Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01905

 

 

 

 

 

 

 

 

2023 10 30 210/МА2023/01905

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох,

Гэрээний үүрэг болон зардалд нийт 4,984,073 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Б.М-ын эзэмшлийн Ланд Рөвэр дефендер /Land rover Defender/ маркийн 82-28 УЕВ улсын дугаартай автомашиныг Тоёота Тундра /Toyota Tundra/ маркийн 62-02 СЭА улсын дугаартай автомашины жолооч Б.Б- мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас миний эд хөрөнгөд хохирол учирсан. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасны дагуу хариуцагчийн учруулсан хохирлыг өөрийн зардлаар арилгахад радиатор, автомашины доод элгэвчийн хамгаалалт, гэрэл, урд дугуйн крилоны хөмсөг, дефлектор зэргийг солиулж, мөн кузов засвар хийлгэхэд нийт 7,484,073 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөг төлсөн. Улмаар талууд 1427 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хохирлын төлбөрийн үлдэгдэл болох 3,984,073 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч Б.Б- нь Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн Төлбөр барагдуулах гэрээ-ний 7-д заасны дагуу өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хариуцагч Б.Б-оос Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 3,984,073 төгрөг, зардалд 1,000,000 төгрөг, нийт 4,984,073 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.М-ын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас Б.М-ын эд хөрөнгөд учирсан хохиролд 3,500,000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч автомашиндаа засвар хийлгэсний дараа тухайн баримтад үндэслэж үлдэгдэл төлбөрийг төлөхөөр болсон. Гэтэл нэхэмжлэгч автомашиндаа засвар хийлгэсэн талаарх баримтгүйгээр нэмж 3,984,073 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн уг асуудлаар хууль зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал тул түүний улмаас гарсан зардлыг Б.Б- хариуцах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь 3 тохиолдолд хэрэглэгдэнэ. Тээврийн хэрэгслийг анхны байдалд нь оруулах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй. Түүнчлэн, анхны байдлаас нь давсан их зардал гараагүй. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэж байгаа хуулийн заалт нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-оос 3,249,593 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,734,480 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 66,943.49 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Нэхэмжлэгч нь Төлбөр барагдуулах гэрээ-ний 7-д заасныг үндэслэн өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авсны зардалд 1,000,000 төгрөгийг нэхэмжилж, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх үүрэгтэй. Харин өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүй, харьцангуй их зардал гаргахаар, эсхүл адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө байхгүй тохиолдолд хохирлыг мөнгөөр нөхөн төлж болно. Гэтэл шүүх Өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авсны улмаас гарсан зардал нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбоотой гарсан зардал гэж үзэхээргүй байх тул хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэм хорыг арилгуулахын тулд өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлээгүй бөгөөд Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжилсэн. Иймд шүүх өмгөөллийн зардал нэхэмжилж буй шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, түүнд тохирсон зохицуулалтыг оновчтой тодорхойлж чадаагүйгээс үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүй байна.

4.б. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь талууд Төлбөр барагдуулах гэрээ-нд 7,484,073 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр харилцан тохиролцож, Б.Б- нь эд хөрөнгөд бодитоор 7,484,073 төгрөгийн бодит хохирол учруулсан болохыг хүлээн зөвшөөрсөн атал тус гэрээнд заасан үнийн дүнгээр бус засвар үйлчилгээ хийлгүүлсэн гэх баримтыг дангаар үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэл хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хариуцагч гэм хор учирсанд маргадаггүй бөгөөд өмгөөллийн хөлстэй холбоотой асуудлаар маргадаг. Маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс бодит зардал гарсан баримтаа гаргаж өгөхийг хүссэн. Нэхэмжлэгчээс тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд хариуцагч Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэдэгт маргадаггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэрээний үүрэг болон зардалд нийт 4,984,073 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр төлбөр төлөгч буюу Б.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тоёота Тундра /Тоуоta Tundra/ маркийн 62-02 СЭА улсын дугаартай автомашинаар төлбөр авагч буюу Б.М-ын эзэмшлийн Ланд Рөвэр /Land rover/ Defender маркийн 82-28 УЕВ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарган 7,484,073 төгрөгийн хохирол учруулсан тул 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөгийг Хаан банкны 5176423350 тоот дансаар шилжүүлэн, үлдэгдэл төлбөрийг 14 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ./хх 7/

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх төлбөр барагдуулах гэрээний үүргийн үлдэгдэл 3,984,073 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн 1,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

3.а. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ автомашиндаа бодитоор засвар хийлгэсэн баримтгүй, бодитоор зардал учирсан бол үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохиролцсон, харин хууль зүйн туслалцаа авах эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал учраас өмгөөллийн зардлыг төлөхгүй гэж маргажээ.

 

4. Талууд зам тээврийн ослын гэм буруугийн талаар болон хохиролд 3,500,000 төгрөг төлсөн талаар маргаангүй байх ба харин бодитоор учирсан хохирлын хэмжээ, өмгөөллийн зардлын талаар маргасан байна.

 

5. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар төлбөр барагдуулах гэрээний үлдэгдлийг, өмгөөллийн хөлсний хамт нэхэмжилсэн, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хангахгүй.

Учир нь уг нэхэмжлэлийн үндэслэл нь зам тээврийн ослоос учирсан хохирлоо арилгуулах агуулгатай байх тул, нэхэмжлэгч нь гэрээний бус үүрэг буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

6. Талууд зам тээврийн ослын хохирлыг 7,484,073 төгрөгийн хэмжээнд барагдуулахаар бичгээр тохиролцсон байх боловч 3,500,000 төгрөгийг өгсөн байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус автомашины гэмтлийг нөхөн сэргээх засварыг 6,749,592.98 төгрөгөөр хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан С ХХК-ийн баримтаар нотлогдсон байна. Иймд анхан шатны шүүхээс уг баримтыг үндэслэн 6,749,592.98 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,500,000 төгрөгийг хасч, үлдэх 3,249,593 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх 17/

 

Тодруулбал, уг хуульд зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардсан өмгөөллийн зардлын 1,000,000 төгрөг болон төлбөр барагдуулах гэрээ-г үндэслэн зөрүү 734,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6.а. Түүнчлэн, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд дээрх 734,480 төгрөгийн хохирол бодитой учирсан тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа ирүүлэх үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй байна.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохиж журмын дагуу мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн авж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,701 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ