| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0318/Э |
| Дугаар | 327 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч, хохирогч Б.А, С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, С.М нарт холбогдох 1806 09009 0134 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ЭКО МЕД” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 14 дүгээр байрны 62 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, В А /РД:........................./,
2. Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Б овогт С М /РД:..................../,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.А, С.М нар нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автомашинаар хүн мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар зодолдож харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мгийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Агийн өгсөн: “... Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мгийн өгсөн: “... Би тархины томографикийн зургийг 120.000 төгрөгөөр авахуулсан. Атай эвлэрсэн учир уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн хохирогчоор өгсөн: “... би тухайн өдөр өөрийн тээврийн хэрэгэслээрээ ... явж байсан... Цайзын уулзвараар баруунаасаа зүүн тийш явж байхад нэг залуу зам хөндлөн гарч байсан. Хажуугаар нь гарахад тэр залуу манай машины хойд хаалга руу өшиглөөд унасан, нөхөр түрүүлж буугаад нөгөө залууг яаж байна аа гээд бариад авсан. Нөхрийнхөө араас татаад бариад авсан байж байтал нэг согтуу хүүхэн ирээд намайг заамдаж аваад зүүн талын чих рүү хэд хэдэн удаа цохьсон. Нөгөө хүүхэн намайг машинаараа хүн мөргөчихлөө гээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мгийн хохирогчоор өгсөн: “... Цайз захын уулзвар дээр зам хөндлөн гарах гээд Энхбаттай хамт явж байтал манай нөхөр түрүүлээд гараад явсан. Тэгээд би ардаа юм унагачихсан байж байгаад эргэж хараад аваад эргэтэл манай нөхөр газар уначихсан байсан. Тэгээд би машинд мөргүүлчихлээ гэж бодоод яваад очтол … манай нөхрийг багалзуурдаад байх шиг байхаар нь хүүе та нар хүн дайрчихаад ингэж ханддаг юм уу гэсэн чинь чи зайл камераа шүүхгүй юу гэхээр нь чи юу яриад байна аа хүн мөргөчихөөд гэсэн чинь эмэгтэй нь намайг заамдаж байгаад гараа атгаад 2 удаа хамар орчим 1 удаа цохьсон... намайг заамдаад цохихоор нь би зүүн чих рүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Энхбатын өгсөн: “... би түрүүлээд зам гарах гэж байхад нэг машин мөргөчих шахахаар нь уур хүрээд машин луу нь өшиглөсөн. Би газар унасан. Тэр үед машинаас нэг залуу бууж ирээд бид 2 муудалцсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Ариугуунтөгсийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13314 дугаартай: “... С.Мгийн биед тархи доргилт зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацар зүүн гарын сарвуу, баруун гарын дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насан аюулгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13211 дугаартай “... Б.Агийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэх нэмэлт дүгнэлт /хх.27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Б.А, С.М нар нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автомашинаар хүн мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодолдож харилцан эрүүл мэнддээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн хохирогчоор өгсөн: “... Нөхрийнхөө араас татаад бариад авсан байж байтал нэг согтуу хүүхэн ирээд намайг заамдаж аваад зүүн талын чих рүү хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Мгийн хохирогчоор өгсөн: “... эмэгтэй нь намайг заамдаж байгаад гараа атгаад 2 удаа хамар орчим 1 удаа цохьсон... намайг заамдаад цохихоор нь би зүүн чих рүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Энхбатын өгсөн: “... Тэр үед машинаас нэг залуу бууж ирээд бид 2 муудалцсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Ариугуунтөгсийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13314 дугаартай: “... С.Мгийн биед тархи доргилт зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацар зүүн гарын сарвуу, баруун гарын дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13211 дугаартай: “... Б.Агийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх нэмэлт дүгнэлт /хх.27/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Агийн өгсөн: “... Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мгийн өгсөн: “... Би тархины томографикийн зургийг 120.000 төгрөгөөр авахуулсан. Атай эвлэрсэн учир уг мөнгийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, С.М нарын өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.А, С.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, С.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүдэгч нарыг гэм буруутайд тооцов.
Б.А, С.М нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.А, С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдэнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.М, Б.А нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөршөөрч шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, С.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Б.А, С.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.А, С.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус сануулах нь зүйтэй.
Б.А, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. В А, Б овгийн С М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, С.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.А, С.М нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А, С.М нарт тус тус сануулсугай.
5. Б.А, С.М нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн гэсэн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР