| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0113/э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.П-д холбогдох эрүүгийн 1811028900120 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.П, 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 18 оны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жил 3 сарын хугацаагаар тогтоож байсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.П нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа иргэн Т.Ц-ийн халааснаас 350.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг галакси жи-5 прами загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруу зүйл хийснээ сайн ойлгож байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед Алтжин бөмбөгөр худалдааны төвөөс гараад шатаар буух замд өмсөж явсан куртикний баруун халааснаас 2017 оны загварын Самсунг галакси жи-5 прами гар утас алдсан. ..задгай жимс зардаг газрын хажуугаар явж байхад тэнд нэлээн олон хүн байсан. Тэгэхэд миний хажуугаар цэнхэр өнгийн куртик өмссөн 40 орчим насны 160 см очим өндөртэй, бор царайтай хүн байсан. Тэгээд тэр хүнийг сэжиглэж байна. Гар утсаа алдсаны дараа тэр хүн дээр очоод та миний гар утсыг авчихлаа гэхэд тэр хүн би аваагүй, чи хүн гүтгэж байна гээд царай нь сонин болоод байсан. 2017 оны шинэ загварын гар утас болохоор 400.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би гар утсаа буцаан авсан цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ...Тэр яг миний өөдөөс гарч ирсэн бөгөөд миний хажуугаар өнгөрөхдөө нэг их хүн байхгүй байхад шахаад өнгөрсөн юм. Тэгэхээр нь халаасаа тэмтэрч үзсэн чинь утас байхгүй байсан...” гэжээ /хх-10-13/.
Гэрч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Тэр өдөр манай найз архи уугаад алга болчхоод би Бөмбөгөр дээр хайгаад явж байсан чинь Пүрэвсүрэн ахтай тааралдсан. Тэгээд юм яриад би утсаа оролдоод байж байтал Пүрэвсүрэн ах гэнэт алга болчихсон бөгөөд нэг минут ч болоогүй буцаж ирээд Пүрэвсүрэн ах надад нэг гар утас өгөөд энийг аваад цаашаа явж бай гэсэн. Тэгэхээр нь би гайхаад юун утас юм бэ гэсэн чинь ахынх нь утас байгаа юм, манай найзууд архинд тавьж уух гээд байна. Чи аваад Бөмбөгөрийн үүдэнд зогсож байгаа ч гэхээр нь утсыг нь аваад Бөмбөгөрийн үүдэнд зогсоод хүлээгээд байсан чинь Пүрэвсүрэн ах тэр чигтээ алга болчихсон. Тэгээд би тэр хавиар явж байтал хоёр цагийн дараа над руу залгаад ах нь утсаа авъя гээд ирж утсаа авсан...” гэжээ /хх-41-42/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, төрсөний бүртгэлийн лавлагаа /хх-59/.
Хохирогч Т.Ц-аас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хх-74/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.П нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа иргэн Т.Ц-ийн халааснаас 350.000 төгрөгийн үнэлгээтэй Самсунг галакси жи-5 прами загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Ц-ийн “...Тэр яг миний өөдөөс гарч ирсэн бөгөөд миний хажуугаар өнгөрөхдөө нэг их хүн байхгүй байхад шахаад өнгөрсөн юм. Тэгэхээр нь халаасаа тэмтэрч үзсэн чинь утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бат-Эрдэнийн “...П ах надад нэг гар утас өгөөд энийг аваад цаашаа явж бай гэсэн. Тэгэхээр нь би гайхаад юун утас юм бэ гэсэн чинь ахынх нь утас байгаа юм, манай найзууд архинд тавьж уух гээд байна. Чи аваад Бөмбөгөрийн үүдэнд зогсож байгаа ч гэхээр нь утсыг нь аваад Бөмбөгөрийн үүдэнд зогсоод хүлээгээд байсан чинь П ах тэр чигтээ алга болчихсон. Тэгээд би тэр хавиар явж байтал хоёр цагийн дараа над руу залгаад ах нь утсаа авъя гээд ирж утсаа авсан...” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Т.Ц нь “...Би гар утсаа буцаан авсан цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /хх 10-13/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.П нь 2019 оны 1 сарын 7-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2019 оны 1 сарын 9-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгт нийт 25 хоног цагдан хоригдсоноос 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцож 200 цагийг эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхийн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Пгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 25 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас 200 цагийг хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Л.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН