Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 201

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 45-09 тоотод оршин суух Ямаат овогт Таравын Орхонзаяагийн /РД:АО60090411/ хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Орхонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Т.Орхонзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Баттулга нь 2013 оны 04 сарын 22-ны өдөр надаас 5.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний дагуу 2013 оны 06 сард 1.000.000 төгрөг, 2013 оны 07 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг өгч үлдсэн 3.000.000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй. Ч.Баттулга нь оршин суугаа хаягтаа байхгүй, оршин байгаа газар нь тодорхойгүй, мөн Тахарын албанаас Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 5-р хороо, 42-р байрны 49 тоотод оршин сууж байгаа гэсэн боловч хаяг нь буруу байсан. Иймд Ч.Баттулгыг эрэн сурвалжилж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Т.Орхонзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Баттулгад 5 сая төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй гэрээ байгуулж зээлдүүлсэн. Гэрээний дагуу эхний 2 сард 1.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг өгсөн боловч 2014 оноос утас нь холбогдохгүй, гэрийнхээ хаягийг өгөхгүй залилаад хот руу явчихсан. Утсаар нь арай хийж залгаад ярьхад Улаанбаатар хотод байна. Ирээд уулз гэдэг. Очихоор утсаа салгаад алга болчихдог. Өмнө нь Тахарын албаар дамжуулж гэрийн хаягийг нь олсон боловч тэр хаяг дээр байхгүй. Улаанбаатар хотод очоод уулзах гэхээр утсаа салгаад алга болчихсон гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

             Т.Орхонзаяа нь Ч.Баттулгын оршин сууж байгаа газрын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

            Уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Баттулга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагч Т.Орхонзаяагийн шүүхэд гаргасан хүсэлт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт, Дөрөвдүгээр тойргийн Тахарын албаны Архангай аймаг дахь хэсгийн даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, зээлийн гэрээ, тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Орхонзаяагийн хүсэлтийг хангаж Ч.Баттулгыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэв.           

           

          Хүсэлт гаргагч Т.Орхонзаяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж буй учир улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ноён хангай овогт Чойжилсүрэнгийн Баттулгыг /РД:АЭ89042971/ эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Баттулгыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Орхонзаяагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

 

 

 

 

 

                                                   

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН