Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох 1838008750424 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Боржгон  овогт  Ц.О-, 

Шүүгдэгч Ц.О- нь Г.Г-ыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн - сумын - дүгээр баг - тоот гэрээсээ мөнгөн тоногтой, хазар эмээлийг хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 183800875 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

.Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.О- нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би анх Ц.О-тай 3 жилийн өмнө танилцаж байсан. Бид хоёр нэг гэртээ хамтран амьдарч байсан. Манайх Рашаант суманд хөлөө мал дээр байсан. Би ноднин буюу 2017 оны 8 дугаар сард бие муудаж Мөрөн орж ирээд хөдөө гараагүй. Ингээд энэ намар 8 дугаар сард хөдөөнөөс Ц.О- гэрээ оруулж ирсэн. Тэгээд ------ тоотод айлын хашаанд гэрээ барьсан...Ноднингоос хойш бид хоёр ирэн, очин л байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Ц.О- “хот руу явж хүүхдээ Энэтхэг рүү гаргаж өгөөд ирнэ” гэж ярьж байсан...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр...би тэр архиа ганцаараа уусан. Тэгээд гэртээ харих замдаа Ц.О-гийнд очсон. Би Ц.О-гийнд хонох зорилгоор очсон юм...Би мөнгөгүй явсан болохоор гэрээс нь элсэн чихэр, ааруул, бурхны ном, ууттай багаж зэргийг нь тооноор нь аваад гарсан. Би их согтсон байсан болохоор эдгээр зүйлийг яагаад авсанаа сайн мэдэхгүй байна...Би Ц.О-г хотоос ирэхэд гал түлээд дулаан сууж байя гэж бодоод очсон юм. Түүнээс биш хулгай хийх зорилгоор очоогүй юм. Тэдгээр зүйлийг архины халуунд авч гарсан гэж бодож байна...Би тооноор гарахдаа зуух унагаасан. Авдар доторхийг бол онгичоогүй. Намайг гэрт ороход гэрийн бүх зүйл эмх цэгцтэй байсан.  Би 6 мөнгөн завхайтай эмээлийг нь хөдөө байхдаа тохдог байсан. Мөнгөн хазаарыг нь бол мэднэ. Эдгээр нь өнгөрдөг нөхрийнх нь эд зүйл байсан юм...Би эмээл хазаарыг бол үнэхээр мэдэхгүй...Тэрээр надад хэлэхдээ “чи намайг хохиролгүй болгож өгнө гэж цагдаад хэлээрэй” тэгвэл би “ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/

Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Ц.О-тай хамтран амьдарч байсан. Тийм болохоор бид нэг гэр бүл байсан гэж ойлгож болно. Одоо ч гэсэн харилцаатай байгаа. Иймээс би гэр бүлийнхээ гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 88-р тал/

Гэрч Ж.П-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр...”Мөрөн сумын ------ тоотод тооноор хүн хулгай хийж байна” гэсэн дуудлагын дагуу очиход уг хашааны хаалган дээр дуудлага мэдээлэл өгсөн Намдаг, хулгай хийсэн гэх Г.Г- хоёр хамт байж байсан. Тэгээд Г.Г- гэх хүнийг аваад цагдаа дээр ирж согтуу байсан болохоор эрүүлжүүлсэн. Энхжил бид хоёрыг дуудлага өгсөн хаяган дээр очиход Г.Г- гэх хүний хулгайлсан “ааруул, багаж, элсэн чихэр” гэх мэт зүйл харагдсан. Эдгээр зүйлийг нь Намдаг гэх хүнд үлдээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

Гэрч Т.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн үед 3 дугаар хороонд станц айлд суулгаж өгөөд 4 дүгээр хороо руу дуудлагаар явж байсан чинь...Г.Г- нь Ц.О-гийн гэрийн тооноор орж хулагй хийж байхад нь би барьж авч цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Г.Г- нь надад баригдаад “энэ манай гэр байгаа юм, эхнэр маань эд нарыг аваад ир” гэсэн юм гээд хулгайлсан юмнуудаа үзүүлж байсан. Тухайн үед тэрээр 5 кг элсэн чихэр, уурттай ааруулнууд мөн бурханы ном, машин багаж зэргийг хулгайлсан байсан. Өөр зүйл харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

Гэрч Ж.Г-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна...Г.Г- манай хоёр дахь хүү юм. Том ахыг нь алдчихсан болохоор Г.Г-ыг жаахан дураар нь өсгөсөн юм...Сүүлд Ц.О- гэдэг эмэгтэйтэй 4-5 жилйин өмнө суугаад Рашаант суманд мал маллаж байсан...Энэ хоёр эвтэй найртай л байдаг юм...Г.Г- уг нь төлөв томоотой л хүн байгаа юм. Архинаас болж л энэ хэрэгт орооцолдчихлоо гэж бодож байна. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй...Хулгай хийх ямар ч шаардлага байхгүй. Амьдралын боломж тааруу ч хоосон хонуулж, нүцгэн гүйлгээгүй юм...Сүүлийн үед уугаад байгаа юмшиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

Гэрч:Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 9 дүгээр сард яг хэзээ байсныг сайн санахгүй байна. Би ганцаараа зах дээр явж байтал нэг эмэгтэй хүн зах дээр наймаа хийдэг хүнтэй эмээл зарах гэж байгаа бололтой яриа өрнүүлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйтэй уулзаад “та эмээл зарах юм уу, би эмээл сонирхъё” гэхэд “тэг, тэг” гэхээр нь би такси бариад нөгөө эгчтэй цуг явж захын баруун талын 4 дүгээр хороонд гэрт нь очиж нөгөө эмээлийг нь үзсэн...Тэгээд зах дээр явж байтал миний дугаар луу нөгөө эгч Юнителийн дугаараас залгаад “манайд хүрээд ир, эмээлээ хэлсэн үнэндээ ав” гэхээр нь би буцаж очоод эмээлийг нь авсан. Мөн нэг мөнгөн хазаарын хамт нийлүүлээд 700.000 төгрөгөөр авсан...Эмээл зарсан хүн багцаагаар 40 орчим насны эмэгтэй хүн байсан....Гэр нь 4 дүгээр хороонд байсан...Дараа нь эмээл хазаар авахаар очиход хүүхэд нь бололтой 16-17 насны нэг банди гэрт нь байсан...Надад хэлэхдээ “энэ банди маань гадаад явах болчихоод зарах гэж байна” гэж байсан. Би тэр хүнээ одоо харвал танина. Иргэн Ц.О-гийн гэрэл зургийг үзүүлэхэд “мөн байна, би энэ хүнээс эмээл хазаар авсан” гэв....гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/

Шүүгдэгч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой би автобусанд суухаар явж байхад 19 цагийн орчим миний танил Намдаг гэх хүн над руу залгаад “би дуудлагаар явж байгаад танай гэрийн тооноор хулгай орж байхыг харлаа” гэхээр нь би “цагдаа дуудчих” гэж хэлсэн. Би өөрөө ч гэсэн цагдаад дуудлага өгсөн...Тэгээд би гэрт байсан юмаа бүртгэж үзэхэд цоожтой авдар дотор байсан монгол эмээл, мөнгөн хазаар алга болсон байсан. Манай гэрийн тооноор хулгай хийсэн хүнийг Г.Г- гэдэг. Өмнө нь би энэ Г.Г-тай 2016 онд жил гаруйн хугацаанд хамт амьдарсан...Г.Г- манайд байсан болохоор эмээл, хазаар байдгийг мэднэ. Намайг хотод байхад хэд, хэдэн удаа гэрт орсон байсан...Энэ хүн надаас нэг бус удаа хулгай хийж байгаа. Хамт амьдарч байхдаа миний хүүхдүүдийг дарамтлаж дээрэлхээд байхаар нь би салсан юм. Манайхаас тэр өдөр ясан хяртай, 6 завхай мөнгөн тоноглолтой, хар дөрөөтэй /гөлөм, тохомгүй/ дунд үеийн эмээл, мөнгөн хазаар, бурханы ном, 5 кг элсэн чихэр, 3 кг ааруул, ууттай машины түлхүүр багаж зэрэг зүйл алга болсон. Ингэж алдахаа мэдсэн бол тэр үед нь л зардаг байж гэж бодож байна...Гомдолтой байна. Шинжээчийн үнэлгээний дагуу 1.100.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-21-р тал/

Шүүгдэгч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөнөө хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн эмээл хазаараа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хөдөөний нэг залууд 700.000 төгрөгөөр зарсан...Надад мөнгөний хэрэг гараад эмээл хазаараа зарсан юм...Би Г.Г-ыг миний эзгүйд гэрт орсон болохоор нь уур хүрээд ингээд хэлчихсэн юм. Ямар нэгэн зорилго байгаагүй. Би энэ хүнд гомдсондоо ингэж мэдүүлсэн...Би энэ хэрэгтээ дүгнэлт хийж байна. Гэхдээ Г.Г- намайг үнэхээр хэцүү байдалд оруулчихлаа. Энэ хүн манайд ороогүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Одоо энэ хүнтэй ямар нэгэн харилцаа байхгүй. Та бүхний ажилд хүндрэл учруулсандаа уучлал хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 95-96-р тал/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 644 дугаартай хэргийнг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 70-р тал/,

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 80-р тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-82-р тал/

Ц.О-гийн Хаан банкны - дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 110-р тал/

Б.Сүхбатын Хаан банкны - дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 114-р тал/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 120-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.О- нь Г.Г-ыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 21-09 тоот гэрээсээ мөнгөн тоногтой, хазар эмээлийг хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 183800875 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.О-г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.О- нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан  анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг түүний хувийн байдал, улсын яллагчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ц.О-тай хамтран амьдарч байсан. Тийм болохоор бид нэг гэр бүл байсан гэж ойлгож болно. Одоо ч гэсэн харилцаатай байгаа. Иймээс би гэр бүлийнхээ гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-р тал/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн 1838008750424 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О-г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.О-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 1838008750424 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувиийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР