Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 251

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багт оршин суух Боржгон овогт Барбаатарын Оюунчимэгийн /РД:АГ86060506/ хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Батсүх бид хоёр 2004 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2005 оны 03 сарын 25-ны өдөр хүү Б.Батбаяр төрсөн. Бид сууснаас хойш Ш.Батсүх нь зодож дарамталж байсны улаас бид тусдаа амьдрах болсон. Ш.Батсүхээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Батбаярт тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч Ш.Батсүх хаягтаа байхгүй гэсэн. Иймд Ш.Батсүхийг эрэн сурвалжилж өгнө үү. Би өрх толгойлсон, 3 хүүхэд, дүүгийн хамт амьдардаг. Иймд Ихтамир сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн Д.Содтуяагийн тодорхойлолт, Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ. 

 

Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Батсүх нь Архангай аймгийн Эрдэнэбулган 5-р багийн Эрчим хороололын 12-06 тоотод оршин суудаг байсан боловч одоо энэ хаяг дээрээ байхгүй байгаа. Өөртэй нь утсаар ярих гэтэл нэг удаа утсаа аваад түүнээс хойш холбоо барих боломжгүй болсон. Оршин суугаа хаяг нь тодорхой болвол гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргах гэж байгаа. Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур гэдэг газар байдаг гэхээр нь хайж үзсэн боловч байхгүй. Өөрөө Улаанбаатар хотод байгаа гэж сураг сонсогдсон. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Эрчим хороололын 12-06 тоотод хаяг дээр ээж нь байдаг. Одоо өөр эхнэр, хүүхэдтэй болсон гэсэн. Би 2009 оноос хойш Ш.Батсүхтэй уулзаагүй гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.Оюунчимэг нь Ш.Батсүхийн оршин сууж байгаа газрын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

            Уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ш.Батсүх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь Б.Оюунчимэгийн хүсэлт, Архангай аймгийн Ихтамир сумын нийгмийн халамжийн мэргэжилтний тодорхойлолт, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн засаг даргын тодорхойлолт, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын  24-ний өдрийн 578 дугаартай захирамж, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт, Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн засаг даргын тодорхойлолт, тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Оюунчимэгийн хүсэлтийг хангаж Ш.Батсүхийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэв.           

           

          Хүсэлт гаргагч Б.Оюунчимэгийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол овогт Шаравын Батсүхийг /РД:АБ84040919/ эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Батсүхийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар Б.Оюунчимэгийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

 

 

 

 

 

                                                   

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН