Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/00912

 

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00240дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 851 дүгээр магадлалтай,

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарт холбогдох,

1.806.584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч Т.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банкны харилцагч Т.Анхбаярын 10480011997 тоот данстай картад 2013.05.29-ний өдрийн визагийн гүйлгээгээр 2013.05.24-ний өдөр ХБНГУ-д байрлах “Теltow” таван одтой зочид буудлын захиалгын төлбөр 613.65 ам.долларын 2 удаагийн гүйлгээ буюу нийт 1227.30 ам.долларын нэхэмжлэх тус банкинд ирсэн. Ингээд  гүйлгээг шалгахад карт хүлээн авахдаа картын үлдэгдэл, картын төрлийг шалгаагүй, карт гаргагчаас зөвшөөрөл аваагүй, зөвхөн картын төлөвийг шалган гүйлгээ оруулах эрхтэй үйлчилгээний байгууллага захиалгыг хүлээн авсан байна. 2013.05.31-ний өдөр уг мөнгө манай дансанд орж ирсэн боловч 2013.06.04-ний өдөр карт хүлээн авагч банк үйлчилгээ үзүүлсэн гэж гүйлгээг дахин татсан. Үүний дагуу карт эзэмшигч Т.Анхбаяртай 2013.06.11-ний өдөр дээрх гүйлгээтэй холбоотой асуудлаар уулзаж тодруулахад “миний эзэмшдэг карт дотоодын карт, байрны мөнгө төлөхөд л ашигладаг. Энэ картаар гадаад төлбөр тооцоо хийж болохгүй, гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн. Карт хүлээн авагч банкнаас ирүүлсэн гүйлгээний баримтад “УБ хот, 1-р хороолол, 20-р байрны 47 тоотод оршин суугч Цэвээндоржийн Болортуяа” гэдэг хүн захиалгыг хийсэн гэж байсан. Энэ талаар Т.Анхбаяраас тодруулахад “Болортуяа миний эхнэр, картаар гүйлгээ хийсэн эсэхийг тодруулаад хариу өгье” гэсэн. Уг асуудлыг тодруулсан эсэхийг лавлахад “эхнэр маань санахгүй байна, энд тэнд уншуулж оруулсан байж магадгүй гэсэн” гээд утсаа салгасан. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулсан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Иймд иргэн Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 1.806.584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Т.Анхбаяр нь хүний хөгжил сангийн мөнгө авах зорилгоор Төрийн банкинд 104800119973 данс нээлгэсэн. Түүний эхнэр Ц.Болортуяа нь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Консулын газарт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр виз мэдүүлсэн, ингэхдээ тус улсад байрлах зочид буудлын захиалгатай байх шаардлагатай байсан тул Берлин хотод байрлах зочид буудлын захиалгыг онлайнаар бөглөсөн. Гэвч ХБНГУ-н элчин сайдын яам виз гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн тул тус улс руу яваагүй. Иймд нэхэмжилсэн 1.806.584  төгрөгийг төлөх үндэслэлгүй. Энэ нь төгрөгийн карт учраас шууд гадаад валютын хэлбэрээр гүйлгээ хийгдэх боломжгүй, мөн  үлдэгдэл нь хүрэлцэхээргүй буюу 4893.40 төгрөгтэй данснаас 1227.30 ам.долларын гүйлгээг хийсэн нь Төрийн банк алдаа.

Төрийн банкинд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУ-ын зочид буудлаас захиалгын төлбөрийн нэхэмжлэх ирсэн,  гүйлгээг  2013 оны 05 дугаар сарын 29-нд хийсэн ба ажлын 4 өдрийн хугацаанд уг гүйлгээг шалгах, картын төрөл, дансны үлдэгдлийг хянах бүрэн боломжтой байхад банкны хариуцлагагүй үйлдлийн улмаас уг гүйлгээ хийгдсэн болох нь нотлогдож байна.Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00240 дүгээр шийдвэрээр:Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 497 дугаар зүйлийн 497.1, болон 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 903.292.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 903.292.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.855.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 21.928 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 851 дүгээр магадлалаар:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00240 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 903.292.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 903.292.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Анхбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугээр сарын 17- ны өдрийн 101 /ШШ2017/00240 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 851 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Т.Анхбаяр миний эзэмшдэг төлбөрийн карт зөвхөн Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх тухай заасан ба энэ нь олон улсын гүйлгээ хийх боломжгүй гэсэн үг юм. Гүйлгээ хийсэн өдөр буюу 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Т.Анхбаяр миний эзэмшиж байсан дансны үлдэгдэл 4.893 төгрөг байсан бөгөөд ийм үлдэгдэлтэй данснаас 1227,30 ам.долларыг шилжүүлэх боломжгүй. Миний бие нь “Хадгаламж” банктай дотоодын, төгрөгийн, зээлийн эрхгүй картын гэрээ байгуулсан ба гадаадын, валютын картын гэрээ байгуулаагүй. Мөн 1227.30 ам.долларын гүйлгээг тус картыг ашиглаж хийсэн гэх ба тус гүйлгээ нь тус картаар дамжиж хийгдээгүй нь дансны хуулганаас ч харагдаж байна.Тус банк нь төлбөрийн картын журмыг зөрчиж том алдаа гаргасан ба иргэний хуулиар шийдвэрлэх асуудал биш мөн гэрээний агуулгаа банк нийтэд нь зөрчиж бид тус гэрээний заалт зөрчсөн нь гэм буруу болж чадахгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн 1.806.584 төгрөгийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нар нь “...зөвхөн Монгол улсад төгрөгөөр үйлчлэх карт бөгөөд төгрөгийн картаар олон улсын худалдаа, үйлчилгээний захиалга өгөх, хүлээн авах боломжгүй” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Хариуцагч Т.Анхбаяр нь Хадгаламж банк ХХК-д 10480011997  дугаар данс болон 4063500043755607 дугаартай төгрөгийн дотоодын энгийн виза картыг  эзэмшиж байжээ.

Ц.Болортуяа дээрх картаар 2013 оны 05 дугаар  сарын 23-ны  өдөр  ХБНГУ-ын Берлин хотод байрлах “Teltow” зочид буудалд 1,227.30 ам.долларын өрөө  захиалсан боловч захиалгаа цуцлаагүй тул үйлчлэгч банк нь төлбөрийг Төрийн банкнаас суутган авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна /хэргийн 25-28 дугаар тал/.

Харин төгрөгийн картаар гадаад улсын үйлчилгээний байгууллагад  захиалга өгсөнд хариуцагч нар буруутай болох, улмаар нэхэмжлэгчид үүссэн хохирлыг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгчийн “...энэхүү захиалга нь томоохон үйлчилгээний байгууллагууд “Floor limit” буюу дансны доод үлдэгдлийг харгалзахгүйгээр картын идэвхитэй төлвийг үндэслэн тухайн этгээдэд итгэж, захиалгыг хүлээн авдаг үйлчилгээнд хамаардаг, ...хариуцагч Т.Анхбаярын карт 4063 гэсэн Пан кодоор эхэлсэн визагийн карт учраас Виза интернейшнл ХХК-ийн гишүүн карт гаргагч, хүлээн авагч банкуудад хүчинтэйд тооцогддог тул манай гадаад дахь дундын данснаас 1.806584.16 төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютыг шууд суутган авсан” гэсэн тайлбарыг хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагч Т.Анхбаяр өөрийн эзэмшдэг данс болон картын дугаар, пин кодыг Ц.Болортуяад өгсөн нь банктай байгуулсан Төлбөрийн карт болон цахим үйлчилгээний гэрээний 5.1.12-т заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч Ц.Болортуяа тухайн картыг эзэмших эрхгүй, мөн зөвхөн дотоодод төгрөгийн гүйлгээ хийдэг гэдгийг мэдсээр атлаа гүйлгээ хийгдэхгүй гэж хөнгөмсгөөр найдан ХБНГУ-д виз мэдүүлэхдээ “Teltow” зочид буудалд өрөөний захиалга өгсөн, виз олгогдоогүй тохиолдолд захиалгаа  цуцлаагүйгээс  тус зочид буудлын харилцагч банк “Төрийн банк” ХХК-иас 1.806.584 төгрөгийг суутган  авсан бөгөөд тэрээр болгоомжгүйгээр үйлдлээр бусдад гэм хор учруулжээ.

Хариуцагч Т.Анхбаярын эзэмшдэг дээрх карт зөвхөн дотоодод хэрэглэгдэх байхад карт гаргагч нь бүтээгдэхүүний зориулалтанд нийцүүлж хязгаарлалт хийгээгүйгээс  гадаад улсын үйлчилгээний байгууллагад гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх захиалга хийгдэх боломж, нөхцлийг бий болгосон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн  буруутай үйл ажиллагаа гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч нарын хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасган нэхэмжлэлээс 903.292 төгрөгийн шаардлагыг хангахдаа шийдвэрийн тогтоох хэсэгт  нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн заалтыг оновчтой сонгон баримтлаагүй байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт хууль хэрэглээний  болон найруулгын өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 851 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 26.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ