| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0126/э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Н.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Г холбогдох эрүүгийн 1911001210073 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овгийн Н.Г, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ХАБ-ийн ажилтан мэргэжилтэй, Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвд хэвлүүрчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан овоо 44 дүгээр гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чикаго бааранд Б.Түвшинбаярын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай бааранд үйлчлүүлж байсан хөх өнгийн хослол өмссөн залуу намайг гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохиж миний хамар хугарсан. Тэр залуугийн нэрийг сүүлд нь цагдаа дээр ирээд мэдсэн ба нэрийг нь Г гэдэг гэсэн. Нэг ширээнд шахаад суулгасан эмэгтэйчүүдийг өөр ширээнд суулгах гээд ууж байсан архи дарсыг нь зөөгөөд явсныг өөрийнх нь ууж байгаа архийг авч явж байна гэж уурласан. Тэгээд намайг цохисон. Намайг нэг удаа л гараараа нүүрэнд цохисон. ..Нийтдээ 500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. ...Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр байгаа Г нь миний эмчилгээний төлбөрт болон бусад зардалд 600.000 төгрөг өгсөн. Тиймээс одоо надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэжээ /хх 9-14/.
Гэрч Ж.Хаш-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Ганзориг араас хүрч ирээд нөгөө зөөгч залуугийн нүүр лүү цохиод авсан. Ганзориг уг залуугийн хамар руу нь нэг л удаа цохих шиг болсон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ /хх 17-18/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №744 дүгээр дүгнэлтэд:
“1. Б.Түвшинбаярын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор булангийн цус хуралт, дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын уг, хамрын зүүн хажуу гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэжээ /хх-25/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,
хохирогч Б.Т-аас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Намайг цохисон Г гэх этгээд нь миний хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан тул миний зүгээс гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй..” гэх хүсэлт /хх-49/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чикаго бааранд Б.Т-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Т-ын “...Нэг ширээнд шахаад суулгасан эмэгтэйчүүдийг өөр ширээнд суулгах гээд ууж байсан архи дарсыг нь зөөгөөд явсныг өөрийнх нь ууж байгаа архийг авч явж байна гэж уурласан. Тэгээд намайг цохисон. Намайг нэг удаа л гараараа нүүрэнд цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Хаш-Эрдэнийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №744 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Мөн шүүгдэгч Н.Г-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн баримт зэргийг тус тус харгалзав.
Хохирогч Б.Т нь “...Намайг цохисон Г гэх этгээд нь миний хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан тул миний зүгээс гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон гэж үзлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН