Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 12

 

С.Б-, Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

                                   

Прокурор                                        А.Оргилбаяр

Ялтны өмгөөлөгч                           Л.Оюунсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ын Б-, Б-ын Б- нарт холбогдох эрүүгийн 201609000509 дугаартай 171/2017/0028/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Илжгэн овогт С-ын Б-, /РД:ТА95122218/, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Үйлдвэрийн 8-47 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал,  ял шийтгэлгүй

2. Монгол Улсын иргэн, Засгууд овгийн Б-ын Б-, /РД:ТЯ97070611/, 1997 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар баг, Ойчдын 18-22 тоотод оршин суух бүртгэлтэй, Уул уурхай, эрчим хүчний Политехникийн коллежийн оюутан, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б-, Б.Б- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монта” 3 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Х.А-ыг “халаасандаа байгаа мөнгө төгрөг болон утсаа гаргаж өг, 20.000 төгрөг өг, үгүй бол үхтэл чинь зодно” хэмээн нуруу, бөөр болон нүүрэн тус газарт нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “эл жи” загварын гар утас 1 ширхэг, өмсөж явсан пүүз болон үүргэвчиндээ авч явсан пүүз 1 хос, нийт 2 хос пүүз, савхин куртка 1 ширхэг,  нийт 240.000 төгрөгийн эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай  шийтгэх тогтоолоор

-Шүүгдэгч Илжгэн овогт С-ын Б-, Засгууд овогт Б-ын Б- нарыг бүлэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн  довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Илжгэн овогт С-ын Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял, шүүгдэгч Засгууд овгийн Б-ын Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн /гурван жил дөрвөн сар арав хоног/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч С.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Б-ын хар өнгийн 3110 нокиа маркийн гар утас, шүүгдэгч С.Б-ын хар өнгийн самсунг E1200 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б-д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын ялыг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор... тус тус шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...С.Б-, Б.Б- нар нь орцонд насанд хүрээгүй хохирогч Х.А-ын эд зүйлийг авах тэр үедээ ямар нэгэн хүч хэрэглээгүй, зодож цохисон байдалгүйгээр авсан байдаг ба мөн хохирогч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүйгээр эд зүйлээ өгсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Х.А-ын мэдүүлэг болон С.Б-, Б.Б- нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон. С.Б-, Б.Б- нар нь Х.А-тай танилцаж “ахдаа архины мөнгө байвал өгчих” гэж С.Б-ыг хэлэхэд “найзаасаа мөнгө аваад өгье” гэж хэлээд хохирогч нь тэднийг шүүх ортол дагуулж явсан, шүүхийн дэргэд очиход найз нь гэх хүн байхгүй байснаар “худлаа ярьж дагуулж явлаа” гэж дургүйцэн Б- орц руу дагуулан орж зодож цохиж, аливаа хүч хэрэглэлгүйгээр эд зүйлийг нь булаан авсан байдаг. Харин эд зүйлийг нь дээрэмдэн авах талаар шүүгдэгч нар нь үгсэн урьдчилан ярилцаж тохироогүй нь хэргээс харагддаг. Дээрэмдэх санаа зорилго байсан бол хохирогчтой уулзангуутаа санаа зорилгоо хэрэгжүүлж болох байсан.

Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг 147 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргээс ялгаж зөв зүйлчлэхэд анхаарах талаар 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Улсын дээд шүүхийн 13 дугаар тогтоолд тусгаж бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь 147 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгтэй, эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар.хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа төсөөтэй, харин булаах гэмт хэргийг үйлдэхэд хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэдэггүй бөгөөд үйлдэл төгсмөгц хохирогчоос зугтаах, холдох шинжтэй байдаг бол дээрэмдэх гэмт хэргийн хувьд хүчирхийлэл довтолгоон нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэсэн байдгаараа ялгагддаг гэж тодорхойлжээ.

С.Б-, Б.Б- нар нь бусдын өмчлөх эрхэнд байгаа эд зүйлсийг бие махбодь руу нь хүч хэрэглэхгүйгээр булаан авч байгаа идэвхтэй үйлдэл хийсэн нь булаах гэмт хэргийн обьектив талын шинжийг агуулснаас гадна хохирогчийн эд зүйлийг авч байх үедээ хохирогчид бие махбодь болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, нүдэн дээр нь ил аргаар эд зүйлийг салган авч хохирогчоос зугтаж орцноос түрүүлж холдож явснаараа булаах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэхээр байна. С.Б-ын хохирогчийг нэг удаа алгадсан үйлдэл нь хохирогчийн эд зүйлийг авсаны дараа үйлдэгдсэн байдаг ба үүнийг яллах дүгнэлтэнд хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж үзсэн нь үндэслэлгүй ба хэргийн бодит байдалд нийцээгүй байгаа юм.

Бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэгт хамруулж ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б- Б.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч А-т “мөнгө төгрөг өг, үгүй бол үхтэл чинь зодно” хэмээн айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдэн авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзжээ

Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл ба энэ нь идэвхтэй үйлдлээр илрэхээс гадна биет байдлаар тэр санаа зорилго нь хэрэгжих нөхцөл байдал байсан эсэх дээр шүүх дүгнэлт хийх ёстой байсан.

С.Б- нь гэмт хэрэг үйлдэж, хохирогч А-ын эд зүйлийг авсаны дараа “10 тоолохоор гараарай, тэгэхгүй шууд араас гарч ирвэл үхтэл чинь зодно” хэмээн айлган сүрдүүлсэн нь хэлбэрийн төдий байх ба зодож цохисон идэвхтэй үйлдэл гаргаагүй юм.

Иймээс С.Б-, Б.Б- нарыг бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл ангиар өөрчлөн зүйлчилж өгнө үү. Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж хорих ялын доод хэмжээг оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ялтан нар хохирогчийн эд зүйлсийг авсаныхаа дараа хохирогчид “чи 10 тоолсоны дараа гарч ирээрэй, тэгэхгүй бол зодно” гэж хэлсэн нь сэтгэл санааны хувьд заналхийлж, хүч хэрэглэсэн гэж үзэх боломжгүй” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Ялтан нарын үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Ялтнуудад анхан шатны шүүх хорих ялын доод хэмжээг хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Ялтан С.Б-, Б.Б- нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 24.00 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Монта” 3 дугаар байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Х.А-ыг “халаасандаа байгаа мөнгө төгрөг болон утсаа гаргаж өг, 20.000 төгрөг өг, үгүй бол үхтэл чинь зодно” хэмээн нуруу, бөөр болон нүүрэн тус газарт нь цохиж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “эл жи” загварын гар утас 1 ширхэг, өмсөж явсан пүүз болон үүргэвчиндээ авч явсан пүүз 1 хос, нийт 2 хос пүүз, савхин куртка зэргийг дээрэмдэн, нийт 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ялтан нарыг бүлэглэн, бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар С.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Б.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж,, Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Б-д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй

Ялтан нарын өмгөөлөгчдийн “...С.Б-, Б.Б- нар нь орцонд насанд хүрээгүй хохирогч Х.А-ын эд зүйлийг авахдаа хүч хэрэглэлгүйгээр булааж авсан. С.Б-ын хохирогчийг нэг удаа алгадсан үйлдэл нь хохирогчийн эд зүйлийг авсаны дараа үйлдэгдсэн. С.Б- нь хохирогч А-ын эд зүйлийг авсаны дараа “10 тоолохоор гараарай, шууд араас гарч ирвэл үхтэл чинь зодно” хэмээн айлган сүрдүүлсэн нь хэлбэрийн төдий байх ба зодож цохисон идэвхтэй үйлдэл гаргаагүй юм.  Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, хорих ялын доод хэмжээг оногдуулан, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх  үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Х.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...харих гээд явж байтал саравчинд 2 залуу архи уугаад сууж байснаа намайг дуудсан. “Гэр чинь хаана байдаг юм” гэхээр нь гэрээ худлаа зааж өгсөн. Тэгтэл “архи аваад өг” гэхээр нь би “мөнгө байхгүй ээ” гээд шүүх рүү алхаж байтал араас тэр 2 дагаж явж байснаа “ярих юм байна” гээд миний мөрөн дээрээс намхан бандгар нь бариад Төмөр замын 3-р байрны 3-р орц руу дагуулж ороод “утас чинь байна уу” гээд миний гар утсыг авсан. Тэгээд бас “наад савхин курткаа тайл” гээд авсан. “Наад цүнхэнд чинь юу байгаа юм” гээд миний цүнхийг авсанаа дотор нь байсан ногоон өнгийн пүүзийг авсан. Тэгснээ миний өмсөж байсан пүүзийг өндөр шар царайтай нь аваад өөрийнхөө гутлыг тайлаад миний пүүзийг өмссөн. Тэгээд өөрийнхөө гутлыг намайг “өмс” гэсэн. Тэгээд намхан бүдүүн нь намайг хана руу харуулж зогсоож байгаад хацар луу алгадаж, хойноос нуруу луу цохисон. Өндөр шар залуу нь намхан бүдүүн залуугийн хажууд зогсож байсан. Миний юмнуудыг авчихаад “наад орцондоо байж бай, гарч ирэх юм бол үхтэл чинь зодно шүү” гээд байсан. Тэгээд “10 тоолоод орцноос гараарай” гээд гараад явцгаасан. Миний эд зүйлсийг авч байхдаа “мөнгө өгөхгүй бол зодно” гэж хэлсэн. Эсэргүүцэл үзүүлвэл зодох байх гэж бодоод эсэргүүцэл үзүүлээгүй. Би хар өнгийн “LG” маркийн гар утас, хар савхин куртка, 2 пүүзээ дээрэмдүүлсэн. Би айсандаа эд зүйлсээ гаргаж өгсөн. Эд зүйлийг өгөхгүй бол “ална шүү” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд /хх-38, 163, 164-р тал/, гэрч Ж.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн ...”тэр өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 102-оос ”3-р байрны тэнд хүүхэд дээрэмдүүлсэн байна, очоод шалгаадах” гэхээр нь а/а Эрдэнэбаатарын хамт 9-р байрны хажуугаар явж байхад тоглоомын талбайн хажуугаас нэг намхан бандгар залуу айж сандарсан шинжтэй гарч ирэхээр нь шалгасан чинь гэдсэндээ 1 хос пүүз хийчихсэн байхаар нь 102-т мэдэгдэж, согтуу байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-42-р тал/, гэрч Х.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ...”тэр өдөр Батцэнгэлийн хамт шөнийн эргүүл хийж байхад 102-оос ”3-р байрны тэнд хүүхэд пүүзээ дээрэмдүүлсэн байна” гэсэн дуудлага ирсний дагуу сэжигтэй этгээдийг шалгасан. Тэгтэл урд намхан бандгар залуу явж байхаар нь шалгахад пүүзтэй явж байсан. Тэр залуу нэлээд согтуу байсан. Хаанаас пүүз авсан талаар асуухад “манай найзын пүүз” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-43-р тал/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-10-13-р тал/, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудад дүгнэлт хийхэд ялтан нар нь хохирогчийн эд зүйлс болох гар утас, өмсөж явсан пүүз, савхин курткийг нь өөрсдийн өмчлөлд бүрмөсөн авах зорилгоор илээр түүнд халдан, цүнхийг нь дураараа авч онгойлгон дотор нь байсан пүүзийг нь авч, хохирогчид “наад орцондоо байж бай, гарч ирэх юм бол үхтэл чинь зодно шүү”, “10 тоолоод орцноос гараарай” “мөнгө өгөхгүй бол зодно” “ална шүү” гэж элдэв хараалын үг хэллэг хэлж айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолсон, эсэргүүцэл үзүүлэхгүй байлгахын тулд хацар, нуруу нь цохиж хүч хэрэглэсэн, тухайн нөхцөлд хохирогчийн бие махбодид нь хор уршиг бодитойгоор учраагүй ч түүний амь биед нь аюултай нөхцөл байдал бий болгохоор байсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Х.А-ын мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ялтан С.Б-, Б.Б- нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

Анхан шатны шүүхээс ялтан С.Б-, Б.Б- нарын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, Д.Гүнсмаа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                       Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ