Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-од холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.А-, 

Шүүгдэгч Н.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Ж.Г-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч, 430.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Ж.Г-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль бусаар авч, 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:Миний төрсөн хүү Г.Н 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Галт сумын Нүхт багаас Шинэ-Идэр сумаас хөгшин ээж Цогзолсүрэнгийн гэрт байж байгаад өөрийн унаж явсан ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклио хулгайд алдсан байсан...Би Баянзүрх сумын Н.А- гэдэг залууг сэжиглэж байна. Учир нь мотоцикль хулгайд алдагдсан газраас холгүй Н.А- гэдэг хүний иргэний үнэмлэх олдсон гэж манай хүү Нямдорж хэлсэн...Би буруутай этгээдээс 2.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Би өөрийн алдсан мотоциклио 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Үлдсэн 1.000.000 төгрөгийг би мотоциклио хайхад гарсан зардал гэж нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/

Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би малаа хашиж хураачихаад 20 цагийн үед Шинэ-Идэр сумын төв орж ирээд эмээгийн хашааны гадаа мотоциклио орхиод эмээгийнд ороод хоол идээд, зурагт үзээд 1 цаг гаруй болоод гэрээс гартал миний мотоцикль байхгүй болсон байхаар нь...мотоциклийнхоо мөрийг хөөгөөд явж байхад зам дээр бор өнгийн түрийвч байсан. Дотор нь Баянзүрх сумын 3 дугаар багийн харъяат Наранчимэг овогтой Ж.Г- гэдэг хүний иргэний үнэмлэхтэй бас хэдэн төгрөг байсан...Би тэгээд энэ хүнийг миний мотоциклийг аваад явсан юм байна гэж бодож байгаа...Энэ мотоцикль аавын мотоцикль юм аа гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай төрсөн ах Ж.Г-ын хүү Нямдорж манай ээж болох Цогзолцэрмаагийнд орж ирээд хоол идээд сууж байсан. Би тэр үед ээжийнхээс гараад сумын спорт зааланд тоглох гээд 20 цаг 20 минутын үед гэрээс гараад явахад Нямдоржийн унаж явсан ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль манай ээжийн хашааны үүдэнд байсан. Би зааланд тоглоод байж байтал над руу Нямдорж утсаар залгаад “би мотоциклио хулгайд алдчихлаа” гэж хэлсэн. Би тэгээд заалнаас гараад яваад очтол Нямдоржийн унаж явсан мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгээд сумын цагдаад ирж бүртгүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн ...Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой Жаргалант сумаас хүргэн ах Н.А-ын ... Фургон маркийн машинаар 18 цагийн үед гараад Шинэ-Идэр суманд 20 цагийн үед ирсэн юм. Тэгээд би Шинэ-Идэр сумын дэлгүүрийн гадаа бууж үлдээд 30 гаруй минут болоод буцаад машиндаа суухад хүргэн ах Н.А- фурргон дотроо ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг ачсан байсан. Би тэгээд ямар учиртай мотоцикль болохыг асуухад “хүнээс худалдаж авлаа” гэж хэлсэн. Би хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнээс авсаныг нь мэдэхгүй.Тэгээд Н.А- бид хоёр тэр шөнөдөө шууд Баянзүрх сум руу явсан. Би тухайн үед хулгайн мотоцикль гэдгийг нь мэдээгүй. Сүүлд цагдаад баригдахад л мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

Гэрч Д.Ба-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:.Би Н.А-ын хадам аав нь байгаа юм...Би хулгай хийсэн гэдгийг нь огт мэдээгүй байж байгаад хэсгийн төлөөлөгчөөс анх хулгай хийсэн талаар нь мэдсэн...Урагшаа Жаргал сум руу ажил хийгээд яваад ирэхдээ ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой болчихсон ирсэн. Би ямар учиртай мотоцикль болох талаар нь ч асуугаагүй. Хүргэн маань ажилч хичээнгүй, гарын дүйтэй, хүнд тусламтгай, машин мотоцикль засаад л яваад байдаг. Би хулгай хийнэ чинээ санаагүй. Тийм юм хийхээргүй л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Шүүгдэгч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын эхээр Жаргалант сум руу барилгын ажил хийхээр очсон юм. Тэнд сар гаруй ажил хийж  байгаад 2018 оны 11 дүгээр сарын 10-д гаргаад буцсан. Тэгж явахдаа би хамт ажил хийж байсан Батзаяа гэдэг хадам дүүтэйгээ хамт буцсан. …Тэгтэл нэг хашааны хаалганы гадаа мотоцикль байхаар нь гудамжны үзүүрт машинаа орхичихоод явган явж очиж нөгөө мотоциклийг авч аваад түрж явсаар машин дээрээ буцаж ирсэн. Машин дээрээ буцаж ирээд фургоны арын хаалгаар  нөгөө мотоциклио оруулж тавиад буцаад Батзаяаг буулгасан газарт очиж түүнийг авсан. Батзаяа машинд орж ирээд “энэ ямар учиртай мотоцикль юм бэ” гэхээр нь  “би сая хүнээс худалдаж авлаа” гээд худлаа хэлчихсэн юм...Би өөрөө мотоцикльгүй юм. Тэгээд амар хялбар аргаар мотоцикльтой болчихъё гэж бодсон минь буруудлаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...Би бодимт хохирлыг барагдуулна. Хулгай хийсэн мотоцикль маань надад байгаа. Хохирогч буцааж авахгүй гэсэн. Тэгэхээр мөнгөн дүнгээр хохирлоо барагдуулж би өөрөө мотоциклио авахаар болсон...Батзаяа намайг хулгай хийснийг мэдээгүй. Хэрэв хамт байсан бол надаар хулгай хийлгэхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-р тал/

Мотоцикль үнэлсэн тайлан /хх-ийн 28-р тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44-р тал/зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвөөс хохирогч Ж.Г-ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Н.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Н.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 1.500.000 төгрөгийг төлж, 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Эрүүгийн 1838008700036 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн гадартай, улаан өнгийн дотортой түрийвч 1 ширхэг, Н.А-ын иргэний цахим үнэмлэх, NZ2463099 гэх серийн дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AN4099616, AK8623984  гэх серийн дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AR2531779, AV2851399, AQ8373465, AK6572073, AR5505302, AQ8795557, AS1707604 гэх серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг зэргийг шүүгдэгч Н.А-од буцаан олгох нь  зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 500.000 төгрөгийг шүүгдэгч Н.А-оос гаргуулж, хохирогч Ж.Г-од олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.А-г 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1-*т зааснаар шүүгдэгч Н.А-с 500.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Г-д олгосугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.А-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн 1838008700036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн гадартай, улаан өнгийн дотортой түрийвч 1 ширхэг, Н.А-н иргэний цахим үнэмлэх, NZ2463099 гэх серийн дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AN4099616, AK8623984 гэх серийн дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AR2531779, AV2851399, AQ8373465, AK6572073, AR5505302, AQ8795557, AS1707604 гэх серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг зэргийг шүүгдэгч Н.А-д буцаан олгосугай.

8. Эрүүгийн 1838008700036 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР