Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

          Улсын яллагч Б.Мөнгөншагай,

          Гэрч Ш.Ариун-Эрдэнэ,

          Шинжээч Х.Амартүвшин, Г.Цэндсүрэн, Н.Шинэбаатар,

          Насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр,

          Хохирогч, шүүгдэгч Э.З, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тэнгис /ҮД:0548/,

          Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул,

          Шүүгдэгч Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Болдбаатар /ҮД:0082/, Х.Даваахүү /ҮД:0058/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.Эг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803 00008 0195А дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Цаа од” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 2-32а тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт Эгийн З /РД:..................../,

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Каритас Монгол” Олон улсын байгууллагад мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-108 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Ш овогт Эын Э /РД:....................... /,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

         Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,   

         Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, Э.Зын эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зын өгсөн: “... Тухайн өдөр гадаа цас орсон байсан учир харагдах орчин цагаан өнгөтэй байсан. Эгийн өөдөөс нар туссан байсан учир орчин тойрон харагдаагүй байх гэж би бодож байна. Э бага насны хүүхэд байхын хараа муутай хүүхэд байсан учир миний машиныг өөдөөс нь ирэхийг хараагүй гэж бодож байна. Би хүүхдийнхээ биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эгийн өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би Тоёота Приус маркийн автомашинтай Гачуурт луу чиглэлтэй явах замдаа аваарт орсон. Тухайн өдөр зам халтиргаатай байсан ба осол эргэлттэй зам дээр гарсан. Би замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан учир өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Зын өгсөн: “... Би ослын улмаас эрүүл мэндээр хохирсон. Миний хөл, гар хугарч, шагайны үе болон дунд чөмөг хугарч, тархи толгойгоороо юм мөргөснөөс цус харваж, гавлын яс бяцарсан. Би 3 дугаар эмнэлгийн мэдрэлийн тасагт байнгын схем эмчилгээтэй байгаа. Надад баримтгүй зардал байгаа ч би нэхэмжлэхгүй. Машины эвдрэл болон эмчилгээний баримттай зардал 25,582,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярын өгсөн: “... Уг ослоос болж манай хүүхдийн дунд чөмөг, зүүн гар, шуунд гэмтэл, үүдэн хоёр ширхэг шүд, доод үүдэн хоёр шүд булгарч унасан, нүдний ухархай, хамар хугарсан зэрэг хүндэвтэр гэмтэл учирсан. Одоогийн байдлаар эмчилгээний зардал 5,306,000 төгрөг байна. Гэмтэлээс шалтгаалсан эмчилгээний зардалыг цаашид нэхэмжлэх хүсэлтэй байсан. Одоогийн байдлаар эмчилгээний нэг ч төгрөг төлөгдөөгүй. Техникийн дүгнэлтээр 4,231,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. 5,306,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзулын өгсөн: “... Эгийн холбогдсон хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байна. Би Эг гэм буруугүй гэж үзэж байх тул би Зын хохиролд хариуцлага хүлээлгэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байсан. Би тухайн машиныг гаалиас буухад нь худалдаж аваад удаагүй байсан учир тухайн машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Би өөрийн эд хөрөнгөөрөө хохирсондоо харамсаж байна. Шинжээчин үнэлгээгээр 9,566,256 төгрөг болсон. Машиныг журмын хашаанаас гаргаж авсан. Ингээд нийт баримттай бусад зардалууд нэмэгдээд 10,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмгөөлөгч нарын хөлс 5,000,000 төгрөг болсон. Үүнийг мөн нэхэмжилнэ. Холбогдох бүх баримтыг хэрэгт хавсаргасан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Ариун-Эрдэнийн өгсөн: “... Тухайн өдөр мөрдөгчийн дуудлагаар хэргийн газарт үзлэг хийсэн. Эрэгтэй жолоочийг байлцуулж, мөрдөн байцаагчийн удирдлага дор криминалистик шинжээчийн  хамт хэргийн газарт үзлэг хийсэн.  Бүрэлдэхүүнээрээ ярилцаж байж А цэгийг тогтоосон. Тухайн үед эмэгтэй жолооч байгаагүй, эрэгтэй жолооч нь байсан, жолооч нэхий нөмөрсөн, шокийн байдалтай байсан, эрэгтэй жолоочоос А цэгийг асуухад “би сайн мэдэхгүй байна” гэж хариулсан. Хэргийн газрын схем зургийг би үйлдсэн. Тухайн үед жолооч шокийн байдалтай байсан учир автомашины эвдрэл, криминалистикийн шинжээч нар зэрэг бүрэлдэхүүнээрээ ярилцаж А цэгийг тогтоосон. Автомашин мөргөлдөөд шууд машины шингэн асгарна. Тухайн хэргийн газрын гэрэл зургийг криминалистикийн шинжээч авсан. Аванте машины тормозын мөрийг тогтооход мөрдөн байцаагч ослын газрыг бүрэн оруул гэж үүрэг өгсөн. Аванте маркийн машины тормозын мөр замын замын зүүн талдаа байсан, замын тасархай шугамыг давсан байсан. Үзлэгийн газрын тэмдэглэлийг уншин сонсгож, А цэгийг тогтоохдоо жолоочийг байлцуулсан боловч жолоочоор А цэгийг заалгаагүй гэж ойлгож болно. Үзлэгийн тэмдэглэлийг мөрдөн байцаагч бичдэг. Аванте машин үргэлжилсэн шугамаа даваад явсан байсан. Аванте маркийн машины дугуйн мөр 1.5х19.50, дугуйн мөрийн эхлэлээс зүүн тийш 2.5 метр, урд зүгт 3 метр байсан. Аванте маркийн машины зүүн урд дугуй хагарсан байсан. Автомашины тормозын мөр 2.5 сантиметр, мөр хоорондын зай 1.3 сантимерт байсан нь үнэн. Хэргийн газрын үзлэг хийхэд Эгийн явж байсан замын чиг тормозын ул мөр байгаагүй. Хэргийн газрын үзлэгт шаардлагатай гэсэн мөрийг бүгдийг авсан. Аванте маркийн машин эсрэг усргалд орсон гэж үзээд нөгөө машины ул мөрийг орхисон зүйл байхгүй. Ослын буруу, зөвийг тогтоох зорилгоор А цэгийг бодитоор тогтоодог. Мөрдөн байцаагчийн удирдлаган дор хэргийн газрын бүрэлдэхүүн ярилцаж А цэгийг бодитоор тавьдаг. Ослоос үлдсэн ул мөрийг үндэслэж А цэгийг тогтоосон. Приус машин 1.20 метр яваад зогссон байсан. Аль, аль үйлдэлд тос масло гойжино. Приус маркийн машины баруун талд эвдрэл үүссэн байсан. Хоёр машин ямар байдлаас мөргөлдсөн гэдгийг шалгалтын үед тогтооно. Тухайн үеийн бодит байдалд тулгуурлаж би үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгт А цэгийг үндэслэлтэй авсан. Приус маркийн машины шингэн асгарсан газар зэрэг нотлох баримтаас А цэгийг авсан. Бүрэлдэхүүнээрээ ярилцаж А цэгийг авсан. Таамаглалаар аваагүй. Тухайн өдөр зам халтиргаатай байсан. Машин мөргөлдөх даруйдаа машины эвдрэл гэмтэл мөргөлдсөн газраа үлдэж, тос масло асгарна. Би болсон асуудлыг одоо сайн санаж байна. Надад эрэгтэй жолооч эхэлж А цэгээ зааж өгсөн. Дараа нь “би санахгүй байна” гэж хэлсэн. Би замын хажуугийн хөвөөний хэмжээг аваагүй. Эгийн машины зүүн хойд дугуйг 4.5 сантиметр гэж авсан нь үнэн. А цэгээс хойш зорчих хэсэг 2.90 метр байна. Зорчих хэсгийн өргөн 8 метр байна. Үл хөдлөх газраас А цэг рүү перпендикулярийг 7.75 сантиметр гэж татсан байна. А цэгээс хойд зах хүртэл 2.90 сантиметр гэж татсан байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Амартүвшингийн өгсөн: “... Аванте маркийн автомашин нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тормозын мөрийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Зам тээврийн осол санаатай үйлдэгддэггүй. Аванте маркийн автомашины тормозын мөрийг үндэслэлтэй гэж үзэж тухайн машиныг буруутай гэж үзэсэн. Тухайн тормозын мөр шинэхэн байсан. Аванте маркийн автомашины жолооч аюулыг зайнаас харсан. Хоёр жолооч аюулыг хараад саадыг зайлуулж рулээ дарсан. Жолоочийн самбаачлах хугацаанаас эсрэг урсгалд орсон гэж дүгнэхгүй. Замын хөдөлгөөний дүрэмд аюул саад учирсан үед жолооч тээврийн хэрэгсэлийг зогсоох арга хэмжээ авна. З зам голлож явсан. Э Зын машиныг хараад аюулаас зайлуулж дарсан гэж хэллээ. Эгийн хувьд З саад мөн. Миний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Э гэх жолооч саадыг зайлуулж рулээ дарсанаас болж, шарваж зам голлосон учир Э.Эг замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзсэн. Хавтаст хэргийг шинжээч нар үзэж судлан дүгнэлт гаргадаг.  Шинжээч нар санал зөрвөл хоорондоо ярилцаж байгаад санал нэгддэг. Ямар ч тохиолдолд саадыг харсан даруйдаа жолооч рулийг дардаг. Дүгнэлтийн тогтоох хэсгийн сүүлд шүүгдэгч нарыг гэм буруутай гэж хариулсан хариулт үнэн зөв...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Цэндсүрэнгийн өгсөн: “... Би энэ хэрэгт шинжээчийн 654 дугаар дүгнэлтийг ганцаараа гаргасан. Мөн 4099 дугаар дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2566, 2567 дүгнэлтүүдийг гаргасан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тогтоол ирүүлвэл, шинжээчийн ажилласан жил, дадлага туршлага, тусгай мэдлэгийн хүрээ, ажлын ачаалал зэргээс хамааруулж шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтэсээс шинжээчийг томилдог. Эрх бүхий этгээд шинжээчийн нэр заасан шинжилгээ хийлгэх тогтоол ирүүлж болно. Харин манай байгууллагаас нэр зааж шинжээч томилохгүй. Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд мөрдөгч миний нэрийг зааж дүгнэлт гаргуулах тогтоол үйлдсэн нь тухайн мөрдөгчийн асуудал учир би мэдэхгүй. 654 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 4 дүгээр заалтыг тайлбарлъя. Эхэлж тухайн тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэл дараа нь тормозын эд ангийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг. Эвдрэл байвал эвдрэлийг шалгана. Тормозын дөрөөг гишгэж, аппарат ажиллагааг шалгана. Дөрөө ажиллахгүй байсан учир аппаратыг шалгах боломжгүй байсан. 6 дугаар заалтыг тайлбарлъя. Урд хэмжигчийн заалт 30-40 километрийн голд гацсан байсан. 2566, 2567 дугаар дүгнэлтэд Аванте машины дүнэлтийн 3 дахь хэсгийг тайлбарласан тайлбар үнэн. Мөрдөгчийн тавигдсан асуултад шинжилгээ хийнэ. Шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд тал бүрээс бүрэн дүгнэдэг. Мөрдөгчийн асуултад асуугаагүй боловч шинжлэх ухааны шинжтэй нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд дурдах ёстой. А цэг нь анх хоёр машин тулсан цэгийг хэлнэ. Тухайн хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд хоёр автомашин мөргөлдөх үйлдэлд эхний тулсан цэг А цэг үү, зогссон эцсийн цэг А цэг үү гэдгийг тогтоох асуулт байна гэж ойлгосон. Осол болсон процессыг тогтоохын тулд мэргэжлийн тусгай мэдлэг, физикийн мэдлэг орно. Би өөрийгөө танилцуулъя. Техникийн ухааны магистр, Монгол Улсын Зөвлөх инженер хүн. Би өөрийн олж авсан дадлага туршлага, тухайн хэргийн нотлох баримтад үндэслэн эвдрэл гэмтэл, үүнээс үүссэн аливаа гэмтэлийг илтгэх зүйл мөр юм. Үүнийг судалдаг шинжлэх ухаан нь криминалистикийн шинжлэн ухаан юм. Автомашины анх мөргөлдөх үеийн байрлалыг эхний зурагт үзүүлсэн. Улаан өнгийн шугамаар автомашины эвдрэлийг харуулсан. Тухайн Аванте машины ташуу байрлалтай, Приус маркийн машин урагшаа тэгш байдалтай, хоорондоо анх тулгарсан. Тухайн автомашин жин, хурдатгалын нөлөөгөөр хоёр биет тулгарахад хүч үйлчилж, эд ангид хэв гажилтууд үүсч эвдэрнэ. Үүний нөлөөгөөр тухайн газартаа хурдаа хадгалж, эд анги тарж цацарна. Автомашин мөргөлдөх үйл явц нь шууд 0 цэг дээр очиж зогсохгүй, өөрийн гэсэн хурдтай явж байгаа учир цохилтын хүчний нөлөөгөөр нэг нэгэндээ нэмэгдсэн хүчний нөлөө хоёр биенд тархах үед тухайн автомашинд наалдсан байсан шороо, тухайн газарт чиглэлийн дагуу 20-30 сантимерт цацагдаж унана. Энэ бол эхний шинж тэмдэг. Нөгөө процесс үргэлжилж, хэв гажилтад орж, эд анги тарж цацарч бутарна. Хөдөлгүүр дотор ашиглагдаж байсан шингэн тухайн газар оронд чиглэлийн дагуу цацарч, асгарна. Үйл явцын талаар ослын гэрэл зургийн үзүүлэлт дээр А цэгт эд анги цацарч, урсаж хэмжээгээ тэлсэн байна.  Автомашинд шилжилт явагдаж баруун гар тийшээ даялсан чиглэлтэй явсан байна. Цохилтын хүч ташуу ирж үйлчилсэн учир Приус маркийн автомашин дагаж далийсан байна. Цаашаа үргэлжилж, Аванте автомашин өөрийн чиглэл дагуу даялж эргэсэн байна. Приус автомашины гаднах эд ангид үүссэн гэмтэлээс үзэхэд Аванте машиныг дагаж хөдөлсөн нь батлагдсан. Эцсийн байдалд хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт байрлал харагддаг. Ямарваа нэгэн үйлдэлд мөр үлдэхгүй байна гэж үгүй. 33, 36 дугаар үзүүлэлтэд зүүнээс баруун тийшээ харуулсан зурагт тодорхой харагдана. Приус маркийн автомашины чигт үргэлжилсэн шугамыг давсан мөр яваад осол болсон газарт  төгссөн. Тухайн тормозын мөр, зай, уртыг хэмжсэн байсан нь нотлох баримт юм. Хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд дугуйн мөрийг тодорхой харуулсан. 15 сантиметрийн дугуйн мөр гарсан. Мөр гаргагч, мөр хүлээн авагч хоёр харьцахдаа онцлог шинж тэмдэгийг үлдээдэг. Гэхдээ яг тэр хэмжээсийг үлдээхгүй, нарийн, өргөн байх нь дугуйны хээ, хий, даралт, ачаа зэргээс хамаарна. 16 сантиметрийн өргөнтэй дугуй, 15 сантиметрийн мөрийг үлдээх үндэслэлтэй болж байна. Улаан тасархай шугамаар үзүүлсэн мөр бол Аванте маркийн автомашины мөр байх үндэслэлтэй байна. Автанте маркийн машины мөр мөн юм бол хоёр машин анх мөргөлдөхөөс эхэлж, тормозын мөр дууссан цэгт А цэг байх үндэслэлтэй байна. А цэг нь процесс болоод өнгөрсөний дараа буюу цаана тавигдах ёстой юм байна. Хоёр машин анх тулсан 0 цэгт тавигдаагүй, гэхдээ ослын  хүрээнд А цэгийг тогтоож чадсан гэж үзсэн. Машин шууд мөргөлдөх үед үүсэхгүй, цохилтын хүч үйлчилж, ослын улмаас эд анги эвдрэх буюу дамжиж үүснэ. Машин мөргөлдөх үед миллийн зүү гацахгүй. Хурд хэмжигч спидометрийн гаднах гэр хагарч, зүү их биеэсээ салсан нь механик хүчин зүйл үйлчилсэн гэж үзнэ. Доргилтоос үүссэн учир тухайн явж байсан машины хурдыг тодорхойлохгүй. Тормозын мөр бүрэн дүүрэн буюу эхлэл, төгсгөлтэй байх ёстой. Гэтэл Аванте машины тормозын мөр эхлэл, үргэлжлэлтэй, төгсгөл байхгүй байсан. Хурдыг тогтооход алдаатай байдал бий болно. Өөрөөр хэлбэл хурдыг тогтоох боломжгүй байсан. Тормозын мөрийн эхлэл, үргэлжилтэй, төгсгөлгүй байх үед хурдыг тогтоох боломжгүй. Аванте маркийн машины наклад хоёр өөр байна. Тухайн машины наклад тормозлох үед нэг нь хавчдаг. Хоёр наклад байгаа боловч шахаж буй даралтаас шалтгаалж, харилцан адилгүй байна. Накладны хэмжээ 4-6 метрийн зөрүүтэй байна. Тухайн накладтай машин тормоз гишгэхэд баруун тал руугаа далийх үйлдэл хийх үү гэдгийг тусгай багажаар шалгаж тогтооно. Тормозын хүч зөрүүтэй байх үед тормоз гишгэхэд мөр өөр гарна. Мөн тухайн орчины замын гадаргуу болон бусад нөхцөл байдал зэргээс хамаарч машины далийх, шарвалт зэрэг өөр гарч болно. Тухайн газарт үүссэн тормозын тасарсан мөр үргэлжилж яваад төгсгөлгүй байна. Орон зайн хувьд наана дууссан байна. Хэрэгт тус тормозын мөрийн талаар нотлох баримт авагдаагүй тул Приус маркийн машины мөр гэдгийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бичлэгийн дүрс бол хангалтгүй байсан. Яагаад гэвэл ослын газрын зурагт тормозын мөр харагддаг боловч уг бичлэгт тормозын мөр тод харагддаггүй. Приус маркийн автомашины баруунаас зүүн чиглэлтэй зурагт тормозын мөрийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Приус маркийн автомашины явсан чиглэлд тормозын мөр гараагүй учир тухайн мөрийг Приус маркийн машины мөр гэж үзэх боломжгүй байсан. Миний гаргасан 3 дүгнэлт нэг нэгийгээ үгүйсгэсэн зүйл байхгүй. Дээрх нөхцөл байдлаас үндэслэн нотлох баримт гарч ирсэн. Приус маркийн автомашины байрлалыг тогтоох боломжтой болсон. 9, 10 дугаар зургаас үзэхэд машины доор наалдсан шорооны мөр нь анх мөргөлдсөн гэх А цэг байх магдалалтай. Гэхдээ 3-4 метрийн хүрээнд цацардаг. Тухайн машины эвдрэл, цацарсан эвдрэл зэргээс үндэслэн тухайн Приус маркийн автомашин нь зорчих хэсгийн гол шугамын ихэнх хэсгийг давж явсан байх магадлалтай. Анхны хэргийн газрын үзлэгийн А цэгийг би А цэг гэж огт хэлээгүй байна. Анхны А цэгээс сүүлд тогтоосон А цэг баруун тийш, зорчих  хэсгээ голлон байрласан байна. Автомашины мөргөлдөх үеийн байрлалыг тоймолж харуулсан. Ер нь бол дүгнэлтийг гаргахдаа тооцоолол ашигладаг. Дүгнэлт дээр бүх баримтаа тоочиж, харуулах албагүй. Өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг өөрөө хариуцна. Би тухайн А цэгийг тогтоосон шинжээчийн өмнөөс хариулахгүй. Нотлох баримтаас шинжихэд анхны А цэгээс хөдөлж шилжсэн. Хоёр машины урд тэнхлэг осол гарах үед шугам давсан байсан. Машины урд хамар эргэхэд хойд тал дагаж шилжилт хийнэ. Мөргөлдсөний дараах процесс нь Приус маркийн автомашин шидэгдсэн. Биеийн жингийн шилжилтээс автомашины хойд дугуй шидэгдэж болно. Газартай харьцаагүй тул мөр гарахгүй байж болно. Тухайн машины нэг тэнхлэгт байгаа хоёр дугуй хоёулаа эсрэг урсгалд орсон байрлалтай байна. 1 дүгээр хавтаст хэргийн 227 хуудсанд авагдсан гэрэл зурагт замын мөр байхгүй. Хоёр машиныг хооронд нь харьцуулахад Аванте маркийн машиныг бодвол Приус маркийн машины байрлал арай замын дагуу байрлалтай байна. Шинжлэх ухаан гэдэгт заавал тоо бодно гэсэн ойлголт биш. Физик, шинжлэх ухааны тооцоолох, хариулах болон өөр бусад арга, үндэслэлийг ашиглан би дүгнэлтээ гаргасан. Надад яг одоо тооцоолол байхгүй байна. Э.Зын машин Приус маркийн машинаас бага жинтэй байсан учир шилжилт хөдөлгөөн, тухайн замын гадаргуу зэргээс хамаарч илүү их явагдсан байна. Тухайн машины байрлал, жин харилцан адилгүй учир харилцан адилгүй хөдөлгөөн хийгдсэн...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Шинэбаатарын өгсөн: “... Хэргийн газрын гэрэл зургаас үзэхэд Аванте маркийн автомашины тормозын мөр урсгал сөрж ороод өөдөөс автомашин ирэхийг хараад өөрийн эгнээ рүүгээ дарж орсон байсан. Машины рулийг ханатал нь дарахад машин өөрөө эргэдэг. Үүний талаар бичлэг болон хэргийн газарт олон очиж байсан. Мөргөлтөөс үүссэний дараах цэгт А цэгийг тавьсан байсан. А цэг нь зорчих хэсгийн хойд талд шулуун байх ёстой. Аванте маркийн машин зорчих хэсгийн хойд талд гарах ёстой байсан. Мөн 2566 дугаар дүгнэлтээс дүгнэхэд Аванте маркийн автомашин нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалтыг зөрчсөн гэж үзээд тухайн дүгнэлтийг тавьсан. 2566 дугаар дүгнэлтэд тормозын мөр зорчих хэсгийг давсан, мөн А цэг үндэслэлгүй байна гэдгийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Хоёр автомашин мөргөлдөж тодорхой зайд шилжилт хийхдээ Аванте маркийн автомашин Приус маркийн автомашиныг татсан, эсрэг урсгалд оруулсан гэж үзээд Э.Эг зөрчөөгүй гэж үзсэн. Хэрвээ хоёр жолооч хоёулаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалтыг зөрсөн бол зөрөөд өнгөрөх ёстой байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалтад Аванте маркийн машин эсрэг урсгалд очоод шулуун явсан Приус маркийн автомашинтай мөргөлдөж, өөрийн урсгалд татаж оролцуулсан. Аванте маркийн автомашин эсрэг урсгал сөрж очоод Э.Эг хараад өөрийн эгнээнд орохдоо Приус маркийн машиныг татаж оруулсан. Үүнийг би Аванте маркийн автомашины тормозны мөрийг харж дүгнэсэн...” гэх мэдүүлэг,

          Зам тээврийн осол хэргийн газарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.13-21/,

          Цагдаагийн Ерөнхий Газар Замын Цагдаагийн Албанаас Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хүргүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13-70/692 дугаартай: “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулангаас Гачуурт орох замд Э.Э нь Т.Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Э.З жолоочтой Х.Аванте маркын 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч 7 настай, эмэгтэй У.Эрхцасын эрүүл мэндэд хохирол учруулсан 180300008 тоот хэрэгт хоёр автомашин анх мөргөлдсөн “А” цэгийг сэргээн тогтоох зорилгоор хэргийн газар нөхөн үзлэг хийх шаардлагатай баих тул авто техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэндсүрэнг хэргийн газрын үзлэгийн багт оролцуулж өгнө үү” гэх албан бичиг /хх.1.22/,

          Зам тээврийн осол хэргийн газарт 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.24-29/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярын өгсөн “... Осол гардаг өдөр би ажил дээр байж байхад 11 цаг 04 минутанд 93021615 дугаарын утаснаас над руу залгаад 44-55 СЭҮ улсын дугаартай Х.Аванте маркийн автомашин гачууртын замд машинтай мөргөлдөөд осол гарсан байна, жолооч нь ухаангүй байна, хүүхэд нь ухаантай юм ярьж байна, ирэх боломж байна уу гэсэн. Тэгээд би шууд ажлаасаа гараад ослын газар луу явж байх замдаа дахиад тэр цагдаа руу залгаад асуусан чинь түргэн тусламж ирээд манай эхнэр, хүүхдийг гэмтэлийн эмнэлэг рүү аваад явсан гэхээр нь би шууд гэмтэлийн эмнэлэг дээр очсон. Гэмтэлийн эмнэлэг дээр очиход манай охин ухаантай байсан ба манай эхнэр ухаангүй байсан, тэгээд шууд манай эхнэрийг эрчимт эмчилгээний тасаг руу хэвтүүлж эмнэлгийн тусламж үзүүлсэн... охины биед хамар хугарч, баруун тал руугаа нүүсэн, нүдний ухархай хугарсан, зөрсөн, үүдэн дээд нэг шүд мултарсан, доод 3 шүд хугарсан, дээд уруул язарч оёдол тавиулсан, дээд уруул дотор талдаа язарсан, зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, баруун гар хугарсан байсан. Э.Зын биед тархинд цус харвалттай, хавантай, тархины эдийн няцралттай, хүзүү хугарсан, уушиг бяцралттай, элэг нь шүүрэлттэй, баруун хөлийн дунд чөмөг хугарсан, зүүн гар хугарсан байна гэж байсан. Манай эхнэр тухайн өдөр Гачууртын гэрээс гараад хүүхдээ 1 дүгээр сургуульд хүргэж өгөх гээд явж байгаад осолд орсон байсан. Уг автомашин нь миний өөрийн “УБЭН” ХХК-ий эзэмшлийн автомашин байгаа юм. Уг автомашиныг гэр бүлийн хэрэгцээнд би эхнэртэйгээ ээлжилж жолооддог автомашин байгаа юм. Гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.34-36/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын өгсөн “... Машины урд сууж байсан гээд дуугарахгүй байлаа. Хүүхэд айдастай байсан учир юм ярихгүй байлаа...” гэх мэдүүлэг /хх.1.42/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Зын өгсөн “... Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээнд одоо гарсан болон цаашид гарах зардалыг нөгөө машины жолооч Эгээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх.3.33-35/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзулын өгсөн “... Уг автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай нөхөр бид хоёр ээлжлэн гэр бүлийн хэрэгцээнд унадаг юм. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр миний машиныг жолоодон Гачууртад байдаг эмээ, өвөө дээрээ очих гэж яваад осолд орсон байсан. Миний зөвшөөрлөөр автомашин жолоодож явсан. Урд хэсэг нь нэлээн их эвдрэлтэй байсан. Нарийн сайн мэдэхгүй байна. Машинд учирсан хохирлоо төлүүлмээр байна. Хэрэв манай нөхрийн буруу болсон тохиолдолд            бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.1.46-48/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэтогтохын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн өглөө 07 цаг 30 цагт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн автобусны эцсийн буудлаас Арвин хүнсний дэлгүүр орчимд д/а Б.Дэчинжамц, а/а Л.Наранбаатар нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 10 цаг 30 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүр дотор халуун кофе уугаад зогсож байтал дэлгүүрийн урд талын зам дээр хоёр машин мөргөлдөх “түс” гэх чимээ гарсан, юу болов гээд цонхоор хартал дэлгүүрийн зүүн урд зам дээр хоёр машин мөргөлдсөн байсан. Бид гурав дэлгүүрээс гараад мөргөлдсөн хоёр машин дээр яваад очиход Х.Аванте автомашин дотор нэг хүүхэд уйлж байсан, Т.Приус-30 машины жолооч авраарай гээд орилж байсан ба Х.Аванте маркийн автомашины жолооч нь машиныхаа жолоочийн хаалганы харалдаа машиныхаа хажууд уначихсан ухаангүй байсан, шалгаад үзэхэд амьсгаатай байсан. Би шууд өөрийн 89067181 дугаарын утсаар 103, 102-луу залгаж дуудлага өгч хэргийн газрыг хамгаалалтанд авсан. Манай цагдаа Наранбаатар, Дэчинжамц хоёр машин дотор байсан хүүхэд болон Т.Приус-30 машины жолоочийг гаргасан байсан. Тэгээд байж байтал түргэн тусламж ирж, эхлээд Х.Аванте машины жолооч болон хүүхдийг аваад явсаны дараа Баянзүрх дүүргийн замын цагдаагийн бүсийн эргүүлийн офицер ирсэний дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар ирж үзлэг хийсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд нь бид гурав хэргийн газрыг хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр машин л байж байсан. Т.Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Х.Аванте автомашины жолооч болон зорчигч хүүхэд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхэд Х.Аванте автомашины урд суудал буюу жолоочийн хажуу талын суудлын урд автомашин салоны доогуур орчихсон, нүүр болон амнаас цус гараад уйлж байсан. Автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад уначихсан, толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Т.Приус-30 маркийн автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон, ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Ослын улмаас шоконд орсон байдалтай, түргэн тусламж дуудсан уу гээд байн байн асуугаад сандарсан байдалтай, би яах вэ энэ хоёр хүнийг яаралтай эмнэлэг рүү явуулмаар байна гэж ярьж байсан. Ослын газар гараад очиход мөргөлдсөн хоёр автомашинаас өөр автомашин байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтанд авч зүүн баруун талаас ирсэн автомашинуудыг ослын газар луу ойртуулахгүй тойруулаад явуулж байсан. Ослын газар тормосны мөр байсан эсхийг би анзаарч хараагүй. Уг ослын газар луу харсан камер байхгүй байсан...” гэх  мэдүүлэг /хх.1.55-56/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Наранбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн өглөө 07 цаг 30 цагаас 14 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 28-р хороо Хужирбулангийн автобусны эцсийн буудлаас Арвин хүнсний дэлгүүр орчимд а/д Эрдэнэтогтох, д/а Б.Дэчинжамц нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 10 цаг 30 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт гараад халуун кофе уугаад зогсож байхад дэлгүүрийн зүүн талын зам дээр “түс” гэх чимээ гарсан, юу болов гээд цонхоор хартал хар өнгийн Т.Приус маркийн, саарал өнгийн Х.Аванте маркийн 2 автомашин мөргөлдсөн байсан. Бид гурав дэлгүүрээс гараад мөргөлдсөн хоёр машин дээр яваад очиход Т.Приус машины хамраас уур савсаж байсан, машин дотор жолооч ганцаараа байсан ба авраарай гээд орилж байсан жолоочийг Дэчинжамц бид хоёр гаргаад газар суулгасан. Эрдэнэтогтох дуудлага өгөөд зогсож байсан ба бид хоёр Х.Аванте автомашин дээр очиход жолоочийн эсрэг талын урд суудал дээр нэг эмэгтэй хүүхэд уйлж байсан би хүүхдийг тэвэрч машинаас гаргаад доор нь юм дэвсээд хэвтүүлээд нөгөө талаар нь тойроод очиход улаан куртиктэй эмэгтэй хүн жолооч талын хаалгаар цээж нь гараад газар дээшээ хараад хэвтэж байсан ба хоёр хөл нь машин дотроо байсан. Тэгээд бид нар тэр эмэгтэйн хөлийг гаргаад газар хэвтүүлээд түргэн тусламж ирэхийг хүлээж байгаад түргэн тусламж ирэхэд нь Х.Аванте машинд байсан хүүхэд болон жолооч эмэгтэйг өгч явуулсан. Баянзүрх дүүргийн замын цагдаагийн бүсийн эргүүлийн офицер ирсэний дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар ирж үзлэг хийсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд нь бид гурав хэргийн газрыг хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Хоёр машин мөргөлдөх “түс” гэх чимээ гараад цонхоор харахад мөргөлдсөн хоёр машины ойр орчимд ямар нэгэн автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр автомашин зогсож байсан. Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр машин байж байсан. Т.Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Х.Аванте автомашины жолооч болон зорчигч хүүхэд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхэд Х.Аванте автомашины урд суудал буюу жолоочийн хажуу талын суудлын урд автомашин салон болон сандал хоёрын голд байсан амнаас цус гараад уйлж байсан. Х.Аванте маркийн автомашины жолооч автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад хэвтчихсэн хоёр хөл нь машин дотор хавчуулагдсан байсан ба зүүн толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Т.Приус-30 маркын автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Ослын улмаас шоконд орсон байдалтай байсан ба сүүлдээ гайгуй болоод Гачуурт руу эмээгийнх рүүгээ явж байсан гэж байсан өөр зүйл яриагүй. Тормосны мөр байсан эсэхийг анзаарч хараагүй. Ослын газар гараад очиход мөргөлдсөн хоёр автомашинаас өөр автомашин байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтанд авч зүүн баруун талаас ирсэн автомашинуудыг ослын газар луу ойртуулахгүй тойруулаад явуулж байсан. Зам хальтаргаатай байсан, хялмаатай байсан, гадаа цэлмэг нартай, хөдөлгөөний ачаалал байхгүй бага байсан. Дэлгүүр лүү ороод ус буцалгаад кофе найруулаад дөнгөж ууж байтал осол болсон ойролцоогоор 10 минут болсон байх. Би хоёр автомашин мөргөлдөхийг хараагүй. Уг ослын газар луу харсан камер байхгүй байсан...” гэх  мэдүүлэг /хх.1.58-59/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэчинжамцын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн өглөө 07 цаг 30 цагаас 14 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн автобусны эцсийн буудлаас Арвин хүнсний дэлгүүр орчимд а/д Эрдэнэтогтох, а/а Наранбаатар нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 10 цаг 25 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт гараад халуун кофе уугаад зогсож байтал дэлгүүрийн зүүн талын зам дээр “түс” гэх чимээ гарсан, юу болов гэтэл а/а Наранбаатар хоёр машин мөргөлдчихлөө хурдан гараарай гээд, бид гурав гараад хартал хүнсний дэлгүүрийн зүүн урд замд хар өнгийн Т.Приус маркийн, саарал өнгийн Х.Аванте маркийн 2 автомашин мөргөлдсөн байсан. Бид гурав дэлгүүрээс гараад шууд наана нь зогсож байсан Т.Приус машин дээр очиход жолооч нь хамгаалах бүснээсээ шувтраад жолооны хүрдний догуур орчихсон ёолоод, аваарай, би буруугүй цээж өвдөөд байна гэж ярьж байсан. Наранбаатар бид хоёр жолоочийг татаж гаргаад газар суулгасан. Эрдэнэтогтох дуудлага өгөөд Гачуурт талаас ирж байсан машинуудыг ослын газраас тойруулж явуулаад зогсож байсан ба а/а Наранбаатар Х.Аванте автомашин дээр очиж нэг эмэгтэй хүүхдийг тэвэрч машинаас гаргаад машины хажуухан талд доор нь юм дэвсэж хэвтүүлээд нөгөө талаар нь тойроод очиход улаан куртиктэй эмэгтэй хүн жолооч талын хаалгаар цээж нь гараад газар дээшээ хараад хэвтэж байсан ба хоёр хөл нь машин дотроо байсан. Тэгээд бид нар тэр эмэгтэйн хөлийг гаргаад газар хэвтүүлээд түргэн тусламж ирэхийг хүлээж байгаад түргэн тусламж ирэхэд нь Х.Аванте машинд байсан хүүхэд болон жолооч эмэгтэйг өгч явуулсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирэхэд нь бид гурав Т.Приус автомашины жолооч болон хэргийн газрыг хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орсон. Би хоёр автомашин мөргөлдөхийг хараагүй “Түс” гэх чимээ гарангуут гараад хартал хоёр автомашин мөргөлдсөн байсан. Би дэлгүүрийн доошоо буудаг шатны хажууд сууж байсан болохоор шууд гарсан, цонхоор хараагүй. Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй. Мөргөлдсөн хоёр машин байж байсан. Т.Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Х.Аванте автомашины жолооч хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхдийг бүс зүүсэн байсныг мэдэхгүй байна. Би хүүхдийг машин дотор ямар байдалтай байсныг хараагүй, Наранбаатар тэврээд машин дотроос гаргаж ирж байсан. Хүүхдийн уруулын дээд хэсгээс цус гарч байсан, мөн гар хөл нь хугарчихсан байх шиг байсан, хүүхэд өөрөө хөл, гар өвдөөд байна гэж байсан. Х.Аванте маркийн автомашины жолооч автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад хэвтчихсэн хоёр хөл нь машин дотор хавчуулагдсан байсан ба толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Т.Приус-30 маркын автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Цээж хэсгээр өвдөөд байна гэж байсан. Т.Приус-30 маркийн автомашины жолооч нэг их юм ярихгүй байсан ба би зүгээр явж байсан гэж ярьж байсан. Тормосны мөр байсан эсэхийг анзаарч хараагүй. Ослын  газар  гараад очиход  мөргөлдсөн  хоёр  автомашинаас өөр автомашин байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтанд авч зүүн баруун талаас ирсэн автомашинуудыг ослын газар луу ойртуулахгүй тойруулаад явуулж байсан. Зам хальтаргаатай байсан, бага зэргийн гөлөөнтэй, өглөөгүүр хялмаа унасан байсан, гадаа цэлмэг нартай, цаг агаар тогтуун байсан, хөдөлгөөний багатай байсан. Дэлгүүр лүү ороод ус буцалгаад кофе найруулаад дөнгөж ууж байтал осол болсон ойролцоогоор 5-10 минут болсон байх. Уг ослын газар луу харсан камер байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Ариун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Анх ослын газар очиход Х.Аванте маркийн автомашины жолооч болон зорчигчийг түргэн тусламж аваад явсан байсан ба Т.Приус автомашины жолооч ослын газар байсан. Хэргийн газрыг эргүүлийн цагдаа нар хамгаалалтанд авсан байсан ба Т.Приус машины жолооч гэх залуугаас ослын талаар асуухад юм ярихгүй, шоконд орсон байдалтай, анх мөргөлдсөн газрыг асуухад дуугарахгүй байсан, мөн ослыг харсан гэрч байхгүй байсан учир ослын улмаас зам дээр үүссэн эвдрэлийн ихэнх хэсэг нь байсан газар анх хоёр автомашин мөргөлдсөн “А” цэгийг байрлуулж үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх.1.71/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амарсанаагийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... Тоёота Приус автомашины урд талд зам дээр ослын улмаас цацарсан эвдрэлийн ихэнх хэсэг нь байсан учраас уг газар хоёр автомашин анх мөргөлдсөн “А” цэгээр авч үзлэг хийсэн. Бид нарыг ослын газар очиход хэргийн газрыг эргүүлийн цагдаа нар хамгаалалтанд авсан байсан ба ослыг харсан гэх гэрч байхгүй байсан. Х.Аванте маркийн автомашины жолооч болон зорчигчийг түргэн тусламжаар явуулсан байсан ба ослын газар Т.Приус автомашины жолооч байсан. Т.Приус автомашины жолооч болох нэг залуу шоконд орсон байдалтай, юм дуугарахгүй байсан ба ослын талаар болон хоёр машин анх хаана мөргөлдсөн талаар асуухад юм дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.72/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Зын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “... Би осол болсон өдрийн явдалыг юуг ч санахгүй байгаа. Мөн ослын дараа эмнэлэгт хэвтсэн үеийн болсон явдалыг санахгүй байгаа. Би 2005 онд анх жолооч болсон “В” ангилалын жолооч. Жолооны курс төгсөөд хааяа машин жолооддог байсан. Курс төгсөөд 2 жилийн дараанаас тогтмол машин жолоодсон. Миний хүзүүний 2 дугаар нугалам хугаралтай, дух яснаас зүүн ухархайн дээд хана дайрсан хугарал, ухархайн дотор ханын хугарал, тархинд цус харвалттай, зүүн уушгинд няцрал. баруун дунд чөмөг хугарсан, зүүн гарын тохой орчимд хугаралтай байсан. Ослын улмаас гэмтэлийн эмнэлэгт 22 хоног хэвтэн эмчлүүлсэн, 1 дүгээр эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо бага зэрэг таяг тулаад бусдын тусламжтай алхаж байгаа. 3 дугаар эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Манай нөхрийн эзэмшилийн автомашин. Гэрчилгээ нь манай нөхрийн “УБЭН” ХХК-й нэр дээр бүртгэлтэй байгаа. Ослын газрын зургийг харахад нөгөө автомашин хурдтай намайг мөргөсний улмаас миний машин эргэж харж зогссон байх гэж бодож байна, хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.73/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Зын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 10 цагийн орчим охин Эрхцасыг хичээлд нь хүргэж өгөхөөр гэр бүлийн хэрэгцээний 44-55 СЭҮ дугаартай Х.Аванте маркийн автомашин жолоодоод Гачууртаас хөдөлж явсан. Эрхцас жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Жолооны хүрд зүүн талдаа, механик араатай машин байсан. Урд шөнө нь цас бага хэмжээний орсон байсан, зам нойтон, хальтиргаатай байсан, миний урд машин байгаагүй. Тэс петоролиум шатахуун түгээх станцыг өнгөрөөд 200-300 орчим метр явж байсан. Тухайн өглөө би 50 орчим км/цагийн хурдтай явж байсан, эсрэг урсгалд явсан машинууд зөрөөд өнгөрч явсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалд явсан суудлын хар өнгийн автомашин өөдөөс урсгал сөрөөд ороод ирэхээр нь шууд тоормос гишгэсэн. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Уг машин урсгал сөрж орж ирэхээс өмнө цайвар өнгийн автомашин зөрөөд өнгөрч явсан. Би осол болох үед эсрэг урсгалд ороогүй. Өөрийнхөө эгнээгээрээ 50 орчим км/цагийн хурдтай явж байсан. Машинд камер байхгүй. Эрхцас сэрүүн, урагшаагаа зам руу харж явсан. Бид 2 хамгаалалтын бус зүүгээгүй явсан... урд машин байгаагүй. Би зөөлөн явдаг, машин гүйцэж түрүүлж явдаггүй, машин жолоодож явахдаа нойрмоглоогүй, анхаарал сарниагүй, зүгээр байсан, архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх.1.74-76/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 10 цаг 30 минутын орчим би Гачууртад эмээ, өвөөгийндөө очих гээд Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодоод Баянзүрх дүүргийн нутаг Хужирбулангаас Гачуурт орох замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал Гачууртаас буюу эсрэг урсгалаас нэг цагаан машин гарч ирээд миний урсгал руу урсгал сөрөөд ороод ирсэн, би уг машиныг буцаад өөрийн урсгал руу орчих байх гэж бодоод хурдаа хасаад тоормосоо гишгэтэл тэр машин шууд өөдөөс гулсаж орж ирээд миний машины өөдөөс мөргөсөн, тэгээд би ухаан алдсан байсан. Тэгээд би нэг сэрсэн чинь машин дотроо сууж байсан ба нэг цагдаа хүрч ирээд миний бүсийг тайлаад намайг татаж гаргаад замын хажууд хэвтүүлсэн. Тэгээд тэр цагдаа нар түргэн тусламж дуудаж өгсөн ба нэлээн удаж байж түргэн тусламж ирээд нөгөө машины жолооч болон тэр машинд сууж явсан хүүхдийг аваад явсан. Нөгөө машины жолооч нь ухаангүй байсан ба хамт явсан хүүхдийн нүүрнээс нь нэлээн цус гарсан байсан. Нөгөө машины жолооч, зорчигч хоёрыг түргэн тусламж аваад явсаны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газар үзлэг хийсэн. Би автомашиндаа ганцаараа явж байсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг хийхэд би хэргийн газар байсан. Би анх мөргөлдсөн “А” цэгийг заагаагүй, ослын газар үзлэг хийсэн байцаагч анх мөргөлдсөн цэгийг тогтоож үзлэг хийсэн. Би уг нь үзлэг хийж байсан байцаагчид би өөрийн урсгалд явж байсан, намайг энд мөргөсөн гэж хэлсэн боловч миний хэлсэнийг тоогоогүй. Би өөрийн урсгалдаа явж байхад нөгөө машин урсгал сөрж гулгаж орж ирээд миний машиныг мөргөсөн учраас би анх мөргөлдсөн “А” цэгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би нөгөө автомашиныг урсгал сөрөөд миний өөдөөс гараад ирэхийг яг хэдэн метрийн зайнаас харсанаа хэлж мэдэхгүй байна. Тэр автомашин замын эргэлттэй хэсэг дээрээс урсгал сөрөөд ороод ирсэн би тэр машиныг буцаад эгнээндээ орчих байх гэж бодтол өөдөөс гулгаж орж ирээд мөргөлдсөн. Зам дээр цас ороод нойтон хальтаргаатай байсан, автомашины хөдөлгөөн байхгүй байсан, гадаа цэлмэг нартай цаг агаар тогтуун байсан. Би 45 км/ц-ийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.77-78/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаартай:

          “1 .Зын биед хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэн, их хугарал, дух яснаас үргэлжлэн зүүн ухархайн дээд хана дайрсан хугарал, ухархайн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн уушигны 6-р сигментэд няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн богтос ясны залаа, сэртэнгийн ил хугарал, хамар ясны хугарал, зүүн дух, зулай, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд шарх, зүүн хөмсөг, дух, зовхинд цус хуралт, шарх, 2 шилбэнд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.2, 3.1,3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.         

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.1.80/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай:

          “1. Эрхцасын биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун гайморын урд ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 11-р шүдний булгарал, 42, 31-р шүднүүдийн хугарал, дээд уруулын дотор талд шарх, 2 хацар, дээд уруулд зулгарал, дээд уруул, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4. Цаашид 1 шүд унах нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулана.

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.1.124/,

          Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх.1.182-186/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч С.Мөнхдалайн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 655 дугаартай:

          “1. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-30 маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

          2. Уг автомашины урд бамбай байхгүй, урд бамбайн дотор талын хөндөл төмөр 26,5 см хэмжээтэй дотогш шахагдсан гулзайсан, лонжероны зүүн баруун талын үзүүр дотогш гулзайсан, хөдөлгүүрийн хөргөлтийн радиатор болон сэрүүцүүлэгчийн радиатор дотогш шахагдаж хэлбэр дүрсээ алдсан капот дотогш шахагдсан, урд салхины шил цуурч хагарсан, баруун урд талын далбаа бүхэлдээ дотогш хонхойсон, баруун талын хаалганы хавтас төмөр 50x107см хэмжээтэй талбайд дотогш хонхойж зурагдсан, хаалга 6 см хэмжээтэй ангайж гажсан, зүүн урд талын толины гадна хавтсан гэр байхгүй, зүүн урд талын далбааны зүүн талын урд гэрэлтэй харьцах үзүүр хэсгийн 20х30см хэмжээтэй хэсэг дотогш гулзайсан, баруун, зүүн талын гэрлийн суурь дотогш шахагдаж гэрэл хагарсан, хөдөлгүүрийн хэсэг бүхэлдээ дотогш шахагдсан, хөдөлгүүрийн дээд лап тасарч салсан, converter-дотогш шахагдсан, хөргөх шингэн хадгалах сав хагарч салсан, агаар шүүгчийн гэр хагарсан, хөдөлгүүрийн таг хагарсан, гал хамгаалагчийн суурь дотогш шахагдаж хагарсан, шил арчигчийн шингэн хадгалах сав хагарсан, помп хагарсан зэрэг гэмтэлтэй, тоормосны шингэн хадгалах савны шингэн дамжуулах гуурс хугарч битүүмж алдагдсан, радиаторын доод хөндөл төмөр гулзайсан, зүүн, баруун талын радиатор болон тэвш холбосон дагуу төмөр гулзайсан, хөдөлгүүрийн арьс хагарч тосны шүүр гарч ирсэн, автомашины баруун урд талын дугуй баруун урд талын далбаанаас 6,5 см хэмжээтэй, зүүн урд талын дугуй зүүн урд талын далбаатай наалдаж дугуй хойш шилжсэн зэрэг гэмтэлүүдтэй байна. Жолоочийн болон зорчигчийн аюулгүйн хийн дэр гарсан, жолоочийн буюу хянах самбарын доод хэсэг шахагдаж хагарсан, араа солих хөшүүргийн гадна хуванцар хаалт ангайж салсан, жолоочийн болон зорчигчийн дунд байрлах савын таг байхгүй зэрэг гэмтэлүүдтэй байна.

          3. Автомашинд үүссэн дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй.

          4. Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны ABS системтэй байна. Урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллаж байна. Хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагаа, ABS-ийн ажиллагааг шалгах боломжгүй байна.

          5. Тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно.

          6. Автомашин явах боломжгүй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй...” гэх дүгнэлт /хх.1.191-201/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.202/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай “Осол хэргийн газарт тарж бутарсан эд зүйл, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөр, тээврийн хэрэгсэлүүдэд үүссэн эвдрэл, гэмтэл зэргийг үндэслэн хоёр тээврийн хэрэгсэлүүд зорчих хэсгийг голлосон байрлалд мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.204-218/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай: “Осол хэргийн газарт тарж бутарсан эд зүйл, тээврийн хэрэгсэлүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэргийг үндэслэн хоёр тээврийн хэрэгсэлүүд зорчих хэсгийг голлосон байрлалд мөргөлдсөн байх үндэслэлтэй... Ослын газар дахь тоормосны дугуйн мөр хоорондын зай нь Хюндай Аванте маркийн автомашины дугуйн дотроос дотор хоорондын хэмжилтийн зайтай тохирч байна” гэх нэмэлт дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.222-227/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд криминалистик шинжээч Г.Цэндсүрэнгийн өгсөн: “... Автомашинууд мөргөлдсөний дараах эвдрэлээс үүссэн эд ангиуд цацагдсан хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан байна. Тиймээс “А” цэг нь анх мөргөлдсөн үеийн байрлал буюу анх мөргөлдсөн цэг биш, харин мөргөлдсөний дараах цацарсан эвдрэлийн хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан нь үнэдслэлгүй байна. Хавтаст хэргийн 1, 2, 7 дугаар зураг дээрх Хюндай Аванте автомашин явж байсан талаас харуулсан зураг дээр зорчих хэсгийг голлосон тормосны гэх мөр Тоёота Приус автомашин руу чиглэсэн байна. Мөн тухайн тормосны мөр хоорондын зайг хэмжиж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаснаар 1.3 метр хэмжээтэй байсан ба Хюндай Аванте маркийн автомашины дугуй хоорондын зайтай тохирч байна. Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн “А” цэг дээрх эвдэрсэн эд ангиудын цацарсан хүрээ, гоожсон тос, Тоёота Приус автомашины урд голын хэсэгт үүссэн эвдрэл, Хюндай Аванте маркийн автомашины зүүн урд талын эвдрэл, мөргөлтийн чиглэл зэргийг үндэслэн автомашинууд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. Нэмэлт шинжилгээний дүгнэлтийн зураг №34 дээр тээврийн хэрэгсэлүүдийн байрлалыг харуулсан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 654 тоот дүгнэлт шинжилгээний 3-р хэсэгт тодорхой гаргаж харуулсан , Хюндай Аванте маркийн автомашины эвдрэлийн зах ирмэг, хамгийн их шилжилт, хэв гажилтад орсон цэг гурвыг холбож котикийн аргаар мөргөлтийн чигэлэлийг тодорхойлдог. Мөн энэ аргаар Тоёота Приус автомашины мөгөлдөх үеийн чигийг тодорхойлсон байгаа. Дээрх тодорхойлсон цэгүүдээс тухайн үед авто ослын үед автомашинуудын мөргөлдөх үеийн байрлалыг нэмэлт шинжилгээний зураг №34 дээр харуулсан. Зураг №35, 36 дээр мөргөлдөөний дараах тээврийн хэрэгсэлүүдийн хөдөлгөөний чиглэлүүдийг харуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.233-234/,

          Шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх.2.8/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай “Тоёота Приус маркийн 54-52 УНЯ, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинуудын эвдрэл, гэмтэл, мөргөлдсөний дараах байрлал, хэргийн газарт тарж цацарсан эд зүйлийн хүрээ, Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины хойд доор байрлах шороо мэт бор өнгийн зүйл зэрэг шинж тэмдэгт үндэслэн мөргөлдөхийн өмнөх агшин дахь тээврийн хэрэгсэлүүдийн байрлалыг зураг 11-д харуулав... Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөрийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566/2567 тоот дүгнэлт харуулсан. Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины мөрийг нотлох баримт байхгүй” гэх нэмэлт дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.10-17/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Ганболдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаартай “Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг тус тус зөрчсөн” гэх магадалгаа /хх.2.18/,

          Э.Эгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.29/,

          Жолооч Э.Эгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.2.30/,

          Э.Эгийн ажил байдлын тодорхойлолт /хх.2.34/,

          “Лэндс” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БЗД-0100412 дугаартай: “Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины хохирол 9,695,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.166-171/,

          “Голд стандарт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10717143 дугаартай: “Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины хохирол 4,231,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ /хх.2.2-7/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжээч Н.Шинэбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаартай:  

          “1. Toyota-Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэцогт овогтой Э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          2. Hyundai-Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э овогтой З нь МУ-ын ЗХД-ийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. (Хэргийн газрын үзлэгийн фото зураг дээр үүссэн тоормозны мөр, ШШҮХ-ийн 2018.04.19 №2566, 2567 дүгнэлт, Зураг №32.33 тус тус үндэслэв.)

          3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх А цэг үндэслэлгүй байна. (ШШҮХ-ийн 2018.04.19 №2566 тоот дүгнэлт)” гэх дүгнэлт /хх.1.236-237/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаартай:

          “1. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          2. Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно; /Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт хийгдсэн үзлэгийн үед авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд/ гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна.

          3. Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

          4. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын замд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Toyota Prius маркийн 54-52 УНЯ, Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зам тээврийн осолд замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал илрээгүй болно.

          5. Асуултад дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинжилгээний явцад тогтоогдоогүй болно.

          6. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн замын өргөн 8.10 метр байгаа нь Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна.

          7. Хэргийн газрын үзлэгийн явцад авагдсан гэрэл зургийн үзүүлэл №17-д салхины шилний хагархай байгаа нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэл болохгүй.

          8. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын замд үйлдэгдсэн зам тээврийн ослын газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн мөр, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлтэй байна.

          9. Осол болсоны дараах тээврийн хэрэгслүүдийн байрлалаар Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна.

          10. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Эрүүгийн 180300008 дугаартай хэргийн материалд хэргийн газрын үзлэгийн үеийн дүрс бичлэгийг хавсралтаар ирүүлсэн болно.

          11. 11, 12 дугаар асуултад хариулт өгөх боломжгүй байна.

          12. Уг зам тээврийн ослын газарт хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсан “А” цэг үндэслэлтэй эсэх талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээний лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариулсан байна” гэх дахин дүгнэлт /хх.1.244-247/,

          Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Механик инженерийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12/27 дугаартай:

          “1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, мөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2 дугаар зүйлд “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул бусад шинжээч нарын гаргасан дүгнэлтэд үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

          2. 1-р хариултаар хариулагдсан.

          3. Осол болох үеийн автомашины эвдрэл, гэмтэл, ослын дараах автомашины байрлал, хавтаст хэрэгт авагдсан “А” цэг зэргээс үзэхэд Toyota Prius маркийн 54-52 УНЯ дугаартай автомашины жолооч Э.Э нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгзэр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

          4. Осол болох үеийн автомашины эвдрэл, гэмтэл, зорчих хэсэг дээрх тоормосны мөр зэргээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дүгаартай автомашины жолооч Э.З нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

          5. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Э.Э болон Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ упсын дугаартай автомашины жолооч Э.З нар нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалтыг зөрчсөн нь осол гарах нөхцөлийг үүсгэсэн байх магадлалтай байна.

          6. Замын тэмдэг тэмдэглэгээ осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна.

          7. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйлс илрээгүй болно.

          1.1. Хавтаст хэрэгт авагдсан “А” цэгээс үзэхэд Э.Эгийн жолоодож явсан  Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон гэж үзэж байна.

          1.2. Хариулт 1.1-ээр хариулагдсан.

          1.3. Хэргийн газрын үзлэгээр Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөрийг тодорхойлсоноос үзэхэд Hyuidai Avante маркийн 44-улсын дугаартай автомашин эсрэг урсгалд орсон байна.

          1.4. Хариулт 1.1-ээр хариулагдсан.

          1.5. Ослын дараах бичлэгээс харахад тоормосны мөр хаана эхлээд, хаана дуусаж байгааг, мөн Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины доогуур гарсан тоормосны мөр байгааг тогтоох боломжгүй байна.

          1.6. Хариулт 1-ээр хариулагдсан.

          1.7. Хавтас хэрэгт авагдсан “А” цэгийг үндэслэлтэй авсан гэж үзэж байна” гэх дахин дүгнэлт /хх.2.109-112/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд техникийн шинжээч Ц.Цэвээнжавын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “... Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд “А” цэг нь Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон байхаар байна. “А” цэг нь Э.Эгийн жолоодож явсан машин эсрэг урсгалд байгаагаар тодорхойлогдсон /хавтаст хэрэгт авагдсан/ учраас 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон байна гэж тодорхойлсон. Осол хэргийн материалаас харахад Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э.Зын тормосны мөр нь эсрэг урсгалд орж явсан байдалтайгаар зарагдсан байгаа нь уг автоамшин осол болохын өмнө эсрэг урсгалд явж байсныг тодорхойлж байна. Үүнээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа осол хэрэг гарсан газар дээр хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зургийг ашиглан гаргасан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн “А” цэгийг тодорхойлсон дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заагдсаны дагуу тухайн шинжээчийн өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэсэн заалттай байдаг учир уг дүгнэлтийг өөрсдийнхөө дүгнэлтэд ашиглаагүй. Осол хэрэг гарсан газар дээрх бүдүүвч зураг дээр тэмдэглэгдсэн Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины тормосны мөр эсрэг урсгалд байгаа, мөн ослын үеийн автомашины эвдрэл гэмтэлийн байдлаас үзэхэд жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж манай шинжээчид үзэж уг дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх.2.234-236/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай:

          “Анхны буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг газрын үзлэгээр анх мөргөлдсөн цэг буюу А цэгийг Э.Зын жолоодож явсан Хьюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины чиглэлд замын хойд захаас 2.90 метрийн зайд байрлуулан авсан нь үндэслэлгүй байх бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... осол хэргийн газарт хагарч унасан эд зүйл, тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгсэлүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн баих үндэслэлтэй”, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... эвдрэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн нэмэлт зургийн №1-д харагдаж байгаа шороон мөр зэрэгт үндэслэн тээврийн хэрэгсэлүүдийн анх мөргөлдөх үеийн байрлалыг тоймлож харуулав” гэсэн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэж байна.

          2.2. Э.Э нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

          2.3. Э.З нь Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 15, 16, 17 дугаар хуудсанд байх схем зураг, фото зурагт эсрэг урсгалд явж байсан байдал тоормосны мөрөөс харагдаж байна.

          2.4. Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь эсрэг урсгал сөрсөнөөс уг осол гарахад нөлөөлсөн байна. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь жолоогоо зүүн гар тийш дарж зорчих хэсгийн голын тэмдэглэл дээр мөргөлдсөн нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолоочийг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна.

          2.5. Замын тэмдэг, тэмдэглэгээ осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          3. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл илрээгүй.

          3.1. Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд жолооч Эгийн жолоодож явсан машиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна.

          3.2. Дээрх хариултаар хариулсан” гэх дахин дүгнэлт /хх.2.246-248/,

          Прокурорын яллах дүгнэлтийн хувийг яллагдагч Э.Эд гардуулж өгсөн тэмдэглэл /хх.3.47/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

         Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,   

          Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд Тоёота приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, Э.Зын эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Зам тээврийн осол хэргийн газарт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.13-21/,

          Зам тээврийн осол хэргийн газарт 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.24-29/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярын өгсөн “... Манай эхнэр тухайн өдөр Гачууртын гэрээс гараад хүүхдээ 1 дүгээр сургуульд хүргэж өгөх гээд явж байгаад осолд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.34-36/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэтогтохын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “... Т.Приус-30 маркын автомашины жолооч ... ослын улмаас шоконд орсон байдалтай, түргэн тусламж дуудсан уу гээд байн байн асуугаад сандарсан байдалтай би яах вэ энэ хоёр хүнийг яаралтай эмнэлэг рүү явуулмаар байна гэж ярьж байсан...” гэх  мэдүүлэг /хх.1.55-56/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Наранбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн : “... Тэгтэл 10 цаг 30 минутын үед бид гурав эргүүлд явж байгаад Арвин хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт гараад халуун кофе уугаад зогсож байхад дэлгүүрийн зүүн талын зам дээр “түс” гэх чимээ гарсан, юу болов гээд цонхоор хартал хар өнгийн Т.Приус маркийн, саарал өнгийн Х.Аванте маркийн 2 автомашин мөргөлдсөн байсан... Ослын газар өөр хүн болон автомашин байгаагүй... Т.Приус-30 автомашины жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Х.Аванте автомашины жолооч болон зорчигч хүүхэд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Хүүхэд Х.Аванте автомашины урд суудал буюу жолоочийн хажуу талын суудлын урд автомашины салон болон сандал хоёрын голд байсан амнаас цус гараад уйлж байсан. Х.Аванте маркийн автомашины жолооч автомашиныхаа жолооч талын хаалганы харалдаа зам дээр дээшээ хараад хэвтчихсэн хоёр хөл нь машин дотор хавчуулагдсан байсан ба зүүн толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй байсан. Т.Приус-30 маркын автомашины жолооч хамгаалалтын бүснээсээ шувтраад жолооны хүрдний доогуур орсон ил харагдах гэмтэлгүй ухаантай байсан. Ослын улмаас шоконд орсон байдалтай байсан ба сүүлдээ гайгуй болоод Гачуурт руу эмээгийнх рүүгээ явж байсан гэж байсан өөр зүйл яриагүй...” гэх  мэдүүлэг /хх.1.58-59/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэчинжамцын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... Т.Приус-30 маркийн автомашины жолооч нэг их юм ярихгүй байсан ба би зүгээр явж байсан гэж ярьж байсан. Тормосны мөр байсан эсэхийг анзаарч хараагүй. Ослын  газар  гараад очиход  мөргөлдсөн  хоёр  автомашинаас өөр автомашин байгаагүй. Зам хальтаргаатай байсан, бага зэргийн гөлөөнтэй, өглөөгүүр хялмаа унасан байсан, гадаа цэлмэг нартай, цаг агаар тогтуун байсан, хөдөлгөөний багатай байсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Ариун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... Т.Приус машины жолооч гэх залуугаас ослын талаар асуухад юм ярихгүй, шоконд орсон байдалтай, анх мөргөлдсөн газрыг асуухад дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.71/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амарсанаагийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... Т.Приус автомашины жолооч болох нэг залуу шоконд орсон байдалтай, юм дуугарахгүй байсан ба ослын талаар болон хоёр машин анх хаана мөргөлдсөн талаар асуухад юм дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.72/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Зын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн: “... Тэгтэл гэнэт эсрэг урсгалд явсан суудлын хар өнгийн автомашин өөдөөс урсгал сөрөөд ороод ирэхээр нь шууд тоормос гишгэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.74-76/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн: “... Тэр автомашин замын эргэлттэй хэсэг дээрээс урсгал сөрөөд ороод ирсэн, би тэр машиныг буцаад эгнээндээ орчих байх гэж бодтол өөдөөс гулгаж орж ирээд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх.1.77-78/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаартай: “... Зын биед хүзүүний 2-р нугалмын шүдлэг сэртэн, их хугарал, дух яснаас үргэлжлэн зүүн ухархайн дээд хана дайрсан хугарал, ухархайн дотор ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, зүүн уушигны 6-р сигментэд няцрал, цээжний хөндийд шингэн хуралт, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн богтос ясны залаа, сэртэнгийн ил хугарал, хамар ясны хугарал, зүүн дух, зулай, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд шарх, зүүн хөмсөг, дух, зовхинд цус хуралт, шарх, 2 шилбэнд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... амь насанд аюултай гэмтэлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.80/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай: “... Эрхцасын биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун гайморын урд ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, 11-р шүдний булгарал, 42, 31-р шүднүүдийн хугарал, дээд уруулын дотор талд шарх, 2 хацар, дээд уруулд зулгарал, дээд уруул, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.124/,

          Автотээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх.1.182-186/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч С.Мөнхдалайн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 655 дугаартай, Toyota Prius-30 маркийн автомашины гэмтэлийг тогтоосон дүгнэлт /хх.1.191-201/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай: “Осол хэргийн газарт тарж бутарсан эд зүйл, Хюндай аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөр, тээврийн хэрэгсэлүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэргийг үндэслэн хоёр тээврийн хэрэгсэлүүд зорчих хэсгийг голлосон байрлалд мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэх дүгнэлт хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.204-218/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай: “Осол хэргийн газарт тарж бутарсан эд зүйл, тээврийн хэрэгсэлүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэргийг үндэслэн хоёр тээврийн хэрэгсэлүүд зорчих хэсгийг голлосон байрлалд мөргөлдсөн байх үндэслэлтэй... Ослын газар дахь тоормосны дугуйн мөр хоорондын зай нь Хюндай аванте маркийн автомашины дугуйн дотроос дотор хоорондын хэмжилтийн зайтай тохирч байна” гэх нэмэлт дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.222-227/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд криминалистик шинжээч Г.Цэндсүрэнгийн өгсөн: “... Автомашинууд мөргөлдсөний дараах эвдрэлээс үүссэн эд ангиуд цацагдсан хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан байна. Тиймээс “А” цэг нь анх мөргөлдсөн үеийн байрлал буюу анх мөргөлдсөн цэг биш, харин мөргөлдсөний дараах цацарсан эвдрэлийн хүрээн дотор “А” цэгийг байрлуулсан нь үнэдслэлгүй байна. Хавтаст хэргийн 1, 2, 7 дугаар зураг дээрх Хюндай Аванте автомашин явж байсан талаас харуулсан зураг дээр зорчих хэсгийг голлосон тормосны гэх мөр Тоёота Приус автомашин руу чиглэсэн байна. Мөн тухайн тормосны мөр хоорондын зайг хэмжиж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаснаар 1.3 метр хэмжээтэй байсан ба Хюндай Аванте маркийн автомашины дугуй хоорондын зайтай тохирч байна. Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн “А” цэг дээрх эвдэрсэн эд ангиудын цацарсан хүрээ, гоожсон тос, Тоёота Приус автомашины урд голын хэсэгт үүссэн эвдрэл, Хюндай Аванте маркийн автомашины зүүн урд талын эвдрэл, мөргөлтийн чиглэл зэргийг үндэслэн автомашинууд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. Нэмэлт шинжилгээний дүгнэлтийн зураг №34 дээр тээврийн хэрэгсэлүүдийн байрлалыг харуулсан байгаа. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 654 тоот дүгнэлт шинжилгээний 3-р хэсэгт тодорхой гаргаж харуулсан, Хюндай Аванте маркийн автомашины эвдрэлийн зах ирмэг, хамгийн их шилжилт, хэв гажилтад орсон цэг гурвыг холбож котикийн аргаар мөргөлтийн чиглэлийг тодорхойлдог. Мөн энэ аргаар Тоёота Приус автомашины мөгөлдөх үеийн чигийг тодорхойлсон байгаа. Дээрх тодорхойлсон цэгүүдээс тухайн үед авто ослын үед автомашинуудын мөргөлдөх үеийн байрлалыг нэмэлт шинжилгээний зураг №34 дээр харуулсан. Зураг №35, 36 дээр мөргөлдөөний дараах тээврийн хэрэгсэлүүдийн хөдөлгөөний чиглэлүүдийг харуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.233-234/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай: “Тоёота Приус маркийн 54-52 УНЯ, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинуудын эвдрэл, гэмтэл, мөргөлдсөний дараах байрлал, хэргийн газарт тарж цацарсан эд зүйлийн хүрээ, Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины хойд доор байрлах шороо мэт бор өнгийн зүйл зэрэг шинж тэмдэгт үндэслэн мөргөлдөхийн өмнөх агшин дахь тээврийн хэрэгсэлүүдийн байрлалыг зураг 11-д харуулав... Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины дугуйн мөрийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №2566/2567 тоот дүгнэлт харуулсан. Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины мөрийг нотлох баримт байхгүй” гэх нэмэлт дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.10-17/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Ганболдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаартай: “Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай, Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг тус тус зөрчсөн” гэх магадалгаа /хх.2.18/,

          “Лэндс” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн БЗД-0100412 дугаартай: “Тоёота Приус маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины хохирол 9,695,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.166-171/,

          “Голд стандарт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10717143 дугаартай: “Хюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины хохирол 4,231,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ /хх.2.2-7/,

          Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Механик инженерийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12/27 дугаартай:

          “... 3. Осол болох үеийн автомашины эвдрэл, гэмтэл, ослын дараах автомашины байрлал, хавтаст хэрэгт авагдсан “А” цэг зэргээс үзэхэд Toyota Prius маркийн 54-52 УНЯ дугаартай автомашины жолооч Э.Э нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгзэр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

          4. Осол болох үеийн автомашины эвдрэл, гэмтэл, зорчих хэсэг дээрх тоормосны мөр зэргээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дүгаартай автомашины жолооч Э.З нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

          5. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Э.Э болон Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ упсын дугаартай автомашины жолооч Э.З нар нь МУ-ын ЗХД-ийн 8.2-р заалтыг зөрчсөн нь осол гарах нөхцөлийг үүсгэсэн байх магадлалтай байна...” гэх дахин дүгнэлт /хх.2.109-112/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд техникийн шинжээч Ц.Цэвээнжавын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “... Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд “А”цэг нь Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон байхаар байна. “А” цэг нь Э.Эгийн жолоодож явсан машин эсрэг урсгалд байгаагаар тодорхойлогдсон /хавтаст хэрэгт авагдсан/ учраас 54-52 УНЯ улсын дугаартай автомашин нь эсрэг урсгалд орсон байна гэж тодорхойлсон. Осол хэргийн материалаас харахад Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Э.Зын тормосны мөр нь эсрэг урсгалд орж явсан байдалтайгаар зарагдсан байгаа нь уг автоамшин осол болохын өмнө эсрэг урсгалд явж байсныг тодорхойлж байна. Үүнээс үзэхэд Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахдаа осол хэрэг гарсан газар дээр хийгдсэн хэмжилтийн бүдүүвч зургийг ашиглан гаргасан... Осол хэрэг гарсан газар дээрх бүдүүвч зураг дээр тэмдэглэгдсэн Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины тормосны мөр эсрэг урсгалд байгаа, мөн ослын үеийн автомашины эвдрэл гэмтэлийн байдлаас үзэхэд жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж манай шинжээчид үзэж уг дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх.2.234-236/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Цэндсүрэнгийн өгсөн: “... Автомашины анх мөргөлдөх үеийн байрлалыг эхний зурагт үзүүлсэн. Улаан өнгийн шугамаар автомашины эвдрэлийг харуулсан. Тухайн Аванте машины ташуу байрлалтай, Приус маркийн машин урагшаа тэгш байдалтай, хоорондоо анх тулгарсан. Тухайн автомашин жин, хурдатгалын нөлөөгөөр хоёр биет тулгарахад хүч үйлчилж, эд ангид хэв гажилтууд үүсч эвдэрнэ. Үүний нөлөөгөөр тухайн газартаа хурдаа хадгалж, эд анги тарж цацарна. Автомашин мөргөлдөх үйл явц нь шууд 0 цэг дээр очиж зогсохгүй, өөрийн гэсэн хурдтай явж байгаа учир цохилтын хүчний нөлөөгөөр нэг нэгэндээ нэмэгдсэн хүчний нөлөө хоёр биенд тархах үед тухайн автомашинд наалдсан байсан шороо, тухайн газарт чиглэлийн дагуу 20-30 сантимерт цацагдаж унана. Энэ бол эхний шинж тэмдэг. Нөгөө процесс үргэлжилж, хэв гажилтад орж, эд анги тарж цацарч бутарна. Хөдөлгүүр дотор ашиглагдаж байсан шингэн тухайн газар оронд чиглэлийн дагуу цацарч, асгарна. Үйл явцын талаар ослын гэрэл зургийн үзүүлэлт дээр А цэгт эд анги цацарч, урсаж хэмжээгээ тэлсэн байна.  Автомашинд шилжилт явагдаж баруун гар тийшээ даялсан чиглэлтэй явсан байна. Цохилтын хүч ташуу ирж үйлчилсэн учир Приус маркийн автомашин дагаж далийсан байна. Цаашаа үргэлжилж, Аванте автомашин өөрийн чиглэл дагуу даялж эргэсэн байна. Приус автомашины гаднах эд ангид үүссэн гэмтэлээс үзэхэд Аванте машиныг дагаж хөдөлсөн нь батлагдсан. Эцсийн байдалд хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт байрлал харагддаг. Ямарваа нэгэн үйлдэлд мөр үлдэхгүй байна гэж үгүй. 33, 36 дугаар үзүүлэлтэд зүүнээс баруун тийшээ харуулсан зурагт тодорхой харагдана. Приус маркийн автомашины чигт үргэлжилсэн шугамыг давсан мөр яваад осол болсон газарт  төгссөн. Тухайн тормозын мөр, зай, уртыг хэмжсэн байсан нь нотлох баримт юм. Хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд дугуйн мөрийг тодорхой харуулсан. 15 сантиметрийн дугуйн мөр гарсан. Мөр гаргагч, мөр хүлээн авагч хоёр харьцахдаа онцлог шинж тэмдэгийг үлдээдэг. Гэхдээ яг тэр хэмжээсийг үлдээхгүй, нарийн, өргөн байх нь дугуйны хээ, хий, даралт, ачаа зэргээс хамаарна. 16 сантиметрийн өргөнтэй дугуй, 15 сантиметрийн мөрийг үлдээх үндэслэлтэй болж байна. Улаан тасархай шугамаар үзүүлсэн мөр бол Аванте маркийн автомашины мөр байх үндэслэлтэй байна. Автанте маркийн машины мөр мөн юм бол хоёр машин анх мөргөлдөхөөс эхэлж, тормозын мөр дууссан цэгт А цэг байх үндэслэлтэй байна. А цэг нь процесс болоод өнгөрсөний дараа буюу цаана тавигдах ёстой юм байна. Хоёр машин анх тулсан 0 цэгт тавигдаагүй, гэхдээ ослын  хүрээнд А цэгийг тогтоож чадсан гэж үзсэн. Машин шууд мөргөлдөх үед үүсэхгүй, цохилтын хүч үйлчилж, ослын улмаас эд анги эвдрэх буюу дамжиж үүснэ. Машин мөргөлдөх үед миллийн зүү гацахгүй. Хурд хэмжигч спидометрийн гаднах гэр хагарч, зүү их биеэсээ салсан нь механик хүчин зүйл үйлчилсэн гэж үзнэ. Доргилтоос үүссэн учир тухайн явж байсан машины хурдыг тодорхойлохгүй. Тормозын мөр бүрэн дүүрэн буюу эхлэл, төгсгөлтэй байх ёстой. Гэтэл Аванте машины тормозын мөр эхлэл, үргэлжлэлтэй, төгсгөл байхгүй байсан. Хурдыг тогтооход алдаатай байдал бий болно. Өөрөөр хэлбэл хурдыг тогтоох боломжгүй байсан. Тормозын мөрийн эхлэл, үргэлжилтэй, төгсгөлгүй байх үед хурдыг тогтоох боломжгүй. Аванте маркийн машины наклад хоёр өөр байна. Тухайн машины наклад тормозлох үед нэг нь хавчдаг. Хоёр наклад байгаа боловч шахаж буй даралтаас шалтгаалж, харилцан адилгүй байна. Накладны хэмжээ 4-6 метрийн зөрүүтэй байна. Тухайн накладтай машин тормоз гишгэхэд баруун тал руугаа далийх үйлдэл хийх үү гэдгийг тусгай багажаар шалгаж тогтооно. Тормозын хүч зөрүүтэй байх үед тормоз гишгэхэд мөр өөр гарна. Мөн тухайн орчины замын гадаргуу болон бусад нөхцөл байдал зэргээс хамаарч машины далийх, шарвалт зэрэг өөр гарч болно. Тухайн газарт үүссэн тормозын тасарсан мөр үргэлжилж яваад төгсгөлгүй байна. Орон зайн хувьд наана дууссан байна. Хэрэгт тус тормозын мөрийн талаар нотлох баримт авагдаагүй тул Приус маркийн машины мөр гэдгийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бичлэгийн дүрс бол хангалтгүй байсан. Яагаад гэвэл ослын газрын зурагт тормозын мөр харагддаг боловч уг бичлэгт тормозын мөр тод харагддаггүй. Приус маркийн автомашины баруунаас зүүн чиглэлтэй зурагт тормозын мөрийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Приус маркийн автомашины явсан чиглэлд тормозын мөр гараагүй учир тухайн мөрийг Приус маркийн машины мөр гэж үзэх боломжгүй байсан. Миний гаргасан 3 дүгнэлт нэг нэгийгээ үгүйсгэсэн зүйл байхгүй. Дээрх нөхцөл байдлаас үндэслэн нотлох баримт гарч ирсэн. Приус маркийн автомашины байрлалыг тогтоох боломжтой болсон. 9, 10 дугаар зургаас үзэхэд машины доор наалдсан шорооны мөр нь анх мөргөлдсөн гэх А цэг байх магдалалтай. Гэхдээ 3-4 метрийн хүрээнд цацардаг. Тухайн машины эвдрэл, машины цацарсан эвдрэл, гэмтэл зэргээс үндэслэн тухайн Приус маркийн автомашин зорчих хэсгийн голын ихэнх хэсгийг давж явсан байх магадлалтай. Анхны хэргийн газрын үзлэгийн А цэгийг би А цэг гэж огт хэлээгүй байна. Анхны А цэгээс сүүлд тогтоосон А цэг баруун тийш, зорчих  хэсгээ голлон байрласан байна. Автомашины мөргөлдөх үеийн байрлалыг тоймолж харуулсан. Ер нь бол дүгнэлтийг гаргахдаа тооцоолол ашигладаг. Дүгнэлт дээр бүх баримтаа тоочиж, харуулах албагүй. Өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг өөрөө хариуцна. Би тухайн А цэгийг тогтоосон шинжээчийн өмнөөс хариулахгүй. Нотлох баримтаас шинжихэд анхны А цэгээс хөдөлж шилжсэн. Хоёр машины тэнхлэг осол гарах үед шугам давсан байсан. Машины урд хамар эргэхэд хойд тал дагаж шилжилт хийнэ. Мөргөлдсөний дараах процесс нь Приус маркийн автомашин шидэгдсэн. Биеийн жингийн шилжилтээс автомашины хойд дугуй шидэгдэж болно. Газартай харьцаагүй тул мөр гарахгүй байж болно. Нэг тэнхлэгт байгаа хоёр дугуй хоёулаа эсрэг урсгалд орсон байрлалтай байна. 1 дүгээр хавтаст хэргийн 227 хуудсанд авагдсан гэрэл зурагт замын мөр байхгүй. Хоёр машиныг хооронд нь харьцуулахад Аванте маркийн машиныг бодвол Приус маркийн машины байрлал арай замын дагуу байрлалтай байна... Э.Зын машин Приус маркийн машинаас бага жинтэй байсан учир шилжилт хөдөлгөөн, тухайн замын гадаргуу зэргээс хамаарч илүү их явагдсан байна. Тухайн машины байрлал, жин харилцан адилгүй учир харилцан адилгүй хөдөлгөөн хийгдсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай дүгнэлт /хх.1.204-218/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай дүгнэлт /хх.1.222-227/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай дүгнэлт /хх.2.10-17/,

          Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Механик инженерийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12/27 дугаартай дахин дүгнэлт /хх.2.109-112/ зэрэг тусгай мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтүүдэд Э.Эг Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн талаар:  

          Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт /хх.1.236-237/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 289 дугаартай дахин дүгнэлт /хх.1.244-247/,

          Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай дахин дүгнэлт /хх.2.246-249/ зэрэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.

          Мөн Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 779 дугаартай дахин дүгнэлт /хх.2.246-248/-д:

          “2.1. Анхны буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэргийг газрын үзлэгээр анх мөргөлдсөн цэг буюу А цэгийг Э.Зын жолоодож явсан Хьюндай Аванте маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашины чиглэлд замын хойд захаас 2.90 метрийн зайд байрлуулан авсан нь үндэслэлгүй байх бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2566, 2567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... осол хэргийн газарч хагарч унасан эд зүйл, тээврийн хэрэгсэлүүдэд үүссэн эвдрэл гэмтэл зэрэгт үндэслэн хоёр тээврийн хэрэгсэлүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн баих үндэслэлтэй”, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4099 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... эвдрэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн нэмэлт зургийн №1-д харагдаж байгаа шороон мөр зэрэгт үндэслэн тээврийн хэрэгсэлүүдийн анх мөргөлдөх үеийн байрлалыг тоймлож харуулав” гэсэн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэж байна.

          2.2. Э.Э нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна...

          2.4. Hyundai Avante маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь эсрэг урсгал сөрсөнөөс уг осол гарахад нөлөөлсөн байна. Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нь жолоогоо зүүн гар тийш дарж зорчих хэсгийн голын тэмдэглэл дээр мөргөлдсөн нь Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолоочийг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна...

          3.1. Э.Эгийн жолоодож явсан Toyota Prius маркийн 54-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй хэмжилтээр эсрэг урсгалд ороогүй болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд жолооч Эгийн жолоодож явсан машиныг эсрэг урсгалд орсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж жолооч Э.Эгийн хувьд илт эргэлзээтэй дүгнэлт хийжээ.

          Мөрдөн шалгах ажиллагаанд /хх.1.233-234/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн “А” цэг дээрх эвдэрсэн эд ангиудын цацарсан хүрээ, гоожсон тос, Тоёота Приус автомашины урд голын хэсэгт үүссэн эвдрэл, Хюндай Аванте маркийн автомашины зүүн урд талын эвдрэл, мөргөлтийн чиглэл зэргийг үндэслэн автомашинууд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн криминалистик шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Амартүвшин, Н.Шинэбаатар нарын өгсөн мэдүүлгүүд нь үгүйсгэн няцааж чадахгүй байна.  

          Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд “19.1.Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ. 19.2.Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно” гэж заасан байх тул Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээчийн 654 дугаартай дүгнэлт гаргасан криминалистик шинжээч Г.Цэндсүрэнг мөн 2566, 2567, 4099 дугаартай нэмэлт шинжилгээнүүд хийхэд оролцуулсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

          Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн хувийг хавсралтын хамт яллагдагч Э.Эд гардуулж өгсөн нь энэ тухай тэмдэглэл /хх.3.47/-р тогтоогджээ.

          Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн, мөн Э.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Э.Эг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Э.Зыг “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь, Э.Эг “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Э.З, Э.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Э.Э нь хохирогч Э.Зын эмчилгээний зардал 25,582,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эмчилгээний зардалын 2,653,000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Э.Заас насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эмчилгээний зардалын үлдэгдэл 2,653,307 төгрөгийг гаргуулж түүний хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт, автомашины хохирол 9,695,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулд, иргэний хариуцагч Р.Хонгорзулаас эмчилгээний зардалын үлдэгдэл 15,582,000 төгрөг, автомашины хохирол 4,231,000 төгрөг, нийт 19,813,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Зд тус тус олгон, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярын нийт 5,306,307 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, хохирогч Э.Зын ажилгүй байсан 10 сарын цалин 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхин, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын автомашины үнэ болон хохирлын зөрүү 5,305,000 төгрөг, шүүгдэгч Э.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул нарын өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 10,305,000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Хохирогч Э.З, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Хонгорзул, гэм буруутай этгээд болох Э.Э нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн учир тухайн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Харин Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирол, хор уршигийг бүрэн нөхөн төлж арилгаагүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй учир түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү гэсэн насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр, хохирогч, шүүгдэгч Э.З, тэдгээрийн өмгөөлөгч Д.Тэнгис, шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Х.Даваахүү нарын хүсэлтийг хангах хууль зүйн боломжгүй юм.

          Э.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан учир хорих ялыг эдэлж дууссаны дараа уг нэмэгдэл ялын хугацааг тоолно.

          Э.З, Э.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Арвин” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерийн бичлэг бүхий мемори карт 1 ширхэг, Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт тус тус үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын автотээврийн хэрэгсэлийн жолоочийн 381935 дугаартай үнэмлэх 1 ширхэг, 00721745 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Э.Зд буцаан олговол зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б. овогт Эгийн З.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Ш. овогт Э.ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Эд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Э.З, Э.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э нь 10,000,000 төгрөг хохирогч Э.Зд, 2,653,000 төгрөг насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Арвин” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерийн бичлэг бүхий мемори карт 1 ширхэг, Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт тус тус үлдээсүгэй.

          8. Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын автотээврийн хэрэгсэлийн жолоочийн 381935 дугаартай үнэмлэх 1 ширхэг, 00721745 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Э.Зд буцаан олгосугай.

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Заас 2,653,307 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт, 9,695,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулд, иргэний хариуцагч Р.Хонгорзулаас 19,813,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Зд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын 10,305,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          10. Хохирогч Э.З, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Хонгорзул, гэм буруутай этгээд болох Э.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Зд авсан хувийн баталгаа гаргах, Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

         

 ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                              С.ӨСӨХБАЯР