Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Г.Н-,

Шүүгдэгч З.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-д холбогдох эрүүгийн хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, З.Г-, 

Шүүгдэгч З.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт байрлах - зоогийн газарт иргэн Г.Н-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт байрлах - зоогийн газарт хохирогч Г.Н-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Анар-Од нэртэй ширээний теннисний клубт хичээллэдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай теннисний клубын шинэ жилийн арга хэмжээ...Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Бишрэлт нэртэй караокед үргэлжилсэн...Бид нар караокед ороод дуулж бүжиглэж байхдаа архи уусан. Би тухайн үед том Амараа ах, Энхмаа хоёрт вальс бүжиглэхийг зааж өгсөн. Тэгээд чөлөөт бүжгийн яваад бүжиглэж байхад З.Г- хажууд ирээд бүжиглээд байхаар нь “миний дүү жаахан цаашаагаа болоод чөлөөтэй бүжиглээч” гэж хэлэхэд З.Г- шууд миний баруун нүдний доод хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Би түүнд цохиулаад шууд ухаан алдсан. Ухаан ороод сэрэхэд хамарнаас маань цус гарч байсан...Үүнээс хойш хамар өвдөөд, толгой эргээд байхаар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд томографикийн зураг авахуулсан. Тэгээд З.Г-г ирж уулзахгүй байхаар нь цагдаагийн газарт бичгээр өргөдөл гаргаж өгсөн ..Би З.Г-г яг ямар шалтгааны улмаас цохисон болохыг нь мэдэхгүй...Энхмаа над руу “теннис зааж өгөөч” гэсэн утгатай мессеж бичиж бичиж байсан. Тэр үед нь би “за тэгье” гээд түүнд теннис яаж тоглохыг нь зааж өгч байсан. Түүнээс биш би түүнийг “уулзъя, гадуур алхъя” гэсэн утгатай зүйл огт бичиж байгаагүй. Би хувиараа л эмч нарын бичиж өгсөн эмийг авч хэрэглэж байсан. Мөн толгойныхоо зургийг авахуулсан. Би эмчилгээндээ /КТГ зураг-100.000 төгрөг, эм тариа 50.000 төгрөг/ нийт 150.000 төгрөг зарцуулсан. Би гомдолтой байна. Би эмчилгээндээ гарсан зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/

Гэрч Д.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:Би Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах Анар-Од нэртэй ширээний теннисний клубын гишүүн юм...Бид нар Бишрэлтийн караокеп ороод 1 цаг тэндээ дуулж бүжиглэж байхдаа архи уусан. Тухайн үед намайг сууж байхад гэнэт л З.Г- Нямбатыг зүүн гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд Нямбат шууд газарт унасан. Нямбат газарт уначихаад босоод ирэхэд З.Г- заамдаад бариад авсан. Тухайн үед би түүнийг салгах гэж оролдсон боловч гарыг нь хүчрээгүй...Энэ хоёрын дунд маргаан гараагүй. Хэрэв маргаан гарсан бол зодолдохоос нь өмнө салгах байсан...Нямбат бол З.Г-д огт гар хүрээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

Шүүгдэгч З.Г-ын гэрчээр болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн теннисний холбооны тэмцээн болсон юм...Би болон манай эхнэр Энхмаа бид хоёр тухайн холбоонд теннис тоглодог юм...Тэгээд бид нар караокедоо дуулангаа архи ууцгааж бүжиглэж байсан. Тухайн үед бүжиглэж байхад Нямбат над руу долоовор хуруугаараа зааснаа “эндээс зайл пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нямбатад уурлаад түүнтэй барилцаж аваад зүүн гараараа хацар луу нь нэг удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн хувьд хэрэглэсэн байсан. Гэхдээ ухаантай, өөрийгөө аваад явчих чадвартай байсан...Би Нямбатыг яагаад намайг “зайл пизда минь” гэж хэлээд хуруугаа гозойлгож хөөснийг гайхаж байгаа. …Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Нямбат гэдэг хүнээс уучлалт гуйж чадахгүй. Энэ асуудал бол тэр хүний буруугаас болж үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 32-33-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаартай: Г.Н-ын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун дээд зовхи, доод зовхиноос доош баруун хацар хүртлэх талбайг хамарсан, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Г.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч З.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Бишрэлт зоогийн газарт иргэн Г.Н-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Г.Н-, гэрч Д.Батцэнгэл нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.           

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч З.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч З.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч З.Г-ас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-ад олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн 1938000380024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч З.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч З.Г-с эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д олгосугай.

5. Эрүүгийн 1938000380024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР