Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0125/и |
Дугаар | 227 |
Огноо | 2016-04-22 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 227
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газрын хүсэлттэй хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ...Тус газар нь “Марзат цамхаг” ХХК-иас 20.000.000 төгрөг гаргуулахаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Марзат цамхаг ХХК-ийн захирал Т.Баатарсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч О.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Марзат цамхаг ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Барилгын тухай хуульд ашиглалтын байдлыг гүйцэтгэгч компани нь 3 жилийн хугацаагаар хариуцах ёстой байдаг. Ашиглалтын байдалд гүйцэтгэгчээс шалтгаалж гарсан зөрчил дутагдлуудыг ашиглагч байгууллагаас манай байгууллагат удаа дараа ирүүлсэн. Үүний дагуу манай байгууллагаас олон удаа зөрчлүүдийг арилгах тухай шаардлага хүргүүлж байсан. Гэвч энэ 3 жилийн хугацаанд ямар нэгэн засвар шинэтгэл хийгээгүй. Ийм учраас манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн харъяа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа тухайн барилга дээр хэмжилт хийгээд гарсан зөрчлүүдийг арилгахад хичнээн төгрөгний хөрөнгө шаардагдахыг тооцож гаргаад тухайн төсвөө шүүхэд явуулсан. Шүүх хэрэгтэй танилцаад Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооноос тодорхойлолт авсан байдаг. Үүнд нь Марзат цамхаг ХХК-н захирал болох Төмөртогоо овогтой Баатарсүрэн нь тус хороонд харъяалалгүй гэсэн байсан. Тийм учраас шүүх нэхэмжлэлийг буцааж манайд албан тоот ирүүлсэн. Үүний дагуу Архангай аймаг дахь анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газар нь “Марзат цамхаг” ХХК-ийн захирал Т.Баатарсүрэнгийн оршин сууж байгаа газрын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Марзат цамхаг” ХХК-ийн захирал Т.Баатарсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний оршин байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт, тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3900 дугаартай захирамж, Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Отгонжаргалд ирүүлсэн хүсэлт, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Отгонжаргалын Марзат цамхаг ХХК-д гаргасан албан бичиг, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт Архангай аймгийн Цэцэрлэг сумын бүрэн дунд сургуулиас ирүүлсэн хүсэлт, Марзат цамхаг ХХК-д Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас явуулсан албан бичиг, Архангай аймгийн худалдан авах ажиллагааны газрын албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Марзат цамхаг ХХК-д Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас явуулсан албан бичиг, Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын “Зөрчил арилгуулах тухай” мэдэгдэл, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөл, гэрээний нэмэлт нөхцөл, Барилга хот байгуулалтын яамнаас Марзат Цамхаг ХХК-д олгосон “Барилга угсралтын ажил үйлчилгээ рэхлэх тусгай зөвшөөрөл”, Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газар хүсэлтийг хангаж “Марзат цамхаг” ХХК-ийн захирал Т.Баатарсүрэнг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Марзат цамхаг” ХХК-ийн захирал Төмөртогоо овогтой Баатарсүрэнг /РД:ЙП83042010/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Марзат цамхаг” ХХК-ийн захирал Т.Баатарсүрэнг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Архангай аймгийн Газрын харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газрын энэхүү нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН