Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 192

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 2 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, Харнууд овогт Шагдарсүрэнгийн Нарангуа

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, Харнууд овогт Нарангуагийн Хонгорзул нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 2 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, Шавь овогт Энх-амгалангийн Галбадрахад холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж хүүхдийн тэтгэмж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 8358600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч /нэхэмжлэгч Н.Хонгорзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Ш.Нарангуа, хариуцагч Э.Галбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Нэхэмжлэгч /нэхэмжлэгч Н.Хонгорзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Ш.Нарангуа 2016 оны 02 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 05 сарын 27-ны өдөр иргэн Ш.Нарангуа миний бие тус шүүхэд гаргасан “...Хариуцагч Э.Галбадрахаас гэрлэлтээ цуцлуулж охиноо өөрийн асрамжинд авч  хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгон  дундын эд хөрөнгөнөөс 2 охин, өөрт ногдох хөрөнгө болох 12750000 төгрөг, гэр бүлийн хэрэгцээнд зээлж авсан 5000000 төгрөг, нийт 177750000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар өөрчлөн оруулж байна. Үүнд:

            1.Э.Галбадрахаас гэрлэлтээ цуцлуулах

            2.Охин Э.Амин-эрдэнийг өөрийн асрамжинд авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгох

            3. 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 02 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр бидний дундын өмч болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоот 395 м2 газар, түүн дээр баригдсан хашаа, 24 м2  бүхий 1 өрөө/ гал тогооны өрөөнөөс гадна/ орон сууцны барилга, 3х4 харьцаатай амбаарын нийт үнэлгээг 11144800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу охин Г.Амин-эрдэнэ, Н.Хонгорзул, Ш.Нарангуа бидний хувьд ногдох 8358600 / 3х2786200/ төгрөгийг хариуцагч Э.Галбадрахаас гаргуулах

            4. Өмнөх нэхэмжлэлээр 17750000 төгрөгнөөс гэр бүлийн хэрэгцээний зээл болох 5000000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний өөрчлөлтөөр буурсан 4855200 төгрөг нийт 9855200 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна гэжээ.

          Хариуцагч Э.Галбадрах 2016 оны 02 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа /хх-171х/: ... Эхнэр Ш.Нарангуа нь 2015 оны 04 сарын 29-нд Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид  бэлэглэх гэрээ хийж газрыг бэлэглэн өгсөн мөртлөө газрын гэрчилгээг өөрийн нэр дээр солиулах гээд очиход улсын бүртгэлийн хэлтэст ямар нэг хөдөлгөөн хийж болохгүй хүсэлт гаргасан байсан. Эхнэр Ш.Нарангуагийн нэхэмжлэлд охин Н.Хонгорзулд зохих хэмжээний мөнгийг нэхэмжилсэн байна. Н.Хонгорзул нь 1995 онд төрсөн, одоо 21 настай. Миний эхнэр Ш.Нарангуа нь Н.Хонгорзулыг төрөнгүүт надтай гэр бүл болохоосоо өмнө өөрийн төрсөн ах Ш.Билэгсайханд өргүүлсэн бөгөөд ах Билэгсайхан нь улмаар эхнэрээсээ салж 2010 онд охин Н.Хонгорзулыг Ш.Нарангуа өөрийн нэр дээр болгосон. Учир нь тухайн үед төрийн албан хаагчдын нэг хүүхдийг сургалтын төлбөрийг төрөөс зохих хувийг төлдөг байсан, өөрөө багш учраас өөрийн нэр дээр болгосон гэж ярьж байсан. Гэхдээ миний охин Н.Хонгорзул нь надтай 4-5 жил хамт амьдарсан. Миний эхнэр Ш.Нарангуа нь намайг Солонгосоос ирэхэд ааш зан нь хувирсан, уулзаж учирдаг хүнтэй болсон байсан. Энэ байдлаасаа гэр бүлээ салгаж миний ганц охиныг элэг бүтэн амьдруулахгүй өнчрүүлж бас миний эцэг эхээс өвлөгдөн ирсэн хуваарьт өмч болох хашаа байшинг булаацалдаад байгаад миний зүгээс гомдолтой байна. Одоогийн байдлаар миний бие нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хурааж хуримтлуулсан нэг ч төгрөг байхгүй, аргаа барахдаа дүү охиныдоо амьдарч байгааг миний эхнэр Ш.Нарангуа сайн мэдэж байгаа. Хашаа байшин нь миний дундын өмч биш, миний хуваарьт хөрөнгө юм. Биднийг гэр бүл болохоос өмнө 2004 онд миний ээж О.Янжиндулам нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тахир дутуугийн тэтгэвэр авах гээд өөрийн ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон юм. Тухайн үед ээжийн үндсэн хаяг Бортолгойн 8-2 тоотод оршин сууж байсан тэтгэвэр авахдаа бүрдүүлж өгч байсан иргэний үнэмлэхний хуулбар болон шүүхийн 348 тоот шийдвэрийг өмнө нь шүүхэд өгсөн ... гэжээ.

          Хариуцагч Э.Галбадрах нь шүүхэд гаргасан тайлбартаа /хх-177х/: ...Хөрөнгийн үнэлгээчин Цэрэннадмидын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ Бортолгойн 8-2 тоотод байрлах хашаа байшин нь эхнэр Ш.Нарангуа бид хоёрын амьдраад дундаас бий болсон хөрөнгө биш юм. Дундын эд хөрөнгө гээд байгаа хашаа байшин нь миний ээж аав хоёрын маань 1995 онд өөрсдийн малаараа худалдан авсан хөрөнгө юм. Миний бие нь айлын ганц хүү учраас гэр бүл болохоос өмнө надад эцэг эхээс өвлөгдөн ирсэн өмч. Тухайн үед ээж аав хоёр маань өөрсдийн нэр дээр бүртгүүлээгүй байсан бөгөөд эхнэр Ш.Нарангуа нь миний ээж аавын гарын үсгийг зөвшөөрөлгүйгээр зээл гаргуулахын тулд өөрсдийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг шууд өөрсдийн нэр дээр болгосон гэдгийг өмнөх хүсэлтүүддээ дурдсан байгаа. Дээрхи хашаа байшин нь  миний ээж аав хоёрын өмч, надад гэр бүл болохоос өмнө өгсөн миний хуваарь өмч гэдгийг манайхтай олон жил айл аймаг байсан иргэн Т.Эрдэнэбат, А.Мөнхтуяа нар гэрчийн мэдүүлэг өгч гэрчилсэн учир дахин үнэлгээ хийлгэхээс татгалзаж байна гэжээ.

          Нэхэмжлэгч /нэхэмжлэгч Н.Хонгорзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Ш.Нарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Э.Галбадрахтай 2005 онд гэр бүл болоод тодорхой шалтгаануудын улмаас 2013 оноос тусдаа амьдрах болсон. Нэхэмжлэл дээр салах болсон шалтгаанаа тодорхой бичсэн байгаа. Гэрлэлтээ цуцлуулах, охин Г.Амин-Эрдэнийг өөрийн асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэмж тогтоолгох мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болох хашаа байшинг хоёр охин болон өөрийн нэр дээр авч, Галбадрахад ноогдох хувийг олгохыг хүсч байна. Яагаад ийм шаарлага тавих болсон бэ? гэвэл би 2 охины хамт түрээсийн байранд амьдарч байна. Иймд хүүхдүүдээ өөрийн гэсэн орох оронтой болгох хэрэгтэй байна. Энэ хүн олон удаа юу ч үлдээхгүй гэж хэлж байсан гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Нарангуа хариуцагч Э.Галбадрах нар нь 2005 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.  2005 оны 5 дугаар сарын 19-ны өдөр тэдний дундаас охин Г.Амин-Эрдэнэ төрсөн. Нэхэмжлэгч бол өөрийн дагавар охин болох Хонгорзул гэх охинтой. Өнөөдрийн байдлаар нөхөр Э.Галбадрах, эхнэр Ш.Нарангуа, охин Хонгорзул, Амин-Эрдэнэ гэсэн гэр бүлийн 4 гишүүнтэй гэр бүл байна. Цаашид хамтран амьдрах шаардлагагүй гэрлэлтээ цуцлуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байхыг шаарддаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн ч амжилтгүй болсон. Мөн өмнө нь энэ нэхэмжлэлийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй юм байна. Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учраас гэрлэлтийг  гэр бүлийн тухай хуульд зааснаар цуцлах нь зүйтэй юм. Гэр бүл цуцлах,  хамт амьдрахгүй байх нь гэр бүлийн гишүүний эрх учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Харнууд овогтой Шагдарсүрэнгийн Нарангуа, хариуцагч Шавь овогтой Энх-Амгалангийн Галбадрах  нарын гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Гэр бүлийн гишүүдийн дундаас төрсөн охин Г.Амин эрдэнэ бол бага насны хүүхэд мөн гэрлэгчид 2013 оны 1 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд охин нь ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Охин 8 настай бөгөөд аав, ээжийнхээ хэнтэй хамт амьдрах тухай саналыг асуухад ээжтэйгээ хамт амьдарна гэсэн байна. Хүүхдийн  амьдрах орчин нөхцөл, эмэгтэй хүүхдийн хүмүүжил талаасаа ээжтэйгээ хамт амьдрах нь тохиромжтой юм байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч эрхэлсэн ажилгүй, харин ээж  нь ажил төрөл эрхэлдэг, охиноо тодорхой хэмжээнд асарч хүмүүжүүлж байна. Тийм учраас нэхэмжлэгч нь охин Г.Амин-Эрдэнийг өөрийн асрамжиндаа үлдээнэ гэсэн хүсэлттэй байгаа. Гэр бүлийн гишүүд тэр дундаа эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж Монгол улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль болон бусад хуулиудад заасан байдаг. Тэгэхээр тэжээн тэтгэх үүргийг нь аавд нь ноогдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Нэхэмжлэгч анх гаргасан  нэхэмжлэлийн  шаардлагаа өөрчилж багасгасан байгаа. Энэхүү шаардлага нь юу вэ? гэхээр гэр бүл болсноос хойш өөрсдийнх нь өмч болон бүртгэгдэж байгаа эд хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 8-2 тоотод байрлалтай хашаа байшин газар  нь дундын эд хөрөнгө учраас гэр бүлийн гишүүддээ ноогдох хувийг нь авъя гэсэн шаардлагынхаа хүрээнд нэхэмжлэгч Нарангуа, охин Хонгорзул, Амин-Эрдэнэ нар нь өөрт ноогдох хэсгээ мөнгөөр нь гаргуулна гэсэн шаардлагыг гаргаж байсан боловч өөрчлөлт оруулсан. Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрсөн болон дагавар хүүхэд аль аль гэр бүлийн гишүүн мөн учраас Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Миний эд хөрөнгө чиний эд хөрөнгө гэхээсээ илүү гэр бүлийн гишүүн болох хүүхдийн эрх ашиг нэн түрүүнд тавих ёстой. Ямар нөхцөлд хүүхдүүдийн эрх ашиг илүү байх боломжтой вэ? гэдгийг бодох хэрэгтэй. Энэ тал дээр хариуцагч бодсон юм байгаа  байх. Өөрийнхөө охиныг гудамжинд гаргахгүй байх гэж бодож байна. Аав хүний хувьд өөрийнхөө зүгээс охиндоо тодорхой хэмжээний зүйл өгнө гэж хариу тайлбар дээрээ хэлсэн байсан. Тухайн гэр бүлийн дундын эд хөрөнгийг 11 144 800 төгрөгөөр үнэлсэн байсан.  Нийтэд нь үнэлэгдсэн хэсгээс тухайн гэр бүлийн гишүүдийн дийлэнх нь буюу Хонгорзул, Нарангуа, Амин-Эрдэнэ нарт ноогдох хэсгийг нь өмч хэлбэрээр хувиарлуулж, хариуцагчид  мөнгөн хэлбэрээр  нэг хүнд ноогдох 2 786 200 төгрөгийг хувиарлуулъя гэсэн хүсэлтэй байгаа. Хариуцагч талаас тухайн эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө биш гэж маргаж байна. Эдгээр хүмүүс 2004 онд хуримаа хийсэн. Энэ хашаа байшинд аав ээж нь амьдарч байсан гэдэг дээр нэхэмжлэгч ерөөсөө маргаагүй. 2005 оны 2 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш тухайн эд хөрөнгө нь 2008 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Галбадрах, Нарангуа, Амин-эрдэнэ нарийн өмчлөлд шилжсэн байдаг. Энэ албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ бол энэ үл хөдлөх хөрөнгө эдгээр хүмүүсийн өмч мөн юм шүү гэдгийг тодорхойлж өгч байгаа юм. Тэгэхээр өмчлөх эрх нь эдгээр гэр бүлийн гишүүдийн нэр дээр байгаа, Хонгорзулын нэр бичигдээгүй байгаа ч гэсэн гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт ноогдох хэсгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна. Энэ хашаа байшинг аав ээж нь гэр бүлийн зориулалтаар Галбадрах, Нарангуа нарт өгсөн талаараа гэрчүүд мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Тэгэхээр энэ хашаа байшин бол яах аргагүй дундын эд хөрөнгө мөн юм. Гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Хариуцагч Э.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн тайлбартай танилцлаа. Би хашаа байшингаа 3 хуваахыг хүлээн зөвшөөрч байна. Өөрт ноогдох хувийг аваад хашаа байшингаа өгнө. Хонгорзулд ноогдох хэсэг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.Цэрэннадмидын үнэлэсэн хашаа байшингийн үнэлгээг зөвшөөрч байгаа. Гэрлэлтээ цуцлуулах, охин Г.Амин-Эрдэнийг ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Ш.Нарангуа нь хариуцагч Э.Галбадрахад холбогдуулан гэрлэлт цуцлуулж охин Г.Амин-эрдэнийг өөрийн асрамжинд авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 8358600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч Ш.Нарангуа, хариуцагч Э.Галбадрах нар нь 2004 оны 08 сарын 19-нд гэр бүл болж хурим хийн 2005 оны 02 сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний охин Г.Амин-эрдэнэ 2005 оны 05 сарын 19-нд төрсөн болох нь 0005558 тоот гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, 0071757 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон, гэрлэгчид таарч тохирохгүй хэмээн 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа талаар Э.Галбадрах, Ш.Нарангуа нар нь тайлбар гаргасан болно.

          Нэхэмжлэгч Ш.Нарангуагийн гэрлэлт цуцлуулах, охин Г.Амин-эрдэнийг асрамжиндаа авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлагыг хариуцагч Э.Галбадрах зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагын хувьд тодорхойлоход хариуцагч Э.Галбадрахын эцэг эхийн зүгээс хүүдээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоот хашаа байшинг бэлэглэсэн гэсэн тайлбарыг хариуцагч Э.Галбадрах гаргасан, гэрч болох Т.Эрдэнэбат, А.Мөнхтуяа нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоотод байрлах хашаа байшинг Э.Галбадрахын эцэг эх хүүдээ өгсөн гэж мэдүүлж байгаа боловч уг хашаа байшинг бэлэглэхдээ хариуцагчийн ганц хувийн хэрэгцээнд бус гэр бүл болж амьдрахад нь, гэр бүлийн хэрэгцээнд нь зориулж өгсөн болох нь нэхэмжлэгч Ш.Нарангуа, хариуцагч Э.Галбадрах нар нь гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа төрүүлсэн охин Г.Амин-эрдэнэ, дагавар охин Н.Хонгорзул нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоот хашаа байшинд амьдарч байсан үйл баримтаар тогтоогдож байх тул энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн юм.

 

          Хариуцагч Э.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоот үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсгийг эхнэр Ш.Нарангуа, төрүүлсэн охин Г.Амин-эрдэнэ нарт өгөхийг зөвшөөрч байгаа. Уг хашаа байшингаас өөрт ноогдох хувиа аваад хашаа байшингаа охин Г.Амин-Эрдэнэ, Ш.Нарангуа нарт өгөхийг зөвшөөрч байна.  Харин дагавар охин Н.Хонгорзулд ногдох хэсэг өгөхөөс татгалзаж байна гэсэн болно.

 

           Нэхэмжлэгч Н.Хонгорзул нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангуар төлөөлүүлэн гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно” гэсэн бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Дагавар хүүхэд, хойд эцэг, хойд эхийн хооронд эцэг эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ” гэсэн байдаг тул нэхэмжлэгч Нарангуагийн Хонгорзул нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна.

          Хариуцагч Э.Галбадрах нь “ Ш.Нарангуа нь Н.Хонгорзулыг төрөнгүүт надтай гэр бүл болохоосоо өмнө өөрийн төрсөн ах Билэгсайханд өргүүлсөн бөгөөд ах нь эхнэрээсээ салж Н.Хонгорзулыг Нарангуа өөрийн нэр дээр болгосон” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Н.Хонгорзулыг өөрийн дагавар охин, 2009 оноос 2011 он буюу Н.Хонгорзулыг оюутан болох хүртэл нэг гэр бүлд цуг амьдарсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Нэхэмжлэгч Н.Хонгорзул нь насанд хүрсэн, Улаанбаатар хотод их сургуульд суралцаж байгаа оюутан, гэр бүлтэйгээ хичээлийн үеэр хамт амьдардаггүй нь гэр бүлийн гишүүнээс гарсан, хамт амьдардаггүй гэж үзэх үндэслэл биш юм.

           Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т” ...гэрлэгчдийн хэн нэгний дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэсэн, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэсэн заалтын дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоот хашаа байшинг гэр бүлийн нийт гишүүдэд / Э.Галбадрах, Ш.Нарангуа, Н.Хонгорзул, Г.Амин-эрдэнэ нарт/ адил тэнцүү ногдохоор хувааж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагч Э.Галбадрах нь уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан шинжээчийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 02 дугаартай үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 11144800 / арван нэгэн сая нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн болно. Гишүүдэд хуваахад нэг хүнд 2786200 төгрөг ноогдож байна.

          Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 8-2 тоот хашаа байшинг 11144800 / арван нэгэн сая нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөгөөр үнэлж хашаа байшинг Ш.Нарангуа, Н.Хонгорзул, Г.Амин-эрдэнэ нарт шилжүүлж хариуцагч Э.Галбадрахад уг хашаа байшингийн ногдох хэсгийн үнэлгээ болох 2786200 /хоёр сая долоон зуун наян зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч/ Ш.Нарангуагаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болох шинжээч А.Бямбажавын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 02 дугаартай хөрөнгийн үнэлгээг хариуцагч Э.Галбадрах эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шинжээчид Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шүүгчийн захирамжийн дагуу шинжээч Р.Цэрэннадмид 2016 оны 01 сарын 21-ний өдөр 02 дугаартай дүгнэлт гаргасныг хариуцагч Э.Галбадрах хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47, 53, 54, 56 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Э.Галбадрахаас шинжээчийн хөлс 80000/ наян мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 316850 төгрөг төлсөн бөгөөд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсэг /8358600 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 148688 төгрөг тус тус тооцож орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Нарангуа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хариуцагч Э.Галбадрахаас улсын тэмдэгтийн хураамж 218888 төгрөг /70200+148688/ гаргуулж нэхэмжлэгч Ш.Нарангуад олгох нь зүйтэй байна. Мөн тухайн бүс нутагт тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөр зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28627 төгрөгийг хариуцагч Э.Галбадрахаас гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Шавь овогт Энх-Амгалангийн Галбадрах /РД:АЭ76082512/, Харнууд овогт Шагдарсүрэнгийн Нарангуа /РД:ИЗ76032807/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

  2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 05 сарын 19-ны өдрийн өдөр төрсөн охин Галбадрахын Амин-Эрдэнийг эх Ш.Нарангуагийн асрамжинд үлдээсүгэй.

 

  3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  Г.Амин-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Галбадрахаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэргийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн Бор толгойн 08-02 тоотод байрлалтай хашаа, байшин, газрыг Ш.Нарангуа, Э.Амин-Эрдэнэ, Н.Хонгорзул нарын өмчлөлд шилжүүлж, Э.Галбадрахад ногдох хэсэг болох 2.786.200 төгрөгийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Ш.Нарангуагаас гаргуулан Э.Галбадрахад олгосугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн зардал 80.000 төгрөгийг хариуцагч Э.Галбадрахаас гаргуулан шинжээч Р.Цэрэннадмидад олгосугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Ш.Нарангуа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

8.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316.850 төгрөгөөс орон нутгийн орлогод 218.888 төгрөгийг үлдээж, орон нутгийн орлогоос 97.962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Нарангуад, хариуцагч Э.Галбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 218.888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Нарангуад олгосугай.

 

 9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагч Э.Галбадрахаас гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар,  гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН