Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0149/и |
Дугаар | 197 |
Огноо | 2016-04-07 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 197
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Үр баг, Халуун усны ам гэх газар оршин суух Боржигон овогт Балжирийн Батсүхийн /РД:АО60090411/ хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Баянжаргал нь 2014 оны 04 сарын 15-ны өдөр 14.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж авсан. 2015 оны 04 сараас хойш хүүгээ өгөөгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байгаа. Н.Баянжаргал нь Архангай аймгийн Эрдэнэбулган с умын 2-р баг Арслан цохионы 17-12 тоотод амьдардаг байсан. 95952221 гэсэн дугаар дээр байх магадлалтай. Н.Баянжаргалаас үндсэн зээл 14.000.000 төгрөг, хүү 5.600.000 төгрөг авах ёстой. Иймд Н.Баянжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Баянжаргал гэж хүнд 14 000 000 төгрөг зээлүүлсэн юм. Бид уг нь хуурай ах дүү хүмүүс юм. Аймаг дээр нэг байртай тэрнийгээ Хас банканд барьцаанд өгөөд зөрүү мөнгө гаргахаар нь танд өгнө гэж байгаад 2015 оны 8 сараас гэнэт сураггүй алга болсон. Би нөхрөөс нь асуухаар утсыг нь мэдэхгүй гээд байгаа. Миний утсыг авахгүй байхаар нь өөр хүний утсаар залгаж үзсэн. Гэтэл дуу таньчихаад таслаад байгаа. Сураг дуулахад Улаанбаатар хотод дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа гэж байсан. Нөхөр нь та тэр хүнтэйгээ өөрөө учраа ол гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хандаж өргөдөл гараад байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батсүх нь Н.Баянжаргалын оршин сууж байгаа газрын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.Баянжаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагч Б.Батсүхийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, 2014 оны 11 сарын 14-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Засаг даргын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 450 тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Батсүхийн хүсэлтийг хангаж иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох Н.Баянжаргалыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.Батсүхийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж буй учир улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нямжавын Баянжаргалыг /РД:АВ78032805/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Баянжаргалыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН