Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0318

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 06 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0318

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Д.Ч нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Ч нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ч нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Ч 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, Д.Ч тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 726 272 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн шаардсан ажилгүй байсан хугацааны олговроос үлдсэн хэсэг болох 1 874 241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Д.Ч төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө түүнийг чөлөөлөх нөхцөл хуульд заасны дагуу бүрдсэн эсэхийг харгалзан үзээгүй байна” гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Уг захирамжийг гаргахдаа энэхүү Биеийн тамир, спортын газрын даргын чиг үүрэг, үйл ажиллагаа бүрэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлсөн нь үндэстэй юм.

Мөн Д.Ч Биеийн тамир, спортын газрын даргын чиг үүрэг, үйл ажиллагаа бүрэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Усан бассейн бүхий спорт цогцолборын дэд даргын ажлын байрыг санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө татгалзсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т зааны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны 102 хоногийн цалинг олгохыг даалгах нь зүйтэй гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Ч Биеийн тамир, спортын газрын даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр ажилд томилогдон ажиллаж байгаа тул ажилгүй байсан хугацаа гэж үзэх үндэсгүй юм.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 06 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/449 дүгээр захирамжаар “Усан бассейн бүхий спорт цогцолбор” ашиглалтад орсонтой холбогдуулан тус газрын бүтцийг “Биеийн тамир, спортын газар” /Баруун бүсийн тамирчдын олимпд бэлтгэх төв/ болгон нэгтгэн байгуулсан нь үндсэндээ нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөхөд чиглэгдсэн байна.

Тухайлбал уг захирамжийн 3 дахь заалтаар байгууллагын бүтэц, орон тоо, үйл ажиллагаа өөрчлөгдсөн гэх үндэслэлээр тус газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, 4 дэх заалтаар уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргад даалгасан атлаа мөн оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/491 дүгээр захирамжаар дээрх захирамжийн Биеийн тамир, спортын газар” /Баруун бүсийн тамирчдын олимпд бэлтгэх төв/ болгон нэгтгэн байгуулсан заалтаа хүчингүй болсонд тооцож, нэхэмжлэгчийн удирдаж байсан “Биеийн тамир, спортын газар”-ын орон тоо, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг шинэчлэн баталжээ.

Мөн шинээр батлагдсан бүтцээр Биеийн тамир, спортын газарт газрын болон дэд дарга тус бүр 1 байхаар орон тоог тогтоосон байгаагаас үзэхэд маргааны бүхий захиргааны акт гарах үед үйлчилж байсан, захиармжийн үндэслэл болсон Төрийн  албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “…тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэсэн зохицуулалт хэрэгжих нөхцөл байдал огт үүсээгүй, харин хариуцагчийн зүгээс хэлбэрийн хувьд бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр нэхэмжлэгчийг чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Биеийн тамир, спортын газар одоо ч урьд эрхэлж байсан чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж чөлөөлөх” гэж заасан байхад хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа энэхүү зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн Биеийн тамир, спортын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, шинээр байгуулагдсан тус газрын даргын ажлын байрны тодорхойлолт дахь ажлын байрны үндсэн зорилт агуулгын хувь ижил, тавигдах шаардлага адил байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шаардлага огт байхгүй, харин түүнийг чөлөөлөхийн тулд гаргасан хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд үндсэндээ шинээр батлагдсан гэх тус байгууллагын бүтэц, орон тооны дагуу нэхэмжлэгч Д.Ч томилон ажиллуулах бүрэн боломжтой.

Хариуцагчийн зүгээс цалин хөлс бууруулалгүйгээр шинээр байгуулагдсан Биеийн тамир, спортын газар /Баруун бүсийн тамирчдын олимпд бэлтгэх төв/-ын Дэд даргын албан тушаалыг санал болгосон гэдэг ч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй, ийнхүү санал тавьсан нь хариуцагчийн хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН