэн. Дүү уурлаж хутга барьж авсан тул би уурлаад ойртох үед хутгаараа намайг айлгах гэж байгаад миний хүзүүний орчимд хатгаад цус гоожсон. Миний хувьд дүү Энхбатыг байнга хөөж, зайл гэдэг асуудал байхгүй. Харин согтуу намайг сэрээж, ер нь жаахан маргах гээд байсан учир ахын хувьд уурлаж унтаж амар, нэг бол яв гэж хэлсэн...” гэжээ /хх 23-25/.
Гэрч Г.Батаев мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой ... гэртээ эхнэр Рэнцэнхандын хамтаар байж байгаад 21 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Гэтэл шөнө 00 цаг 40 минутын үед хүн хаалга нүдээд байхаар нь онгойлготол хүү Отгонбаяр хүзүүнийхээ зүүн талд гараа дарчихсан, гар нь цус болчихсон байдалтай намайг дүү Энхбат хутгалчихлаа гэхээр нь би шууд цагдаа болон түргэн тусламжийн газарт дуудлага өгсөн. Энхбат согтуу байсан учир яаж ч магадгүй гэж бодоод би дотогшоо ороогүй юм. Хар өнгийн хоолны хутгаар хатгаад цус болчихсон байсан...” гэжээ /хх 28-29/.
Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 20-283 тоотод байрлах аав Батаевын хашаанд төрсөн эгч Б.Отгонжаргалын байшинд амьдарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 22 цаг өнгөрч байх үед миний төрсөн ах болох Б.Отгонбаяр гаднаас жаахан халамцуу байдалтай орж ирээд шууд унтчихсан. Би энэ үед гадагш дэлгүүр гарч нэг шил 0,5 граммын Хараа архи аваад гэртээ орж ирээд ганцаараа талд нь ортол уусан. Ахыг газар унтаж байхаар нь орон дээр унтуулах гээд сэрээх үед ах нойроо харамлаад намайг архи уулаа, эндээс зайл гэж уурлаад миний толгой руу 2-3 дэвссэн учир гараараа хамгаалсан. Ингээд би ахдаа уурлаад ахыгаа айлгах гээд хоол хийдэг хар иштэй хоолны хутга шүүгээн дээрээс аваад ойртсон чинь ах өөрөө намайг хутгалчих гээд би айлгах гээд гартаа хутгаа дээшээ болгоод барьж байтал ах өөрөө биеэрээ сунаж орж ирээд хүзүүнд нь хутга хүрчихсэн тул ах намайг хутгалчихлаа гээд гарч яваад аав Батаевт хэлж цагдаа болон түргэн тусламж дуудсан. Ах О уурласнаас болж маргалдах үед би ахынхаа хүзүүг хутгаар зүсэж гэмтээсэн...” гэжээ /хх 58-59/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн №899 дүгээр дүгнэлтэд:
“1. Б.Отгонбаярын биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн
үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-44/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/.
Хохирогч М.Түвшинбаярын Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Б.О миний бие төрсөн дүү Б.Э-аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-87/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 00 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-
283 тоотод төрсөн ах болох хохирогч Б.О-тай хувийн таарамжгүй
харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.О-ын хүзүүн тус газар нь
хутгаар зүсэж, эрүүл мэндэд хүзүүнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Б.Э-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрсөн баримт зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Б.О нь “...Б.О миний бие төрсөн дүү Б.Э-аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31 см урттай, хар өнгийн лентээр ороосон иштэй нэг ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Батаевын Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31 см урттай, хар өнгийн лентээр ороосон иштэй нэг ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН