Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 152

 

О.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч О.Э-, түүний өмгөөлөгч Н.Баттөмөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 40 дүгээр магадлалтай, О.Э-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, Н.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто ашиглалтын мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 2, ***, ял шийтгэлгүй, Ш овогт О-н Э-.

О.Э- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Э-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Э-гийн зүүн шанаа хэсэгт цохиж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 70,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.А-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Миний бие нь 1977 онд үйлдвэрлэлийн осолд орж зүүн гар мөрөөрөө байхгүй хатингаршсан, баруун гар үхжилттэй, хугаралттай, хадаастай, хөдөлгөөний хязгаарлалттай, нурууны гэмтэлтэй эмчийн байнгын хяналтад байдаг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн юм.

Шинжээчийн 2020.09.16-107 дугаартай дүгнэлтээр “...хиймэл зүүн гарын сарвууны ард хэсэгт үүссэн хагарал нь хэзээ үүссэн болохыг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох, тухайн гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн болохыг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Гэтэл шинжээчээс миний хиймэл гар нь хүний эд эрхтэнд хамаарах уу, аль эсвэл эд хөрөнгө болох уу гэдгийг тодруулаагүй, мөн шинжээч миний хиймэл гарыг 500,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Миний хиймэл гарыг тухайн үед ах О.Э- эвдэж гэмтээснийг намайг асарч тойлдог эхнэр маань гэрчилсээр байхад өөр гэрчүүдээс асуугаагүй, ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэн миний эрх ашгийг хохироож энэ асуудлыг шалгахгүй орхиж нөгөө талын 2 хүнд үйлчилж, надад үйлчлэхгүй байгаад гомдолтой байна. Миний хиймэл гар тухайн үед бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. ...О.Э- нь бусдын эд хөрөнгийг устгасан гэмтээсэн гэмт хэрэгт холбогдох байсан. Үүнийгээ би төлүүлж авмаар байна. Тухайн үед О.Э- миний хоолойг боож, намайг зодож цохисоноос хоолой хөхөрсөн биеийн эрүүл мэнд муудаж чих, хамар, хоолойн эмчид үзүүлж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед би хууль мэдэхгүй, шалгаж байсан байцаагч ч надад гэмтлийн зэрэг тогтоолгоогүй учир би өнөөдөр хохироод байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө нас хүйс нийгмийн гарал байдал хөрөнгө чинээ эрхэлсэн ажил албан тушаал шашин шүтлэг үзэл бодол бэлгийн болон хүйсийн чиг баримжаа,боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Монгол улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан. Ийм учраас миний ах О.Э- нь согтуугаар манайд ирж хэрүүл, маргаан үүсгэхээр ирснийг би мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан. Учир нь би ээжийгээ салхинд гаргаад хөдөөнөөс орж ирж байсан. Намайг хохирогч нарт хор уршиг учруулсан гэж үзэж байгаа бол гэм буруугүйгээр хор хохирол учруулсан гэж үзэж болохоор байна.

Ах Э- энэ хэргийг өөрөө эхлүүлж ирж хэрүүл маргаан үүсгэсэн эхнэр Э- нь хэрэг үйлдэж хэрүүл маргаан үүсгэхэд өдөөн турхирч хатгасан болох нь манай эхнэрийн утсанд энэ хоёрыг өөрсдийг нь өөрсдөөр нь алалцуулаад дуусга гэсэн яриа байгаа, Энэ бичлэг одоо ч надад хадгалагдаж байгаа.

Мөн ах О.Э- нь төрсөн ээж Г-ыг маань Э- бид хоёрыг дүү Э-ыг зодсон гэж хэлж өгөөч гэж хэлсэн зэрэг нь намайг яаж ийгээд л хэрэгт оруулах зорилготой байжээ. Шүүх хурал орохын урд өдөр ах О.Э- нь намайг хэргээ хүлээ гэж хоолой боож музейн хашаа руу толгой мөргүүлж зодож цохисон. Энэ нь үндсэн хуульд заасан “....өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Би өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа аваад явчихдаг, архи дарс уудаггүй, тамхи татдаггүй аав, ээж, ах дүүгээ харж хандаж явдаг, ямар нэгэн буруу зуршилгүй  хүн. Миний ах О.Э-ыг над руу явуулж хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн эхнэр Ч.Э- нь Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ” гэж заасан байдаг тул Ч.Э- нь энэ хэргийн хатгагч бөгөөд хамтран оролцогч гэж үзэж байгаа юм.

2020.02.10-ны өдрийн 105, 106 дугаартай дүгнэлтээр гарсан гэмтлүүд нь хэргийн болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хөгжлийн бэрхшээлтэй байдалтай тохирохгүй байна. Хохирогч нарт учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 6-д заасан “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовуур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт,цус хуралт,зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал түүний үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэж заасантай харин тохирч байгаа учраас 2 хүнд хөнгөн хохирол учруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн шүүх надаас 70.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.А-д олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Яагаад гэвэл 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Э.А- 46 дугаар байрны гадаа аавтайгаа ирэхдээ хагархай нүүртэй утастай байсан. Гэтэл утсыг намайг цохиод газарт унах үед дэвсэх гээд байсан гэж мэдүүлсэн атлаа 5 сарын дараа утсыг цемент рүү шидсэн гэж өөр өөр мэдүүлсэн нь ойлгомжгүй байгаа юм. Мөн намайг ээжийгээ бөгжтэй гараар цохисон гэх мэт худлаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед утасных нь нүүр нь хагархай байсныг зургаар зурж байцаагчид өгч хүсэлт гаргахад хангалттай нотлоогүй атал /хх-ийн 455-156-р хуудсанд байгаа/ Э.А-н гар утсыг надаар төлүүлэхээр шийдвэрлэж харин миний гар гэмтсэн асуудлыг шалгаж төлүүлэхээр шийдвэрлээгүй нь бас нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Миний удаа дараа гаргасан хүсэлтүүдийг цагдаа, прокурор бүрэн шийдвэрлээгүй. Хэрэгт хууль зөрчсөн эргэлзээтэй байдлууд маш их байхад шалгаагүй нотлох баримт хангалтгүй байхад нэг талыг барьж намайг буруутгаж шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөв эргэлзээгүй шалгуулах хүсэлттэй байх тул хэргийг мөрдөн байцаалтад дахин буцааж үнэн зөвөөр нь шалгуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг гаргасан гомдолдоо “....Анхан шатны шүүхийн 2020.06.12-ны 344 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахаас өмнө түүний охин Э.А-, бусад гэрч нараас хохирогч Ч.Э-г зодсон талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй, мэдүүлдэггүй, тухайн хэрэг прокурорт буцсанаас хойш гэрч нарын мэдүүлэг ...хохирогчийг зодсон, харсан, /охин нь/ зарим нь анзаараагүй гэж мэдүүлжээ. Хохирогч эх, гэрч охин нар мэдүүлгүүдээ тохиролцож өгсөн байх магадлалтай. Шүүх хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан, өгсөн нь хөдөлбөргүй нотлох баримт гэж үзсэн бололтой. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Э- ...О.Э- миний зүүн шанаа руу бөгжтэй гараараа нэг удаа цохисон, эгэхээр нь би зорүүлээд түүний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Э- цохиод намайг гараараа дахиад цохисон гэсэн. 2020.02.10-ны 106 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.Э-гийн биед олон газар гэмтэл үүссэн байдаг. Хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр нэг удаа цохиулсан юм бол бусад олон гэмтлүүдийг хэн, хэзээ учруулав. Хавтаст хэрэгт энэ талаар хэн ч /мөрдөгч, шүүгч/ нэг ч удаа асууж тодруулаагүй, харин миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр асуухад хохирогчоос тоймтой зүйл хариулаагүй өнгөрч байсан. Мэдээж хохирогч эх, гэрч охин нарын ашиг сонирхол нэг учир нэг нь О.Э-ад нэг удаа цохиулсан, гэрч охин нь болохоор ээжийг ах цохисныг харсан болдог нь их эргэлзээтэй, үгээ нэгтгэснээс зайлахгүй.

Шүүгдэгчээс удаа дараа хохирогч Ч.Э-гийн биед ерөөсөө хүрээгүй, зодоогүй гээд мэдүүлсээр байхад түүний биед тэр олон гэмтэл хохирлыг хэн учруулав. Магадгүй бусад хүнд /нөхөртөө/ зодуулж гэмтэл авснаа яагаад дуугүй өнгөрөв. Цагдаа, прокурор, шүүх яагаад энэ эдгээр гэмтлүүдийн талаар таг дуугүй өнгөрөв, эргэлзээтэй. Энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж бүх талаар нь сайтар шалгаж өгөхийг хүсч байна” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ч.Э-гийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан шинжээч эмчийн 2020.02.10-ны өдрийн 106 тоот дүгнэлтийн үзлэг ба шинжилгээний хэсэгт биед маш олон тооны буюу тоолж үзэхэд 20 ширхэг гэмтэл учирсан тухай бичигдсэн байгаа. Дүгнэлтийн хэсэгт түүний биеийн 10 хэсэгт гэмтэл учирсан байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, бодит байдалтай нийцэхгүй байхад шүүх үүнийг үнэлж шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Хохирогч нь хуучин болон шинээр учирсан гэмтлүүдээ бүгдийг нь үзлэгийн тэмдэглэлд тусгуулж хуучин гэмтлээ шинжээчид хэлэхгүй шинэ гэмтэл мэтээр дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ингэж дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч О.Э-ын ах О.Э-ыгоо зодож гэмтэл учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр гэмтэл учруулсан мэт харагдаж байгаа боловч өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалсан үйлдэл байхад ах О.Э-ыгоо зодож гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Нотлогдоогүй бол яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Гэрч Г-ын мэдүүлэгт ах дүү хоёр барьцалдаж аваад ноцолдоод байсан гэсэн мэдүүлэг байгаа. Ганц гартай хүний амь нас, эрүүл мэндэд халдаж байгаа довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалах арга хэмжээг О.Э- навсан аргагүй хамгаалалтын байдалд “...тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн хуулийн заалтийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт /34-35 хуудас/ байгаа гэрч Өнөбатын ...мэдүүлэгт мөрдөгч гэрчид хохирогч Э-гийн гэмтсэн гэх зургийг нь үзүүлж хөтлөж асууж зургийг үзүүлж асуулт тавьж хариулт авсан байдаг. Зураг үзүүлнэ гэдгээ ч хэлэлгүй хэзээ авахуулсан хэний зураг гэдгийг тайлбарлан хэлээгүй. Тухайлбал миний таньд үзүүлж байгаа зурган дээрх хүнийг таних уу? гэж шарх гэмтэл бүхий зургийг үзүүлсний дараа шарх гэмтэл байсан уу? гэхэд хариулт нь царай төрхөндөө гэмтэл шархгүй байсан гэдэг.

2020.02.08-ны өдөр фокус гэрэл зургийн газар авахуулсан хохирогч Ч.Э-гийн гэх зураг хэрэгт авагдсан байдаг. Тэр орой хохирогч холбогдогч гэрч нар бүгд цагдаагийн газарт 19 цагаас шөнийн 01 цаг хүртэл байсан гэдэг хэзээ зураг авахуулсан байх вэ, энэ өдөр хагас сайн өдөр зурагчны газар 00 цаг болтол ажиллаж байсан уу гэсэн асуулт гарч ирж байна. 2020.02.10-ны нэг дэх дөр өдөр зарлагын баримт авсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Иймд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Ч.Э-гийн биед гэмтэл учруулаагүй гэж маргадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Ч.Э-гийн зүүн хацар, сарвуу, дух зэрэгт гэмтэл учирсан болох нь тогтоогддог. Энэ нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн фото зураг, гэрч Э.А-, Ч.Чойжамц, Д.Өнөбат нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогддог.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, Н.Баттөмөр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн О.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.Э- нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах О.Э-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Э-гийн зүүн шанаа хэсэгт цохиж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх О.Э-ад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан, бодитой үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох хэм хэмжээ, тэдгээрийн агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 40 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э- болон түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, Н.Баттөмөр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                             Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                   Б.ЦОГТ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН